Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01729

 

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01729

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/01842 дугаар шийдвэртэй

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40 286 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Н ХХК-ийн төлөөлөгч Х.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Санто смарт апартмент хотхоны барилгын ажлын ерөнхий төсөл хэрэгжүүлэгч бөгөөд төслийн гүйцэтгэлийн явцад Х ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр А19/58 дугаар бараа материал худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээгээр Х ХХК нь нэгж үнэ нь 118 000 төгрөгийн 1100 ширхэг хөөсөн хавтанг Н ХХК-д худалдан борлуулж, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 31-ний хооронд Санто смарт апартмент орон сууцны хотхоны барилгын В, Б блок талбайд тээвэрлэн хүргэх, Н ХХК нь нийт 129 800 000 төгрөгийн гүйцэтгэлийн төлбөрийг хоёр хувааж урьдчилгаа 30 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг нийлүүлэгчийн үүрэг дуусгавар болмогц төслөөс баригдаж буй байрнаас захиалгын гэрээ байгуулж бартераар төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч Н ХХК-ийн зүгээс гэрээний төлбөрийн урьдчилгаа 30 000 000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Х ХХК-ийн хаан банкан дахь дансанд шилжүүлсэн. Гэтэл Х ХХК нь гэрээнд заасан 129 800 000 төгрөгийн үнийн дүн бүхий хөөсөн хавтан бэлтгэн нийлүүлэх үүргээ огт гүйцэтгээгүй. Хариуцагч байгууллага 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд үүргээ гүйцэтгэх ёстой байсан. Манай компанийн зүгээс Х ХХК-д гэрээний хугацаанд шаардлага хангасан хөөсөн хавтан бэлтгэн нийлүүлэхийг, хугацаа хэтрүүлсний хойно нь урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг буцаан олгохыг удаа дараа шаардаж байсан ч бидэнд хариу өгөөгүй, холбоо барилгүй өнөөдрийг хүрсэн. Улмаар 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 287 тоот албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж, гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. Х ХХК нь А19/58 дугаар бараа материал худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд 30 000 000 төгрөг авсан ч хариу үүргийг ямар нэг байдлаар гүйцэтгээгүй, үүрэг дуусгавар болсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Мөн талууд гэрээний 12.2-д худалдагч тал бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, суурилуулах ажлын явц дунд өөрийн буруугаас ажлыг тасалдуулан хугацаа алдсан тохиолдолд үлдэгдэл төлбөрөөс үнийн дүнгийн 0.2 хувиар хоног тутамд алданги төлөхөөр, 16.1.3-д нийлүүлэгчийн буруугаас гэрээ цуцалсан тохиолдолд түүний улмаас захиалагч нь хугацаа хэтрүүлсэн алданги, торгууль, өөрт учирсан шууд болон шууд бус хохирол, олох ёстой байсан орлого, хууль зүйн үйлчилгээний төлбөр зэргийг нөхөн төлүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээний тус зохицуулалтын дагуу алдангийг тооцвол 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид 99 800 000х0.2%=199 600х34 хоног=6 786 400 төгрөг, мөн тус компаниас гаргуулах авлагад өмгөөллийн Онч нүүдэл ХХН-өөс авсан хууль зүйн үйлчилгээний төлбөрт төлсөн 3 500 000 төгрөгийг тус тус шаардах эрхтэй байна. Иймд Х ХХК-аас А19-58 дугаар бараа материал худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 30 000 000 төгрөг болон гэрээний алданги 6 786 400 төгрөг, хууль зүйн үйлчилгээний төлбөр 3 500 000 төгрөг, нийт 40 286 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 40 286 400 /дөчин сая хоёр зуун наян зургаан мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359 382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 359 382 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Э.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Н ХХК болон манай компанийн хооронд 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр А19/58 дугаар бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээгээр Хас суварга ХХК нь нэхэмжлэгч байгууллагад нэг бүрийн үнэ 118 000 төгрөгийн нийт 129 800 000 төгрөгийн үнэ бүхий 1100 ширхэг хөөсөн хавтан нийлүүлж, тохиролцсон байршилд хүргэх, Н ХХК нь бараа материалын үнэ 129 800 000 төгрөгийг хариуцагчид төлөх үүргийг тус тус хүлээсэн. Манай компанийн зүгээс хөөсөн хавтан үйлдвэрлэн, хоёр машин хавтанг тохиролцсон байршилд хүргэн өгч, гэрээнд заасан үүргээ тохиролцсон ёсоор гүйцэтгэж байсан. Манай компанийн зүгээс Н ХХК-ийн урьдчилгаа төлбөр төлөгдсөний дараа хоёр машин хавтанг тохиролцсон байршилд хүргэн өгсөн байхад огт өгөөгүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд хоёр сар орчим холбоогүй байж байгаад 2019 оны 9 дүгээр сард утсаар ярихад өөр газраас хямд хөөс авчихсан, танайхаас дахиж хөөс авахгүй гэсэн хариуг өгсөн. Манай компанийн зүгээс гэрээнд заасны дагуу хөөсөө нийлүүлэх саналыг хэд хэдэн удаа тавьсан. Энэ талаар холбогдох баримтууд мөн байгаа. Хас суварга ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй бөгөөд стандартын шаардлагад нийцсэн хөөсийг нэхэмжлэгчид нийлүүлсэн бөгөөд цаашид ч нийлүүлэхээ илэрхийлсэн. Харин Н ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд хариуцагчийн нийлүүлж буй хөөсийг авахаас татгалзсан байна. Хоёр машин хавтанг тохиролцсон байршилд хүргэж өгсөн талаарх холбогдох баримтууд байх бөгөөд энэ талаар нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, шинжлэн судлалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу. Нэхэмжлэгч өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй хирнээ нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлгүй. Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагад өмгөөллийн хөлс 3 500 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь түүний өмгөөлөгч авах эсэх нь эрхийн асуудал тул хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие нэхэмжлэлийн хувийн гардан авч өмгөөлөгч авах, холбогдох хариу тайлбар өгөх боломжоор хангаагүй. Иймд мэтгэлцэх эрхээр хангалгүй шүүх хуралдааныг товлож, миний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Миний бие хэргийн материалтай танилцаагүй байхад нэхэмжлэлийн хувийг гардан авахад гарын үсэг зуруулсан ба шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарснаас хойш хэргийн материалтай танилцаагүй. Мөн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9385 дугаар шүүгчийн захирамжийг гомдол гаргах хугацаа дууссаны дараа мэдсэн. Иймд хуульд заасан хугацаанд гомдол гаргах эрхээ эдэлж чадаагүй. Шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ёстой байтал энэ шаардлагыг мөн хангаагүй. Иймд анхан шатны шүүхээс мэтгэлцэх зарчим, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцох боломжоор хангаагүй, холбогдох баримт гаргаж өгөх боломжит хугацаа олгоогүй хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, татгалзлын үндэслэлээ нотолж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40 286 400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх хариуцагч Х ХХК-ийн захиралд 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, хуульд заасан хэргийн оролцогчийн эрх үүргийг нь тайлбарлан өгсөн байгаа боловч хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгч Н ХХК-д 1100 ширхэг нэг бүр нь 118 000 төгрөгийн үнэ бүхий хөөсөн хавтанг нийлүүлж, нэхэмжлэгч байгууллага бараа бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөрт 30 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 99 800 000 төгрөгийг бартераар төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх.10-15/

Дээрх гэрээнд зааснаар талууд үүрэг гүйцэтгэх газрыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй Санто смарт апартмент хотхоны үйлчилгээ бүхий орон сууцны барилга гэж, гэрээний хугацааг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хооронд гэж тус тус харилцан тохиролцсон байна.

Ийнхүү талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчдын хэн аль нь маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэгч байгууллага хариуцагч байгууллагад 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэрээний урьдчилгаа төлбөрт 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдсон, хариуцагч урьдчилгаа мөнгө авсан болохоо үгүйсгээгүй. /хх.17/

Нэхэмжлэгч Н ХХК нь гэрээгээр шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...гэрээний зүйл болох хөөсөн хавтанг 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч биелүүлээгүй гэж тайлбарлаж, шүүхэд нотлох баримтаар 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 280 тоот, мөн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 287 тоот, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 332 тоот албан бичгүүдийг гаргажээ. /хх.18-20/

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас гэрээний урьдчилгаанд төлсөн 30 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Хариуцагч байгууллага давж заалдах гомдлын нэг үндэслэлээ ...Манай компанийн зүгээс Н ХХК-ийн урьдчилгаа төлбөр төлөгдсөний дараа хоёр машин хавтанг тохиролцсон байршилд хүргэн өгсөн байхад огт өгөөгүй мэтээр тайлбарлаж байгаа бөгөөд хоёр сар орчим холбоогүй байж байгаад 2019 оны 9 дүгээр сард утсаар ярихад өөр газраас хямд хөөс авчихсан, танайхаас дахиж хөөс авахгүй гэсэн хариуг өгсөн. Манай зүгээс гэрээнд заасны дагуу хөөсөө нийлүүлэх саналыг хэд хэдэн удаа тавьсан гэсэн үндэслэл зааж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Гэрээний нэг тал буюу нэхэмжлэгч байгууллага гэрээний нөгөө тал буюу хариуцагч байгууллагыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэг арга болох алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээ эдлэх нь түүний хүсэл зориг тул нэхэмжлэгч байгууллагын өмгөөллийн хөлсөнд төлсөн 3 500 000 төгрөгийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн ...алданги болон өмгөөллийн хөлс төлөхгүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

Харин хариуцагчийн төлөөлөгчийн хэргийн оролцогчийн эрх зөрчсөн, мэтгэлцэх эрхийг хангаагүй талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж байна. Учир нь, хэргийн 41 дүгээр талд хариуцагчийн төлөөлөгч Э.Тд хэргийн материал танилцуулсан тухай баримт авагдсан байх тул түүнд хэргийн материал танилцуулаагүй гэж үзэх боломжгүй. Түүнчлэн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны товыг анхан шатны шүүхээс 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчийн төлөөлөгчид утсаар мэдэгджээ. /хх.44/ Иймд анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд хариуцагч Х ХХК-аас нэхэмжлэгч Н ХХК-д 30 000 000 төгрөгийг гаргуулж олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/01842 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 30 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 286 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 359 382 гэснийг 307 950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талын төлсөн 359 382 төгрөгийг буцааж олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ц.ИЧИНХОРЛОО