| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00604/И |
| Дугаар | 309/ШШ2025/00879 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 309/ШШ2025/00879
| 2025 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 309/ШШ2025/00879 | Дорнод аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “28 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Хариуцагч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* миний бие нь хариуцагчтай Дорнод аймгийн иргэн ******* дамжуулан танилцаж түүний бор зүсмийн ногоонд соёолон болох шинэ 6 настай морийг анх 40 000 000 төгрөгөөр үнэлж авахаар аман хэлбэрээр тохиролцож төлбөрт мөнгөн хэрэглэлтэй эмээл 15 000 000 төгрөгөөр, 2008 онд үйлдвэрлэгдсэн бонго маркийн машиныг голсон учраас 2011 онд үйлдвэрлэгдсэн бонго маркийн машин өгч дээр нь бэлэн мөнгө 3 000 000 төгрөг төлж нийт 44 000 000 төгрөгөөр морийг авахаар болсон. Морийг аваад 10 хонож байхад зүүн хөл нь доголж эхэлсэн. Хариуцагч Б.******* уралдах боломжгүй морь байна наймаагаа буцаая гээд Б.******* морийг нь буцааж өгсөн. ******* нь 15 саяд үнэлсэн эмээлийг минь өгсөн. Машин болон бэлэн өгсөн мөнгөө авах талаараа хэлсэн. Хариуцагч бидний хооронд хийсэн хэлцлээс талууд сайн дураараа харилцан татгалзсан учраас талууд авсан зүйлсээ буцаан өгөх үүрэгтэй. Иймд хариуцагчаас машины үнэ 26 000 000 төгрөг, бэлнээр авсан 2 000 000 төгрөг, нийт 28 000 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Морины хувьд ******* морь авах үедээ өөрөө шалгаж авсан. Морь огт доглоогүй байсан сүүлийн 1 жил огт хүн хүрээгүй адуун сүрэгтэй байгаа. Тухайн үед би эхнэр өвчтэй байсан тул хэл ам хийгээд яахав гэж бодоод өөрөө эмээлээ аваад тохиръё гэсний дагуу ядаад нэхээд байхаар эмээлийг нь явуулсан. Улмаар давраад бүр одоо мөнгө төгрөг, портерийн мөнгө зэрэг нэхэмжилж байна. Намайг хөдөөний хүн яахав маллахад яадаг юм гэж бодсон болтой. Тийм биш шүү би дураараа харилцан татгалзсан юм огт байхгүй би шүүхдээ өг л гэсэн. Түүнийг жилийн дараа шүүхдэж байгааг гайхаж байна гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд дээр эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* бид дараах нөхцөлөөр эвлэрч энэхүү гэрээг байгуулж байна. Эвлэрлийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр, хууль зүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрч эвлэрч байна.
1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг бууруулж 25 000 000 төгрөг байхыг хүлээн зөвшөөрч төлбөрийг дараах хэлбэрээр тооцохоор тохиров. Шаардлагын 20 000 000 төгрөгт Дорнод аймгийн хойд бүсэд айрагдсан сартай арвай тооцож УБ хот руу ачуулж хүлээлгэн өгнө.
2. Үлдэгдэл 5 000 000 төгрөгийг бэлнээр шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор нэхэмжлэгч Б.******* ХААН банк тоот дансанд үл маргах журмаар шилжүүлнэ.
3. Хариуцагч нь бууруулсан шаардлага 25 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлбөрт сартай арвай тамгатай хээр зүсмийн шүдлэн үрээг 20 000 000 төгрөгт тооцож үлдэгдэл 5 000 000 төгрөгийг гэрээний 2 дахь хэсэгт заасан хугацаанд төлөхийг зөвшөөрсөн.
4. 20 000 000 төгрөгт тооцсон хээр зүсмийн үрээний хөлний гэмтэлтэй эсэхийг хариуагч рентгенд үзүүлж зургийг хавсаргаж нэхэмжлэгчид морины хамт хүргүүлэх үүрэгтэйгээр харилцан тохиролцов гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.******* холбогдуулан “28 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан байна.
Шүүх хуралдаан дээр талууд хоорондоо эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн байна. Энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.4-т зааснаар Зохигч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нийт 297 950 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн ба үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хүлээн зөвшөөрсөн үнийн дүнгийн тэмдэгтийн хураамжын тал хувь болох 141 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгөөр багасгаж, 25 000 000 төгрөг болгосныг хариуцагч хүлээн зөвшөөрч 20 000 000 төгрөгт Дорнод аймгийн хойд бүсэд айрагдсан сартай арвай зүсмийн шүдлэн үрээг Улаанбаатар хот руу ачуулж хүлээлгэн өгөхөөр, мөн үлдэгдэл 5 000 000 төгрөгийг бэлнээр шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор нэхэмжлэгч Б.******* ХААН банк тоот дансанд үл маргах журмаар шилжүүлэхээр, 20 000 000 төгрөгт тооцсон хээр зүсмийн үрээний хөлний гэмтэлтэй эсэхийг хариуагч рентгенд үзүүлж зургийг хавсаргаж нэхэмжлэгчид морины хамт хүргүүлэн төлнө гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 141 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх боломжтой болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ