| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/08159/И |
| Дугаар | 192/ШШ2025/06716 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/06716
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч: Т******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Э-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 65 925 045.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Н.Э******* нь Т*******наас 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр M№720034105201871060 тоот зээлийн гэрээ байгуулан 70 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 21,6 %-ийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 8 485 276.66 төгрөгийг зээлийн хүүнээс 28 819 350.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31 240.64 төгрөг нийт 37 335 867.80 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь 2023.12.11-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралт төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зөрчиж ирсэн бөгөөд зээлдэгчид банкнаас удаа дараа төлбөрийн зөрчлийг арилгахыг утсаар болон биечлэн уулзаж мэдэгдэж, зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн нөхцөлийг сайжруулахын тулд зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж өгч байсан. Зээлдэгч зээл, зээлийн хүүг төлүүлэх шаардлагыг биелүүлээгүйн улмаас ээлдэгчид зээлийн төлбөрийг барагдуулах талаар тухай бүр мэдэгдэж байсан боловч зээлдэгчийн зүгээс зээлээ өнөөдрийг хүртэл гэрээний дагуу төлөөгүй байна. Зээлдэгч нь 2025.08.22-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн нийт үлдэгдэл 60 616 270.89 төгрөг, зээлийн хүү 5 289 211.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 064 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дүгээр зүйлийн 453.1, 453.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 24 дүгээр зүйлийн 24.3, мөн зээлийн MN720034105201871060 дугаартай гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.5, 6,2,6 дугаар заалтуудыг зөрчсөн нь зээлдэгч Н.Э*******тэй байгуулсан зээлийн гэрээг цуцлах, үндэслэл болж байна. Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу нийт төлбөр 65 906 545.98 төгрөг, нотариатын төлбөр 18,500 төгрөг нийт 65 925 045.98 төгрөг гаргуулж, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд MN720034105201871060 тоот зээлийн барьцааны гэрээнд заасан 23в тоот үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ХК нь хариуцагч Н.Э*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 65 925 045.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Э******* нь нэхэмжлэгч Т******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 65 925 045.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө 23в тоот үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч байгаа тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567 683 төгрөгийн 283 841.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 283 841.5 төгрөг, хариуцагчаас 283 841.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Т******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Э*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 65 925 045.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэгч Т******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 65 925 045.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө /23в тоот үл хөдлөх хөрөнгө/-өөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567 683 төгрөгийн 283 841.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 283 841.5 төгрөг, хариуцагчаас 283 841.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН