Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0379

 

2017 оны 05 сарын 30 өдөр                  Дугаар 221/МА2017/0379               Улаанбаатар хот

 Т О ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, А.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болорцэцэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 238 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор, Т О ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 238 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.8 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т О ХХК-ийн эзэмшиж байгаа XV-000000 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр нэмж Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Зарим газрын тусгай хамгаалалтад авах тухай 03/09 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасан Т О ХХК-ийн эзэмшиж байсан 000000 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг нэмж олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг талбайд нэхэмжлэгчид нэмж олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.05-ны өдрийн 0238 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай. Нэг. Анхан шатны шүүх: "Т О" ХХК нь орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талбайтай давхцаагүй тусгай зөвшөөрлийн талбай дээрээ сонгон шалгаруулалт явуулахад татгалзах зүйлгүй гэж сонгон шалгаруулалтын комисстой тохиролцож сонгон шалгаруулалтын босго үнийг баталгаажуулж сонгон шалгаруулалт явуулахыг зөвшөөрсөн" гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор батлагдсан "Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын 2.4-т "Сонгон шалгаруулалт явуулах талбай тус бүр дээр өмнө нь хийгдсэн геологи, хайгуулын ажил, бусад зардлыг баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоох бөгөөд түүнийг төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг баталгаажуулна" гэж заасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр "Т О" ХХК нь Ашигт малтмалын газартай тооцоо нийлж, ашигт малтмалын хайгуулын 000000 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай болох 9,918.76 га талбайд хийгдсэн геологи, хайгуулын ажлын зардлыг 30,024,474.66 төгрөгөөр тогтоосон. Өөрөөр хэлбэл 000000 дугаартай тусгай зөвшөөрлийн 9,918.76 га талбайн сонгон шалгаруулалтын үнэ нь Засгийн газрын тогтоолын дээрх заалтын дагуу 30,024,474.66 төгрөг болсон. Дээрх тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалт зарлахаас өмнөхөн буюу сонгон шалгаруулалтын босго үнийг баталгаажуулах процесс явагдаж байх үед нэхэмжлэгч 000000 дугаартай тусгай зөвшөөрлийн 9,918.76 га талбайн зарим хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талаар мэдсэн бөгөөд өмнө нь энэ талаар нутгийн захиргааны байгууллага болон Ашигт малтмалын газраас бидэнд огт мэдэгдэж байгаагүй. Тухайн үед бид орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцаагүй 5,250.34 га талбайн сонгон шалгаруулалтад оролцсоны учир нь нэг талаас сонгон шалгаруулалтад нэгэнт зарлагдсан бөгөөд өөр бусад компаниуд оролцож байсан тул тусгай хэрэгцээний талбайгаа чөлөөлүүлсний дараа сонгон шалгаруулалтад оролцох боломж байгаагүй. Нөгөө талаас Ашигт малтмалын газрын болон сонгон шалгаруулалт хариуцан явуулж байсан мэргэжилтнүүд болон ажлын хэсгийн дарга С.Д "манай газраас танай талбайг орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргуулах саналаа Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тавьсан байгаа, мөн та нар энэ асуудлаа давхар өөрсдөө хөөцөлдөх нь зүйтэй, хэрэв танай талбайг тусгай хамгаалалтаас гаргачих юм бол танайх хүсэлтээ өгөөд нэмж авах боломжтой" гэж хэлж байсан. Ийнхүү геологи хайгуулын ажил хийгдсэн гол талбай буюу тусгай хамгаалалтад авсан 4,668.42 га талбайг тусгай хамгаалалтаас чөлөөлөгдсөний дараа манай байгууллагад нэмж өгнө гэж эрх бүхий албан тушаалтан мэдэгдсэн тул бид цаг хугацаа зардал гаргаж хийсэн геологи хайгуулын ажлын үр дүн болоод оруулсан хөрөнгө оруулалтаа алдахгүйн үүднээс сонгон шалгаруулалтад оролцсон. Өөрөөр хэлбэл манай компани 30,024,474.66 төгрөгийн босго үнэ нь ганцхан 5,250.34 га талбай биш, тусгай хамгаалалтад авсан талбайг оруулаад 9,918.76 га талбайд бүхэлдээ хамаарч байгаа (ЗГ-ын тогтоолын 2.4-т ингэж заасан байгаа) гэж ойлгож байсан ба үлдсэн талбайгаа орон нутгийн тусгай хэрэгцээнээс гаргуулсан тохиолдолд нэмээд авах боломжтой юм гэж.ойлгосны үндсэн дээр сонгон шалгаруулалтад орж, дараагаар нь Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд удаа дараа хандаж хоёр ч удаа шийдвэр гаргуулж, үлдсэн талбайгаа орон нутгийн тусгай хэрэгцээнээс гаргуулж авсан. Гэтэл хариуцагч тал 000000 дугаартай тусгай зөвшөөрлийн 9,918.76 га талбайн сонгон шалгаруулалтын үнэ болох 30,024,474.66 төгрөгийг зөвхөн орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцаагүй 5,250.34 га талбайд хамаарах босго үнэ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолын "төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохиролгүй байдлаар шийдвэрлэх" гэсэн үндсэн зорилготой нийцэхгүй байхад анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёр. 2013 онд болсон эрүүгийн хэргийн ажиллагаанд тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон компаниудыг ямар нэгэн байдлаар оролцуулаагүй, эдгээр компанийн удирдлагаас нэг ч удаа мэдүүлэг, талбай аваагүй бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж шүүхэд гомдол гаргах ямар ч боломж олголгүйгээр эрүүгийн хэргийн шүүхээс тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон байдаг. Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.5-д заасан "Хууль хэрэглэх, хуулийн зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулах асуудлаар шинжээч томилохыг хориглоно" гэсэн заалтыг зөрчиж шинжээчид "Сонгон шалгуулалт явуулахгүй 2009-2011 онуудад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон эсэх талаарх" асуултыг тавьж улмаар шинжээч нь АМГ-ын ГУУКХ-ийн дарга сонгон шалгаруулалт явуулалгүй 72 хайгуулын тусгай зөвшөөрөл олгож Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтыг зөрчсөн" гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Тухайн үед 106 тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон гэж үзэж байгаа тохиолдолд Ашигт малтмалын газрын шинэ удирдлага эдгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, улмаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт маргах, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжийг олгох ёстой байсан боловч, өөрсдөө эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцож улмаар шүүхийн тусламжтайгаар 106 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулсан. Үнэхээр "Т О" ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрөл авахдаа бусдад авилга, хээль хахууль өгсний улмаас тусгай зөвшөөрлийг нь эрүүгийн хэргийн шүүхээс хүчингүй болгосон бол өнөөдөр ингээд маргаад явахгүй байсан. Гурав. Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн "Зарим газрын тусгай хамгаалалтанд авах тухай" 03/09 дугаар тогтоолоор 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5/03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, зарим талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд хэвээр үлдээж, үлдсэн хэсгийг тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн ба энэ тухай Дорноговь аймгийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/1949 тоот албан бичгээр Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст мэдэгдсэн бөгөөд Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 7/93 тоот албан бичгээр Иргэдийн төлөөлөгч 5/03 тогтоолд өөрчлөлт оруулсан өөрчлөлтийг зураг зүйн бүртгэлд бүртгэсэн талаараа мэдэгдсэн байдаг. Хариуцагч тал хариу тайлбартаа дурдахдаа "энэхүү чөлөөлөгдсөн талбай нь сонгон шалгаруулалтын талбайд хамаарахгүй харин өргөдлийн талбайд хамаарна" гэдэг мөртлөө дээрх "Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол нь тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн шийдвэр биш харин тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр тул нийтэд мэдээлэх шаардлагагүй" , мөн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа "тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол нийтэд мэдээлнэ, харин энэ хугацаанаас өмнө тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн, хүчингүй болгосон бол манайх нийтэд мэдээлэх үндэслэлгүй" , "нийтэд зарлаагүй талбай дээр өргөдөл гаргаад авах боломжгүй. Өргөдлийн процесс ажиллагаа гэж байгаа. Одоо танайх өргөдлөө өгөөд манай холгоно гэсэн зүйл байхгүй" , "Одоо байгаа талбай дээрээ нэмж авах үндэслэлгүй, энэ 4,668 га талбайг хуулийн дагуу өргөдлөө өгөөд авах боломжтой" гэх байдлаар салаа утгатай, ойлгомжгүй тайлбарыг өгдөг. Гэтэл анхан шатны шүүх "Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх" гэж зааснаас үзвэл дээрх орон нутгийн тусгай хэрэгцээнээс гаргасан талбай нь өргөдлийн талбайд бүртгэгдээгүй байгаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар нотлогдож байна" гэж дүгнэсэн нь хэрэгт ямар ач холбогдолтой, хамааралтай дүгнэлт болох нь ойлгомжгүй байна. Орон нутгийн тусгай хэрэгцээнээс гаргасан талбайг "Т О" ХХК-ийн 000000 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан тул уг талбайг Засгийн газрын шийдвэрээр солбицлыг нь тогтоож, шинээр дахин өргөдлийн талбайд хамааруулах үндэслэлгүй гэж үзэж байна. Тав. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т "Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ", түүнчлэн захиргааны хэргийн шүүх нь маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэх боломжтой билээ. Ашигт малтмалын тухай хуулийн14 дүгээр зүйлийн 14.8-д заасан "... урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан ..." гэдэгт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайг эрх бүхий байгууллагаас бүхэлд нь эсхүл хэсэгчлэн нөөцөд буюу тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах үед уг талбайд хайгуулын ба ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон этгээд хамаарч байгаа хэдий ч "Т О" ХХК 2009 оноос 2013 онд эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр гарах хүртэл 000000 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр эзэмшиж байсан, тусгай зөвшөөрлийн талбайдаа дөрвөн жилийн турш хөрөнгө, хүч хөдөлмөр зарцуулан геологи, хайгуулын ажил хийсэн, өөрийн эрх, хууль ёны ашиг сонирхлоо хамгаалах боломжгүйгээр эрүүгийн хэргийн шүүхээс тусгай зөвшөөрлийг цуцалсан, уг асуудлыг төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохиролгүй байдлаар шийдвэрлэх Засгийн шийдвэрийн зорилго биелэгдээгүй, хариуцагчийн гаргаж буй зөрүүтэй, ойлгомжгүй эргэж буцсан тайлбар, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайгаа чөлөөлүүлэх талаар орон нутагт удаа дараа хүсэлт тавьсны эцэст Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэр хоёр ч удаа гарсан, орон нутгийн тусгай хэрэгцээнээс гаргасан талбайг буцаан авах боломжтой талаар хариуцагчийн нэхэмжлэгчид төрүүлсэн итгэл үнэмшил, үйлдэл, үйл ажиллагаа, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүсээд байгаа маргаантай харилцааг тухайлсан зохицуулсан хууль байхгүй байгаа зэргийг харгалзан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д "Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ" гэсэн заалтыг төсөөтэй байдлаар хэрэглэх ёстой байсан боловч ийнхүү хэрэглээгүй нь буруу гэж үзэж байна. Түүнчлэн хариуцагчийн "тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол нийтэд мэдээлнэ, харин энэ хугацаанаас өмнө тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн, хүчингүй болгосон бол манайх нийтэд мэдээлэх үндэслэлгүй" гэсэн тайлбар нь үндэслэлгүй. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д "тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол" төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэхийг заасан хэдий ч тусгай хэрэгцээнээс чөлөөлснөөр ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарласан, хориглосон шийдвэрийн үйлчлэл дуусгавар болох бөгөөд энэ тохиолдолд хуулийн дээрх заалтын "тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан"-ны үр дагавартай адил байх тул хуулийн 14.8 дахь хэсгийг энэ тохиолдолд мөн адил төсөөтэй хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.05-ны өдрийн 0238 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Т О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б Т О ХХК нь ... 9,918.76 га талбайг хамарсан талбайд 000000 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2009 оны ... өдрөөс эхлэн эзэмшиж байсан ... үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх үед Ашигт малтмалын газрын удирдлагууд авилгын хэрэгт холбогдон ... сонгон шалгаруулалтын журам зөрчиж олгосон гэсэн үндэслэлээр 106 тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгосон ... Засгийн газраас 2014 оны ... 216 дугаар тогтоолоор ... Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ... талбайд тусгай зөвшөөрөл олгох ... журмыг баталсан ... Манай компанийн өмнөх 9,918.76 га талбайгаас 5,250.34 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон учир нь үлдсэн талбайг ... орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байсан ... ашигт малтмалын хайгуул, судалгааны ажлын зардлыг манай компанийн өмнөх 000000 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай болох 9,918.76 га талбайгаар тооцож Ашигт малтмалын газартай тооцоо нийлж акт үйлдсэн ... 2016 онд ... манай компанийн эзэмшлийн талбай болох М Ц, Г Б-ийн хөндий хэсгийн талбайн тусгай хамгаалалтыг цуцалсан ... урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ... орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасан талбайгаа буцаан авах эрхтэй гэж үзэж байна ... тус талбайг буцаан авахаар Ашигт малтмалын газарт хүсэлт гаргахад олгож өгөхгүй байгаа нь хууль бус ... гэх үндэслэлээр Т О ХХК-ийн эзэмшиж байгаа ХV-000000 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр нэмж Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Зарим газрыг тусгай хамгаалалтад авах тухай 03/09 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасан Т О ХХК-ийн эзэмшиж байсан 000000 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг нэмж олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг талбайг нэхэмжлэгчид нэмж олгохыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч ... Сонгон шалгаруулалтаар нэгэнт олгогдсон талбайд өмнө нь хийгдсэн геологи, хайгуулын ажил, бусад зардлыг баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоож баталгаажуулсан тул Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талбайгаас чөлөөлөгдсөн талбайд дахин сонгон шалгаруулалт зарлаж тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох эрх зүйн зохицуулалт байхгүй ... Өөрөөр хэлбэл орон нутгийн тусгай хамгаалалтаас гарсан талбай нь Ашигт малтмалын хайгуулын өргөдлөөр олгох талбайд хамаарч байх тул нэгэнт сонгон шалгаруулалтаар олгогдсон талбай дээр нэмж талбай олгох хууль эрх зүйн зохицуулалт байхгүй ... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргажээ.

            Анхан шатны шүүх ... сонгон шалгаруулалт явуулах үед Т О ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигч биш байсан төдийгүй Эрүүгийн шүүхээс ... Т О ХХК-ийн өмнө эзэмшиж байсан 000000 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дах хэсэгт зааснаар буцааж авах давуу эрх нэхэмжлэгчид үүсэхгүй ... нэхэмжлэгч орон нутгийн тусгай хамгаалалтад байгаа газартай давхцалгүй хэсэгт сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ гаргасан ... өмнө нь хийгдсэн геологи, хайгуулын ажил, бусад зардлын баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоож, баталгаажуулснаас хойш буюу сонгон шалгаруулалт явагдсаны дараа орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талбайгаас чөлөөлөгдсөн талбайг нэмж олгох эрх зүйн үндэслэл байхгүй байна ... гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Тодорхой газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа 5 жилээс доошгүй байна, 14.8-д Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдлэнэ гэж тус тус хуульчилжээ.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 821 дүгээр шийдвэрээр Т О ХХК-д Д аймгийн У сумын Б нэртэй газарт 9918.75 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 000000 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн байх боловч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Ашигт малтмалын газрын эрх бүхий этгээдүүд авилга авсан, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон гэх үндэслэлээр нэр бүхий компаниудын нийт 108 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэхэд Т О ХХК-ийн 000000 дугаартай тусгай зөвшөөрөл багтсан байна.

Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолын дагуу хүчингүй болсон ашигт малтмалын 108 тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоход сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш байдлыг хангасан, төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохиролгүй байдлаар шийдвэрлэх үүднээс Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-ыг батлагдсан байна.

Ашигт малтмалын газраас 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зарлагдсан сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Т О ХХК-ийн 2009 онд анх эзэмшиж байсан Дорноговь аймгийн Улаанбадрах сумд байрлах 9918.75 га талбайгаас 5250.4 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зарлагдсанаар тус компани сонгон шалгаруулалт-д оролцож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 362 шийдвэрээр тус талбайд ХҮ-000000 дугаар бүхий хайгуулын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон байх ба үлдэх 4668.35 га талбайг ... Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5/03 дугаар тогтоолоор аймгийн тусгай хамгаалалтад авсан ... гэх үндэслэлээр сонгон шалгаруулалт зарлаагүй байна.

Ийнхүү 5250.4 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох явцад Ашигт малтмал, газрын тосны газар нь Т О ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үйлдсэн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан зардлын тооцоо нийлсэн баримтад өмнө Т О ХХК-ийн 2009 онд эзэмшиж байсан хайгуулын 000000 дугаартай 9918.75 га талбайд хийсэн хөрөнгө оруулалтыг 30 024 474,66 /гучин сая хорин дөрвөн мянга дөрвөн зуун далан дөрвөн төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгөөр тооцож, ... Т О ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн кадастрын зурагт (5250.34 га) нь ямарч давхцалгүй талбайн хэмжээ бөгөөд Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын тусгай хэрэгцээний газартай хэсэгчлэн давхцалтай ба орвол (8395.1 га) болох шүүлтийн кадастрын мэргэжилтэн Чинзоригоор хийлгэж шалгаж, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байгаа тул чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт явуулсан болно... гэж тэмдэглэсэн, түүнчлэн Ашигт малтмалын газраас 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2/1579 дүгээр албан бичгээр ... тус компанийг хохиролгүй болгох, төрөөс төлбөр гаргахгүй байх үүднээс ашигт малтмалын хайгуулын 15195 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компанийн Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5/03 тоот тогтоолоор тусгай хэрэгцээний газартай хэсэгчлэн давхцалтай байгаа тул уг давхцалыг хүчингүй болгох хүсэлтийг хүргүүлж байна ... орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 4668.35 га талбайг чөлөөлүүлэхээр Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад ханджээ.

Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Зарим газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай 03/09 дүгээр тогтоолоор ...Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 05/03 тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан хэсгийн М Ц, Г б-ийн хөндий орчмын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгох... зарим талбайг орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасан байх бөгөөд үүнд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан талбай хамрагдсан талаар хэргийн оролцогчид маргаагүй байна. Улмаар Т О ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус талбайг давуу эрхтэйгээр буцаан эзэмших тухай хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан байх боловч хариуцагчаас 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/133 дугаар албан бичгээр ... Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талбайгаас чөлөөлөгдсөн талбайд дахин сонгон шалгаруулалт зарлаж тусгай зөвшөөрөл олгох эрх зүйн зохицуулалт байхгүй ... гэж орон нутгийн тусгай хамгаалалтаас гарсан талбайг Т О ХХК-д олгохоос татгалзсан байна.

Дээрх үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Т О ХХК-д 2009 онд 9918.35 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх үүссэн байх боловч шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон, харин хүчингүй болсон талбайд оролцогчдын тэгш байдлыг хангасан, төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд эд хөрөнгийн хохиролгүй байдлаар шийдвэрлэх зорилгоор Засгийн газраас тусгайлан журам баталж, салбар хариуцсан Засгийн газрын гишүүнд хяналт тавихыг даалгасан, харин тус журмаар тус сонгон шалгаруулалтыг нээлттэй, шударга, ил тод олон нийтийн хяналтын дор явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгыг тодорхойлж, салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тус сонгон шалгаруулалтыг зохион явуулах талаар зааж тогтоосон, хэдийгээр тус тогтоолын дагуу сонгон шалгаруулалт явагдах үед Т О ХХК-ийн эзэмшиж байсан 9918.75 га талбайн 4668.35 га талбай нь 2014 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авагдсан байх боловч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь 5250.34 га талбайд сонгон шалгаруулалтад хамруулах үед буюу 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус компанийн 2009 онд эзэмшиж байсан 9918.75 га талбайд хийсэн хайгуулын хөрөнгө оруулалтын зардлаар тооцоо нийлсэн акт үйлдсэн, түүнчлэн үлдэх хэсэг болох орон нутгийн тусгай хамгаалалтад авагдсан талбайг чөлөөлүүлэхээр Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт явуулж байсан, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 03/09 дүгээр тогтоолоор маргаан бүхий 4668.35 га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтаас чөлөөлснөөр урьд нь тус талбайг эзэмшиж байсан этгээд болох Т О ХХК нь эзэмших хүсэлтээ гаргасан байхад тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоол, тус тогтоолоор батлагдсан Сонгон шалгаруулалтын журмын зорилго, зарчимд нийцээгүй Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д Энэ хуулийн 14.2-т ...газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлнээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдлэнэ гэж заасныг зөрчсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаас үзвэл захиргааны хэргийн шүүх захиргааны актыг гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдсон бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгаж шийдвэрлэхээр хуульчилсан.

Иймд нэхэмжлэгчийн анх эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайгаас орон нутгийн тусгай хамгаалалтад авсан хэсэг нь чөлөөлөгдсөн байхад Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д заасны дагуу энэ тухай нийтэд мэдээлэх үүргээ үл биелүүлсэн хариуцагчийн эс үйлдэхүй, түүнчлэн тус компанийн эзэмшиж байсан 000000 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг нэмж олгохгүй байгаа татгалзал нь тус тус дээр дурдсан хууль, журамд нийцээгүй байх тул Т О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнд шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 238 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Т О ХХК-ийн эзэмшиж байгаа ХV-000000 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр нэмж Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Зарим газрыг тусгай хамгаалалтад авах тухай 03/09 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасан Т О ХХК-ийн эзэмшиж байсан 000000 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг нэмж олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг талбайг нэхэмжлэгч Т О ХХК-д нэмж олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-ын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ