2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/00417

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 21 191/ШШ2025/00417

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ............................. тоот хаягт оршин суух, И овогт Ц.О /РД:00000000000/-ын хүсэлттэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Д.Т-тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Ц.О,

Гэрч Б.Э, Э.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ц.О нь Д.Т-тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт /нэхэмжлэл/-ийг гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1....Би Д.Т-тай 2005 оны 8 дугаар сард танилцаж, 2007 оны 9 дүгээр сараас хамтран амьдарч эхэлсэн. 0000-00-00-ны өдөр том охин О.С-ыг төрүүлсэн юм. Тэр цагаас хойш хамтран амьдрах хугацаандаа 0000-00-00-ний өдөр удаах охин О.А-ыг төрүүлж, 2014.12.14-ний өдөр том хүү Т.З-ыг төрүүлсэн, 0000-00-00-ны өдөр бага хүү Т.М нарыг төрүүлж нөхөр Д.Т-ын хамтаар хүүхдүүдээ өсгөн 17 жилийн турш сайхан амьдарч байгаад нөхөр маань 2024.11.22-ны өдөр зуурдаар нас барсан.

Бидний хувьд хоорондоо олон насны зөрүүтэй хосууд байсан учраас гэрлэлтэд ач холбогдол өгөлгүй амьдарч ирсэн тул гэрлэлтээ батлуулаагүй байсан. Түшиг болсон хань минь бурхан болсон тул 4 хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул бид хоёрыг 2007 оны 8 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү... гэв.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан 2024.12.27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3 х/,

-0000000000 Г-0000 дугаартай О.А-ын төрсний гэрчилгээний хуулбар, 0000000 Г-0000 дугаартай О.С-ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 4 х/,

-0000000000 дугаартай Т.М-ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 5 х/,

-0000000000 дугаартай Т.З-ы төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 6 х/,

-Д.Т-ын нас барсны бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 7 х/,

-2024.12.02-ны өдрийн 1699 дугаартай .............. дүүргийн ........ дугаар хорооны Засаг даргын ам бүлийн болон оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 8 х/,

-Гэрч Б.Э, Э.Н нарын тодорхойлолт болон иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 9-10 х/,

-Өрхийн бүртгэлийн 00000000000 дугаартай хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-ийн 11-14 х/,

-Гэрэл зургууд /хх-ийн 15 х/ зэрэг баримтуудыг тус тус бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч И овогт Ц.О /РД:000000000/ нь И овогт Д.Т /РД:000000000/-тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохыг хүсч шүүхэд хандсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн ... өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлт гаргагч /нэхэмжлэгч/ нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандсан болох нь .............. дүүргийн ............ дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Ц.О, Д.Т нар нь 2007 оны 8 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан байх ба тэдний дундаас 0000-00-00-ны өдөр охин О.С, 0000-00-00-ний өдөр охин О.А, 0000-00-00-ны өдөр хүү Т.З, 0000-00-00-ны өдөр Т.М нар төрсөн болох нь 0000000, 0000000000, 0000000000, 0000000000 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээнүүд,

гэрч Б.Э-ын ...Би Ц.О-ын ахынх нь эхнэр. Ц.О, Д.Т нар нь хамт амьдраад 10 гаран жил болсон бөгөөд дундаасаа 4 хүүхэдтэй болсон, Том охин нь 11 дүгээр анги, дараагийн охин нь 7 дугаар анги, том хүү нь 5 дугаар анги, хамгийн бага хүү нь 1 дүгээр ангид сурдаг. Хамт амьдраад 10 гаран жил болсон учраас бид нар гэрлэлтээ батлуулсан л гэж бодож байсан... гэх,

гэрч Э.Н-ийн ...Д.Т нь манай аавын холын хамаатан байсан. 2010 оноос хойш лам хүн байсан болохоор очиж, засал ном хийлгэдэг байсан. Ц.О-тай хамт амьдраад 10 гаран жил болсон. Энэ хоёр дундаасаа 4 хүүхэдтэй... гэх мэдүүлгүүд,

Д.Т-ын нас барсны бүртгэлийн 0000 дугаарт бүртгэгдсэн ИБД:000000000000 дугаартай гэрчилгээ, гэрэл зургууд, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.2, 135.2.14-т иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэх бөгөөд тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоохоор зохицуулсан.

 

Шүүх хуралдааны явцад хүсэлт гаргагчаас эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг тодруулахад талийгаач Д.Т-тай хамтын амьдралтай байснаа тогтоолгосноор охин О.С, охин О.А, хүү Т.З, хүү Т.М нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж авах зорилготой гэж тайлбарлаж байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно гэж зааснаар 0000-00-00-ны өдөр төрсөн хүү Т.З, 0000-00-00-ны өдөр төрсөн хүү Т.М нарыг ............. дүүргийн улсын бүртгэлийн ажилтан тус тус төрсний бүртгэлд бүртгэж, эцэг Д.Т-аар овоглож төрсний гэрчилгээ олгогджээ. /хх-ийн 5, 6 х/

 

0000-00-00-ны өдөр төрсөн хүү Т.З, 0000-00-00-ны өдөр төрсөн хүү Т.М нарын төрсний гэрчилгээний эцэг, эхийн мэдээлэл хэсэгт эцэг И овогт Д.Т /РД:0000000000/, эх И овогт Ц.О /РД:0000000000/ гэж бичигдэж эцэг, эхийг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.

 

Харин 0000-00-00-ны өдөр төрсөн охин О.С, 0000-00-00-ний өдөр төрсөн охин О.А нар нь эх Ц.О-аар овоглосон байна. /хх-ийн 4 х/

Талийгаач Д.Т нь олон насны зөрүүтэй гэсэн шалтгаанаар гэрлэлтээ батлуулахаас татгалзсан. Мөн 0000-00-00-ны өдөр төрсөн охин О.С, 0000-00-00-ний өдөр төрсөн охин О.А нарыг эмэгтэй хүүхдүүд учраас ээжээрээ овоглосон нь дээр гэсэн шалтгаануудын улмаас хүсэлт гаргагч нь О.А, О.С нарыг өөрөөрөө овоглон гэрчилгээ авчээ.

Өөрөөр хэлбэл, Ц.О нь талийгаач Д.Т-тай 2007 оны 8 дугаар сараас хамтран амьдарч байх үед 0000-00-00-ны өдөр төрсөн охин О.С, 0000-00-00-ний өдөр төрсөн охин О.А нар төрсөн. Талийгаач Д.Т-ыг нас барах хүртэл түүний асрамжид байсан болох нь өрхийн бүртгэлийн 00000000000 дугаартай Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, гэрч Б.Э, Э.Н нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбараар тус тус тогтоогдсон.

 

Бусдын асрамжид байсныг тогтоох шаардлага ихэвчлэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтран амьдрагч нарын нэг нь нас барсан тохиолдолд тэдний дундаас төрсөн хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохтой холбогдон гардаг.

 

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хүсэлт гаргагч Ц.О-ыг талийгаач Д.Т-тай хамтын амьдралтай байсныг шүүх тогтоосноор охин О.С, охин О.А, хүү Т.З, хүү Т.М нар нь талийгаачийн асрамжид байсан учраас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсэх үндэслэл болж байна.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил, эсхүл нас барахын өмнөх сүүлийн 5 жилд нийтдээ 36 ба түүнээс дээш сар төлсөн даатгуулагч, эсхүл өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн доор дурдсан гишүүн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, мөн хуулийн 16.1.1-д төрсөн, дагавар, үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш төрсөн хүүхэд хамаарна гэж заасан.

 

Иймээс хүсэлт гаргагч Ц.О-ыг талийгаач Д.Т-тай 2007 оны 8 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан, охин О.С, охин О.А, хүү Т.З, хүү Т.М нар нь талийгаачийн асрамжид байсан зэрэг үйл явдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарна.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар И овогт Ц.О /РД:0000000000/, И овогт Д.Т /РД:0000000000/ нарыг 2007 оны 8 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2-т заасныг баримтлан 0000-00-00-ны өдөр төрсөн охин О.С, 0000-00-00-ний өдөр төрсөн охин О.А, 0000-00-00-ны өдөр төрсөн хүү Т.З, 0000-00-00-ны өдөр төрсөн Т. М нар нь талийгаач Д.Т-ын асрамжид байсан болохыг тогтоосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА