Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 274

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон

аймгийн Мэргэжлийн хяналтын газрын

хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч

Д.Э-д холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Л.Атарцэцэг

                                                    Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14-06-023/252 дугаартай Зөрчил арилгуулах тухай албан шаардлагын 1 дэх хэсэг болон 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах

Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0239 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г,

Хариуцагч Д.Э,

Гуравдагч этгээд Г.Б,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 52.1, 52.3, 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.9.8, 10.9.11, 10.10 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14-06-023/252 дугаартай Зөрчил арилгуулах тухай албан шаардлагын 2 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14-06-023/252 дугаартай Зөрчил арилгуулах тухай албан шаардлагын 1 дэх заалтыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0239 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, өмгөөлөгч М.Г нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ гэж зохицуулсан байх бөгөөд ажил олгогч буюу нэхэмжлэгчийн зүгээс ажилтны дээрх хуулиар олгогдсон амрах эрхийг нь хязгаарласан зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасан жил бүр гэх ойлголт нь хуанлийн жилээр биш, харин тухайн ажилтан ажилд орсон өдрөөс эхлэн нэг жил гэх ойлголт хэрэглэгдэж эхлэх юм. Жирэмсний амралтаа эдлээд ажилдаа орж ирсэн ажилтны ээлжийн амралтын эрх хэзээ үүсэхийг хуулиар зохицуулаагүй нь хөдөлмөрийн зохион байгуулалт, хүний нөөцийн менежмент, байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамааруулан өөр өөрөөр шийдвэрлэх боломжтойгоор хуульчилж, уг хоёр амралтын хоорондох хугацаа болон захиргааны чөлөөтэй байгаа ажилтны ажилласан хугацааг хэрхэн зохицуулахыг ажил олгогчид үлдээсэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс ажилтны амрах эрхийг нь хязгаарлаагүй. Хөдөлмөрийн дотоод журмаараа амрах эрх хэзээ үүсэх талаар л зохицуулсан, маргаан бүхий зохицуулалтаар шинээр ажилд орсон болон болон хүүхэд харах эрхийн чөлөөтэй байсан ажилтны амрах эрхийг эдлүүлэхдээ хөдөлмөрийн зохион байгуулалтаа оновчтой зохион байгуулж буй зохицуулалт юм. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь хувийн эрх зүйн харилцаанд хамаарах ба “хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрөх зарчим”-тайг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхааралгүй, хариуцагчийн гаргасан хууль бус захиргааны актад бодитой бус, хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт хийсэн байна.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухай: Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасан зорилгын хүрээнд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан захиргааны акт нь хуульд үндэслэсэн эсэхийг хянах үүргээ умартаж, “М” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмыг хянах ажлыг хэрэгжүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ноцтой алдаа болж байна. Энэ нь Хөдөлмөрийн дотоод журам хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-т зааснаар Иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааруулсан байна.

5. Иймээс Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 221/МА2019/0239 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг дүгнээгүй, хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх заалтыг тайлбарлаж хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн байна.

7. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.2.7-д заасан “шинээр ажилд орсон ажилтан болон хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орсон ажилтан нь ажилдаа эргэж орсноос хойш 11 сарын дараа ээлжийн амралт авах эрх үүснэ” гэсэн нь “хууль тогтоомж болон дүрэм журмыг зөрчсөн” гэж, уг заалтаа өөрчлөхийг хариуцагч Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбаяр нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14-06-023/252 дугаар бүхий “Албан шаардлага”-аар шаардсан, нэхэмжлэгчээс “... хоёр амралтын хоорондох хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулаагүй, үүнийг ажил олгогч нь дотоод журмаараа тогтоож өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 130.1 дэх хэсгийг зөрчөөгүй” гэж маргажээ.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д “ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ” гэж зааснаар тухайн байгууллага нь хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулахдаа ажилтны саналыг хүлээн авч, аль болохоор журамдаа тусгах шаардлагатай бөгөөд журмын заалтууд нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байх учиртай.

9. Хэрэгт авагдсан “Медипас“ ХХК-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-д, уг журмыг боловсруулахад оролцсон гэх “ажилтны төлөөлөгчид”-ийн гарын үсэг зурагдсан ба 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж буй тус “журам”-д ажилтны саналыг “харгалзан үзээгүй” гэх гомдол гарсан тухай баримтгүй, энэ асуудлаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. …” гэж заасны дагуу ажилтан бүр ээлжийн амралт эдлэх эрхтэй бөгөөд ажилтны ээлжийн амралтыг “ажлын жил”-ээр тооцож олгох, ээлжийн амралт олгох “ажлын жил” нь ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагад анх ажилд орсон өдрөөс эхлэн тооцогдохыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-т журамлаж, ажил олгогч нь ажилтныг ямар хугацаагаар ажиллуулсны дараа хэдийд ээлжийн амралт олгох, хоёр амралтын хоорондох хугацаа зэргийг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар тогтоохоор заажээ.

11. Иймээс, ээлжийн амралт эдлэх эрх үүсэх асуудлыг ажил олгогч нь хуульд нийцүүлэн боловсруулсан “Хөдөлмөрийн дотоод журам”-аар зохицуулах боломжтой юм.

12. Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоогоогүй буюу “хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орсон ажилтан” нь хэдий хугацаанд ажилласны дараагаар ээлжийн амралтыг эдлэх эрх үүсэхийг ажил олгогч нь байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-аар тогтоох эрхтэй, энэ тохиолдлын хувьд “шинээр ажилд орсон ажилтан болон хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орсон ажилтан нь ажилдаа эргэж орсноос хойш 11 сарын дараа ээлжийн амралт авах эрх үүснэ” гэж тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг зөрчөөгүй байна.

13. Гэтэл, шүүхүүд маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтыг хэрэглээгүйгээс гадна анхан шатны шүүх нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “ажилтан нь ... цалин хөлс авах, амрах, ... эрхтэй” гэснийг зөрчсөн гэж, давж заалдах шатны шүүхээс Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан “талууд хамтын гэрээ, хэлэлцээрт эмэгтэй, эрэгтэй ажилтанд ажил, мэргэжлийн эрх ашиг, гэр бүлийн үүргээ хослуулах, хүүхэд төрүүлэх, асрах нөхцөл бололцоо олгох, эрүүл мэндээ хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй нөхцөлд ажиллах, түүнчлэн ижил ажилд адил цалин, нэмэгдэл хөлс тогтоох, ижил нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгана” гэснийг зөрчиж “хүүхэд төрүүлсэн, асарсан эмэгтэй ажилтны тухайд бусад ажилтнуудаас ээлжийн амралтыг өөрөөр тогтоож, эрх зүйн байдлыг дордуулсан” гэж тус тус үндэслэлгүй дүгнэлт хийж, уг дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

14. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, өмгөөлөгч М.Гнарын хяналтын журмаар гаргасан “... хууль буруу хэрэглэсэн, маргаанд хамааралгүй хуулийг хэрэглэсэн, буруу дүгнэлт хийсэн” гэх гомдлыг хангах үндэстэй.

15. Энэ маргааны тухайд захиргааны хэргийн шүүх нь хөдөлмөрийн улсын байцаагчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан “албан шаардлага” буюу захиргааны акттай холбогдох маргааныг хянан шийдвэрлэсэн, харин, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д “дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ: -128.1.9.хөдөлмөрийн дотоод журам ... хууль тогтоомжид нийцээгүй тухай ажилтны нэхэмжлэл” гэж зааснаар байгууллага нь хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулахдаа ажилтны саналыг аваагүй, саналыг харгалзан үзээгүй, хуульд нийцээгүй журам гаргасан гэх зэрэг маргаантай холбогдох нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх журамтай байна.

16. Иймээс, нэхэмжлэгчийн “... хэргийн харьяаллыг зөрчсөн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

17. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0239 дүгээр магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3, 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.9.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 130 дугаар зүйлийн 130.1-д заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбаярын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14-06-023/252 дугаар “Албан шаардлага”-ын 1 болон 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийвдэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                            Ч.ТУНГАЛАГ