| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2018/0066/Э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2018-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 68
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Б.Пд холбогдох эрүүгийн 1804000730076 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Багануур дүүргийн прокуророос хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Шүүгдэгч Б.П нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. хотод төрсөн, эрэгтэй, .. настай, .. боловсролтой, .. мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .., .. хүүхэд нарын хамт, .. дүгээр хороо, .. дүгээр гудамжны .. тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, Д овгийн Б-гийн П
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Б.Пыг согтуурсан үедээ С.Э-гэгчийн нүүрэн тус газарт гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг тогтоож тухайн үйлдлийг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг болохыг дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна. Мөн яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй, яллагдагч нь сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүхээс Б.Пд холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд.
Хохирогч С.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2018 оны 3 дугаар сарын 25-ны өглөө дүү Ж-ы хашаанд 3-4 жил болж байгаа айлын эхнэр С- гэгч нь дүүгийн гэрт согтуу орж ирээд охин Н-ыг нь “хашаагаа цэвэрлэхгүй яасан юм бэ” гээд загнаж байгаад гартал түүний нөхөр П согтуу орж ирээд Н-ыг загнаад байхаар нь би дүүгээ өмөөрч “болиоч, цагдаад өгнө шүү, эхнэр чинь ч бас согтуу загнаж байгаад гарсан” гэхэд тэр гараараа шанаа болон хамар луу 2 удаа цохиод авсан. Хамар эмчилхэд 50 000 төгрөг зарцуулсан тул нэхэмжилж байна. Гомдол саналгүй “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Пын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“.2018 оны 3 дугаар сарын 25-ны өглөө эхнэр С- бид хоёр нэг шил архи уусан. Эхнэр хашааныхаа эзэн Ж-ыд орж охинтой нь маргалдаад байсан. Гэрийн эзэн Ж- байгаагүй ба эгч Э-нь эхнэр С-ийг “манай хашаанаас зайл” гээд хөөхөөр нь би өмөөрөөд Э-гийн нүүрэн тус газар нь гараараа алгадаж цохисон. Эмчилгээний зардалд 50.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Г.Г-ийн мөрдөн байцаалтын үед өгсөн:
“би 2018 оны 3 дугаар сарын 25-ны өглөө ажлаа аваад удаагүй байж байтал жижүүрийн дуудлага мэдээлэл хүлээн авах 102 дугаарын суурин утсанд 8898.... дугаарын гар утаснаас иргэн Н- мэдээлэхдээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо Жаргалантын 9 дүгээр гудамжны 13 тоотод С-, П нар согтуу хэрүүл маргаан хийгээд байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
Гэрч Т.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“... 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хажуу айлын эгч С- орж ирээд “залуу хүн байж хашаа хороогоо цэвэрлэхгүй” гээд загнаад байхаар нь өөдөөс нь “таньд ямар хамаатай юм” гээд хэрэлдсэн. С- гараад удаагүй байж байтал, түүний нөхөр П ирээд агсам тавьж эгч Э-г заамдаж аваад гараараа хоёр удаа нүүрэн тус газар нь цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/
Гэрч Д.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2018 оны 3 дугаар сарын 25-ний өдөр гэртээ “Хараа” нэртэй 0.5 граммын архи нөхөртэйгээ хувааж уусан..., би хажуу айлд ороод Ж-ы охин Н-ыг “чи урин дулаан цаг байхад хашаа хороогоо цэвэрлээч” гэхэд өөдөөс хэл амаар доромжлоод байсан. Гэртээ ортол нөхөр унтаж байхаар нь усанд яваад ирэхэд манай гэрт цагдаа нар ирсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/
Гэрч Н.Гулбанугийн мөрдөн байцаалтад өгсөн:
Дуудлагын дагуу очиход С.Э-гийн хамраас цус гарсан, нойлын цаасаар хамрын цусаа арчаад байж байсан. Нүүр хамар нь хавдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-19/
Шинжээч эмчийн
“С.Э-гийн биед хамар ясны шинэ хугарал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн 09шэ/154 дугаартай дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг болно.
Бодит байдлын талаархи дүгнэлт:
Б.П нь 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Ж-ы гэрт орж С.Э-тай маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа хоёр удаа цохиж бие махбодид нь хамар ясны шинэ хугарал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Нотлох баримтын талаархи дүгнэлт
Хохирогч, шүүгдэгч нарын болон гэрч Т.Н-, Д.С-, Н.Гульбану нарын мэдүүлэг нь хэргийн үйлдлийг бүрэн хангалттай, гүйцэд нотолж чадсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тодорхойлогдсон, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн
Хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Б.П нь хохирогчийг зодсон үйлдэлдээ санаатай хандсан болох нь “эхнэрээ өмөөрсөн” сэдэлтээр уурлаж хүч хэрэглэсэн гэсэн шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна. П хүч хэрэглэсэн үйлдлээрээ хохирогчийг эрүүл мэндийн хохиролд зориуд хүргэжээ.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “С.Э-гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 09шэ/154 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Пын үйлдэл нь иргэн Э-гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг зөрчсөн байна.
Иймд Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгийг буюу прокурорын сонсгосон хүлээн зөвшөөрсөн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр батлагдаж байна.
Б.П нь хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг прокурортой сайн дураар тохиролцсон байна. Иймд Б.Пд прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино.
Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул Б.Пыг хэрэг хариуцах чадвартайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Б.П нь эмчилгээний зардалд хохирогч С.Э-д 50.000 төлж талууд эвлэрсэн байх ба хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 2; 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ