Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/ма2021/01759

 

2021.12.08 №01759

 

Э.Ч-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/02700 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Ч-ын нэхэмжлэлтэй хариуцагч Н.О-д холбогдох 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Э.Ч-а, Г Б ХХК-тай байгуулсан БГ/ТЕ0499131006 дугаартай Ипотекийн гэрээ, БГ/ТЕ0499131005-3А, БГ/ТЕ0499131006-3А дугаар батлан даалтын гэрээнүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Ч-а, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Д.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн яам болон Хасуу цамхаг ХХК-иуд Орхон аймгийн ХААИС-ийн МСҮТ-ийн хичээлийн байр барих ажлыг гүйцэтгэх ХААГ-А-2013/ХХҮП-04/34 дугаар гэрээг 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Г Б ХХК дээрх гэрээний гүйцэтгэлийн баталгааг Хөдөлмөрийн яаманд гаргахдаа Хасуу цамхаг ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ТЕ0499131006 дугаартай 889,081,894 төгрөгийн, ТЕ0499131005 дугаартай 108,081,894 төгрөгийн банкны баталгааны гэрээнүүдийг байгуулсан. Уг баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Э.Ч-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Санзай хотхон /14140/ 1 дүгээр хэсэг, 44 тоот, 128.91 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалсан ТЕ0499131006 дугаартай ипотекийн гэрээ, улмаар БГ/ТЕ0499131005-ЗА, БГ/ТЕ0499131006-ЗА дугаар бүхий эх үүсвэргүй гүйцэтгэлийн баталгааны гэрээ буюу батлан даалтын гэрээнүүдэд батлан даагчийг болон барьцаалуулагчийг төлөөлөн Хасуу цамхаг ХХК /ерөнхий захирал Э.Ч-а/ гарын үсэг зурсан байдаг. Э.Ч-ын Г Б ХХК-тай байгуулсан гэх 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БГ/ТЕ0499131006 дугаартай ипотекийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БГ/ТЕ0499131005-ЗА, БГ/ТЕ0499131006-ЗА дугаартай батлан даалтын гэрээ тус бүрийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Н.О- гэрчилсэн болох нь Г Б ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хасуу цамхаг ХХК, иргэн Н.Д, Э.Ч-а нарт холбогдуулан гаргасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэлэлцэх үед мэдэгдсэн юм.

Нотариатч Ц.Оюунжаргал нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БГ/ТЕ0499131006 дугаартай ипотекийн гэрээ, БГ/ТЕ0499131005-ЗА, БГ/ТЕ0499131006-ЗА дугаартай батлан даалтын гэрээ тус бүрийг гэрчлэхдээ Э.Ч-ыг оролцуулаагүй байна. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газраас гаргуулан авсан нотариатын бүртгэлийн дэвтрийн 15 дугаар хуудсанд зурагдсан Э.Ч-а гэсэн гарын үсэг нь түүний гарын үсэг биш байна. Мөн бүртгэлийн дэвтрийн 15 дугаар хуудасны үргэлжлэл хуудсанд 12 дугаар сарын 16-ны өдөр, бүртгэлийн дугаар № гэсэнд 1317 гэж бичигдсэны дараа Ихбогд Нямдаваа Дэлгэрсайхан ВЮ71082178, Дорноговь Сайншанд 2-р баг 15-38, Т- 000271652, Ү-2203031745, СБД 15 хороо Санзайн ...-р хэсэг 44 тоот хувийн сууц барьцааны 781 000 000 төгрөгийн Банкны баталгааны гэрээ гээд үл танигдах хүний гарын үсэг зурагдсан байгаа бөгөөд энэ нь Э.Ч-ын гарын үсэг биш байна. 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БГ/ТЕ0499131006 дугаартай ипотекийн гэрээг бүртгэлийн 1317 дугаарт, мөн өдрийн БГ/ТЕ0499131005-ЗА болон БГ/ТЕ0499131006-ЗА дугаартай батлан даалтын гэрээг нотариатч Н.О- ...энэ гэрээний үнэн зөвийг гэрчлэв... гэсэн нотариатын 247 дугаартай тэмдэг дарж баталгаажуулсан нотариатын үйлдэл хийхэд Э.Ч-а байгаагүй, оролцоогүй болохыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газраас гаргуулан авсан нотариатын бүртгэлийн дэвтэр нотолж байна. Нотариатч Н.О-ын Нотариатын хууль, Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн нотариатын үйлдлийн улмаас иргэн Э.Ч-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Санзай хотхон /14140/ 1 дүгээр хэсэг, 44 тоот, 128,91 м.кв талбайтай хувийн сууц барьцаанд хураагдах үр дагаварт хүрсэн. Нотариатч Н.О-ын дээрх нотариатын үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2, 21.1.3, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.4, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн. Мөн Нотариатын үйлдлийг хийх зааврын 3 дугаар зүйлийн 3.6 дах хэсэгт заасныг зөрчсөн. Иймд нотариатч Н.О-ын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БГ/ТЕ0499131006 дугаартай ипотекийн гэрээ, БГ/ТЕ0499131005-3А дугаар, БГ/ТЕ0499131006-3А дугаар батлан даалтын гэрээг тус тус гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн TE0499131005, TE0499131006 тоот банкны баталгааны гэрээ, БГ/ТЕ0499131005-ЗА, БГ/ТЕ0499131006-ЗБ, БГ/ТЕ0499131005-ЗБ, БГ/ТЕ0499131006-ЗА тоот батлан даалтын гэрээ, ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай БГ/ТЕ0499131006-2 тоот хэлцэл, ТЕ/БГ0499131006-1 тоот гэрээний орлого барьцаалах гэрээ, БГ/ТЕ049913006 тоот ипотекийн гэрээ зэрэг хоорондоо салшгүй багц гэрээнүүдийг гэрчлүүлэх үйлчилгээг 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үзүүлсэн. Тухайн үйлчилгээг ...Г Б ХХК-ийн байранд очиж хийсэн ба гэрээг гэрчлэхэд гэрээнд оролцогч талууд бүгд байлцсан. Гэрчлүүлсэн гэрээнүүдийг нотариатчийн гэрээний бүртгэлийн 2013 оны дэвтэрт 1312-1317 хүртэл дугаарт бүртгэж гэрчилсэн. Гэрчлүүлсэн гэрээнүүдийг бүртгэлийн дэвтрийн 15 дугаар хуудаст бүртгэж байх явцад 1312-1316 дугаарт бүртгэгдсэн гэрээнүүдийг бичээд хуудас дууссан тул 15 дугаар хуудасны ар талд 1317 дугаар сүүлийн гэрээг бүртгэж бүртгэлийн хөтлөлт дууссан. Нотариатын үйлдэл хийх зааварт заасны дагуу хоорондоо холбоо, хамаарал бүхий гэрээнүүдийг 1 цаг хугацаанд гэрчлүүлж байгаа учир бүртгэлийг 1 дор бичиж түүнд оролцогчоор 1 удаа гарын үсэг зуруулж болдог учир Э.Ч-а, Н.Д нарын ургийн овог, эцгийн нэр, нэр, регистрийн дугаар, гэрийн хаягийг бичиж, мөнгөний тасалбарын /үйлчилгээний хураамжийн/ хэсэгт нотариатчийн үйлчилгээний хураамжид 300 000 төгрөг, 100 000 төгрөг, 32 000 төгрөг гэрчилсэн гэрээнүүдийг 1 бүрчлэн бичиж хөтлөлт хийн, уг дэвтэрт Э.Ч-а, Н.Д нар нь өөрийн биеэр байлцаж гарын үсэг зурсан. Түүнчлэн уг гэрээг гэрчлүүлэхэд Г Б ХХК-ийн ажилчид байлцсан. Дээр дурдсан бүх гэрээнүүдэд үүрэг гүйцэтгэгч, батлан даагч, барьцаалуулагчаар Э.Ч-а, Н.Д нар нь оролцож өөрийн гарын үсгээ зурж Хасуу цамхаг ХХК-ийн тамгыг дарсан нь нотариат дээр өөрийн биеэр ирснийг гэрчлэх үйл баримт юм. Гэрээ гэрчлүүлэх үед үйлчлүүлэгч нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор Э.Ч-а, Н.Д нарын иргэний үнэмлэх, Хасуу цамхаг ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Орхон аймгийн ХААИС-ийн МСҮТ-ийн хичээлийн байр барих ажлыг гүйцэтгэх гэрээ, Барилга, хот байгуулалтын яамнаас Хасуу цамхаг ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл зэрэг баримтыг хуулбарлан авсан ба тухайн баримт нь архивт хадгалагдсан байгаа. Түүнчлэн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр батлуулсан бүх гэрээнд Э.Ч-а гэж зурагдсан гарын үсгүүд, бүртгэлийн дэвтэрт зурагдсан гарын үсгүүдийг харьцуулан үзэхэд Э.Ч-ын өөрийн гарын үсэг болох нь тодорхой харагдаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд ...ипотекийн гэрээг нотариатч Нотариатын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн гэрчилсэн эсэх нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэгч нь нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулсан байлаа ч ипотек болон баталгааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцохгүй юм гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г Б ХХЗ тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгч нь банкны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийхийн тулд уг нэхэмжлэлийг гаргасан байна. Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцлоо ч гэсэн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүрэг нь хэвээр байх болно. Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн нотариатч Н.О-ын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Э.Ч, Г Б ХХК нарын хооронд байгуулсан БГ/ТЕ0499131006 дугаартай ипотекийн гэрээ, БГ/ТЕ0499131005-3А дугаар болон БГ/ТЕ0499131006-3А дугаар батлан даалтын гэрээнүүдийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Э.Ч-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, шийдвэр гаргах ёстой байтал нэхэмжлэлийн шаардлагын хүрээ хэмжээнээс хальж, нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Э.Ч-а нь Г Б ХХК-тай ипотекийн гэрээг байгуулахдаа нотариатч Н.О- уг гэрээг байгуулах үед талуудыг оролцуулж, гэрээг гэрчлээгүй. Маргаан бүхий гэрээг сүүлд гэрчилсэн бөгөөд бүртгэлийн дэвтэрт Э.Ч-а гарын үсэг зураагүй. Э.Ч-а уг гэрээг гэрчлүүлэх үйл явдалд өөрийн биеэр оролцоогүй байхад талуудыг оролцсон гэж шүүх дүгнэж, хэргийг шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. 9 төрлийн гэрээг гэрчлэхэд Э.Ч-а оролцоогүй. Нотариатын бүртгэлийн дэвтрийн 1312-1317 гэсэн дугаарт бичигдсэнээр банкны баталгааны гэрээ, батлан даалтын гэрээ, ирээдүйд бий болох хөрөнгө орлого гэж бичигдсэн. Ипотекийн гэрээ гэж бичигдээгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3354 тоот, 4642 тоот дүгнэлтэд Э.Ч-ын гарын үсэг биш гэж дүгнэсэн байхад шүүх үнэлээгүй. Гэрч А.Ганзаяагийн мэдүүлэгт Хасуу цамхаг ХХК-ийн захирал биечлэн байсан гэсэн мэдүүлгийг өгөөгүй. Г Бны байранд нотариатын үйлдлийг хийсэн, үйлдлийг хийх үед Хасуу цамхаг ХХК-ийн захирал Э.Ч-а биечлэн байсан талаар ямар нэгэн тайлбар хэлээгүй. Нотариатчийг дуудаж, талуудыг уулзуулдаг. Хэн, хэзээ, хэдэн цагт яаж уулзуулсан талаар нэг ч тайлбар, мэдүүлэг өгөөгүй. Үүнтэй холбогдуулаад гэрчийн мэдүүлэгт Хасуу цамхаг ХХК-ийн гүйцэтгэх захирал ирж гарын үсэг зурж байсан гэж мэдүүлсэн боловч Э.Ч-а байсан уу эсхүл ерөнхий захирал, гүйцэтгэх захирал хэн байсан талаар хэлдэггүй. Шүүх нотариатч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар үйлчлүүлэгчийн хүсэлтээр байгаа газар нь очиж, нотариатын үйлдэл хийх боломжтой гэж дүгнэхдээ Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй. Нотариатын үйлдэл хийх зааварт үйлчлүүлэгч нь нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр ирж, үйлчлүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн байхад шүүх буруу дүгнэсэн. Шүүх нотариатын бүртгэлийн дэвтрийн 1312-1317 гэж дугаарлаж, баганад зурагдсан гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах журмаар ирүүлсэн Э.Ч-ын харьцангуй чөлөөт загварын гарын үсэгтэй тохирохгүй байгаа талаар шинжээчийн удаа дараа гаргасан дүгнэлтийг нотлох баримтаар үгүйсгээгүй. Нотариатын үйлдэл хийх үед нэхэмжлэгч Э.Ч-а биечлэн байсан, тэрээр бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан талаар хариуцагчийн тайлбар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Гэрээнд гарын үсэг зурсан үйл баримтыг нотариатын үйлдэл хийхэд оролцсон, гарын үсэг зурахад оролцсон гэж төөрөгдүүлсэн дүгнэлт хийсэн. Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлд нотариатын бүртгэлийг тодорхой заасан бөгөөд уг үйлдлээ нотариатч биелүүлээгүй. Г Б ХХК-ийг төлөөлж ирсэн хүн нотариатын үйлдлийг харж байсан бол тэр тухай тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зурах ёстой байтал үйлдээгүй. Өөр бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар гэж хуульд тайлбарласан байхад хуулийг буруу хэрэглэсэн. Бүртгэлд 2 гарын үсэг байдаг. Нэг нь Э.Ч-ынх, нөгөө гарын үсэг нь уг компанийн гүйцэтгэх захирал Н.Дых байдаг. Бүртгэлийн дэвтэрт үйлчлүүлэгчийн гарын үсгийг зурж, гарын үсгийн тайллыг бичнэ гэж заасан боловч бүртгэлийн дэвтэрт байхгүй. Банкнаас мөнгөн хөрөнгө шилжүүлсэн нь нотариатын үйлдэлтэй огт хамаагүй. Нотариатч нь үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож, нотариатын үйлдэл хийсэн гэж шүүх дүгнэсэн. Дээрх баримтуудыг нотариатын үйлдэл хийх замаар хуулбарлан авч, зохих журмын дагуу хавсаргасан болох нь 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шүүхийн архивт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна дүгнэсэн. Хэрэв Э.Ч-аас гаргуулж авсан бол энэ тухай протокол, тэмдэглэл янз бүрийн баримтаар үүнийг гэрчилсэн баримт үйлдэх ёстой атал үйлдээгүй байхад Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй, нотариатын бүртгэлийн дэвтэрт зурагдсан гарын үсгийг шинжилгээнд харьцуулах загвараар өгсөн баримтуудад зурагдсан гарын үсэгтэй тохирохгүй байгаа нь нотариатчийг Нотариатын тухай хуулийн 27, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн. Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх журмыг биелүүлээгүй байхад үйлдлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Э.Ч-а нь хариуцагч Н.О-д холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Э.Ч-а Г Б ХХК-тай байгуулсан БГ/ТЕ0499131006 дугаар Ипотекийн гэрээ, БГ/ТЕ0499131005-3А, БГ/ТЕ0499131006-3А дугаар батлан даалтын гэрээнүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Г Б ХХК тус тус бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-4, 32-33, 3хх /

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нотариатч Н.О- маргаан бүхий гэрээнүүдийг гэрчлэх үед тухайн газарт биечлэн байгаагүй, нотариатын дэвтэрт зурагдсан гарын үсэг өөрийнх нь биш... гэж тайлбарласан бол хариуцагч нь хоорондоо салшгүй багц гэрээнүүдийг гэрчлүүлэх үйлчилгээг Баянзүрх дүүргийн Сансар хорооллын Кемпински зочид буудлын ард байрлах Г Б ХХК-ийн байранд очиж хийсэн ба гэрээг гэрчлэхэд гэрээнд оролцогч талууд бүгд байлцсан гэх агуулгаар татгалзлаа илэрхийлж, уг татгалзлыг нь гуравдагч этгээдээр оролцсон Г Б ХХК-ийн зүгээс дэмжиж, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцлоо ч гэсэн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүрэг нь хэвээр гэх тайлбарыг тус тус гаргажээ.

 

Зохигчдын дээрх тайлбараас үзвэл хариуцагч Н.О- дээрх гэрээнүүдийг гэрчлэх үед нэхэмжлэгч Э.Ч-а биечлэн байж, гарын үсэг зурсан эсэх нь маргааны гол зүйл байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагч татгалзлаа нотлох зорилгоор нотариатын бүртгэлийн дэвтэрт бичигдсэн гарын үсгийг Э.Ч-ынх мөн эсэхийг тодруулахаар шинжээч томилуулах, нотариатч гэрээнүүдийг гэрчилсэн гэх үед Э.Ч-а биечлэн байсан эсэхийг тодруулах зорилгоор гэрч асуулгасан байна. Анхан шатны шүүх ...шинжээч нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн гарын үсэг нь нотариатын бүртгэлийн дэвтэрт зурагдсан Э.Ч-ын гэх гарын үсгийн загвартай тохирохгүй гэх дүгнэлт гаргасан боловч нотариатын үйлдэл хийх үед нэхэмжлэгч Э.Ч-а нь биечлэн байсан, тэрээр өөрөө бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан болох нь хариуцагчийн тайлбар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

 

Учир нь, зохигчдын хүсэлтээр шүүх томилж, хууль тайлбарлан сануулсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 3354, мөн оны 12 сарын 22-ны өдрийн 4642 тоот дүгнэлтүүдэд ...нотариатын бүртгэлийн дэвтрийн 1312-1316 гэж дугаарласан гарын үсэг гэсэн баганад зурагдсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Э.Ч-ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна. 1317 гэж дугаарласан бүртгэлийн гарын үсэг гэсэн багананд зурагдсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Э.Ч-ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай бүтцээрээ тохирохгүй байна гэсэн дүгнэлт /2хх 43-55, 72-84/ гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хөндлөнгийн байр сууриар оролцсон шинжээчийн дээрх дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд нотариатч дээрх гэрээнүүдийг гэрчлэх үйлдэл хийхдээ Э.Ч-ыг байлцуулаагүй, Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар түүний хувийн байдлыг нь тогтоогоогүй, мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 3 дугаар зүйлийн 3.6 дах хэсэгт бүртгэлийн дэвтэрт үйлчлүүлэгчийн гарын үсгийг нэрийн тайллын хамт зуруулна гэж заасныг зөрчсөн гэж үзнэ. Нотариатын үйлдэл хийхэд холбогдох бичиг баримтуудыг гэрээнд хавсаргаж, архивласан байдал нь нотариатын үйлдэл хийхэд Э.Ч-ыг байлцсан гэж дүгнэх үндэслэл болохгүй юм. Гэрч Н.Ды мэдүүлгийг дангаар нь үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэхэд учир дутагдалтай.

 

Иймд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Э.Ч-а, Г Б ХХК нарын хооронд байгуулагдсан БГ/ТЕ0499131006 дугаар ипотекийн гэрээ, БГ/ТЕ0499131005-3А болон БГ/ТЕ0499131006-3А дугаар батлан даалтын гэрээнүүдийг гэрчилсэн нотариатч Н.О-ын үйлдлийг хүчингүйд тооцох нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/02700 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт зааснаар 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Э.Ч-а, Г Б ХХК нарын хооронд байгуулсан БГ/ТЕ0499131006 дугаар ипотекийн гэрээ, БГ/ТЕ0499131005-3А, БГ/ТЕ0499131006-3А дугаар батлан даалтын гэрээнүүдийг гэрчилсэн нотариатч Н.О-ын үйлдлийг тус тус хүчингүйд тооцсугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Н.О-аас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Ч-ад олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ЦОГТСАЙХАН