Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/01395

 

М.Ермек, Б.Баттулга нарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00365 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1636 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : М.Ермек, Б.Баттулга

Хариуцагч :  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд : “Дэвжих финанс ББСБ” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Шийдвэр гүйцэтгэх албанаас явуулж буй хууль бус ажиллагааг таслан зогсоох, үнэлгээг хүчингүйд тооцох, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүйд тооцох тухай

Нэхэмжлэгч нарын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх, нарийн бичгийн дарга И.Хажидмаа  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ермек миний өмчлөх эрхэд байгаа Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 406 дугаар байр, 21 тоот хаягт байрлах 114,8 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг зах зээлийн бодит ханшаас хамаагүй багаар буюу 223.523.000 төгрөгөөр үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулсанд гомдолтой байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгч орон сууцыг үнэлгээчин 223.523.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд 156.466.000 төгрөгийн анхны үнэтэйгээр 2015.11.26-ны өдөр дуудлага худалдаанд орох гэж байгаа талаар  2015.11.19-ний өдөр мэдэгдсэн. Бодит үнэ ханш 275.520.000 төгрөг байгаа тул үнэлгээнд гомдол гаргах тухайгаа мэдэгдэж, улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад бичгээр гомдол гаргасан. Гомдлын хариу авах талаар удаа дараа хандсан боловч хариу өгөөгүй, эрх ашгийг ноцтой зөрчсөн.  Шийдвэр гүйцэтгэх албанаас орон сууцны үнийг харилцан тохиролцуулах ямар нэгэн арга хэмжээг авалгүйгээр, төлбөр авагчийн зүгээс миний орон сууцны үнэлгээний талаар санал өгсөн эсэх, ямар үнийн санал өгсөн талаар надад мэдэгдээгүй, шаардлагатай бичиг баримтуудыг надад үзүүлээгүй болно. Дээр дурдсан байдлаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс хэрэгжүүлж буй шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа, энэ хүрээнд М.Ермек миний өмчлөлийн орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах үйл ажиллагаа нь  хуулийг ноцтой зөрчиж байна. Хариуцагч нь  миний гомдолд ямар нэгэн хариу өгөлгүйгээр орон сууцыг 2015.11.26-ны өдөр анхны дуудлага худалдаанд оруулсан. Энэхүү хууль бус ажиллагаанд гомдон шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг буцаасан. Ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд гомдлыг Ерөнхий шүүгч хэлэлцэн эцэслэн шийдэгдээгүй байхад уг орон сууцны үнэлгээг дахин бууруулах байдлаар хоёр дахь дуудлага худалдаанд оруулсан. Дуудлага худалдааг хүчингүй болгуулах хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх албанаас явуулж буй хууль бус ажиллагааг таслан зогсоож, үнэлгээг хүчингүйд тооцож, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3149 дүгээр шийдвэрээр Б.Баттулга, М.Ермек нараас 135.662.100 төгрөгийг гаргуулж Дэвжихфинанс ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч М.Ермек, Б.Баттулга нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 406 дугаар байрны 21 тоот 114,8 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2015.8.04-ний өдөр битүүмжлэн авч, сайн дураар биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч төлбөрийг төлөөгүй тул 2015.8.12-ны өдөр хураан авч төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилуулан үнэлүүлэхэд 223.523.000 төгрөгөөр үнэлсэн байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4-т заасны дагуу 223.523.000 төгрөгийн 70 хувь 156.446.100 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2015.11.26-ны өдөр, хоёр дахь албадан дуудлага худалдааг 223.523.000 төгрөгийн 50 хувь 111.761.500 төгрөгөөр доод үнийг тогтоон оруулахад үнийн санал ирээгүй ба худалдан борлогдоогүй нь хөндлөнгийн шинжээчийн гаргасан үнэлгээ нь бодит үнэлгээ болохыг нотолж байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заасан хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гарснаас хойш мөн өргөдөл, гомдол гаргасаар, улмаар түүнийгээ дэмжихгүй, шийдвэрлүүлэхгүй хугацаа авах гэж байна.  М.Ермек, Б.Баттулга нараас үнийн санал авахад саналаа өгөх боломжгүй гэсэн. Тухайн барьцааны орон сууцны өмчлөгч нараас санал авсан байдаг бөгөөд хэт өндөр үнийн санал өгсөн тул мэргэжлийн байгууллагаар үнэлгээ тогтоолгож, үнэлгээ хийсэн. Төлбөр төлөгч нар үнэлгээний асуудлаар гомдол гаргах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.3 дахь хэсэгт заасан хугацаанд  гомдлоо гаргах эрхтэй. Гэтэл хуулийн хугацаа өнгөрсөн хойно гомдол гаргаж байна. Хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахдаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хуулийн дагуу дуудлага худалдааны талаар болон үнийн талаар төлбөр төлөгч нарт албан ёсоор мэдэгдэж, зохих сонинд зар гарган уг ажиллагаа явагдсан байгаа.  Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 181/ШШ2016/00365 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг удирдлага болгон М.Ермек, Б.Баттулга нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1636 дугаар магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. Бид шүүхэд Иргэний хуулийн 177.1-д зааснаар нийт 5 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба анхан шатны шүүх эдгээр үндэслэл бүрийг хянаж үзээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлэхгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөөгүй. Давж заалдах шатны шүүх эдгээр нэхэмжлэлийн шаардлага бүрийг анхан шатны шүүх хэрхэн дүгнэсэнд дүгнэлт өгөөгүй. Энэхүү нэхэмжлэлтэй хэргийг 2016.02.03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд нэхэмжлэлийг буцаасан байдаг ба гомдлыг эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу нэхэмжлэлийг буцаасан захирамж хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад шийдвэр гүйцэтгэх алба 2016.3.18-ны өдөр хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулж явуулсан байдаг. Энэ тухай Ерөнхий шүүгч Б.Баатар 2016.3.16-ны өдрийн 2136 албан бичгээр шийдвэр гүйцэтгэх албанд энэ тухай мэдэгдэж албан бичгийг хүргүүлсэн байдаг. Мөн нэхэмжлэгч нар Ерөнхий шүүгчийн албан бичгийг хавсарган, хоёр дахь дуудлага худалдаа явуулах эрх зүйн үндэслэлгүй тул ажиллагааг зогсоохыг хүссэн хүсэлтийг өгсөн боловч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Д.Анхтуяагаас 2016.4.08-ны өдрийн 3/179 дугаар мэдэгдэх хуудсаар “...Таны гаргасан хүсэлт хоёр дахь албадан дуудлага худалдаанд орсны дараа буюу 2016.3.18-ны өдрийн 11.55 цагт ирсэн байх тул таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна." гэсэн хариу өгсөн гомдлыг 2016.3.21-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3-т заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч мөн хариу өгөөгүй. Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 15 дугаар зүйлийн 15.6-д заасныг зөрчсөн хууль бус ажиллагааг шүүгч анхааралдаа аваагүй, энэ талаарх нотлох баримтыг үнэлэлгүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж дүгнэсэн. Түүнчлэн, 2136 албан бичиг, нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нарын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан 2016.3.18-ны өдрийн хүсэлт, 2016.3.21-ний өдрийн гомдлыг нэхэмжлэгч М.Ермек нотлох баримтаар гаргаж өгсөн боловч хавтаст хэргээс алга болсон байсан. Мөн эдгээр нь баримтууд нь гүйцэтгэх баримт бичигт ч байх ёстой болохыг дурдмаар байна. 2. Хэргийг хянан шийдвэрлэх хурал 2016.7.22-ны өдөр болсон ба Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан хууль зүйн туслалцаа авах эрх болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4-т заасан өмгөөлөгч авах эрхийн дагуу өмгөөлөгч авахаар хүсэлт гаргасан боловч хүлээн авахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч нар өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тухай тусгагдсан байтал, мөн шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэл болдог байтал давж заалдах шатны шүүх ийнхүү дүгнэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:  

М.Ермек, Б.Баттулга нар нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа “...хариуцагчийн хууль бус үйл ажиллагааг зогсоох... Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 406-р байрны 21 тоот орон сууцанд тогтоосон үнэлгээг хүчингүй болгох... хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгох...” гэсэн шаардлага /хх 1-2, 93/ тавьжээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 3149 дугаартай шийдвэр гаргаж, Б.Баттулга, М.Ермек нараас 134.830.000 төгрөг гаргуулж “Дэвжих финанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, Нарны зам 406-р байр, 21 тоот  114,86 м.кв талбайтай 4 өрөө орон сууцнаас төлбөр гаргуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан, хариуцагч нар шүүхийн 2015 оны 3149 дугаар шийдвэрт заасан мөнгийг төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн нь  хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

1. Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.

Хэргийн 36, 38, 41 дүгээр талд буй баримтаас үзвэл хариуцагч нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө Б.Баттулга /хх 38/, М.Ермек /хх 41/, “Дэвжих финанс ББСБ” ХХК /хх 36/-с санал авах ажиллагаа хийхэд төлбөр төлөгч нар үнийн санал хэлээгүй, төлбөр авагч нь зохих байгууллагаар үнэлүүлэх санал гаргасан байдлыг хариуцагч “талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй” гэж үзэн шинжээч томилж эд хөрөнгийг үнэлүүлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг зөрчөөгүй тул энэ тухай нэхэмжлэгч нарын гомдол үндэслэлгүй байна. 

2. Б.Баттулга, М.Ермек нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 101/Ш32016/07922 дугаартай захирамж гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Б.Баттулга, М.Ермек нарын нэхэмжлэлийг /хх 9/ буцаажээ.  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 101/Ш32016/07922 дугаар захирамж нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж биш тул уг захирамжид гомдол гаргасан нөхцөл байдал Б.Баттулга, М.Ермек нараас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015 оны 3149 дугаартай шийдвэрт заасан төлбөрийг албадан гаргуулах ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй, энэ тухай нэхэмжлэгч нарын гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11, 69-р зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3, 90-р зүйлд нийцээгүй байна.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69-р зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3-т зааснаар шүүгч захирамж гаргаж түдгэлзүүлдэг тул “...ерөнхий шүүгчийн албан бичгийг хавсарган ...дуудлага худалдааг явуулах ажиллагааг зогсоохыг хүссэн боловч ...боломжгүй гэсэн хариу өгснийг... шүүх хуулийн дагуу гэж үзсэн нь буруу...” гэсэн агуулгатай нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан нөхцөл байдал үүссэн болохыг нотлох баримт хэрэгт байхгүй тул “...ахлах шийдвэр гүйцэтгэгч Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015 оны 3149 дугаартай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээгүй...” гэх нэхэмжлэгч нарын гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй.   

Хэргийн 74-75 дугаар талд буй, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101/Ш32016/21081 дүгээр захирамж нь нэхэмжлэлийг шүүх 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авснаас хойш хийгдсэн ажиллагаа байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын энэ үндэслэлд хамааралгүй байна.

3. Шүүх зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийн талаар 2016 оны 4 дүгээр сарын 18, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тайлбарлан танилцуулсан /хх 13/ байна.

Нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд дээр өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлт гаргасан /хх 91/ боловч ийнхүү хүсэлт гаргах болсон үндэслэлээ баримтаар нотлоогүй байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй. 

Өөрөөр хэлбэл, “...нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй...” эсхүл “...нэхэмжлэгч нар цаг хугацааны хувьд өмгөөлөгч авах боломжгүй байсан...” зэргийг нотлох баримт хэрэгт байхгүй тул энэ тухайн нэхэмжлэгч нарын гомдол үндэслэлгүй байна. 

4. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3149 дүгээр шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нараас санал авах ажиллагааг холбогдох хуульд заасан журмын дагуу явуулсан, төлбөр төлөгч нар санал өгөөгүй тул үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцжээ.

М.Ермек, Б.Баттулга нар нь шинжээчийн гаргасан үнэлгээг эс зөвшөөрсөн нөхцөл байдлаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэл үндэслэлгүй байна.     

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00365 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1636 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нар хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ