| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/01039/И |
| Дугаар | 317/ШШ2025/01091 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 317/ШШ2025/01091
2025 08 01 317/ШШ2025/01091
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М. Т ,
Хариуцагч: Т ХК-ийн Төв аймаг салбар
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 7,581,527 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг Т ХК-ийн Төв аймаг салбарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч М. Т ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхболд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М. Т нь хариуцагч Т ХК-ийн Төв аймаг салбарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 7,581,527 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг Т ХК-ийн Төв аймаг салбарт даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Намайг Т ны Төв аймаг салбарын захирлын 2023 оны 11 сарын 07-ны өдрийн Б/174 тоот тушаалаар ажлаас чөлөөлснийг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 сарын 29-ний өдрийн 151/ШШШ2024/00287 тоот шийдвэрээр ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 9,308,963.9 төгрөгийг гаргуулах болон ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийхийг Т Төв аймаг салбарт даалгасан. Шүүхийн шийдвэр 2024 оны 3 сарын 29-ний өдөр гарсан байтал Т ны Төв аймаг салбарын зүгээс шүүхийн шийдвэрийг хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй 79 хоног өнгөрөөж намайг хохироосон. Энэ талаар Т ны Төв аймаг салбарт удаа дараа хүсэлт гаргасан боловч асуудлыг минь шийдвэрлэж өгнө гэж хүлээлгэсээр 2025 оны 1 сард боломжгүй гэсэн хариу өгсөн тул Т ны хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан боловч эвлэрэх боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Иймд Зуунмод сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 3 сарын 18-ны өдөр гомдол гаргасан. Хариуцагчийн зүгээс гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр надтай эвлэрэх боломжгүй гэсэн тул тус хорооноос талуудыг эвлэрэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т шийдвэрийг танилцуулж сонсгосноор хүчин төгөлдөр гэж заасан байдаг. Үүний дагуу шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Харилцагчийн зүгээс үүнийг хөдөлмөрийн маргаан гэж маргаж байна. Энэ бол Хөдөлмөрийн маргаан биш, хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэж байгаа хохирлын маргаан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасны дагуу хууль тогтоомжид заасан бусад маргаан юм. Иймд хариуцагч Т ХК-ний Төв аймаг салбар шүүхийн шийдвэр биелүүлээгүйгээс үүссэн хохирол буюу шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс ажилд эгүүлэн томилсон хугацаа болох 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 79 хоногийн цалин 7,581,527 төгрөгийг гаргуулна. Мөн энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү.
Миний бие ажилгүй байсан хугацааны 1 өдрийн цалинг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 287 дугаартай шүүхийн шийдвэрт дурдагдсан хэмжээгээр тооцсон болно гэв.
3.-Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхболд нэхэмжлэлийн шаардлагын талаар дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
Миний бие зөвхөн өнөөдрийн шүүх хуралдаанд Т ыг төлөөлж оролцож байгаа. Нэхэмжлэгч М. Т ийг Т нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байх хугацааны тэтгэмжийг олгож, буцааж ажилд нь авсан. Ажилгүй байх хугацааны цалин мөнгийг өгсөн. Харин одоо нэхэмжлээд байгаа цалинг олгох гэтэл Т ны санхүүд ямар нэгэн нотлох баримт байхгүй учраас олгох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд авсан хүртэлх хугацааны цалинг олгох гэхээр бид нарт санхүү тал дээр нотлох баримт байхгүй учраас олгох боломжгүй байна, өөр байдлаар маргах зүйлгүй. Түүний 79 хоногийн цалин 7,581,527 төгрөгт маргах зүйлгүй, өмнө гарсан Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 287 дугаартай шүүхийн шийдвэрээр 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг өгөх боломжгүй байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч М. Т ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Шүүх намайг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулсан боловч энэхүү шүүхийн шийдвэрийг хариуцагч “ Т ” ХК-ний Төв аймаг салбар нь биелүүлээгүйгээс надад хохирол учирсан. Иймд шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс ажилд эгүүлэн томилсон хугацаа болох 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх нийт 79 хоногийн цалин 7,581,527 төгрөгийг гаргуулна. Мөн энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэв.
3.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын талаар дараах байдлаар тайлбарлалаа. Үүнд:
Нэхэмжлэгч М. Т ийн нэхэмжлээд байгаа цалинг олгох гэтэл манай байгууллагад ямар нэгэн санхүүгийн нотлох баримт байхгүй учраас цалинг олгох боломжгүй байна. Өөр маргах зүйлгүй гэв.
4. Нэхэмжлэгч М. Т нь тус маргаантай холбогдуулан 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.8-д заасантай нийцэж байна.
5.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч М. Т нь Т ны Төв аймаг салбарын захирлын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалаар Т ХК-ний Төв аймаг салбарын харьяа Жаргалант тооцооны төвийн харилцааны менежерийн ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэх нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, улмаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 287 дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдсон байна.
Тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд Т ны Төв аймаг салбарын захирлын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/70 дугаартай М. Т ийг үндсэн ажилтнаар ажиллуулах тухай тушаалаар түүнийг Т ХК-ний Төв аймаг салбарын харьяа Жаргалант тооцооны төвийн харилцааны менежерээр 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн томилсон байна.
6. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхболд нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй боловч нэхэмжлэлтэй холбогдуулан үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Нэхэмжлэгч М. Т ийн одоо нэхэмжлээд байгаа цалинг олгох гэтэл манай байгууллагад санхүүгийн ямар нэгэн нотлох баримт байхгүй учраас уг цалинг олгох боломжгүй байна гэж тайлбарлалаа.
7. Талууд М. Т ийг шүүхээс ажилд эгүүлэн тогтоосон хугацаа буюу 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс ажил олгогч түүнийг ажилд томилсон хугацаа болох 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 79 хоногийн цалин хөлс 7,581,527 төгрөг болсон, мөн энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийгдсэн эсэх дээр маргаагүй болно.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 287 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч М. Т ийн нэг өдрийн цалинг 95,968.7 төгрөг гэж тооцож хянан шийдвэрлэсэн байх тул түүний цалинг дахин тооцох шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М. Т ийн тухайн үеийн цалин нь энэхүү хэргийн нэхэмжлэлийг гаргах хүртэлх хугацаанд өөрчлөлт ороогүй байна.
9. Иймд нэхэмжлэгч М. Т ийн ажилгүй байсан хугацаа 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх нийт 79 хоногийн, нэг өдрийн цалинг 95,968.7 төгрөгөөр тооцож, нийт цалин 7,581,527 төгрөгийг хариуцагч Т ХК-ний Төв аймаг салбараас гаргуулан нэхэмжлэгч М. Т т олгож, мөн хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Т ХК-ний Төв аймаг салбарт даалгаж хянан шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М. Т ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХК-ний Төв аймаг салбараас улсын тэмдэгтийн хураамж 136,254 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М. Т т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.-Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Т ХК-ний Төв аймаг салбараас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,581,527 /долоон сая таван зуун наян нэгэн мянга таван зуун хорин долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М. Т т олгосугай.
2.-Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч М. Т ийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Т ХК-ний Төв аймаг салбарт даалгасугай.
3.-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М. Т ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХК-ний Төв аймаг салбараас улсын тэмдэгтийн хураамж 136,254 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М. Т т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА