Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 61

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Б.Ч-т холбогдох эрүүгийн 1804000000024 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  З.Ганцоож     

Улсын яллагч                                                   Б.Буяндэлгэр

Хохирогч                                                           С.З-  

Шүүгдэгч                                                      Б.Ч-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Ж.Ц нар оролцов.

Шүүгдэгч:

Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, ... боловсролтой, .. ажилтай, ам бүл .., хамтран амьдрагч ..  настай хүүхэд нарын хамт .. дүүргийн .. дугаар хороо, .. дугаар гудамжны ..тоот хашаанд оршин суух, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20.. оны .. дугаар сарын ..-ны өдрийн .. тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Боржигон овгийн Б-ын Ч-

           Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас:

  Б.Ч-ыг эхнэр С.З-ыг бусадтай хардаж алгадах, хутга гаргаж айлгах, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүхээс Б.Ч-т холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулж холбогдох нотлох баримтуудыг хэлэлцүүлээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.Ч- 2018 оны 02 дугаар сарын 01-ний өглөө .. дүүргийн .. дугаар хороо .. дугаар гудамжны .. тоот хашаанд өөрийн гэртээ хамтран амьдрагч С.З-ыг согтууруулах ундаа уусан байдалтай шөнө ирэхэд нь бусадтай хардаж хэрүүл маргаан үүсгэн нүүр лүү нь алгадах, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож, алчихна шүү хэмээн заналхийлж хутга барьж давшлах зэргээр хүч хэрэглэж хохирогчийн бие махбодид зүүн хөлний шагайн үе орчим цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг учруулсан байна. Энэ нь хохирогч С.З-ын “Өглөө Ч- надаас түрүүлж босоод “чи зайл, миний хаагуур явах чамд хамаагүй гэх мэтээр хэлж уурласан.  Тамхины асаагуураа над руу шидсэн, миний баруун хацар луу гараараа нэг удаа алгадсан. Нүцгэн хөлөөрөө миний зүүн хөлийн шагай орчимд нэг удаа өшиглөхөд би зүүн талаараа газарт унасан. Энэ үед Ч- хоолны шүүгээнээс хутга авч ширээн дээр тавьснаа авч “алчихна шүү” гээд над руу дайрч байсан” гэсэн мэдүүлэг  /шүүхийн хэлэлцүүлэг, хх-ийн 08 дугаар хуудас/, гэрч С.З-гийн “2018 оны 2 дугаар сарын эхээр эгч З- гэрт орж ирэхдээ хөл нь доголчихсон орж ирсэн. Ч- өшиглөсөн гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Ч-ын “би З-ын баруун хацар руу гараараа нэг удаа алгадсан, хөл рүү нь өшиглөсөн. Харин З- өөрөө хутга бариад намайг алчих гээд байхаар нь би булааж авсан” гэсэн мэдүүлэг /шүүхийн хэлэлцүүлэг болон хх-ийн 20 дугаар хуудас/, Шинжээчийн “С.З-ын зүүн хөлийн шагайн үе орчимд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо  зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн 09шэ/84 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Хохирогчийн мэдүүлгээр хэргийн үйл баримт бүрэн тогтоогдож байгаа ба шүүгдэгч Б.Ч- хохирогч З-ын нүүр лүү алгадаж, хөл рүү өшиглөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлжээ.  Б.Ч- хохирогчид хүч хэрэглэж байхдаа би хутга бариагүй гэж мэдүүлж байгаа боловч хохирогчийн хууль сануулж баталгаа гаргуулж авсан мэдүүлэгт  Б.Ч- “хутга бариад алчихна шүү” гээд сүрдүүлж байсан гэж удаа дараа тогтвортой мэдүүлсэн тул уг мэдүүлгийг үнэн зөв гэж үзнэ.

Шинжээчийн “хохирогчийн зүүн хөлийн шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна” гэж дүгнэсэн нь  хохирогчийн мэдүүлгийг үнэн болохыг баталж байна. Шинжээчийн дүгнэлтийг нарийн мэргэжлийн эмч гаргасан, үндэслэл нь тодорхойлогдсон, аливаа эргэлзээ гараагүй зэрэг нь хууль   ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангажээ. 

 

Б.Ч-т холбогдох хэргийн бодит байдлыг хууль зүйн талаас нь дүгнэхэд үндэслэлүүд тогтоогдов. Үүнд:

  • З- нь Б.Ч-тай гэр бүлийн баталгаагүй хэдий ч 8 жил хамтран амьдарч дундаасаа нэг охин төрүүлж өсгөж байгаа нь гэрч болон шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгээр тогтоогддог тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хэлнэ гэж зааснаар хамтран амьдрагч мөн юм.
  • Б.Ч- нь С.З-ыг хаана хэнтэй юу хийж байгаад ирснийг асууж хардах, заналхийлэх, хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэж сэтгэл санааны хүчирхийлэлд, улмаар эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйлдэл хийснээр бие махбодын хүчирхийлэлд тус тус оруулсан байна.
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж зааснаар Б.Ч-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн  гэж үзнэ.
  • Б.Ч-ын хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас З-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээч эмчийн “З-ын биед учирсан гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тодорхойлогдож байна.
  • Ч- хамтран амьдрагч С.З-ыг хэнтэй хаагуур яваад ирж байгаа нь ойлгомжгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн, шөнө дунд гэртээ ирсэн шалтгаанаар уурласан нь хүч хэрэглэсэн үйлдлийн сэдэлт мөн. Энэ шалтгааны улмаас уураа барихгүйгээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдсан нь санаатай үйлдэл юм. Энэ үйлдлээрээ Ч- нь хохирогчийг эрүүл мэндийн хохиролд хүргэжээ.

Иймд Б.Ч-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг санаатай үйлдсэн” гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч Б.Ч-ыг 2013, 2016 онуудад хамтран амьдрагч С.З-ыг байнга зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 73 тоот шийтгэх тогтоолоор гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна.     

    Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар тус бүрийн дүгнэлтдээ “2002 оны Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар гэм буруутайд тооцсон үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэсэн 1 дэх хэсэг, “харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэсэн 2 дахь хэсгийн үйлдэлтэй тус тус адилтган тухайн зүйл хэсэгт заасан зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ялтай дүйцүүлэн ялыг хөнгөрүүлж” хууль буцаан хэрэглэх санал тус тус гаргасан ба шүүх уг саналыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Учир нь: 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 1.9 дүгээр зүйлийн 3-т “шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж тус тус заасан тул Б.Ч-т оногдуулсан 2 жилийн хорих ял нь 1 жил болж хөнгөрөх үндэслэлтэй. Иймд дээрх шийтгэх тогтоолд Б.Ч-ын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн нэхэмжлэх хохиролгүй тухай мэдүүлэг, шүүхээс оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзсан зэргийг үндэслэн 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэвэл зохино. Шинэ Эрүүгийн хууль нь 2017 ны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ба Б.Ч- нь тухайн үед хүсэлт гаргаагүй тул хуулийг буцаан хэрэглэх ажиллагаа хийгдээгүй байжээ. Б.Ч- нь тэнссэн хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй тул  Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 73 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан ял 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон гэж дүгнэв.  Иймд Б.Ч-т зөвхөн 2018 онд үйлдэгдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулна.  

Прокурор саналдаа зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар, шүүгдэгчийн өмгөөлөгч  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар тус тус дүгнэлт гаргажээ.

            Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирогч нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй /хх-59/ гэснийг  тэмдэглэе. Эдгээр нөхцөл байдлууд болон шүүгдэгч байнгын ажлын байранд ажиллаж өрхийн орлогыг бүрдүүлдэг тул нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх боломжгүй, урьд нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдалтай зэргийг харгалзан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зохистой байна. Ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, биелүүлэх үүрэгтэйг мэдэгдвэл зохино.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгийг тус тус журамлан Б овгийн Б-ын Ч-т  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хоёр /2/ жилийн хорих ял оногдуулж,  ерөнхий ангийн 61 дүгээр  зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан 2 жилийн хорих ялыг хорих ялыг тэнсэж хоёр жилийн хугацаагаар хянан харгалзсаныг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялтай дүйцүүлж, ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр нэг /1/ жилийн хугацаагаар тэнсэж хөнгөрүүлсүгэй.
  2. Б овгийн Б-ын Ч-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Б-ын Ч-ыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая таван зуун мянган төгрөгөөр /1 500 000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Ч- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Хохирогч С.З- нэхэмжлэх хохирол, хор уршиг учраагүй гэснийг дурдсугай.
  7. Б.Ч-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлоо, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

     

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.ОЮУНБАТ