Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01784

 

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01784

 

К б- ХХК дахь банкны эрх хүлээн

авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/02701 дүгээр шийдвэртэй, К б- ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 959 744.54 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Н- нь К б-ны Өмнөговь аймгийн салбартай 2007 оны 11 сарын 29-ний өдөр 453 дугаар зээлийн гэрээ байгуулж, 3 600 000 төгрөгийг сарын 2.6 хувь, жилийн 31.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлж авсан. 2007 оны 11 сарын 29-ний өдөр 453 дугаар барьцааны гэрээ байгуулж, 5 ханатай гэр 1, 4 ханатай гэр 1, ӨМА 1686 улсын дугаартай мотоцикл 1, ӨМА 5845 улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашин 1, ямаа 250, хонь 30, тэмээ 10 зэргийг барьцаалуулсан. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 1 611 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 85 819.42 төгрөг, нийт 1 833 304.24 төгрөгийг төлсөн. Зээлдэгч зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2021 оны 05 сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1 988 400 төгрөг, зээлийн хүү 961 844.54 төгрөг, нийт 2 950 244.54 төгрөг, шаардлагатай баримтыг нотариатаар гэрчлүүлсэн 9 500 төгрөг нийт 2 959 744.54 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү . Гэрээний хугацааг гэрээний 1.8-д заасан бөгөөд хариуцагч 2016 оны 06 сарын 20-ны өдөр 5 000 төгрөгийн төлөлт хийсэн нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй. Зээлийн дүнгээр хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Миний бие зээлийн гэрээнд зааснаар төлбөрөө төлж байсан. 2011 оны 04 сард Өмнөговь аймгийн Манлай сумын К б-инд ажиллаж байсан Болор гэдэг эдийн засагч зээлийн төлбөрийн үлдэгдэл 2 000 000 төгрөгийг төлөхөөр байна, төлөхгүй бол мал, эд хөрөнгийг чинь хураана гэж хэлснээр төлбөрийн үлдэгдэл 2 000 000 төгрөгийг түүнд аваачиж өгсөн. Тэр үед зээл хаагдсан гэж хэлсэн бөгөөд надад ямар нэгэн баримт өгөөгүй, банкнаас авсан зээлийг төлж хаагдсан гэж бодож байсан. Гэтэл 2011 оноос хойш 10 жилийн дараа 2021 онд 2007 онд байгуулсан зээлийн гэрээний дагуу төлбөр нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Д.Н- нь К б-тай 2007 оны 11 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2008 оны 11 сарын 29-ний өдөр дуусгавар болж байгаа юм. Иймээс Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасны дагуу 2007 оны 11 сарын 29-ний өдөр Д.Н- болон К б-ны хооронд байгуулсан зээлийн гэрээний шаардах эрх 2008 оны 11 сарын 29-ний өдөр үүссэн бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул уг гэрээний дагуу шаардах эрхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар К б- ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Д.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 988 400 төгрөг, хүү 961 844.54 төгрөг, нотариатын зардал 9 500 төгрөг нийт 2 959 744.54 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Зээлдэгч нь өөрийн оршин суух хаяг, амьдарч байгаа газраа өөрчилсөн тохиолдолд тухай бүр банкинд мэдэгдэж байх үүрэгтэй. Хариуцагч нь зээл авах үеийн буюу Өмнөговь аймгийн Манлай сум, Өгөөмөр баг, өвөр шар хад бууц хаягт бүртгэлтэй боловч тус хаягт суудаггүй болох нь Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 сарын 9-ний өдрийн 144/ШЗ2020/00812 шүүгчийн захирамжаар тогтоогддог. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан, эрэн сурвалжлуулах ажиллагааг гүйцэтгэж хариуцагчийн хаягийг цагдаагийн байгууллагаар тогтоолгож нэхэмжлэл гаргасныг шүүх анхаараагүй. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар Өмнөговь аймгийн Манлай сумын К б-ны тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Болормааг гэрчээр асуухад зээлийн төлбөрт 2 000 000 төгрөг өгөөгүй, хариуцагчийн тайлбар худал гэдгийг гэрчилсэн. Зээлдэгч нь 1 766 695,76 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжиж байгааг анхаарч шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч К б- ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Д.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 988 400 төгрөг, хүү 961 844.54 төгрөг, нотариатын зардал 9 500 төгрөг, нийт 2 959 744.54 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

Зээлдүүлэгч К б- ХХК нь зээлдэгч Д.Н-тай 2007 оны 11 сарын 29-ний өдөр 453 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 3 600 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.6 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, хүүг буцаан төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцох, зээл буцаан төлөх хуваарийг тус тус харилцан тохиролцсон, зээлийн барьцаанд 5 ханатай гэр 1, 4 ханатай гэр 1, ӨМА 1686 улсын дугаартай мотоцикл 1, 5845 ӨМА улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашин 1, мөн 250 ямаа, 30 хонь, 10 тэмээ зэргийг барьцаалсан байна. /хх9-12/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээл, барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

Түүнчлэн, зээлдэгч Д.Н- 2016 оны 6 сарын 20-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 5 000 төгрөг төлснөөр гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, үүнээс хойш 3 жилийн дараа буюу 2019 оны 6 сарын 20-ны өдөр дууссан гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хувьд үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэлт үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн нь мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

Зээлдүүлэгчийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дээр дурдсанаар 2019 оны 6 сарын 20-ны өдөр дуусгавар болсон байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 12 сарын 9-ний өдрийн 144/ШЗ2020/00812 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж болон гэрч Ц.Болормаагийн мэдүүлэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/02701 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

  Д.ЦОГТСАЙХАН