Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/742

 

 

 

 

     2024           06            27                                      2024/ДШМ/742

 

                                                   Д.Б-, Г.Г- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баярмаа,

шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч И.Эрдэнэцэцэг,

шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг, О.Оюунчимэг

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/418 дугаар шийтгэх тогтоолыг эс шүүгдэгч Д.Б-, Г.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн тэдгээрт холбогдох эрүүгийн 2309000001580 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б-,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн;

 

2. Г-,

Баянгол дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

Шүүгдэгч Г.Г-, Д.Б- нар нь бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 05-аас 07-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дамбадаржайлин” хийдийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “Танка” нэртэй бурхан 2 ширхэг, мөнгөн суварга 1 ширхэг, алтан бурхан 1 ширхэг, мөнгөн бумба 1 ширхэг, 2 ширхэг судар, хананд өлгөдөг хэвлэмэл бурхны үзүүрт хийж хэрэглэдэг “дог” нэртэй мөнгөн эдлэл 12 ширхэг, гипсээр хийсэн “Цэнд-Аюуш” бурхан 1 ширхэг, 7 ширхэг боодолтой судар зэргийг хулгайлан авч, 2.715.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Г-, Д.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б-, Г.Г- нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-, Г.Г- нарт 2 /хоёр/ жилийн хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тэдний цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Г-ын насанд хүрээгүй хүүхэд болох Г-ын Есүй, Г-ын Эмүжин нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад үүрэг болгож, шүүгдэгч Д.Б-, Г.Г- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд анхан шатны шүүх хурал дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, ямар нэгэн байдлаар гэм буруугийн талаар маргаагүй. Гэтэл шүүх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруу дээрээ маргаж байсан гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлах боломжгүй гэж үзсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хувьд гэм буруугаа маш их ойлгон ухаарч, бүх хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Би 2 охины хамт амьдардаг бөгөөд өрх толгойлсон эцэг юм. Том охин маань 6 настай, Нийслэлийн 28 дугаар сургуулийн 1 дүгээр ангид сурдаг, бага охин маань 2 настай цэцэрлэгт хамрагдаж байгаагүй. Би одоогоор 96 хоног хоригдож байна. Энэ хугацаанд 2 охин маань айлд маш хэцүү байдалд байгаа. Надаас өөр хүн 2 охинд минь хүн байхгүй. Охидуудынхаа төлөө шударгаар ажиллаж, амьдрах туйлын хүсэлтэй байгаа тул миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч И.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б- нь гэм буруугийн асуудлаар маргаагүй. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугийн асуудлаар маргасан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд мөрдөн шалгах ажиллагааны явцад “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол” гэж тодорхойлсон заалт байхгүй. Гэмт хэргийн улмаас учирсан 2.715.500 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Мөн тэрээр бөгсөн бие нь мэдээгүй болсон эхийгээ болон 3 хүүхдээ асран хамгаалдаг. Түүний эхнэр нурууны өвчтэй учраас зайлшгүй хагалгаанд орох шаардлагатай байгаа. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн. Д.Б-ын гэр бүл 2019 оноос хойш талоны үйлчилгээ авч амьдардаг байсан. Дараа нь тэрээр гэр бүлээ тэжээн тэтгэхийн тулд Нарантуул зах дээр лангуу түрээсэлж, эртний эдлэл зарсан. Үүнийхээ улмаас гэмт хэрэгт холбогдсон. Энэ гэмт хэрэгт холбогдсон цагаасаа хойш тэрээр лангуу түрээсэлж үйл ажиллагаа явуулахаа зогсоосон. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч О.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн Г.Г-ын өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Г.Г-ыг ам бүл дөрвүүлээ /4/ амьдардаг гэж бичсэн боловч түүнийг өрх толгойлсон эцэг болохыг нотолсон баримтууд хэрэгт авагдсан. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Тэрээр 2-6 насны хоёр охинтой. Эдгээр хүүхдүүдэд эцгийн халамж, хайр зайлшгүй шаардлагатай. Одоогийн байдлаар хүүхдүүд Г.Г-ын төрсөн дүүгийн асрамжид байгаа. Г.Г- нь хүүхдүүдийнхээ эхтэй албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд хүүхдүүдийн эх одоо хүртэл хаана байгаа эсэх нь тодорхойгүй, хүүхдүүдээ орхиж явсан. Энэхүү нөхцөл байдал нь хүүхдүүдийн амьдрал, аюулгүй байдалд маш их хор хөнөөл учруулж болзошгүй. Г.Г- нь өрх толгойлсон эцэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан хорих ялыг хойшлуулах боломжтой гэж үзэж байна. Хэрэв шүүхээс хорих ялыг хойшлуулах боломжгүй гэж үзвэл миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Ш.Бадмаараг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Г-ын бага насны 2 хүүхэд нь түүний төрсөн дүүгийн асрамжид байгаа. Гэтэл Г.Г-ын төрсөн дүү нь эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр нь төрөөд сар гаруй болж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс хүүхдүүдийг очиж харахад үнэхээр хэцүү байдалтай байсан. Г.Г- нь нохой тэжээж амьдралаа авч явдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу түүнд 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Мөн нэмж хэлэхэд Г.Г- нь бичиг үсэг мэдэхгүй тул давж заалдах гомдолдоо “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэж бичсэн байсан учраас өмгөөлөгчдийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. ...” гэв.

Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан. Д.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эртний эдлэл зардаг учраас тухайн эд зүйлсийг олж авсан гэж маргаж байсан. Хэрэг шүүхэд шилжсэний дараа тэрээр үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч эхэлсэн учраас түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Харин Г.Г- нь урьд тухайн төрлийн гэмт хэрэгт хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж байсан. Д.Б- ч мөн урьд ял шийтгүүлж байсан. Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Б-, Г.Г- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч тэдгээрийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Г-, Д.Б- нар нь бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 05-аас 07-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дамбадаржайлин” хийдийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “Танка” нэртэй бурхан 2 ширхэг, мөнгөн суварга 1 ширхэг, алтан бурхан 1 ширхэг, мөнгөн бумба 1 ширхэг, 2 ширхэг судар, хананд өлгөдөг хэвлэмэл бурхны үзүүрт хийж хэрэглэдэг “дог” нэртэй мөнгөн эдлэл 12 ширхэг, гипсээр хийсэн “Цэнд-Аюуш” бурхан 1 ширхэг, 7 ширхэг боодолтой судар зэргийг хулгайлан авч, 2.715.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Б-ын “...Дамбадаржайлин хийдэд унзад лам ажилтай, манай зуны “Логшир” нэртэй дуган хийдэд хулгай орж хоёр ширхэг даавуун “Танкан” нэртэй бурхан, мөнгөн суварга нэг ширхэг, мөнгөн бумба нэг ширхэг, хоёр ширхэг судар, хананд өлгөдөг хэвлэмэл бурхны 4-үзүүрт хийж байрлуулдаг “Дог” гэж нэрлэдэг мөнгөн эдлэл 12 ширхэг, гипсээр хийсэн “Цэнд-Аюуш” бурхан нэг ширхэг алдагдсан. ...”/1хх 44-46/,

гэрч Б.Э-ы “...манай хойд талын хийд рүү 3-4 цагдаа нар ороод танай хийд юмаа хулгайд алдсан уу, энэ танай хийдийн эд зүйл мөн үү гээд гар утаснаасаа зураг харуулсан. Тэр зургийг харахад манай хийдийн Дог болон номын баринтаг байсан ба хийдэд байсан эд зүйл мөн байсан. ...Гаанжуур, даанжуур нэртэй судар, танка бурхан буюу хананд өлгөчихсөн байсан бурхны доод хэсгээс зүүдэг мөнгөлөг өнгөтэй дог гэх нэртэй эд зүйл 14-15 ширхэг, Аюуш бурхан зэрэг эд зүйлсүүд алдагдсан. ...” /1хх 69/,

гэрч Х.Х-ын “...Б- нь одоогоос 10 гаран хоногийн өмнө ...над руу залгаад “сайн байна уу ахаа миний нэг найз урт цагааны гудамжаар эд зүйл зарах гээд явж байгаа юмаа, өөр газар үзүүлсэн чинь сайн үнэ хүрэхгүй байна та үзэж хараад авчих” гэж гуйсан. ...зүс үл таних урьд өмнө харж байгаагүй өндөр биетэй залуу ганцаараа орж ирсэн ба “би эдгээр зүйлийг олсон юмаа” гээд халааснаасаа дэлгэмэл бурхны дээд, доод хөндлөн шургуулсан модны үзүүрт хосоороо хийгддэг мөнгөөр хийгдсэн 4 ширхэг “Дог” гэж нэрлэдэг зүйлийг гаргаад ирсэн.  ... 500.000 төгрөг түүнд өгсөн тэгээд тэр залуу явсан удалгүй Б- миний дугаар руу залгаад “юу болсон ахаа” гэхээр нь “500.000 төгрөгөөр худалдаж авсан” гэхэд “баярлалаа” гэж хэлээд утсаа салгасан. ...” /1хх 71-72/,

гэрч П.С-ын “...үл таних эрэгтэй хүн манай ажил дээр өдрийн 12:00 цагийн орчим орж ирээд жижиг шармал металл бурхан зарна гэж байсан. ...3.500.000 төгрөг гэсэн. ...17:00 цагийн орчим нөгөө эд зүйл зарах гээд байсан хүн одоо санахгүй байна утсаар залгаад “өдөр үзүүлсэн бурхныг авах уу” гэхээр нь “авъя” гэж дуудсан. Тэр хүн эргэж ирэхдээ өөр нэг танихгүй эрэгтэй хүнтэй хөх өнгийн суудлын маркийг нь мэдэхгүй тээврийн хэрэгсэлтэй ирээд зарах гэж байсан бурхнаа өгөөд жолоо барьж байсан буюу хамт явж байсан хүнийхээ банкны дансыг хэлээд Болдтулга тэр данс руу нь 2.000.000 төгрөг шилжүүлсэн. ...би тэр жижиг шар бурхныг ...алт гэж бодож байна. ...” /1хх 74/,

гэрч Н.Ц-ын “...Б- 2023 оны 5 дугаар сараас эхлэн 2 удаа “үнэтэй бурхан аваад ирвэл та зарж өгч чадах уу” гэж асууж байсан. Би  хулгайн буруу гарын юм байвал би оролцохгүй, баталгаатай эд зүйл байвал зарж өгөөд мөнгө унагааж авч болно гэж хэлж байсан. ...” /1хх 78/,

гэрч Б.Б-ын “...хажуу талын лангууны Сонинбаяр “тэр жижиг бурхныг аваад өөрийн суваргадаа хийвэл зүгээр юм байна даа” гэж надад санал болгосон. Тэгэхээр нь би тэр жижиг алтаар хийсэн бурхныг үзээд 2.000.000 төгрөгөөр авъя гэсэн чинь Сонинбаяр ах цаашаа зарах гээд байгаа хүнд нь дамжуулсан чинь “ав ав” гэсэн надад 50144.... гэсэн дугаартай “Хаан” банкны данс өгсөн, би тухайн данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн. Уг данс нь Г- гэсэн нэртэй байсан. ...” /1хх 80/,

Д.Б-ын яллагдагчаар өгсөн “...Г- гартаа цагаан өнгийн 50 кг-н шуудайтай дундуур эд дүйл хийсэн аваад машинд суусан. Авсан эд зүйлээ гэрт очоод харуултал судар 3 ширхэг, мөнгөн эдлэл ба дог, мөнгөн бумба, мөнгөн суварга, гипсэн бурхан байсан. ... судар болон гипсэн бурхныг овоон дээр тавьсан. ...Мөнгөн суварганы нүүрэн хэсэгт байсан жижиг 8 гр алтан бурхныг урт цагаан дээр ...2.000.000 төгрөгөөр зараад Г-оос би 1.000.000 төгрөгийн авсан. Дараа нь ...үл таних хүнд мөнгөн дог 11 ширхэгийг, мөнгөн суваргыг нь 1.400.000 төгрөгөөр зараад түүнээс нь би 700.000 төгрөгийг авсан. ...” /1хх 9-10/,

Г.Г-ын яллагдагчаар өгсөн “...Б- нь тухайн хийд рүү ороод авчих зүйл байвал аваад зах дээр зарах уу гэж хэлсэн. ...06 дугаар сарын 07-ны шөнө эргэн очоод би хийдийн цонхоор тонгойж ороод шуудайтай байсан зүйлсийг авсан. ...мөнгөн суварга, хундага шиг мөнгөн эдлэлүүд, шаазан аяга шиг мөнгөн эдлэл, хэвлэмэл бурхан, гипсэн бурхан байсан. ...Бид хамтдаа урт цагааны гудамжинд очоод 4 ширхэг хундага шиг мөнгөн эдлэлийг 500.000 төгрөгөөр зарсан. Үлдсэн мөнгөн эдлэлүүдийг алт мөнгө авдаг газар 900.000 төгрөгөөр зарсан. Нийт мөнгөө хувааж авсан. ...жижиг алтан бурхныг танихгүй хүнд 2.000.000 төгрөгөөр зарсан. ...” /1хх 20/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 27-39/, таньж олох ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 132-139/, “Тоёота Рактис” загварын 60-86 УЕК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх 159-161/, Г.Г-ын эзэмшлийн Чингэлтэй дүүргийн *** тоотод байрлах орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх 153-156/, хулгайд алдсан эд зүйлийн зармыг хүлээн авч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 248-250, 2хх 1-2, 4-15/, алдсан эд зүйлийн үнэлгээ /1хх 164-172, 192-196/, Б.Болдтулга, Д.Б-, Г.Г- нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 3, 72-73/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Д.Б-, Г.Г- нар ямар буруутай болох, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Д.Б-, Г.Г- нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Б-, Г.Г- нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

Шүүгдэгч Д.Б-, Г.Г- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ болон тэдгээрийн хувийн байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, Г.Г- нь бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тэдгээрт оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Д.Б-, Г.Г- нарын хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Д.Б-, Г.Г- нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 69 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/418 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-, Г.Г- нарт 1 /нэг/ жилийн хорих ял тус тус оногдуулсугай. ...” гэж,

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-, Г.Г- нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-, Г.Г- нарын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 69 /жаран ес/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                      Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН