Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/26

 

2024/ДШМ/26

 

 

 

М.Под холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Б.Н нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 Прокурор: А.А

             Хохирогчийн өмгөөлөгч: Э.М

             Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А

             Шүүгдэгч: М.П

             Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А-ийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч М.П-од холбогдох 2312001170068 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Монгол улсын иргэн, 100 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, д боловсролтой, Х мэргэжилтэй, У хот М худагт ХХК-д инженер ажилтай, ам бүл 0, эхнэр хүүхдийн хамт А аймгийн Э сумын Э баг, Б гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Биддулам овогт М-ийн М.П /РД:000000000/ 

 

  Шүүгдэгч М.П нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд  зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн хохирогч Д.Ааас нийт 00 удаагийн гүйлгээгээр 43.020.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Х банкны 0000000 тоот данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  Архангай аймгийн Прокурорын газраас М.Под холбогдох хэргийг  Монгол Улсын  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч  овогт М-ийн М.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пыг 8/найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Под оногдуулсан 8/найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Под авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Поос 29.520.000/хорин есөн сая таван зуун хорь/ төгрөг гаргуулан хохирогч У хотын Ч дүүрэг, 00-р хороо, Б-ы 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух хаягтай, Ч овогт Д-ын Д.А/РД:00000000000000000/-т, олгож, түүний нэхэмжлэлээс 20.750.000/хорин сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Шүүгдэгч М.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Под авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тайлбарлан шийдвэрлэжээ. 

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо.... Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 15-ны өдрийн 11 тоот шийтгэх тогтоолтой танилцаад дараах гомдол гаргаж байна. Үүнд: Шүүгдэгч М.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн талаар маргадаггүй болно. М.П нь анх удаа эрүүгийн хэрэгт холбогдсон хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Хохирогч Д.Аын хохирлын 29.520.000 төгрөгийг бүтэн төлсөн зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс М.Под оногдуулсан найман сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү... гэжээ.

                     

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ ...Анхан шатны шүүх нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх тул Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/112 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... гэв.

         

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А-ийн давж заалдах шүүх хуралдаанд гаргасан саналдаа ...Шүүгдэгч П нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргадаггүй. Анхан шатны шүүх хуралдаанд хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хорих ялаас тэнсэж өгнө үү гэсэн санал гаргаж байсан. Анхан шатны шүүхээс ямар эх үүсвэрээр хохирол нөхөн төлөхөө баталж чадаагүй учраас тэнсэх боломжгүй гэж үзэж 8 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсан. М.П нь Д.Ат 43.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Хохирогч Д.Ат 13.500.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогддог. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Поос гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 29.520.000 төгрөгийг хохирогч Д.Ат гаргуулахаар шийдвэрлэсэн, уг хохирлыг төлсөн байгаа. Шүүгдэгч М.П нь анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа болон хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнцэж, хөнгөрүүлж өгнө үү... гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Э.М давж заалдах шүүх хуралдаанд гаргасан саналдаа ...Хохирогч Д.А нь шүүгдэгчийн хууль бус үйлдлээс шалтгаалж 43.023.000 төгрөгийн хохирол учирсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 13.500.000 төгрөгийг төлж шийтгэх тогтоол гарч шийтгэх тогтоолоор 29.520.000 төгрөгийг гаргуулахаар шийдсэн. Анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй орхигдсон 20.750.000 төгрөгийн талаар төлөх санал, санаачилга гаргаагүй байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч шийтгэх тогтоолоор гарсан хохирлыг төлсөн гэж хэллээ. Гэхдээ шүүхээс хэлэлцээгүй орхисон хохирлыг төлөх санал санаачилга гаргаагүй гэдгийг хэлье... гэв.

 

Шүүгдэгч М.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Би буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хорих ялаас өөр төрлийн шийтгэлээр хөнгөрүүлж өгнө үү... гэв.

         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хяналаа.    

 

  Хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад  шүүгдэгч  М.П нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд А аймгийн Э суманд байгаа өөрийн эзэмшлийн малыг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн хохирогч Д.Ааас 11 удаагийн гүйлгээгээр 43.020.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Х банкны 0000000 тоот данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн буруутай болох нь хохирогч Д.Аын...Би 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр У хотод гэртээ байж байгаад утсаар зар хараад сууж байсан чинь 22 тооны шүдлэн насны хонь зарна гээд утасны дугаар байрлуулсан байсан одоо дугаарыг нь санахгүй байна. Тухайн үед байсан дугаар руу нь залгаад үзсэн чинь Мөнхтуяагийн М.П гэх хүн байна. Манайх А аймгийн Э суманд байдаг юм. Манай аавынх мал идээ сайн, хурдан морь уядаг хүн байдаг юм. Би өөрөө суманд цаг уурын газар ажилладаг хүн байгаа юм банкны зээл төлөх болчхоод яаралтай мөнгөний хэрэг гараад хонь зарах гээд зар тавьсан юм гэж надтай ярьсан. Тэгээд 2022 оны хавар авах талаар хэлсэн чинь болно гээд зөвшөөрсөн. Би 1 тооны шүдлэн хонийг 110 мянган төгрөгөөр бодож 2 сая 200 мянган төгрөгийн өөрийнхөө 00000000 дугаарын данснаас М.Пын 00000000 дугаар данс руу шилжүүлсэн. Үүний дараа дахиад 2 тооны хонь авах уу? гээд ярихаар нь дээрх данс руу 220 мянган төгрөг шилжүүлсэн. Тэгээд би М.Птой утсаар ярилцаж байхад өөрийгөө хонь төлөг цуглуулдаг юм. Би өөрт чинь төлөг 70 мянган цуглуулаад хавар авч болно гэж хэлсэн. Би тухайн саналыг нь хүлээж аваад авахаар болсон. Үүнээс хойш 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3 сая төгрөг, 12 дугаар сарын 31-ны өдөр 1 сая 650 мянган төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 21 сая төгрөг, 01 дүгээр сарын 04-ны өдөр 4 сая, 01 дүгээр сарын 06-ны өдөр 2 сая, 01 дүгээр сарын 13-ны өдөр 1 сая, 01 дүгээр сарын 17-ны өдөр 650 мянга, 1 сая 650 мянга, 2 сая 700 мянга, 3 сая 100 мянга, 01 дүгээр сарын 23-ны өдөр 500 мянган төгрөгийг би өөрийнхөө х банкны 00000000000,0000000000 дугаарын данснаас М.Пын 000000000 дугаарын данс руу хийсэн юм. Нийт 43 сая 20 мянган төгрөг шилжүүлсэн. 2022 оны 07 дугаар сард очоод малаа авах гэсэн чинь мал таргалаагүй байна. 08 дугаар сарын 10-ны үеэр бүгдийг нь бөөгнүүлээд өгнө хүмүүст мөнгийг нь тараачихсан байгаа гэж хэлсэн. Үүний дараа 08 дугаар сарын 10-ны үед Э суманд ирсэн чинь М.П надад хандаж ахаа 1 ч мал аваагүй уучлаарай анхнаасаа худлаа ярьсан. Мөнгийг чинь хурдан барагдуулж өгөх болно гэж хэлсэн тэгээд бид хоёр тухайн үед хэл амаа ололцохоо болиод Архангай аймгийн төвд ирээд Нотариат дээр ирээд гэрээ хийгээд 43 сая 20 мянган төгрөгийн 63 сая 370 мянган төгрөг болгож өгөхөөр болоод тухайн мөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 30 сая, 10 дугаар сарын 20-ны өдөр үлдсэн 33 сая 370 мянган төгрөгийг төлж барагдуулна хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 4 хувийн алданги тооцохоор гэрээ хийсэн...гэсэн мэдүүлэг,

гэрч Ц.Б-ын...Би 2023 оны 06 дугаар сарын 30-ны үед Д.Аын хамт Архангай аймгийн Э сумын иргэн М.П гэх хүнээс мөнгө авах авцаа байна хамт яваад өгөөч гээд хамт явсан. Тэгээд явах замдаа М.П гэх залууд 43,000,000 төгрөгийн мал авч өгнө гэж хэлээд мөнгө авсан талаар мэдсэн. Тэгээд Э сумын Э багийн нутагт оршин суух М.Пын аав болох Мөнхтуяа гэх хүнтэй замаараа дайраад уулзсан надад өгөх юм байхгүй М.Пын мал надад байхгүй өөрөөс нь ав гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг,

 гэрч С.Д-ийн...2021 оны 12 дугаар сарын сүүлээр манай хүү Д.А нь Э сумын иргэн М.П гэх залууд 43.000.000 төгрөгөө мал буюу хонь авахаар ярьж тохироод мөнгө өгсөн байсан. Энэ үеэс хойш олон удаа очсон боловч М.П гэх залуу тоосон шинжгүй өгнө гэж хэлээд худлаа ярьдаг...гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Д-ын...2021 оны 12 дугаар сарын сүүлээр манай хүү Д.А нь Э сумын иргэн М.П гэх залууд 43.000.000 төгрөгөө мал буюу хонь авахаар ярьж тохироод мөнгөө өгсөн байсан. Энэ үеэс хойш олон удаа очсон боловч М.П гэх залуу тоосон шинжгүй өгнө гэж хэлээд худлаа ярьдаг. 2023 оны 04 дүгээр сарын дундуур өөрийн төрсөн хүү Д.Аын хамт Улаанбаатар хотоос буцахдаа Э сум орж М.Пыг дагуулаад хөдөө Э сумын Э багт оршин суудаг аав, ээж хоёртой нь уулзсан тэгэхэд ноолуур дээрээс өгий гэж хэлж байсан. Цаад хугацаа 11 сар гэхэд хохирлоо бүрэн барагдуулж дуусгана гэж байсан...гэсэн мэдүүлэг,

эдгээр нотлох баримтын эх сурвалжийг баталсан яллагдагч М.Пын мэдүүлэг, Х банкны албан бичиг, түүний хавсралт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч М.Пын зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдэлд  үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

  Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн.

 Анхан шатны шүүх шүүгдэгч М.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын хувьд түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ат 43.020.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогч Д.А нь хохирол төлбөрөөс 13.120.000 төгрөгийг авсан болох нь шүүх хуралдаанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.Поос 29.520.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

                                                                                                                                                                                       Анхан шатны шүүхээр тогтоогдсон 29.520.000 төгрөгийг шүүгдэгч нь хохирогчид хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

             Харин мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

 

              Хохирогч Д.А нь гэмт хэргийн улмаас 20.750.000 төгрөгийн хор уршиг учирсан талаар мэдүүлж, нэхэмжилжээ.

 

               Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт… энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…гэж заасан.

 

               Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд хохирогч Д.Аын нэхэмжилж буй 20.750.000 төгрөг шүүгдэгч М.Пын үйлдсэн гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар гэж үзэх үндэслэлгүй, шүүгдэгч, хохирогч нарын хооронд хийсэн харилцан тохиролцооны гэрээ гэх агуулга бүхий баримт нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн, эрх тэгш зарчмын үндсэнд хийгдсэн гэж үзэхэд эргэлзээтэй, тухайн үедээ гэмт хэргийг халхавчлан хийсэн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

               Мөн хохирогч 20.750.000 төгрөгийг шүүгдэгчид шилжүүлээгүй, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй,  хохирогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор ирсэн, явсан талаарх зардал гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

               Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А .... М.П нь анх удаа эрүүгийн хэрэгт холбогдсон хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Хохирогч Д.Аын хохирлын 29.520.000 төгрөгийг бүтэн төлсөн зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс М.Под оногдуулсан найман сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

               Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэг тохирсон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

               Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “хэлэлцэхгүй орхисугай” гэснийг “хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пын цагдан хоригдсон 35 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан шатны шүүхээр тогтоогдсон 29.520.000 төгрөгийг шүүгдэгч нь хохирогчид хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад төлсөн болохыг дурдсугай

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                 ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                    Б.Н