Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01755

 

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01755

 

 

 

Д.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2021/02589 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Д.А-ын хариуцагч Б.Х-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 19 813 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч С.Одгариг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Х- нь 2018 оны 11 сарын 15-ны өдөр 18 000 000 төгрөг, 2018 оны 11 сарын 17-ны өдөр 1 710 000 төгрөг, 2018 оны 12 сарын 04-ний өдөр 103 000 төгрөг, нийт 19 813 000 төгрөг зээлж аваад одоо хүртэл өгөөгүй. Иймд Б.Х-аас 19 813 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: 2018 оны 11 сарын 15-ны өдөр 18 000 000 төгрөгийг гэрээ хэлцэл хийлгүйгээр бэлнээр авсан. Энэ мөнгийг төлөхийг зөвшөөрнө. Харин 2018 оны 11 сарын 17-ны өдөр 1 710 000 төгрөг, 2018 оны 12 сарын 04-ний өдөр 103 000 төгрөгөөр бид хоёр өөрсдийн машиндаа тоноглол авсан. Бид Амуу тал ХХК-д машинаа буцааж өгөх үед тоноглолуудыг Д.А- өөрөө авсан тул энэ мөнгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Х-аас 19 813 000 /арван есөн сая найман зуун арван гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257 015 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1 813 000 төгрөгийн тоноглолыг Д.А- өөрөө авсан. Өмгөөлөгч авч шүүх хуралдаанд нотолгоо бүрдүүлж мэтгэлцсэний үндсэн дээр шийдвэрлүүлнэ гэж тайлбарласан байхад нотлоогүй гэсэн үндэслэлээр, мөн өмгөөлөгч авах эрхийг минь эдлүүлэлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, аваагүй мөнгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч Б.Х-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 19 813 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 18 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх 1 813 000 төгрөгийг зээлж аваагүй тул төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч нэхэмжлэгч Д.А-аас хариуцагч Б.Х-ын ХААН банк дахь 5379137700 тоот дансанд 2018 оны 11 сарын 14-ний өдөр 18 000 000 төгрөг, мөн оны 12 сарын 06-ны өдөр 103 000 төгрөг, 11 сарын 17-ны өдөр 1 710 000 төгрөг, нийт 19 813 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг өмнө нь шаардаж байсан үйл баримт тогтоогдсон байна. /хх2-6, 8/

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч Д.А- нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагч Б.Х-аас шаардах эрхтэй.

Хариуцагч Б.Х- нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 813 000 төгрөгийг зээлж аваагүй, нэхэмжлэгч Д.А-тай хамт машины тоноглол авсан гэж маргаж байгаа боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч Б.Х-т 2021 оны 8 сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, мөн өдрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлаж /хх-15/ өгсөн байна. Хариуцагч Б.Х- 2021 оны 10 сарын 7-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч шүүх хуралдаанд оролцох талаараа дурьдсан боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хугацаанд уг эрхээ эдлээгүй, түүнчлэн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох талаар хүсэлт гаргаагүй /хх-22/ байх тул анхан шатны шүүхээс өмгөөлөгч авч эрхийг хязгаарласан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 14-ний өдрийн 184/ШШ2021/02589 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43 958 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

  Д.ЦОГТСАЙХАН