Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/47

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

            Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ы давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2418000000033 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр суллагдсан,           

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг тус шүүхийн 20******* оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 151 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн байнга оршин суух хаягаас гарч явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон. 20******* оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1 жил 6 сар 27 хоногийн үлдэгдэлтэй байсан.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *******4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, урьд эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил, 06 сар, 27 хоног хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Раднаадоржийн өмчлөлийн *******-******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа түүний эзэмшлийн Самсунг А34 загварын гар утсыг хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 980,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Би өөрт холбогдох гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдлыг харгалзаж анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг маань хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

...*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолоор нотлогддог. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр анхан шатны шүүх хурал дээр хэргийг нэгтгүүлэх тухай хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргахад шүүх хүлээж аваагүй. *******ы үйлдсэн гэмт хэрэг нь 2023 оны 12 дугаар сарын  22-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны хооронд нэг төрлийн гэмт хэрэг буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл 2 сарын хугацаанд үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргүүдийг үйлдсэн байна. Хэдийгээр Эрүүгийн хуульд хэргийг нэгтгэж шийдвэрлэхээр хуульчлагдаагүй хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйг хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж эхэлсэн Эрүүгийн хуульд эрх зүйн хөнгөлөлт үзүүлэх нь тухайн хуулийн суурь зарчим болж өгсөн байдаг. *******ы эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр анхан шатны шүүх дээр байгаа хэрэгт нэгтгүүлэн шийдүүлэх саналтай байгаа. Хэрэв давж заалдах шатны шүүх боломжгүй гэж үзэх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 1-5 жилийн хугацаагаар хорих ялтай байгаа. Заавал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-г хэрэглэхгүйгээр хорих ялын бага хэмжээ болох 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

...шүүгдэгч *******ы Сэлэнгэ аймагт шалгагдаж байгаа хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг байгаа. Дархан-Уул аймгийн прокурорын газраас хяналт тавьсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэг байгаа. Ижил зүйл хэсэгтэй бол тухайн гэмт хэргүүдийг нэгтгэж тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлдэг боловч тусдаа өөр зүйл хэрэгтэй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 болон 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан ял шийтгэл оногдуулах боломжтой байх тул энэ журмаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг хийж явуулсан. Мөн шүүгдэгч *******аас гаргасан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан хорих ялыг нэг жилийн хугацаагаар хөнгөрүүлж өгнө үү гэсэн нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, үйлдэл хор уршиг үр дагаврыг ухамсарласан этгээдэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл байна гэж Улсын дээд шүүхээс дүгнэсэн. Мөн 6.7 дугаар зүйлийг заавал шүүхээс хэрэглэнэ гэсэн үүрэг болгосон зүйл байхгүй учраас хэрэглэх шаардлагагүй гэсэн саналтай байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоол нь хуульд заасны дагуу гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор  хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч *******ыг “2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дархан- аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Раднаадоржийн өмчлөлийн *******-******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа түүний эзэмшлийн Самсунг А34 загварын гар утсыг хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 980,000 төгрөгийн хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, урьд нь 4 удаа ял шийтгүүлж байсан, гэмт зан үйлээ засаж засрал хүмүүжил олж төлөвшөөгүй, дахин дахин санаатай гэмт хэрэг үйлдэж буй хувийн байдлуудыг нь харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялын төрлөөс хорих ялыг сонгон оногдуулсан нь тохирсон, шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо...”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: Шүүх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх бөгөөд заавал дээрх зохицуулалтыг хэрэглэхийг шүүхэд үүрэг болгоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хүнд хүлээлгэж буй төрийн цээрлэл нь түүнд оногдуулах ялаар дамжин хэрэгжих бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг. 

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс хорих ялыг сонгож оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал болох урьд 4 удаа ял шийтгэгдсэнийг, гэмт зан үйлээ засаж засрал хүмүүжил олж төлөвшөөгүйгээр дахин дахин санаатай гэмт хэрэг үйлдэж буй нөхцөл байдлуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

            Шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2418000000033 дугаартай эрүүгийн хэрэг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд шилжсэн байх ба анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1.д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн “хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх тухай” хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

            Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 97 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 97 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

         3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

           ШҮҮГЧИД                                                    Б.МАНЛАЙБААТАР

                                                                                           З.ТӨМӨРХҮҮ