Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/741

 

 

 

 

     2024           06            27                                      2024/ДШМ/741

 

                                                        А.Б-, Б.Э- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч П.Очгэрэл,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/398 дугаар шийтгэх тогтоолыг эс шүүгдэгч Б.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Б-, Б.Э- нарт холбогдох эрүүгийн 2302006710403 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Э-,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан;

2. Б-,

 

Шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр, Хангай хотхоны орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай гялгар уутны хамт 1.2759 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй, мөн 0.1121 грамм цэвэр жинтэй “тоос” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгоор хууль бусаар 20.000 төгрөгөөр А.Б-од худалдсан,

мөн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр Хангай хотхоны 310 дугаар байрны 194 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан         “дельта-9 тетрагидроканнабинол”-ын            агууламжтай 47.3266 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

шүүгдэгч А.Б- нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр, Хангай хотхоны орчим Б.Э-өөс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай гялгар уутны хамт 1.2759 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй, мөн 0.1121 грамм цэвэр жинтэй “тоос” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 20.000 төгрөгөөр худалдан олж авсан гэмт хэрэгт,

улмаар дээрх хууль бусаар олж авсан бодисыг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хорооллын 7 дугаар байрны гадна өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

А.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Э-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бусдад худалдсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Э-ийн цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч А.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан төмөр савны хамт 56.7 гр. №2 гэж дугаарласан хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, №3 гэж дугаарласан гялгар уутны хамт 43.7 гр жинтэй ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан гялгар уутны хамт 1.4346 гр жинтэй ургамал мэт зүйл, №1 гэж дугаарласан 1.2759 гр цэвэр жинтэй шавар мэт зүйл, №2 гэж дугаарласан 0.1121 гр цэвэр жинтэй тоос мэт зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, №3 гэж дугаарласан АР5613649 дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг Монгол Банкинд хүргүүлж, Б.Э-өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хувийн “элсэн буу” гэх бизнес эрхэлдэг. Сар болгон тогтмол орлоготой. Энэ бизнес нийгэмд асар их ач тустай барилгын арматур гэх мэт зэвэрсэн төмрийн зэвийг арилгаж, цоо шинэ мэт болгодог. Надад энэ өвс гэх зүйлийг 30.000 төгрөгөөр зарж орлого олох шаардлага үнэхээр байхгүй. Манай хамсаатан гэх Б- бид хоёр 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хамт явж байгаад Б- өөрийн найз Сараа гэх эмэгтэйгээс “өөрт нь виза карт байхгүй, чамд байна уу” гэж хэлээд миний 5007256381 тоот данс руу 30.000 төгрөг хийлгэж Б- миний виза картыг аваад “Мон гэрэл” гэх дэлгүүр орж 26.000 төгрөгт тамхи, ундаа авсан. Би Б- гэх хүнд өвс гэх зүйлийг өгөх нь өгсөн, гэхдээ огт худалдаж мөнгө олох зорилгоор өгөөгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгч Б-оос “энэ мөнгөөр Э- гэх залуугаас өвс худалдаж авсан уу” гэж асуухад Бат-Оршин “санахгүй байна” гэж хариулсан. Шүүх хурал дууссаны дараа Б-оос “яагаад мэдэхгүй гэж хэлсэн юм бэ, би чамд зараагүй биз дээ” гэж асуухад тэрээр “би айсандаа тэгж хэлсэн” гэж хариулсан. Надад үнэхээр энэ зүйлийг худалдаж мөнгө олох шаардлага байхгүй. Шийтгэх тогтоол дээр Б- өгсөн мэдүүлэгтээ “надаас 20.000 төгрөгөөр худалдаж авсан” гэж хэлсэн. Гэхдээ миний данс руу 20.000 төгрөг биш 30.000 төгрөгийг Б-ын найз Сараа гэх эмэгтэйгээс хийлгэж, тэр мөнгийг Б- өөртөө зарцуулсан. Энэ бүхэн дэлгүүрээс 26.000 төгрөгөөр бараа худалдаж авсан зарлагын баримт болон дэлгүүрийн камерын бичлэгээр нотлогдоно. Миний бие өөрийн эрхэлсэн ажлаасаа ар гэр, амьдралаа авч явах, тэжээх хангалттай орлого олдог. Б- гэх залуу миний эрх зүйн байдлыг маш ихээр дордуулж байна. Би ам бүл 6, эхнэр, 3 хүүхэд, эмэг эхийн хамт Хан-Уул дүүргийн *** тоотод оршин суудаг. Тус байрыг 2023 оны 11 дүгээр сард Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан лизингээр худалдан авсан. Эхнэр О нь тодорхой эрхэлсэн ажилгүй гэртээ өсвөр насны гурван хүүхэд болон өндөр настай, өвчтэй эмэг эхийгээ асардаг. Манай эмээ одоо 78 настай зүрхний хүнд өвчтэй тул байнгын асаргаанд байх шаардлагатай байдаг. Миний гурван хүүхэд том нь 17 настай, дундах нь 14 настай, бага нь 11 настай, эд өсвөр насандаа эцэг эхийн хүмүүжил, авьяас чадвар, сургууль соёл, өсөж дэвших насандаа байгаа тул эцэг нь болох миний зүгээс анхаарал халамж, мөнгө төгрөг гэх зүйлс маш ихээр хэрэгтэй болдог. Би ар гэрээ ганцаараа ажил хийж тэжээдэг. Миний сарын тогтмол орлогогүй бол гэр бүл маань орон гэргүй болох цаашлаад эмээгийн маань эм тариа, эхнэр хүүхдүүдийн хоол хүнс, гурван хүүхдийн маань сургууль соёл, ирээдүй нь хүнд байдалд орох өндөр магадлалтай. Би өөрийн болчимгүй үйлдэлдээ маш их гэмшиж байна. Иймд ар гэрийн минь нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийн үнэн зөвийг олж, тал бүрээс нь бүрэн бодитой хянаж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...Би гэм буруу дээрээ маргахгүй тул ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч П.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Б.Э- нь “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргасан боловч “тухайн зүйл, заалтад заасан хамгийн доод хугацаагаар буюу 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн байр суурьтай байгаа. Б.Э- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргадаггүй. Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөргүй. Үйлдсэн гэмт хэргийнхээ нийгмийн аюулын шинж чанарыг ойлгож, ухамсарласан. Тэрээр 11-17 насны 3 хүүхэдтэй, эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Өнөөдрийн байдлаар Б.Э-ийн эхнэр нь орон сууцны зээлээ дарахын тулд өдрийн цагаар такси үйлчилгээнд явж байгаа Дээрх нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь  хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч А.Б- нь тухайн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдах зорилгогүй байсан. Тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Э-өөс авснаа хүлээн зөвшөөрч, энэ талаар тогтвортой мэдүүлдэг. Анхан шатны шүүхээс А.Б-од ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзсан гэж тайлбарласан. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын санкцтай. Миний үйлчлүүлэгч А.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугийн асуудлаар маргадаггүй бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, харамсдаг. Дээрх нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдлыг харгалзан үздэг боловч түүний үйлдсэн гэмт хэргийн үндсэн шинж, нийгмийн аюулын хор хэмжээ, тухайн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ зэргийг харгалзан оногдуулах ёстой. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн зорилго, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршигт тохирсон гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.Б-, Б.Э- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Э-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э-ийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 1.2759 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй, мөн 0.1121 грамм цэвэр жинтэй “тоос” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгоор хууль бусаар 20.000 төгрөгөөр А.Б-од худалдсан,

мөн 47.3266 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгч Б.Э-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бусдад худалдсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ гэмт хэргийн зүйлчлэл, шүүхийн шийдвэрт нөлөөлж болох нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй байна.

 

Тодруулбал, прокуророос Б.Э-ийг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр, Хангай хотхоны орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 1.2759 грамм жинтэй “өвс”, мөн 0.1121 грамм цэвэр жинтэй “тоос” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгоор хууль бусаар 20.000 төгрөгөөр А.Б-од худалдсан,

мөн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр Хангай хотхоны 310 дугаар байрны 194 тоотод 47.3266 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж хэргийн үйл баримтыг тодорхойлж ирүүлсэн байхад анхан шатны шүүх Б.Э-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бусдад худалдсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан талаар үйл баримтын дүгнэлт огт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр Хангай хотхоны *** тоотод 47.3266 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүн буюу 1 дэх хэсэгт заасан шинжийг, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1.2759 грамм жинтэй “өвс”, мөн 0.1121 грамм цэвэр жинтэй “тоос” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгоор хууль бусаар 20.000 төгрөгөөр А.Б-од худалдсанаар дээрх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу мөн хуулийн 2 дахь хэсэгт заасан шинжийг тус тус агуулж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.  

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Б-, Б.Э- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Э-ийн хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/398 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч А.Б-, Б.Э- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН