Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 226/МА2022/00001

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 22-ны өдөр            226/МА2022/00001                                    Хэрлэн сум

 

 

 

 

Б-гийн нэхэмжлэлтэй,

Т-, Ту- нарт холбогдох

иргэний хэргийн талаар

 

226/2021/00001/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Нэхэмжлэгч Б- /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.БолорТу- /цахимаар/,

Хариуцагч Т- /цахимаар/, түүний өмгөөлөгч М.Энхтуяа /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 156/ШШ2021/00514 дугаар шийдвэртэй Б-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Т-, Ту- нарт холбогдох “22.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний 2 хавтас 291 хуудас бүхий хэргийг хариуцагч Т-ын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т- нь 2018 оны 03 дугаар сард өөрийн нэр дээрх байрны гэрчилгээг барьцаанд тавьж 15.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Т- нь зээлээ төлөхгүй байсан учир ар гэрийнхэнд нь хэлсэн. Т-ын ээж “байрны гэрчилгээг барьцаанд тавьж зээл аваад мөнгийг чинь төлье, би баталгаа гаргаж байна, өөр боломж алга” гэж гуйж гэрчилгээгээ аваад Дорнод аймагт очсон хойноо эгчийнх нь нэр дээр шилжүүлж “зээл бүтэхээ больсон” гэж худал хэлж намайг залилсан. Иймд Т-аас үндсэн зээл 15.000.000, зээлийн нэг сарын хүү 1.500.000, алданги 6.000.000, нийт 22.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Т- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Б-гөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 15.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. Уг 15.000.000 төгрөгийн асуудлаар Б- эвлэрүүлэн зуучлалд хандаж бид хоорондоо эвлэрч 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж шийдэгдсэн асуудал юм. Шүүгчийн захирамжийн дагуу би төлбөрөө төлөөд явж байна. Эвлэрлийн гэрээг хийснээс хойш 350.000 төгрөг төлсөн. Харин “Ковид-19” цар тахлын улмаас ажил саатаж сүүлийн хэдэн сарын төлөлт хийгдээгүй. Нэгэнт өмнө нь шийдэгдсэн асуудлаар дахин шүүхэд хандаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Б- 15.000.000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зээлсэн гэж гэрээ гаргаж ирээд байна. Би 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б-гөөс мөнгө зээлсэн. Гэрээг сунгахдаа гэрээний ард бичилт хийгээд явдаг байсан. Би Дорнодоос ойр ойрхон ирээд байж чадахгүй байсан болохоор гэрээний загвар дээр гарын үсэг зурдаг байсан. Тэр гэрээний загвараа ингэж ашигласан юм болов уу гэж бодож байна.

2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Э-д 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ гэж ойлгуулаад 13 сарын дараа гэрээ байгуулсан байсан. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эвлэрүүлэн зуучлахаар ороод тусад нь 32.586.000 төгрөгийн эвлэрлийн гэрээ хийсэн. Би үүнийг 15.000.000 төгрөгийн гэрээ гэж ойлгосон боловч хадам аав Х-р эвлэрлийн гэрээг авахуулахад 2 удаа эвлэрүүлэн зуучлагчаар орсон байсан. Эвлэрүүлэн зуучлагчаас “өмнө нь эвлэрүүлэн зуучлалаар орсон шүү дээ, ямар учиртай юм бэ” гэж асуухад “2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хоёр удаа мөнгө зээлсэн, одоо нэхэмжилж байгаа мөнгө нь 2018 оны 03 дугаар сарын 01-ий өдрийн зээлсэн мөнгө” гэж хэлсэн. Намайг 2016 онд “А” ХХК-нд ажиллаж байхад захирал Д-, Б-гөөс мөнгө зээлдэг байсан. Би Д- захирлын өмнөөс гэрээнд гарын үсэг зурж байсан. Энэ талаарх нотлох баримт надад байгаа. Д- захирлын зээлсэн мөнгийг надаас нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Хариуцагч Ту- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Т- наймаа хийх зорилгоор Б гэдэг хүнээс 3 хувийн хүүтэй 2.500.000 төгрөг зээлж аваад Манжуур хот явж бараа авсан байсан. Манжуур хот яваад ирэх хугацаа, авчирсан бараа хурдан зарагддаггүй гэх мэт шалтгаанаас болж өдрийн хүүтэй мөнгө нь 3 дахин үржигдэж хүмүүс зээлсэн мөнгөө нэхэж байсан учир дахин өөр хүнээс өдрийн 3 хувийн хүүтэй мөнгө зээлж, нэгээс нөгөөд шилжүүлж явсаар нэг хүн нь 4-5 хүн болж хүүтэй мөнгөний өрнөөс гарч чадахгүй болсон учир Б- гэх хүнээс “машин авна” гэж хэлээд мөнгө зээлсэн байсан.  Б-гөөс мөнгө зээлэхдээ төрсөн эгчийнхээ байрыг барьцаанд тавьсан байсан. Том охин маань байраа дүүдээ өгч барьцаанд тавиулснаа нөхөртөө хэлээгүй байсан учир асуудлыг зохицуулахаар би Хэнтий аймагт ирсэн. Хэнтий аймагт ирээд Б-тэй уулзаж үнэн учраа хэлээд бичиг хийж байрныхаа гэрчилгээг гуйж аваад Т-ыг нөхөр хүүхдүүдтэй нь аваад Дорнод аймаг руу буцсан. Миний хувьд Т- Б-гөөс анх хэдэн удаа хэдэн төгрөг яаж авсныг огт мэдэхгүй, зээлд батлан даалт гаргаагүй. Би Б-гөөс нэг ч төгрөг аваагүй, манай охин мөнгө зээлсэн гэхдээ 15.000.000 төгрөгийг бөөн аваагүй, авсан мөнгөнөөсөө буцаан төлсөн гэдэг. Шүүхийн шийдвэр гарчихсан байхад яагаад дахин нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Би энэ 15.000.000 төгрөгийн зээл дээр л баталгаа гаргасан. Тэр асуудал шийдвэрлэгдсэн учир би төлөх төлбөргүй” гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 156/ШШ2021/00514 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 232.6-д зааснаар хариуцагч Т-аас 21.120.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.380.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Ту-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т-аас 263.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүх нь хэт 1 талыг барьж хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, баримт нотолгоонуудыг бодит байдалд ямар байгаа талаар бүрэн гүйцэд үнэлж дүгнэж үзсэнгүй.

Миний бие 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр анх удаа 15.000.000 төгрөгийн өндөр хүүтэй зээл хийсэн. Тэрийгээ төлж чадаагүй байтал 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Б- эгч “зээл чинь ийм болсон, гэрээ шинэчилж хийлээ” гээд 17.640.000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Мөн надаар Д- Б-гөөс зээл авахуулсан асуудал байдаг. 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 17.640.000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан асуудлаа эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлж 156/ШЗ2019/00688 дугаартай шүүхийн шийдвэр гарч, шийдвэрийн дагуу зээлээ төлж байна. Шүүх уг асуудлыг судалж үзсэнгүй. Б- нь гэрээ, бичиг баримтыг олон удаа засаж шинэчилж гарын үсэг зуруулдаг. Тэр байтугай зээлийн гэрээний маягтад гарын үсэг зуруулж авч үлдэж байсан. Хэрэгт барьцаагүй гэрээ байсан байхад гэрээний хувьд барьцаа гээд нэмээд бичсэн байсан. Б- бол хэзээ ч ийм их мөнгийг бэлнээр өгөхгүй. Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гэрээнд заасан мөнгийг бэлнээр өгсөн гэж худал хэлсэн.  Шүүх зөвхөн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ гэгчид дүгнэлт хийсэн ба энэ нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ шүүхийн шийдвэртэй нотлогдож байгаа эсэхийг шүүх огт анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл миний тайлбарыг нотлох баримтуудтай харьцуулж үзсэнгүй. Мөн манай ээжид байрны гэрчилгээг 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгөх үед зөвхөн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15.000.000 төгрөгийн зээлийн тухай ярьж байсан. Тэр үед өөр зээл байсан бол хэлэх боломж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б- нь хариуцагч Т-д холбогдуулан ”зээлийн гэрээний үүрэгт 22.500.000 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т- нь “нэхэмжилж буй мөнгийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар орж эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгчийн захирамжаар баталгаажсан тул төлөхгүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Б- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Т- нь 2018 оны 03 дугаар сард машин худалдаж авах зорилгоор өөрийн нэр дээрх орон сууцны гэрчилгээг барьцаанд тавьж 15.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр зээлсэн.  Дараа нь байрны гэрчилгээг барьцаанд тавьж зээл аваад мөнгийг чинь өгье гэж хэлж гэрчилгээгээ авчхаад одоо хүртэл зээлээ төлөөгүй тул үндсэн зээл 15.000.000, нэг сарын хүү 1.500.000, алданги 6.000.000, нийт 22.500.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тайлбарлажээ.

Хариуцагч Т- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлахдаа: “Б-гөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр анх удаа 15.000.000 төгрөг зээлж авсан, түүнээс өмнө бага бага мөнгө зээлдэг байсан, Д- захирлын зээлсэн мөнгийг надаас нэхэмжилж байна. Д- захирал намайг очоод гэрээ хийгээд мөнгө аваад ир гэхээр нь би очиж гарын үсэг зурдаг байсан, энэ мөнгийг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж шүүгчийн захирамж гарч, одоо шийдвэр гүйцэтгэлээр төлөөд явж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Б- хариуцагч Т- нар нь 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс 1 сарын хугацаатайгаар 15.000.000 төгрөгийг сарын 0.8 хувийн хүүтэйгээр зээлдэхээр, зээлдэгч  зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулжээ /хх 6/.

Зээлдүүлэгч Б- нь зээлийн гэрээнд зааснаар 14.000.000 төгрөгийг зээлдэгчийн ХААН банкны  дансанд, 10.000.000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр өгсөн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын дансны хуулга, тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний  эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Зээлдэгч Т- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Б- нь зээлийн гэрээний үүргийг дээрх хуульд заасны дагуу шаардах эрхтэй байна.

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсний дагуу хариуцагч Т- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээнд заасан алданги 6.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй ба анхан шатны шүүх үндсэн зээл 15.000.000, нэг сарын хүүд 120.000, алданги 6.000.000, нийт 21.120.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний хүүд илүү нэхэмжилсэн 1.380.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан  2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний ар талд 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 10 удаа сунгалт хийж хариуцагч Т- гарын үсэг зурсан зэргээс үзэхэд энэ зээлийн харилцаа  дуусгавар болоогүй, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн эвлэрлийн гэрээг баталгаажуулсан Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 688 дугаартай шүүгчийн захирамжаар 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хийсэн зээлийн гэрээний харилцааг шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Б-, Д- нарын хооронд байгуулсан зээлийн харилцаа нь тусдаа болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон  гэсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв ,эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцсэн байна.

Хариуцагч Т- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ “Д- захирлын зээлсэн мөнгийг надаас нэхэмжилж байна, мөн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн маргааныг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгчийн захирамжаар баталгаажсан тул дахин надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж байгаа боловч, өөрийн татгалзал, тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д “хариуцагч хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтыг гаргах” хуульд заасан  үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 156/ШШ2021/00514 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  263.550 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.БОЛОРМАА

                                  ШҮҮГЧИД                                        Б.ДЭНСМАА

                                                                                                         

                                                                                                      Я.АЛТАННАВЧ