| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/01032/И |
| Дугаар | 317/ШШ2025/01128 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 317/ШШ2025/01128
2025 08 11 317/ШШ2025/01128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б ХХК,
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Эрдэмтөгс
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч: Н.Чимэдрэгзэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Алтанчимэг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд А ХХК-ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
2. Хүсэлт гаргагч "Б " ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймаг дахь сум дундын шүүхэд "А ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. "А " ХХК нь манай компанитай 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр "Улаан буудай худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан. Уг гэрээгээр "А " ХХК манай компанид 1 тонн улаан буудайг 800,000 төгрөгөөр тооцож 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 600 тонн улаан буудай нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 38 тонн буюу 53,200,000 төгрөгийн вандуй нийлүүлсэн. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 63,800,000 төгрөг, алданги 24,477,000, нийт 90,277,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Ийм учраас манай компани 2024 оны 11 дүгээр сард Төв аймаг дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Төв аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 151/ШЗ2024/03767 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Иймд "А " ХХК-ийн хаяг нь тодорхой бус, одоо хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь мэдэгдэхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т "Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно" гэж заасны дагуу "А " ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү.
А ХХК нь улсын бүртгэлд бүртгүүлсэн Төв аймаг, Борнуур сум, 4 дүгээр баг, Нарт гэх хаяг дээр үйл ажиллагаа явуулдаггүй болсон нь тогтоогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд нь оршин байгаа газар нь тодорхойгүй байгаа тохиолдолд хариуцагчийг эрэн сурвалжлуулна гэсний дагуу эрэн сурвалжлуулах хүсэлттэй байна гэв.
3. Хүсэлт гаргагч талаас шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт (хх-3), Б ХХК-ийн Р.Эрдэмтөгсөд олгосон итгэмжлэл (хх-4), Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-5), Б ХХК -ийн дүрэм (хх-6-8), Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 3767 дугаартай шүүгчийн захирамж (хх-9), 2024 оны 12 сарын 21-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ (хх-10-12), Б ХХК-ийн 08 сарын 06-ны өдрийн 24/08 дугаартай авлага барагдуулах гэрээ (хх-13), шилжүүлгийн мэдээлэл (хх-14-18), тооцооны үлдэгдлийн баталгаа (хх-6-8), өмгөөлөгч авах хүсэлт (хх-76) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Шүүхээс Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 27/748 дугаар албан бичиг, хавсралт (хх-29-31), Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын 2025 оны 7 сарын 21-ний өдрийн 301 дугаартай албан бичиг (хх-33-34), Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 27/795 дугаар албан бичиг, хавсралт (хх-53-55), Төв аймгийн Татварын газрын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1/353 дугаар тодорхойлолт (хх-60-66), Баянзүх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 8 сарын 11-ний өдрийн 765 дугаартай албан бичиг (хх-79) зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Б ХХК-ийн хүсэлттэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 90,277,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэхэд А ХХК нь Төв аймаг, Борнуур сум, Нарт тоот хаягт бүртгэлтэй боловч тус хаягт үйл ажиллагаагаа явуулдаггүй, тус компан хаана байрлаж байгаа газар нь мэдэгдэхгүй буйгаас шаардах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа болох нь Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 3767 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж (хх-9)-аар, мөн А ХХК-ний захирал Б.П нь хаана оршин суугаа болох нь тодорхойгүй, Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 301 тоот албан бичгээр ирүүлсэн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд НЙ81080605 регистрийн дугаартай Тугтан овогтой Балжиннямын П нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 42 дугаар байр, 70 тоотод оршин суудаг /хх 33-34/ гэх боловч тус хаягандаа байнга оршин суудаг болох нь нотлогдохгүй байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч нь шүүхэд хүсэлт гаргаж болно, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж заажээ.
4.Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А ХХК нь хаана үйл ажиллагаа явуулж буйг болон тус компаний захирал Б.П хаана байгааг нэхэмжлэгч өөрөө олж тогтоох боломжгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.
5.Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А ХХК /захирал Б.П /-г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна.
6.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А ХХК /захирал Тугтан овогтой Балжиннямын П /РД:НЙ81080605/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Тугтан овогтой Балжиннямын П /РД:НЙ81080605/-г эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд Балжиннямын П г эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч Б ХХК /99111189/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэмтөгс /86650175/ нарт мэдэгдэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА