Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 789

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Шинжлэн ухаан технологийн их сургуулийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох 

“Монгол улсын Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708, 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 5/4914 тоот албан бичгийн ШУТИС-д холбогдох хэсэг, Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 тоот албан бичгийн 7 дугаар багц буюу ШУТИС-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ШУТИС-тай байгуулсан “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний 2016-2/7 дугаар бүхий гэрээ”-ний үүргээ биелүүлж ажиллахыг Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чулуун, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, Х.Санчигдорж, хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректор Б.Очирбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чулуун нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбартаа: Манай сургууль үндсэн ажлаа сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн 3 тулгуурт чиглүүлж ирсэн уламжлалтай. Гавьяат багш профессор Ж.Лхамсүрэн, шинжлэх ухааны гавьяат ажилтан профессор О.Гэрэл нарын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй эрдэмтэн багш судлаачидтай, зөвхөн сүүлийн 10-12 жилд Япон улсад нарийн мэргэжлээр докторын зэрэг хамгаалж ирсэн 15 залуу багш нар Япон-Монголын хамтарсан өндөр хүчин чадалтай лабораторид ажиллаж судалгаа хийж байна. 

Бид 1973 оноос Геологийн Яам, түүний харьяа экспедицүүдтэй аж ахуйн гэрээгээр геологийн үйлдвэрлэлийн ажлыг 30 шахам жил гүйцэтгэж ирлээ. Үүний үр дүнгээр геологийн үйлдвэрлэлийн 12 тайлан 23 мянган кв.км талбайд геологийн зураг зохиож хүрэн нүүрс, алт, гянтболд, хайлуур жоншны 10 гаруй орд илрэл нээж ирүүлэн улсын геологийн фонд, сан хөмрөгт оруулсан. 

1975 оноос Хэрлэнгийн геологийн олон улсын экспедицийг байгуулж олон орны эрдэмтэдтэй хамтарч судалгааны ажлаар Улаанбаатар, Эрхүү, Шижижуанд 19 удаа эрдэм шинжилгээний томоохон бага хурал зохион байгуулж 180-аад илтгэл, 400 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэвлүүлж, экспедицийн бүтээл 10-ыг хэвлүүлжээ. 

Бид Уул уурхайн яамнаас 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зарласан Улсын төсвийн хөрөнгөөр 2016-2020 онуудад хэрэгжүүлэх геологийн судалгааны ажлын зөвлөх үйлчилгээний тендерийн “Багц-7” Өмнөговь аймгийн Манлай сум, Дорноговь аймгийн Мандах сумдын нутагт гүйцэтгэх Их-Өлзийт 50 төслийг гүйцэтгэх зөвлөхийн сонгон шалгаруулалтад оролцож, тендерийн баримт бичигт заасан бүхий л шаардлага нөхцөл, холбогдох хууль, дүрэм журмыг бүрэн ханган ажиллаж, хамгийн сайн үнэлгээтэй тендерээр шалгарснаар Уул уурхайн үйлдвэрийн яамтай геологийн судалгааны жил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний №2016-2/7 гэрээ байгуулсан болно. 

Гэрээний тусгай нөхцөлийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу хуанлийн 5 хоногт багтаан үйл ажиллагаа эхэлснээс хойш сарын хугацаанд суурин боловсруулалтын ажлууд хийгдэж, улмаар хээрийн судалгаа гүйцэтгэхээр инженер техникийн ажилчид болон оюутан, магистрант, докторантаа бэлтгэж байтал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Махбалын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 тоот албан бичгээр Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний №2016-2/1-12 тоот гэрээнүүд хүчин төгөлдөр бус бөгөөд тендер бүхэлдээ хүчингүй болсон тухай мэдэгдсэнээр 4 жилийн хугацаагаар төлөвлөсөн ажил зогсонги байдалд ороод байна. 

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны 4/63 тоот албан бичиг нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогтын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаартай “...өнөөг хүртэл холбогдох баримт, материалыг тус яаманд ирүүлээгүй байх бөгөөд хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон тул хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн тендерийг бүхэлд нь хүчингүй болгож байна. Иймд дээрх тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин зохион байгуулах нь зүйтэй хэмээн албан бичигт үндэслэжээ. 

Тендерийг цуцалсан үндэслэл нь манай төслийн багаас үл шалтгаалан яамд хоорондын баримт материалын хүлээлцэх асуудалтай холбоотой байна. Үүнээс үүдэн хүчин төгөлдөр гэрээ, хэлцэлтэй тендерийг хүчингүй болгох хууль болон журмын зохицуулалт байхгүй байна. Мөн төрийн байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаанаас шалтгаалж сургалт, эрдэм шинжилгээний байгууллага хохироход хүрээд байна.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогтын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичиг гарсан цаг хугацааг харахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэж заасан нөхцөл байдал бий болсны дараа гаржээ. 

  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээтэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар худалдан авах гэрээг дараахь тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ, 42.1.2 дахь хэсэгт “Захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан”, 42.1.3 “Энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн” гэж заасан. Түүнчлэн Иргэний хуулийн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн харилцааг зохицуулсан 56 дугаар зүйлийн чухам алийг нь геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний №2016-2/7 тоот гэрээ зөрчсөн нь ойлгомжгүй, хууль зүйн болон бодит байдлын хувьд үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Иймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яамны төлөөллийг зайлшгүй байлцуулж, дээрх эрх зүйн баримт бичгүүдэд тайлбар, нотлох баримт гаргуулж, цаашид бидний гэрээт төслийн ажлыг саадгүй үргэлжлүүлэх нөхцөл бололцоогоор ханган ажиллуулах шийдвэр гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, Х.Санчигдорж нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд шинээр хэрэгжүүлж геологийн судалгааны ажлын гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай захиалагчийн байгуулсан зөвлөх үйлчилгээний №2016-2/7 дугаар гэрээг цуцалсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг судалж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. 

Уул уурхайн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/38 дугаар тушаалаар шинээр хэрэгжүүлэх 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрэлийн 10, улсын геологийн 1:200000-ны масштабын агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны 1, нийт 12 төслийн төсөв, төлөвлөгөөг баталжээ. Шинээр 2016 оноос хэрэгжүүлэх 12 төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 4  дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаар тушаалаар байгуулж үйл ажиллагааг эхлүүлсэн. Сонгон шалгаруулах үнэлгээний хороо 12 төслийн гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу шалгаруулж 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Захиалагчид гэрээ байгуулах тухай зөвлөмжийг хүргүүлсэн байна. Үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн захиалагч төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагад гэрээ байгуулах мэдэгдэл, тендер шалгараагүй аж ахуйн нэгж, байгууллагад шалгараагүй үндэслэлийг 2016 оны 7 дугаар сарын 01-ны өдөр хүргүүлжээ. 

Уг сонгон шалгаруулалтын үнэлгээ, захиалагчийн мэдэгдлийг эс зөвшөөрч “Геологийн судалгааны төв” ТӨҮГ, “Геосан” ХХК, “Геомин” ХХК, “Жинс-Уул” ХХК, “Литолог” ХХК, “Найманбат” ХХК, “Гео-Эрин “ ХХК-иуд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу гомдлыг Захиалагч болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гаргасан. Дээрх аж ахуйн нэгж, байгууллагад тендерийн хуульд заасны дагуу гомдол гаргахдаа нотлох баримтыг хавсаргаагүй бөгөөд гомдлын хариуг захиалагч талаас хянан үзээд хариуг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3/1297 тоотоор мэдэгджээ. 

Дээрх аж ахуйн нэгж, байгууллага нь 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргасан байна. Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гүйцэтгэгчийг сонгох үйл ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, гомдлыг хянан үзэхэд шаардлагатай материалыг 7 дугаар сарын 08-ны өдрийн дотор ирүүлэх тухай албан бичгийг 7 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 тоотоор захиалагчид ирүүлжээ. 

Сангийн яамны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 тоот албан бичиг Уул уурхайн яамны бичиг хэргийн цахим бүртгэлд 7 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 12 минутад бүртгэгдэж Төрийн нарийн бичгийн даргад Д.Артагт танилцуулагдсан байна. Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг “Гэрээ байгуулагдсан тул хуулийн дагуу дараагийн шатанд хандах нь зүйтэй” гэсэн хариуг Сангийн яаманд уламжлах үүргийг холбогдох албан хаагчид өгсөн. Энэ хугацаанд буюу 7 дугаар сарын 08-ны өдөр Захиалагч, гүйцэтгэгч тал тендерийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасны дагуу гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 

Уул уурхайн яамнаас 7 дугаар сарын 22-ны өдрийн 3/1323 тоот албан бичгээр гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээг Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яамнаас 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 тоот албан бичгээр геологийн судалгааны ажлын тендертэй холбоотой гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай материалыг захиалагч байгууллага заасан хугацаанд ирүүлээгүй нь шийдвэр гаргах боломжгүй нөхцөлийг бий болгосон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт заасны дагуу тендерийг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэр гаргаж захиалагч болон гомдол гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдсэн байна. Сангийн яамнаас ирүүлсэн 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 тоот албан бичгийг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артагт танилцуулсан байна. Тус албан бичигт “Манай яамнаас зохион байгуулсан сонгон шалгаруулалттай холбоотой гомдол гаргах этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу гомдлоо гаргах нь зүйтэй” гэсэн хариултыг өгөхөөр төлөвлөн албан бичгийн төсөл боловсруулан хүргүүлэх үед Засгийн газрын бүтэц өөрчлөгдөн Уул уурхайн яамны тамга, тэмдэг хураагдан хариу өгөх боломжгүй болсон. 

Сангийн яамны 8 дугаар сарын 03-н өдрийн 5/4914 тоот албан бичгээр Уул уурхайн яамнаас 7 дугаар сарын 22-ны өдрийн 3/1323 албан тоотоор хүргүүлсэн гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзэж үндэслэлгүй болохыг мэдэгдэж буцаасан. “Гео-Эрин” ХХК-иас Уул уурхайн яамнаас 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зарлагдсан геологийн судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний үр дүнтэй холбоотой оролцогч компаниудаас 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гаргасан “Маргаан үүсгэх тухай” албан бичигт тус компани нь албан ёсоор оролцож гарын үсэг, тамга тэмдэгээ дарж баталгаажуулаагүй болохоо мэдэгдэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 25/016 тоотоор тайлбайр ирүүлсэн байна. 

Сангийн яамнаас 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708, 8 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 , 8 дугаар сарын 09-ны өдрийн 5/5048 тоотоор тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, захиалагчийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй болохыг мэдэгдсэн. Сангийн яамнаас ирүүлсэн дээрх албан бичиг, шийдвэрийн дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээнүүдийг хүчингүй болгож, энэ тухай мэдэгдлийг тендерт шалгарч гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагад 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 тоот албан бичгээр, Сангийн яаманд мөн өдрийн 4/64 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тус хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7 дахь хэсэгт тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх гэж заасны дагуу тендерт оролцогч нараас ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэдэг болно. Уул уурхайн яамнаас зарласан 1:50000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил” 10 төсөл, “Монгол орны К хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1.200000 масштабын иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажлын төсөл, агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажлын төсөл хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах тендерт оролцсон “Геосон” ХХК, “Геологийн судалгааны төв” ТӨҮГ, “Геомин” ХХК, “Найманбат” ХХК, “Гео-Эрин” ХХК, “Жинс-Уул” ХХК, “Литолог” ХХК-иас 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуулиар олгогдсон эрхийн  хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан заалтын дагуу гомдол гаргасныг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 тоот гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай албан бичгээр Уул уурхайн яаманд холбогдох баримт бичиг, материалыг ирүүлэхийг шаардсан ба хариуцсан ажилтанд утсаар мэдэгдсэн байна. Түр түдгэлзүүлсэн хугацаанд гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлгүй байдаг. 

Уул уурхайн яам нь тус тендер шалгаруулалтын баримт бичиг, холбогдох материалыг Сангийн яаманд ирүүлээгүй нь хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллах нөхцөл бололцоогоор Сангийн яамыг хангаж ажиллаагүйн улмаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт заасны дагуу тендерийн шалгаруулалтыг хүчингүй болгосон. Тендер шалгаруулалтын баримт бичиг ирээгүй учир аль багцад ямар компани орсон нь тодорхойгүй байсан учир 12 багц тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон. Мөн гэрээг 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.” гэж заасныг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургууль нь /цаашид ШУТИС гэх/ Уул уурхайн яам, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Монгол улсын Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708, 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 5/4914 тоот албан бичгийн ШУТИС-д холбогдох хэсэг, Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 тоот албан бичгийн 7 дугаар багц буюу ШУТИС-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ШУТИС-тай байгуулсан “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний 2016-2/7 дугаар бүхий гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

Нэг. Үйл баримтын талаар

Уул уурхайн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн А/38 дугаар тушаалаар шинээр хэрэгжүүлэх 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн 10, Улсын геологийн 1:200000-ны масштабын иж бүрдэл зургийн нэгтгэлийн 1, 1:200000-ны масштабын агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны 1, нийт 12 төслийн төсөв, төлөвлөгөөг  баталсан байна. 

Эдгээр 12 төслийн “1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий ажлын төсөл Багц-7” хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах, зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар саналын урилгыг “Эрээн чулуу” ХХК, ШУТИС-ийн ГУУС, “Минторес” ХХК-д саналын урилгыг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус тус хүргүүлжээ . 

Уг саналын хариуд дээрх 3 хуулийн этгээдээс ганцхан ШУТИС тендерийн материалаа ирүүлсэн болох нь тендерийн материал хүлээн авсан бүртгэл , хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгээр  тогтоогдож байна. 

ШУТИС-ийн тендерийн материалыг хүлээн авч хянаад Багц-7-д ШУТИС-ийн ГУУС 819735210 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг  Тендерийн үнэлгээний хороо гаргажээ. 

Тендерийн үнэлгээний хорооны сонгон шалгаруулалтын үнэлгээ, захиалагчийн мэдэгдлийг эс зөвшөөрч Геологийн судалгааны төв ТӨҮГ, “Геосан” ХХК, “Геомин” ХХК, “Жинст-Уул” ХХК, “Литолог” ХХК, “Найманбат” ХХК, “Гео-Эрин” ХХК-иуд захиалагч болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гомдол  гаргажээ. 

Дээрх компаниудаас гаргасан гомдлыг үндэслэн Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 тоот албан бичгээр  “Гүйцэтгэгч сонгох ажиллагаа”-г түр түдгэлзүүлж, гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг ирүүлэхийг мэдэгдсэн байна. 

Уг албан бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авсан  байх бөгөөд мөн өдөр захиалагч ШУТИС-тай “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний 2016-2/7 дугаар бүхий гэрээ”-г  байгуулсан байна. 

Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичгээр  “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар гомдол ирүүлсэн тул мөн хуулийн 55.4-т заасны дагуу гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлж, шаардлагатай баримт материалыг ирүүлэхийг шаардсан. Гэтэл өнөөдрийг хүртэл баримт, материалыг тус яаманд ирүүлээгүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин зохион байгуулах нь зүйтэй” гэсэн шийдвэрийг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлжээ. 

Мөн Сангийн яамны 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 5/4914 дүгээр албан бичгээр  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ирүүлсэн гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байх тул тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин зохион байгуулахыг анхааруулсан албан бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлжээ.

Дээрх албан бичгүүдийг үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2016-2/7 тоот гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг мэдэгдэж, дахин сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд мэдэгдэнэ гэсэн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгийг  ШУТИС-ийн ГУУС-д хүргүүлжээ.  

Хоёр. Хууль зүйн үндэслэлийн талаар

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 “Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана.”, 55 дугаар зүйлийн 55.1 “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана.”, 55.2 “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно.” 55.3 “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана:” гэж заасан хуулийн заалтуудаас үзвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Сангийн яам нь тендерт оролцогчоос ирүүлсэн гомдлын үндсэн дээр тендер шалгаруулалтыг хянах эрхтэй байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас дээр дурдсан компаниудын гомдлыг хянаад хариу өгсөн байх бөгөөд Сангийн яам “1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий ажлын төсөл Багц-7” тендер шалгаруулалтын талаар тендерт оролцогч  гомдол гаргаагүй байхад өөр багцын тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд гомдол гаргасан компаниудын гомдлыг үндэслэн 7-р багцын тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, дахин уг багцад тендер шалгаруулалт явуулахыг үүрэг болгосон нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна. 

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас баримт материал ирээгүй байсан учир эдгээр компанийг аль багцад оролцсон талаар мэдэх боломжгүй байсан учир 12 багц тендерийг бүгдийг нь хүчингүй болгосон гэсэн тайлбар нь хуульд нийцэхгүй байна. Зүй нь Сангийн яам буюу төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гомдол гаргасан тендерт оролцогчийн гомдлыг хүлээн авахдаа аль багц, ямар тендер шалгаруулалтанд оролцсоныг тодруулсаны дараа тухайн тендертэй холбоотой асуудлыг хянан хэлэлцэх ёстой байжээ.

Мөн хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсээр байтал гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг зөрчсөн гэсэн тайлбар нь үндэслэлгүй. 

Учир нь “1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий ажлын төсөл Багц-7” тендер шалгаруулалтын талаар гомдол гаргаагүй байхад уг тендер шалгаруулалттай холбоотой үйл ажиллагааг түдгэлзүүлэх, гэрээ байгуулсан үйл ажиллагаанд хяналт тавих, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй байна. 

Иймд Сангийн яамны “1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий ажлын төсөл Багц-7” тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг зөрчсөн байх тул уг хууль бус шийдвэрийг биелүүлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2016-2/7 тоот гэрээг хүчин төгөлдөр бус гэж мэдэгдэж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа үйлдэл нь мөн хууль бус байна. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй, хууль бус шийдвэр гэдгийг хүлээн зөвшөөрсөн  тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ. 

Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шүүх шийдвэрэлээ. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12  дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол улсын Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708, 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 5/4914 тоот албан бичгийн ШУТИС-д холбогдох хэсэг, Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 тоот албан бичгийн 7 дугаар багц буюу ШУТИС-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, ШУТИС-тай байгуулсан “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний 2016-2/7 дугаар бүхий гэрээ”-ний үүргээ биелүүлж ажиллахыг Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгасугай.

2. Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Л.ӨЛЗИЙЖАРГАЛ