Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/708

 

 

 

 

       

 

     2024           06             20                                       2024/ДШМ/708

 

 

Г.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Болортуяа, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Г.А-,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2410004100105 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А-,

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 08 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан.

 

Шүүгдэгч Г.А- 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 17.7 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 02 жилийн хорих ял /биечлэн эдлэх/ оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 8 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2024 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 02 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхоны зогсоол дээр “Hyundai sonata” загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Г.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 08 /найм/ сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.А-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 07 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг нэмж нэгтгэн 11 /арван нэг/ жил 04 /дөрөв/ сар 05 /тав/ хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2022 онд 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 22 настай, үсчин мэргэжилтэй, эмээгийн хамт ам бүл хоёулаа амьдардаг. Миний эмээ болох М.Хандсүрэн 63 настай, ажилгүй, ажил хийх боломжгүй, тэтгэврийн насны хүн байдаг. Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өөрийн онлайн дэлгүүрийг ажиллуулж, ажил хөдөлмөр эрхэлж, эмээ болон өөрийн санхүү, ар гэрийн байдлыг бие даан авч яван улмаар эмээгээ асрах өндөр хариуцлага хүлээдэг. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж, биеэр эдэлж дуусаад 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр суллагдсан. Улмаар бусдад төлөх ёстой мөнгөн төлбөрийг сар бүр шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд байршуулан төлдөг. Миний бие хоригдож байх хугацаандаа хууль зүйн туслалцаа үзүүлэх, хувийн өмгөөлөгч авах боломжгүй тул Монголын Өмгөөлөгчдийн холбоонд хүсэлт тавьсан боловч ямар шалтгааны улмаас гэдэг нь мэдэгдэхгүй улсын өмгөөлөгч томилж, хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй гэж дүгнэсэн. Ажил хөдөлмөр эрхлэн ар гэр болон өөрийнхөө, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хохирол төлбөрөө арай гэж өгдөг надад хувийн өмгөөлөгч авах боломжгүй, улсаас ч өмгөөлөхгүй гэсэнд хуулийн мэдлэг дутуу, өөрийгөө өмгөөлж байгаад гомдолтой байна. Би өмгөөлөгчгүй учраас 461 дүгээр хорих ангиас надад эрүүл мэндийн тодорхойлолт өгөх боломжгүй. Миний бие 2022 онд Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, “зүрхний зүүн талын ховдол томролттой, зүрхний хэм алдагдал ихтэй” гэж оношлогдож байсан бөгөөд үүнээс хойш 2023 онд 401 дүгээр хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Би одоогоор 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт “зүрхний хэм алдагдал” оноштойгоор эмчилгээ хийлгэн хэвтэн эмчлүүлж байна. Иймд миний биеийн байдлыг минь харгалзан үзэж нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэх, эмчлүүлэх эрхээр минь хангаж өгнө үү. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа урьд ял шийтгүүлсэн хэрэгтээ огт гэмшээгүй, засраагүй гэх мэтээр өмнөх хэргийг оролцуулж хувийн байдлыг минь дордуулан тодорхойлж хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг нь зорчих эрхийг хязгаарлах, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, хорих зэрэг ялуудтай, хорихоос өөр төрлийн  ял оногдуулж болох байхад надад 8 сарын хорих ял оногдуулсан гомдолтой байна.

Миний бие хэрэгт шалгагдаж эхэлснээс хойш дуудсан цагт бэлэн, тодорхой оршин суух хаягтай, холбогдох боломжтой, ямар нэг байдлаар хэргийг хүндрүүлээгүй, шүүх хуралдаанд зарлахад товлосон цагт бэлэн байхад уг байдлыг минь харгалзан үзээгүй.

Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргах эрхтэй байтал миний эрх зүйн байдлыг дордуулж ял оноосонд гомдолтой байна.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруу дээрээ маргаагүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хэргийн явцад саад учруулаагүйг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурор, шүүхийн шатанд шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр бүрэн хангасан. Шүүгдэгч Г.А- нь гэм буруу дээр маргадаггүй. Өөрөө өмгөөлөгч авахгүй гэсэн байдаг. Өмнө нь согтуурсан үедээ бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй жолоодож хүн дайрч, хүний амь нас хохироосон, улмаар хэргийн газрыг орхин зугтаасан гэмт хэрэг үйлдээд уг хэрэгтээ 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байдаг. Уг ялыг эдэлж дуусаад 6 сар өнгөрч байхад дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь түүнд хорих ял оногдуулах бүрэн үндэслэл тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.А- нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ****** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 17.7 дугаар зүйлийн1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 8 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2024 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 02 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхоны зогсоол дээр “Hyundai sonata” загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэрч Б.Б-ий “...2024 оны 01 дүгээр сарын 16-ны орой гэртээ найз охин А-, мөн Тэмүүжин нарын хамт 2 литрийн пиво хувааж уусан. ...зогсоолд байсан “Hyundai sonata” загварын **** улсын дугаартай автомашиныг хөдөлгөөд Энхжин хотхоны гарц хэсэг рүү 200 метр орчим жолоодож явтал урдаас алаг тэрэгтэй цагдаа таарсан. Тэгээд цагдаагийн хэлтэс очоод машин барьсан манай найз охин болох А-ийг драйгер багаж үлээлгэхэд 1 бүхэл гаран гарч байсан. ...” /хх 71/,

Г.А-ийн яллагдагчаар өгсөн “...би пивоноос 3 аяга буюу багцаагаар 600 грамм орчим уусан. ... Машин зогсоолд эвгүй тавьсан байхаар нь машинаа байрлуулах гээд тухай газраас би машинаа бариад Рома нэртэй байрны гадна талд очоод цагдаад шалгуулахад ...1.7 хувийн согтолттой байсан. ...” /хх 69/ гэсэн мэдүүлгүүд,

жолоочийн согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл /хх 2-3, 10/, жолоодох эрхийн лавлагаа /хх 20/, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх 23-53, 107-132/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Г.А- ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Г.А- “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх санкцтай.

Шүүгдэгч Г.А- нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа, согтуурсан, мансуурсан үедээ бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч яван тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон ба энэ үйлдэлдээ дүгнэлт хийлгүйгээр ял эдэлж дуусаад 5 сарын дараа дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан 4 төрлийн ялаас хорих ялыг сонгон, 8 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Нөгөөтээгүүр шүүх шүүгдэгч Г.А-ийг гэм буруутайд тооцох эсэх асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ прокурор, шүүгдэгч нарыг оролцуулсан ба шүүгдэгчид өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь тайлбарлан сануулж, “өмгөөлөгч авах” эсэхийг тодруулахад “шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсний дагуу /хх 147/ шүүх хуралдааны ажиллагааг цааш үргэлжлүүлж шийдвэрлэсэн нь оролцогчийн хуульд заасан эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Г.А-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 72 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 72 /далан хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                                        С.БОЛОРТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН