| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0644/З |
| Дугаар | 128/ШШ2025/0865 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2025/0865
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Э*******,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
Маргааны төрөл: Нэхэмжлэгчийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/******* дугаар захирамжаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярс*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э*******ээс Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/******* дугаар захирамжийн Б.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан байна.
2. Нэхэмжлэгчид Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дүгээр “Газар эзэмшүүлэх, газрын гэрчилгээний хугацаа сунгах, газрын гэрчилгээг бусдад шилжүүлэх, газрын гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” захирамжийн 1 дүгээр заалтаар Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо М******* т******* зуслангийн бүсэд 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.
3. Улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/******* дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40.1.6, 40.2 дахь хэсгийг үндэслэн Б.Э*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
4. Дээрх тушаалыг эс зөвшөөрч 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...миний бие Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 16-ны ******* тоот захирамжийн дагуу тус дүүргийн нутаг, “М******* т*******”-д 700 м² газрыг зуслангийн зориулалтаар 15 жил эзэмшихээр болсон билээ.
Өнгөрсөн хугацаанд газрын төлбөрүүдийг зохих журмын дагуу бүрэн төлж байсан бөгөөд дэд бүтцээр хангагдаагүй учир зундаа очиж гэр, м******* барьж зусдаг байсан. Хөрш зэргэлдээ газар эзэмшигчид хашаагаа замбараагүй барьснаас болж тээврийн хэрэгслээр очиж чадахгүй байдалд орсон.
Дэд бүтэц буюу цахилгаан, зам харгуй байхгүй учир газар дээрээ капитал барилга барьж чадаагүй юм.
Мөн 2023 оны 9 дүгээр сард би газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах өргөдлөө гэрчилгээ болон холбогдох бичиг баримтуудыг эх хувиар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт өгөөд хүлээж байсан болно.
Гэтэл хугацаа сунгуулах өргөдөл өгснөөс хойш 2 жил шахам хугацааны дараа Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.М******* нь миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27-р зүйлд заасныг хэрэгжүүлэлгүй надад урьдчилан мэдэгдэж сонсох ажиллагааг явуулалгүйгээр хууль зөрчин гаргасныг 2025 оны 7 дугаар сарын 03-нд мэдлээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны А/******* тоот захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны А/******* тоот захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь хэсгийг тус тус үндэслэн хүчингүй болгосныг хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Үүнд: Захиргааны ерөнхий хуулийн 27-р зүйлд заасныг хэрэгжүүлээгүй буюу иргэд бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэж байгаа тухайгаа урьдчилж огт мэдэгдээгүй буюу сонсох ажиллагаа явуулаагүй болно.
Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2 дахь заалтад “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж заасан. Гэтэл зуслангийн зориулалтаар ашиглаж байгаа минь хэрхэн нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн нь тодорхойгүй. 2008 онд зуслангийн зориулалтаар олгогдсоноос хойш 17 жил болж буй газрыг өмнө нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж үзээгүй мөртлөө одоо сөргөөр нөлөөлж, байна гэх нь үндэслэлгүй. Мөн сөргөөр нөлөөлсөн гэх тухай холбогдох байгууллагын дүгнэлт, тайлан гараагүй. Ийнхүү нийтийн ашиг сонирхлыг хэрхэн зөрчиж байгаа талаар захирамжид тусгагдаагүй байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх заалтыг хэрэглэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохын тулд 1-рт гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байна уу гэдгийг, 2-рт хоёр жил дараалан гэсэн хугацааг анхаарах, 3-рт хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг тодруулах ёстой. Улсын Дээд Шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 тоот тогтоолд тайлбарлахдаа, “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно” гэж зааснаас үзэхэд газар эзэмшүүлэх эрх 2008 онд олгосноос хойш 17 жил өнгөрсөн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-г захирамжийн үндэслэл болгосон байх ба ЗЕХ-ийн 48-р зүйл нь “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох” заалт буюу зөвхөн хууль бус захиргааны актад л холбогдох зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 16-ны ******* тоот захирамжийн дагуу тус дүүргийн нутаг, “М******* т*******”-д 700 м² газрыг зуслангийн зориулалтаар 15 жил эзэмшихээр болсон акт нь хууль бус акт биш тул энэ тохиолдолд ашиглах боломжгүй, хууль хэрэглээний хувьд алдаатай болсон.
Иймд иргэн миний газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлгүй тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 23-ны А/******* тоот захирамжийн Бүрэнтөгсийн Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төр хуульд нийцүүлж үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл хариуцагч талын гаргаж байгаа тайлбар, баримтыг харахад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар 2 жил дараалан ашиглаагүй гэх нотлох баримт байхгүй. Ийм байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг хэрэглэж байгаа нь алдаатай гэж үзэж байна. Захиргаа болон иргэн нь тэнцүү биш, тэгш бус харилцаатай байдаг байхад нотлох баримт нь хангалттай бүрдээгүй, байхгүй байгаа тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг ашиглаж байгаа нь буруу. Нэхэмжлэлийн шаардлага танилцуулахад Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг ашигласан. Үүнтэй холбоотой няцаасан тайлбар хариуцагч талаас хэлээгүй. Хууль бус захиргааны акт дээр ашигладаг заалтыг ашигласан боловч ямар үндэслэлээр энэ заалтыг ашигласан талаар няцаалт хийхгүй байна. Иймд захиргааны байгууллага хууль хэрэглээний талаар хангалттай нотлох баримт байхгүй байж тухайн Б.Э******* гэх хүний газрын эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус гэж үзэж байна. ” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Б.Э******* газар эзэмших явцдаа ямар ч хууль зөрчсөн зүйл байхгүй. Газар эзэмших хүсэлт болон холбогдох нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн газар эзэмших гэрээгээ шинэчилж 2023 онд хийсэн. 2023 оны газар эзэмших гэрээ нь 15 жилийн хугацаатай. Газар эзэмших гэрээг бүртгүүлж хувийн хэрэгт нь хадгалав гэж заасан байдаг. Газар сунгуулах хүсэлт гаргасны дараа Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д зааснаар нэр бүхий субъектүүд 15 хоногийн дотор гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргах гэж заасан. Гэтэл газар эзэмших эрхийн хүсэлтээ 2023 оны 9 дүгээр сард гаргаснаас хойш 3 жилийн дараа тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан. Сунгасан шийдвэр гаргаагүй. Үүнд нь нэхэмжлэгч гомдож нэхэмжлэл гаргасан. Хэрвээ үнэхээр ойн сангийн асуудал яригдаж байгаа бол нөхөн олговортой өөр газартай солих асуудал яригдах ёстой. Үүнээс биш хүчингүй болгосон захирамжийн араас Ойн тухай хууль ашиглаж ярьж байгаа нь зохимжгүй байна. Шүүгч энэ талаар анхаарч өгнө үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.” гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Б.Э*******д тус дүүргийн 19 дүгээр хороо М******* т******* зуслангийн бүсэд 700м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, газрын гэрчилгээний хугацааг сунгах, газрын гэрчилгээг бусдад шилжүүлэх, газрын гэрчилгээг хүчингүй болгох тухай” ******* дүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтаар эзэмшүүлсэн.
Тус дүүргийн шинээр байгуулагдсан 24 дүгээр хороо буюу хуучнаар (19 дүгээр хороо) М******* т******* зуслангийн бүсэд хуульд заасан үндэслэлээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй иргэн Б.Э*******гийн газар эзэмших эрхийг дүүргийн Засаг дарга нь ЗЕХ-ийн 5.1.1-д заасан төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг орон нутгийн захиргааны байгууллага болохын хувьд хуулиар тусгайлан олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд захиргааны акт гаргахдаа МУЗЗНДНТУТХ, Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Тус захирамжийг гаргахдаа тус дүүргийн Газар зохион байгуулалтаас масс мессеж үйлчилгээгээр болон зар мэдээ сонинд нийтлүүлэн хуульд зааснаар иргэн Б.Э*******д захиргааны акт гаргах талаарх мэдээллийг хүргүүлсэн байдаг. Хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгдсэн талаарх нэмэлт баримтыг тус албанаас баримтаар дахин тодруулах боломжтой.
Иймд тус дүүргийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Э*******д газар эзэмших эрхийг хүчингүй болгосон заалт дээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. 2008 онд газар эзэмших эрх олгогдсоноос хойш газрыг ашигласан зүйл байхгүй. Нэхэмжлэгч м******* барьсан, хорхог, боодог хийсэн талаар хэлж байна. Тийм баримт байх хэрэгтэй. 2008 оноос хойш газрыг ашиглаж байгаагүй талаар агаар сансрын зургийн мэдээлэл байгаа. 2008 онд газар эзэмших эрх олгогдож 2025 онд хүчингүй болсон газар дээр иргэн Б.Э*******гийн эрх зөрчигдсөн гэдэг зүйл яригдаж байна. Газар эзэмших эрх олгогдохдоо газар эзэмшүүлэх гэрээ хийгдэж байгаа. Тухайн гэрээний үүргээ биелүүлээгүй гэх шалтгаанаар хүчингүй болсон захирамж, шийдвэр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийн гэрээний үүрэг биелүүлээгүй гэдэг шалтгаанаар хүчингүй болгосон. Газар эзэмших хугацаа сунгах хүсэлтийг манай байгууллагад гаргасан зүйл байхгүй. Манай байгууллагын өргөдөл, хүсэлт, мэдээллийн санд бүртгэлтэй зүйл байдаггүй.” гэжээ.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлээгүй гэж нэхэмжлэгч талаас хэлж байна. Маргаан бүхий захиргааны актын 1 дүгээр заалтаар 165 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа талаар мэдэгдэж байгаа. Энэ нь 21 буюу түүнээс дээш этгээдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Захиргааны ерөнхий хуульд зааснаар нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхтэй холбоотой тайлбар хэлж байна. Ойн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа. Хүсэлтээ хугацаа дууссан үед гаргасан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Гэвч хүсэлт яагаад хариу хүргүүлээгүй вэ гэдэг дээр холбогдох мэргэжлийн байгууллагын мониторингийн хэлтсээс нь дүгнэлт гарсан байна. Тухайн дүгнэлт нь https://www.egazar.gov.mn/ сайтаар дүгнэлт хүргүүлж байсан талаар хэлсэн. Ойн сан бүхий газарт тухайн газар хамаарч байгаа бол ахиж эрх зүйн харилцаанд орох, эрхийн хугацаа сунгах асуудал улсын хэмжээнд зогссон. Автоматаар ойн санд хамаарч байгаа бол сунгалт хийгдэхгүй байгаа. Үүнтэй холбоотой дүгнэлтээ холбогдох мэргэжлийн байгууллагаас нь дүгнэлт гарсан.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэжээ.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэжээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/******* дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э*******гийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/******* дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ