Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/707

 

 

 

 

     2024           06            20                                       2024/ДШМ/707

 

                                        Д.Э-, М.А- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Б.Отгонпүрэв,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолыг эс шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Э-, М.А- нарт холбогдох эрүүгийн 2102000450248 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Э-,

 

2. А-,

 

Шүүгдэгч Д.Э- нь М.А-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, хамтран оролцогчийн хамжигчийн үүрэгтэйгээр 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сircle К” үйлчилгээний төвийн гадна НТӨ VII-III зуунд хамаарах 1 ширхэг чулуун сүх, 1 ширхэг хаш эдлэл, Эртний Ромын үе буюу НТ IV зуунд хамаарах 1 ширхэг ногоон өнгөтэй шилэн гүц, 1 ширхэг хөх өнгийн шилэн гүц зэрэг археологийн олдвор болох Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан “Соёлын биет өв”-ийг 200.000.000 төгрөгөөр худалдаалахаар завдсан,

шүүгдэгч М.А- нь Д.Э-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр мөн өдөр мөн газар НТӨ VII-III зуунд хамаарах 1 ширхэг чулуун сүх, 1 ширхэг хаш эдлэл, Эртний Ромын үе буюу НТ IV зуунд хамаарах 1 ширхэг ногоон өнгөтэй шилэн гүц, 1 ширхэг хөх өнгийн шилэн гүц зэрэг археологийн олдвор болох Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан “Соёлын биет өв”-ийг 200.000.000 төгрөгөөр худалдаалахаар завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Д.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

М.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э-ыг бусадтай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон хамжигчаар хамтран оролцож соёлын өвийг худалдаалахаар завдсан гэмт хэргийг, шүүгдэгч А-ыг бусадтай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон гүйцэтгэгчээр хамтран оролцож соёлын өвийг худалдаалахаар завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Д.Э-, М.А- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа “1 ширхэг чулуун сүх, 1 ширхэг хаш эдлэл, 1 ширхэг ногоон өнгөтэй шилэн гүц, 1 ширхэг хөх өнгийн шилэн гүц”-ийг Соёлын яаманд шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, “Тоshiba” брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг, модон суурьтай монгол бичигтэй тэмдэг 1 ширхгийг шүүгдэгч Д.Э-т буцаан олгож, Хас банкны дансны хуулга бүхий 354 дугаартай 1 ширхэг СD, Хаан банкны дансны хуулга бүхий 3270 дугаартай 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Д.Э-, М.А- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцон шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудад нэг мөр үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна.

 Улаанбаатар их сургуулийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/098 тоот “...Тус сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч профессор Д.Э- нь тус хоёр гүцийг Япон Улсын Соёлын өвийн газраар түүхэн дурсгал мөн эсэх талаар шинжилгээ хийлгэж шинжилгээний дүн гарах хүртэл сургуулийнхаа музейн үзэсгэлэнд тавьж байсан бөгөөд Япон судлаачид бүтцийн анализ хийж хуурамч дуураймал зүйл гэсэн дүгнэлт гаргасан, 2018 оноос хойш уг гүцнүүдийг гаргаж тавиагүй болохыг тодорхойлов. Уг гүцнүүд нь археологийн малтлага судалгаагаар олдоогүй хувь хүн Д.Э-т бэлэглэсэн байна. Холбогдох зургийг хавсаргав...” гэх албан бичиг, хавсралт гэрэл зургийн үзүүлэлт. /1хх 67-69/

Хавтас хэрэгт авагдсан шинжээчдийн дүгнэлтээс үзвэл:

2.1 Шаргал өнгийн чулуун сүх. “...Ийм хэлбэрийн чулуун сүх Хятадын зүүн хойд хэсгийн Ляо голын сав газрын неолитын үеийн соёлд түгээмэл тохиолдоно. Энэхүү неолотын соёлыг Хуншань буюу Hogshan хэмээн нэрлэдэг бөгөөд дунджаар НТӨ 4700-2900 онд хамаарагдана. .../1хх 131-133/ Шинжээч Б.Хишигсүрэн, З.Батсайхан нар ...Шинжилгээнд ирсэн чулуун сүх, хаш эдлэлийг НТӨ 7-3-р зуунд хамаарах соёлын дурсгал мөн гэж үзэж байна. Гэхдээ тус шинжилгээний баг тус хоёр эд өлгийн зүйлсийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн малтлага, судалгаанаас олдсон гэж шууд дүгнэх боломжгүй. ...” /1хх 182-184/ 

2.2 Цайвар ногоон өнгийн хоёр амьтны дүрс бүхий сийлбэртэй дугуй чулуун чимэглэл. “...Энэхүү дугуй хэлбэрийн хаш зүүлтийн ерөнхий хэлбэр хийц, дүрслэл зэрэг нь Хятадын Хань улсын соёлд хамаарагдах бололтой. Учир нь өөд өөдөөс нь харуулан тэгш хэмжээтэй домгийн амьтныг дүрслэх болон доод талд “зээбад” /таотэ/ буюу араатан амьтны хоншоорын хэсэг гаргах нь тухайн үеийн сонгодог хэлбэр хэмээн үзэж болно. Хань улс нь НТӨ 202-НТ 220 оны үед оршин тогтнож байсан Хятадын эзэнт гүрэн юм. ...” /1хх 131-133/

Шинжээч Б.Хишигсүрэн, З.Батсайхан нар “...Шинжилгээнд ирсэн чулуун сүх, хаш эдлэлийг НТӨ 7-3-р зуунд хамаарах соёлын дурсгал мөн гэж үзэж байна. Гэхдээ тус шинжилгээний баг тус хоёр эд өлгийн зүйлсийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн малтлага, судалгаанаас олдсон гэж шууд дүгнэх боломжгүй. ...” /1хх 182-184/

2.3 Ногоон өнгийн шилэн гүц болон Хөх өнгийн шилэн гүц: Дээрх хоёр шилэн гүйцний хэлбэр ба өнгө, үйлдсэн арга техникийн хувьд адилтгах боломжтой бодит олдворууд байх боловч яг тухайн хоёр олдвор оригинал бодит олдвор эсэхийг тогтоох боломж одоогоор хомс байна.... /1хх 131-133/

Шинжээч Б.Хишигсүрэн, З.Батсайхан нар уг гүцнүүдийг “...Ромын үеийн эд өлгийн зүйлс болох нь тогтоогдож байна. Гэхдээ Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн малтлага судалгаанаас олдсон гэж шууд дүгнэх боломжгүй. ...” /1хх 131- 133/ гэжээ.

Дээрх дүгнэлтүүдээс үзвэл миний үйлчлүүлэгчийг буруутгаж буй соёлын өв гэж үзэж буй эдлэлүүд нь нэгдүгээрт жинхэнэ гэдэг нь тодорхойгүй буюу эргэлзээтэй. Хоёрдугаарт Монгол Улсын соёлын биет өв биш болох нь харагдана. Гуравдугаарт энэ эд зүйлийн талаарх миний үйлчлүүлэгчийн өгсөн мэдүүлэг шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогддог. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч Д.Э- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгтэй соёлын биет өв гэж үзэж буй эдлэлүүдийн талаарх мэдүүлгийг шинжээчийн дүгнэлттэй харьцуулан дүгнэвэл дараах үйл баримт тогтоогдоно. Тухайлбал: шилэн гүцнүүдийг америкийн эрдэмтэн бэлэглэсэн гэх бөгөөд ийм олдвор Монгол улсын нутаг дэвсгээр олдож байгаагүй мөн шинжээч нар ч тухайн эдлэлүүдийг жинхэнэ гэдгийг батлаагүй, Чулуун сүхийг Хархорин захаас худалдан авч байсан гэх бөгөөд уг чулуун сүхийг түүврийн аргаар ч олдох боломжтой гэж дүгнэсэн байдлаас үзвэл археологийн олдвор мөн гэж үзэх эсэх нь эргэлзээтэй. Хаш эдлэлийг миний үйлчлүүлэгч Д.Э- нь Хятадад явж байхдаа худалдан авсан талаараа мэдүүлсэн байх бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтэд заасанчлан Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон олдвор биш болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтлэг эрх ашиг буюу эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолд халдаагүй гэж үзэхээр байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн шинжийг хуульчлахдаа Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол ... гэжээ. Үүнээс үзвэл соёлын биет өв гэж юу болох талаар хууль тогтоомжид хуульчлагдсан байдлыг үзвэл Соёлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 “Соёлын үнэт зүйл” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах, эсхүл хүний оюун санаа, үйлдэхүйн үр дүнд бий болсон соёлын агуулга бүхий биет болон биет бус илэрхийллийг/ дах хэсэгт заажээ. Тэгвэл Монгол Улсын эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн зорилгыг тодорхойлохдоо олон улсын өмнө соёлын биет өвийг хамгаалах талаар тусгаагүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн долдугаар зүйлийн нэг дэх хэсэг /Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна/-т зааснаар Монголын ард түмний гэж тодотгожээ.

Өөрөөр хэлбэл Үндсэн хуулиар хамгаалахаар заасан нийгмийн харилцааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлд дэлгэрүүлэн хуульчилсан байх бөгөөд уг хамгаалалтад авсан нийгмийн харилцаа нь Монгол Улсын соёлын өв байна. Гэтэл дээрх дөрвөн эд өлгийн зүйл нь Монгол орны нутаг дэвсгэрээс олдсон эсэх нь тодорхойгүй байгаа нь Монгол улсын хамгаалалтад авсан нийгмийн харилцаа биш байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хуулиар хамгаалаагүй нийгмийн харилцааг эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх замаар гэм буруутайд тооцсон гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн болон мөрдөн шалгах ажиллагааны явцад М.А- нь миний үйлчлүүлэгчтэй эрс тэс өөр мэдүүлэг өгдөг бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүйг тэмдэглэж байна. Учир нь миний үйлчлүүлэгч уг эд өлгийн зүйлсийг зарж борлуулах гэж байгаа талаар мэдээгүй. Иймээс Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/218 дугаартай шийтгэх тогтоолын миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Б.Отгонпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Соёлын өвийг үнэт зүйлийг худалдан борлуулахаар завдсан гэж Д.Э-ыг гэм буруутайд тооцсон. Энэ хэргийг шалгах явцад Д.Э- нь өмнөх эхнэрийнхээ хүүхдэд бэлэглэсэн, мөн сургуулийнхаа музейд тодорхой хэмжээнд тавьж судалгааны ажил хийсэн гэдгээ илэрхийлсэн. Соёлын үнэт зүйлийг зарж борлуулах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэхэд  цугларсан нотлох баримтын хүрээнд эргэлзээ үүсдэг. Мөн соёлын үнэт зүйлс, хосгүй үнэт зүйлс гэдэгт юу юуг хамааруулах вэ гэдгийг ойлгох ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үүнийг ялгаж, зааглаж өгөөгүй. Учир нь, Засгийн газраас баталсан журам, жагсаалтад эдгээр зүйлүүд ороогүй байдаг. Яагаад соёлын үнэт зүйлс 5 сая төгрөгөөр үнэлэгддэг, эсхүл огт үнэлэгдэхгүй байна вэ. Шинжээчийн дүгнэлт нь өөр хоорондоо зөрүүтэй байхад соёлын үнэт зүйлс юм гэдэг байдлаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Иймд өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.

 

Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдоогүй олдвор гэдэг талаар гомдолдоо дурдсан байна. Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шилэн урлаг судлаач Хишигсүрэн, МУИС-н археологийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан Батсайхан, мөн ШУ-ны академийн эртний түүхийн салбарын судлаач Алтансүх гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээч нар 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эцсийн байдлаар шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтдээ “Ромын үеийн эд зүйлс болох нь тогтоогдож байна” гэсэн. Ингээд шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудал эцэслэгдсэн гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Э-, М.А- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан давж заалдах гомдолп заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Д.Э- нь М.А-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, хамтран оролцогчийн хамжигчийн үүрэгтэйгээр 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сircle К” үйлчилгээний төвийн гадна НТӨ VII-III зуунд хамаарах 1 ширхэг чулуун сүх, 1 ширхэг хаш эдлэл, Эртний Ромын үе буюу НТ IV зуунд хамаарах 1 ширхэг ногоон өнгөтэй шилэн гүц, 1 ширхэг хөх өнгийн шилэн гүц зэрэг археологийн олдвор болох Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан “Соёлын биет өв”-ийг 200.000.000 төгрөгөөр худалдаалахаар завдсан гэмт хэргийг,

шүүгдэгч М.А- нь Д.Э-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сircle К” үйлчилгээний төвийн гадна НТӨ VII-III зуунд хамаарах 1 ширхэг чулуун сүх, 1 ширхэг хаш эдлэл, Эртний Ромын үе буюу НТ IV зуунд хамаарах 1 ширхэг ногоон өнгөтэй шилэн гүц, 1 ширхэг хөх өнгийн шилэн гүц зэрэг археологийн олдвор болох Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан “Соёлын биет өв”-ийг 200.000.000 төгрөгөөр худалдаалахаар завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

гэрч А.Д-ын “...миний найз А- одоогоос 2 жил орчмын өмнө надад ногоон болон цэнхэр өнгөтэй шилэн гүц, хаш чулуун эд зүйл болон чулуун сүх зэргийг үзүүлж байсан. Тухайн эд зүйлсээ зарчихмаар байна, сонирхох хүн байгаа болов уу гэж хэлж байсан. Дээрх зүйлсээ манай хойд аав надад бэлэглэсэн. Тухайн эд зүйлс нь Хүннүгийн үеийн булшнаас олдсон /буруу санаагүй бол Архангай аймагт байх булшнаас олсон талаар хэлж байсан/ эд зүйл байгаа юм. Манай эриний 40-90 оны хооронд эртний Ромчуудын хийсэн бүтээл болох гүц гэж хэлж байсан. Мөн дээрх эд зүйлсийг тайлбарласан тайлбарын зургийг над руу фейсбүүкийн чатаар явуулж, дээрх эд зүйлсээ 200.000.000 төгрөгөөр зарчихмаар байна гэж хэлж байсан. ...” /1хх 86-88/,

гэрч Б.Х-ийн “...20 хоногийн өмнө Дэлгэрням ах надад зургийг нь үзүүлээд “манай найз нэг ийм эртний эдлэл байна, зарах хэрэгтэй байна” гэж хэлж байсан. Би таньдаг ахдаа зургийг нь үзүүлэхэд “хүнээс асууж өгье” гэж хэлээд хэд хоногийн өмнө холбогдоод “бараа чинь байгаа юм уу” гээд бид зарахаар болсон. Тэгээд бид нар өнөөдөр хоорондоо ярилцаж авах хүнтэй уулзаж наймаагаа хийхээр тохиролцож Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 5 дугаар сургуулийн орчим уулзахаар тохирч уулзаж байхад цагдаа нар ирж баривчилсан. ...” /1хх 92-93/,

гэрч Б.Г-ын “...2011 оны Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт байх Гол мод-2 дурсгалт газарт хийгдсэн малтлагын үеэр уг 2 шилэн эдлэлтэй ойролцоо Ромын эзэнт Улсын үеийн шилэн аяга илэрч байсан. ...” /1хх 101/,

шинжээч Ч.Амартүвшингийн “...Археологийн эд өлгийн зүйл гэдэг нь түүх, соёлын дурсгалт зүйл, соёлын биет өв мөн гэсэн ойлголт юм. ...Ерөнхий миний туршлагаас харахад 2 ширхэг шилэн гүц нь олдвор байх магадлалтай. ...” /1хх 135/,

М.А-ын яллагдагчаар өгсөн “...Э- ах надад 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр цэнхэр болон ногоон өнгөтэй шилэн гүц, чулуун сүх, хаш тээг гэх эд зүйлсийг өгсөн. Тухайн үед надад өгөхдөө энийг зарж борлуулж чадвал чамд хэрэгтэй, надад мөн хэрэгтэй байна гэсэн хүсэлтийн дагуу би авч яван эртний эдлэл авдаг хүмүүсээс асуусан. Эртний эдлэл авдаг хүмүүс намайг хулгайн эд зүйл авч явж байна гэж хардаж байсан учир би Э- ахад утсаар мэдэгдсэн. Э- ах тэрийг сонсоод манай ажил дээр хүрээд ир гэж хэлсэн. Яваад очиход чамд бэлэглэлийн гэрээ хийгээд өгье гэж хэлээд уг бэлэглэлийн гэрээг хийж өгч гарын үсгээ зурж, тэмдэг дарж өгсөн...Надад Э- ах дээрх эд зүйлд бэлэглэлийн гэрээ хийж өгөхдөө англи, монгол хэл дээр тайлбар видеог гаргаж өгсөн. ...Би эртний эдлэл зардаг хүмүүсээс асуухад 150.000.000-200.000.000 төгрөг болно гэж хэлсэн. Би тэр үнэд өгчих юм байна гэж бодож явж байсан. ...” /1хх 215-216/,

Д.Э-ын яллагдагчаар өгсөн: “...миний буруу би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...” /1хх 229-230/ гэсэн мэдүүлгүүд,

 

 “...Шинжилгээнд доорх дөрвөн зүйл байна.

  1. Шаргал өнгийн чулуун сүх,

Б) Цайвар ногоон өнгийн хоёр амьтны дүрс бүхий сийлбэртэй дугуй чулуун чимэглэл,

  1. Ногоон онгийн шилэн гүц,

Г) Хөх өнгийн шилэн гүц зэрэг болно.

Дээрх дөрвөн зүйл нь цайвар ногоон өнгийн хаш чимэглэл, ногоон өнгийн шилэн гүц хөх өнгийн шилэн гүц гэсэн гурван зүйл нь нэг он цагт хамаарагдах зүйл бол харин шаргал өнгийн чулуугаар хийсэн сүх нь өөр он цагт хамаарагдана.

Шаргал өнгийн чулуугаар хийсэн сүх.

Чулуун сонголт, хэлбэр, хийц, элэгдэл зэргээс харахад энэ олдвор малтлагаас гэхээс илүүтэй түүвэр маягаар олдсон байх магадлалтай. Ийм төрлийн чулуугаар хийсэн, хэлбэр хийцийн хувьд төстэй олдворууд Монголын говь, тал хээрийн бүсээс олдох боломжтой.

Цайвар ногоон өнгийн хоёр амьтны дүрс бүхий сийлбэртэй дугуй хаш чулуун чимэглэл.

Энэ чимэглэл малтлагаас гарсан байх магадлалтай. Ийм төрлийн зүйлийг булш оршуулгад дагалдуулан оршуулах тохиолдол бий. Хаш чулуугаар үр дүйтэй хийсэн ийм зүйлс нь хүннүгийн жирийн болон язгууртны булшнаас гардаг нь эх хэрэглэгдэхүүнээс тодорхой харагддаг.

Ногоон өнгийн шилэн Р/Ц ба Хөх өнгийн шилэн гүц.

Эдгээр шилэн суулганууд археологийн малтлагаас гарсан байх магадлалтай. Хөх өнгийн шилэн гүцний бөөрөнд байгаа хагас бөмбөлгөн товгорууд Хятаны Ляо улсын үеийн зарим шилэн гүцэнд ажиглагдаж байгаа ...бол хөх өнгө нь Юань улсын үеийн шилэн аяга тавганы өнгөтэй нэлээд ижилсэх боломжтой. ...Мөн хөх ба ногоон шилэн гүцний хүзүүгээр ороосон нарийн цувималын техник -э НТ 1-р зуун буюу Хүннү улсын үед хамаарах Афганистаны Беграмын хөх шилэн гүцэнд ажиглагдсан байна. ...Тухайн олдворуудын түүхэн он цагийг хэлбэр хийц, материал, элэгдлийн байдал зэрэгт тулгуурлан дараах байдлаар тоймлон үзэж болно.

Шаргал өнгийн чулуугаар хийсэн сүх.

Ийм хэлбэрийн чулуун сүх Хятадын зүүн хойд хэсгийн Ляо голын сав газрын неолитын үеийн соёлд түгээмэл тохиолдоно. Энэхүү неолитын соёлыг Хуншань буюу Hongshan хэмээн нэрлэдэг бөгөөд дунджаар НТӨ 4700-2900 онд хамаарагдана. Хуншань соёлын эд өлгийн зүйл нь ихэвчлэн хаш чулуугаар хийгдсэн байх бөгөөд тэдгээрийн дотор янз бүрийн хэлбэр хийцтэй чулуун сүхнүүд олонтоо тааралддаг. ...Манай улсын нутаг дэвсгэрийн зүүн урд болон зүүн талаас дээрх соёлын хүрээнд хамрагдах олдвор эд өлгийн зүйл газрын дээр түүвэр байдлаар олдох нь багагүй бий.

Цайвар ногоон өнгийн хоёр амьтны дүрс бүхий сийлбэртэй хаш чулуун чимэглэл.

Энэхүү дугуй хэлбэрийн хаш зүүлтийн ерөнхий хэлбэр хийц, дүрслэл зэрэг нь Хятадын Хань улсын соёлд хамаарагдах бололтой. Учир нь өөд өөдөөс нь харуулан тэгш хэмтэй домгийн амьтныг дүрслэх болон доод талд “зээбад” (таотэ) буюу араатан амьтны хоншоорын хэсэг гаргах нь тухайн үеийн сонгодог хэлбэр хэмээн үзэж болно. Хань улс нь НТӨ 202 - НТ 220 оны үед оршин тогтнож байсан Хятадын эзэнт гүрэн юм. Энэ улстай зэрэгцэн НТӨ 209 - НТ 93 оны үест манай Хүннү гүрэн оршин тогтнож байсан юм. Ийм төрлийн эвэртэй луу-араатан маягийн дүрслэл хүрэл, мөнгөөр хоож хийсэн 32 өлгийн зүйлс хүннүгийн язгууртны булшны эх хэрэглэгдэхүүнд тохиолддог. Харин хоёр болон түүнээс дээш тооны амьтдыг тэгш хэмтэйгээр дүрсэлсэн эд өлгийн зүйлс Евразийн тал нутагт оргон тархсан байдаг.

....Ногоон өнгийн шилэн гүц ба Хөх өнгийн шилэн гүц.

Дээрх хоёр шилэн гүцний хэлбэр ба өнгөний хувьд НТӨ 2-р зуунаас НТ 12-р зууны үед Ази ба Европт нэлээд түгээмэл тархсан шилэн суулгануудтай адилтгах боломж байна. Он цагийг баттай хэлэх боломж үгүй бөгөөд оригинал олдвор уу эсвэл хуурамч хуулбар уу гэдгийг ч лабораторийн нарийн шинжилгээ хийхээс нааш тодруулах боломж хомс юм. Хэрэв оригнал олдвор мөн гэж үзвэл Монголын түүхийн үечлэлээр Хүннүгийн үеэс Монголын үеийн хооронд маш өргөн он цагт хамаарч болно.

Шаргал өнгийн чулуугаар хийсэн сүх.

Энэхүү олдвор нь археологийн эд өлгийн зүйл мөн. Хэдийгээр манай нутагт оршин сууж байсан эртний нүүдэлчдийн үлдээсэн өв биш хэдий ч тэдний хөрш зэргэлдээ овог аймаг, соёлуудтай харилцаж байсан баримт хэмээн үзэж болно.

Цайвар ногоон өнгийн хоёр амьтны дүрс бүхий сийлбэртэй хаш чулуун чимэглэл.

Энэхүү олдвор нь археологийн эд өлгийн зүйл мөн. Мөн манай нутагт оршин сууж байсан эртний нүүдэлчдийн үлдээсэн өв биш хэдий ч тэдний хөрш зэргэлдээ овог аймаг, соёлуудтай харилцаж байсан баримт хэмээн үзэж болно.

Ногоон өнгийн шилэн гүц ба Хөх өнгийн шилэн гүц.

Дээрх хоёр шилэн гүцний хэлбэр ба өнгө, үйлдсэн арга техникийн хувьд адилтгах боломжтой бодит олдворууд байх боловч яг тухайн 2 олдвор оригинал бодит олдвор эсэхийг тогтоох боломж одоогоор хомс байна. . ...” гэсэн Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор Ц.Төрбат, Археологийн хүрээлэнгийн салбарын Шинжлэх ухааны академийн эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Амартүвшин нарын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх 131-133/,

 “...“шаргал өнгийн зууван хэлбэртэй хүзүүний зүүлт мэт чулуун зүйл”-ийн үнэлгээг 560.000 төгрөг, “Бүдэг ногоон өнгийн хоёр амьтны дүрс бүхий сийлбэртэй бөөрөнхий хэлбэртэй чулуун зүйл”-ийн үнэлгээг 4.200.000 төгрөг гэж тус тус тогтоосон. ...” гэсэн Соёлын яамны дэргэдэх Соёлын өвийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн гишүүд болох Б.Даваацэрэн, Ч.Нацагням, Д.Баттогтох, Т.Билэгсайхан, Р.Отгонбаатар, Г.Энхбат, Д.Сүхбаатар, Т.Сайнжаргал, Б.Баатархүү, Б.Гүнчинсүрэн, Б.Төмөрбаатар нарын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №03-1 дүгээр шинжээчийн дүгнэлт /1хх 145-147/,

“...Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Гол мод-2”-ын 1-р булшны 30-р дагуулаас Ромын шилэн аяга болон түүний хагархай хэсгүүд олдсон байдаг. ...” гэсэн Соёлын өвийн үндэсний төвийн Авран хамгаалах газрын дарга Г.Анхсанаа, ШУТИС-ийн бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн багш Ю.Болдбаатар, ШУТИС-ийн бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн багш Д.Хатанбаатар нарын 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх 170-171/,

“...шинжилгээнд ирүүлсэн номин ногоон, хөх өнгийн шилэн эдлэл нь ажиглалт, харьцуулалтын аргаар судалж үзэхэд археологийн малтлага судалгаагаар илэрч олдсон Ромын үеийн эд өлгийн зүйлс болох нь тогтоогдож байна. ...Шинжилгээнд ирсэн чулуун сүх, хаш эдлэлийг НТӨ VII-III зуунд хамаарах соёлын дурсгал мөн гэж үзэж байна. ...Шинжилгээнд ирүүлсэн ногоон, хөх өнгийн шилэн сав, сүх хэлбэрийн чулуун эдлэл, амьтны загварт дүрслэл бүхий хаш эдлэл нь түүх, соёлын биет өв мөн болно. ...” гэсэн Шилэн урлагийн хувь судлаач Б.Хишигсүрэн, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан З.Батсайхан, ШУА-ийн Эртний түүхийн салбарын эрхлэгч Г.Алтансүх нарын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлт /1хх 182-184/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 18-24/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Д.Э-, М.А- нар ямар гэм буруутай болох, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Д.Э-ын М.А-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, хамжигчийн үүрэгтэйгээр НТӨ VII-III зуунд хамаарах чулуун сүх, хаш эдлэл, Эртний Ромын үе буюу НТ IV зуунд хамаарах 1 ширхэг ногоон өнгөтэй шилэн гүц, 1 ширхэг хөх өнгийн шилэн гүц зэрэг археологийн олдвор болох Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан “Соёлын биет өв”-ий худалдаалахаар завдсан үйлдлийг, М.А-ын Д.Э-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр НТӨ VII-III зуунд хамаарах чулуун сүх, хаш эдлэл, Эртний Ромын үе буюу НТ IV зуунд хамаарах 1 ширхэг ногоон өнгөтэй шилэн гүц, 1 ширхэг хөх өнгийн шилэн гүц зэрэг археологийн олдвор болох Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан “Соёлын биет өв”-ийг худалдаалахаар завдсан үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Э-, М.А- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир “...дээрх дөрвөн эд өлгийн зүйл нь Монгол орны нутаг дэвсгэрээс олдсон эсэх нь тодорхойгүй байх тул Д.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт авагдсан  гэрч А.Д-ын “...миний найз А- одоогоос 2 жил орчмын өмнө надад ногоон болон цэнхэр өнгөтэй шилэн гүц, хаш чулуун эд зүйл болон чулуун сүх зэрэг эд зүйл үзүүлж байсан. ...Дээрх зүйлсээ манай хойд аав надад бэлэглэсэн, тухайн эд зүйлс нь Хүннүгийн үеийн булшнаас олдсон /буруу санаагүй бол Архангай аймагт байх булшнаас олсон талаар хэлж байсан/ эд зүйл байгаа юм. Манай эриний 40-90 оны хооронд эртний Ромчуудын хийсэн бүтээл болох гүц гэж хэлж, ...дээрх эд зүйлсээ 200.000.000 төгрөгөөр зарчихмаар байна гэж хэлж байсан. ...”, шинжээч Ч.Амартүвшингийн “...миний туршлагаас харахад 2 ширхэг шилэн гүц нь олдвор байх магадлалтай. ...”, М.А-ын яллагдагчаар өгсөн “...Э- ах надад 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр цэнхэр болон ногоон өнгөтэй шилэн гүц, чулуун сүх, хаш тээг, гэх эд зүйлсийг өгсөн. Тэрээр надад өгөхдөө энийг зарж борлуулж чадвал чамд хэрэгтэй, надад мөн хэрэгтэй байна гэсэн хүсэлтийн дагуу би авч яван эртний эдлэл авдаг хүмүүсээс асуусан. ...” гэсэн мэдүүлгүүд болон “...Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Гол мод-2”-ын 1-р булшны 30-р дагуулаас Ромын шилэн аяга болон түүний хагархай хэсгүүд олдсон байдаг. ...” гэсэн Соёлын өвийн үндэсний төвийн Авран хамгаалах газрын дарга Г.Анхсанаа, ШУТИС-ийн бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн багш Ю.Болдбаатар, ШУТИС-ийн бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн багш Д.Хатанбаатар нарын 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, “...шинжилгээнд ирүүлсэн номин ногоон, хөх: өнгийн шилэн эдлэл нь ажиглалт, харьцуулалтын аргаар судалж үзэхэд археологийн малтлага судалгаагаар илэрч олдсон Ромын үеийн эд өлгийн зүйлс болох нь тогтоогдож байна. ...Шинжилгээнд ирсэн чулуун сүх, хаш эдлэлийг НТӨ VII-III зуунд хамаарах соёлын дурсгал мөн гэж үзэж байна. ...Шинжилгээнд ирүүлсэн ногоон, хөх өнгийн шилэн сав, сүх хэлбэрийн чулуун эдлэл, амьтны загварт дүрслэл бүхий хаш эдлэл нь түүх, соёлын биет өв мөн болно. ...” гэсэн Шилэн урлагийн хувь судлаач Б.Хишигсүрэн, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан З.Батсайхан, ШУА-ийн Эртний түүхийн салбарын эрхлэгч Г.Алтансүх нарын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлт зэргээр Д.Э- нь Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан “Соёлын биет өв”-ийг худалдаалахаар завдсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд үзүүлэх дэмжлэг нь зааж зөвлөх, мэдээлэл өгөх болон ...олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амлах хэлбэртэй байж болно. Хамжигч гэмт хэрэг үйлдэгдэж дуусахаас өмнө дэмжлэг үзүүлсэн байх ёстой.

 

Д.Э-ын хувьд Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан “Соёлын биет өв”-ийг М.А-д бэлэглэлийн гэрээ хийж өгөн, түүнд зарж өгөхийг санал болгон, заруулах эд зүйлийн талаар англи, монгол хэл дээр тайлбар видеог гаргаж өгсөн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

“Соёлын биет өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалын зүйлийг ойлгох бөгөөд ховор эрдэнэс, эрдэнийн чулууны ховор олдвор, солир, эртний ургамал, археологийн олвдор зэрэг соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын хөдлөх дурсгалд хамааруулан хуульчилж, Эрүүгийн хуулийн тус ангийн 25.5 дугаар зүйлд эдгээр зүйлсийн хууль бус худалдааг зохин байгуулах, зуучлах үйлдлийг гэмт хэрэгт тооцсон болно.

 

Тухайн гэмт хэрэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулиар хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                                      С.БОЛОРТУЯА

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН