МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Ууганцэцэг, шүүгч Б.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Шарга овогт Пүрэвсүрэнгийн Магсар,
Хариуцагч: Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хурлын дарга нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойших цалин хөлсийг олгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Магсар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргал, хариуцагч Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Батмагнай, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ганзул, иргэдийн төлөөлөгч А.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
- Нэхэмжлэгч П.Магсар нь Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын даргад холбогдуулан “Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойших хугацаанд авах байсан цалин хөлстэй тэнцэх нөхөх олговрыг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
- Баян-Агт сумын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай “ИТХурлын даргыг чөлөөлөн, сонгох тухай” тогтоолоор П.Магсарыг Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас чөлөөлж, Н.Батмагнайг тус хурлын даргаар сонгожээ.
- Нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий акт болох “ИТХурлын даргыг чөлөөлөн, сонгох тухай” 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн байна.
- Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “
4.1. сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны явцад зарим нэг төлөөлөгч улс төржин, хуралдаан хийлгэхгүй нөхцөл байдал үүсгэж, намайг үндэслэлгүйгээр хурлын даргын албан тушаалаас чөлөөлсөн,
4.2. намайг хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай тогтоолыг миний бие 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанд оролцож, хурлын даргаас гардаж авсан ба уг тогтоолыг нөхөн гаргасан байсан,
4.3. намайг тухайн албан тушаалаас чөлөөлөхдөө хуульд заасан хугацааны өмнө төлөөлөгч нарт урьдчилан танилцуулаагүй, Зөвлөлөөр хэлэлцээгүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэж, тогтоол гаргасан нь хууль болон миний эрх, ашиг сонирхолыг зөрчсөн” гэж тодорхойлсон.
- Хариуцагч Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Батмагнай дараах хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд: “
5.1. “Нэхэмжлэгч П.Магсарын гаргасан нэхэмжлэлийг төлөөлөгч нарт танилцуулсан ба П.Магсар төлөөлөгчтэй ярих гэсэн боловч утсаа авсангүй.. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс П.Магсар төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлтэй санал нийлэхгүй болно. Мөн нэхэмжлэл гаргасан П.Магсар төлөөлөгчтэй уулзаж ярилцахад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар нээлттэй байгаа” гэж,
- Хариуцагч Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж тус хурлын дарга Н.Батмагнай дараах хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:”
6.1. нэхэмжлэгч нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг удирдан зохион байгуулж чадаагүй ба анхдугаар хуралдааныг хаахгүй орхисон,
6.2. энэ байдлаас үүдэж Хурлын даргыг солих, чөлөөлөх асуудал төлөөлөгч нарын дунд үүсэж, 2024 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудалд “Бүтэц, зохион байгуулалтын асуудал” гэж оруулан хэлэлцэхээр болж, төлөөлөгчдийн олонхийн саналаар уг асуудлыг 30-ны өдөр хэлэлцсэн,
6.3. ингээд нийт хуралдаанд оролцсон төлөөлөгчийн олонхийн саналаар Хурлын даргын албан тушаалаас П.Магсарыг огцруулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй” гэжээ.
Шүүх хуралдаанд:
- Нэхэмжлэгч П.Магсар тайлбартаа: “...Миний нэхэмжлэлийн шаардлага бол 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Хоёр тогтоолтой болчхоод байгаа. Нөгөөдөх нь бас 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоол гарсан байсан. Энэ хурал дээр 05 дугаартай тогтоолыг уншиж танилцуулаагүй. Би тэр тогтоолыг яаж олж авсан юм бэ? гэхээр шинэ жилийн дараа 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр болоод Тамгын газар дээр очоод хурлын нарийн бичгээс нь тогтоолоо асуутал тогтоол гараагүй, нэг төсөл боловсруулна даа. Гарахаар нь танд танилцуулъя гэж хэлсэн. 2025 оны 01 дүгээр сарын 29-ний хурал дээр тогтоолоо авъя гээд асуутал ийм тогтоол байгаа юм гээд надад гаргаж өгсөн. Уг тогтоол дээр зөвхөн миний нэр л байгаа болохоос биш, Магсар хурлын дарга ийм ийм хууль зөрчлөө, ийм ийм ашиг сонирхлын зөрчил гаргалаа, ийм ийм ажлыг буруу хийлээ гэх зүйл огт байхгүй байгаагүй. Уг тогтоол бичигдэхгүй байж байгаад 1 сарын сүүл болоод санхүү төрийн сангийн гүйлгээ хийх болоход гарын үсэг хэрэгтэй болсон. Тэгээд Н.Батмагнай нь уг тогтоолын төсөл боловсруулж болсон болоогүй хууль бус тогтоол гаргасан байсан. Уг тогтоолд Амарсанаа гэх хамгийн өндөр настай иргэдийн төлөөлөгчөөр гарын үсэг зуруулсан байсан. Амарсанаа нь уг тогтоолд гарын үсэг зурахгүй, хууль ном харж байж болъё гэхэд өө та энэ тогтоолд зурахгүй бол болохгүй болчхоод байна гэж ятгаж байгаад гарын үсэг зуруулсан байсан. Сүүлд дахиад 05 дугаартай тогтоол гаргасан гэсэн ба шинээр хурлын дарга болсон Н.Батмагнай нь Оюун-Эрдэнэтэй утсаар яриад ийм тогтоол гарах ёстой байсан. Энэ тогтоолоо яаралтай гарга гэж загнасан гэсэн. Тэр үед Оюун-Эрдэнэ нь ажлаасаа гараад явчихсан байсан. Сүүлд Улаанбаатар хотод явж байхдаа машиныхаа урд талын хайрцгаас хоёр дахь 05 дугаартай тогтоолыг олдсон гэж яриад байгаа. Миний бодлоор бол нөхөж гаргасан гэж харж байгаа. Уг тогтоолыг бас л хурлын даргын жолооч гэх хүн Амарсанаа дээр аваачиж гарын үсэг зуруулсан байсан. Тэгэхэд бас л гарын үсэг зурахгүй гэж хэлсэн ба гуйж гуйж гарын үсэг зуруулсан гэсэн. Амарсанаа нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө айж сандраад хэзээ хаана зуруулснаа санахгүй байна гэж мэдүүлсэн байсан. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж хуульчилсан байхад намайг огцруулах асуудлыг болон бүтцийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ гэх санал, хуваарийг надад огт танилцуулаагүй. Миний өрөөний хаалганы доогуур нэг цаас шургуулж орхиод явчихсан байсан. Ингээд П.Магсар намайг Булган аймгийн Баян-Агт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 40,106,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна” гэв.
- Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргал тайлбартаа: “Баян-Агт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 05 дугаартай тогтоолоор П.Магсарыг суудлаас нь буулгахдаа хуульд заасан үйл ажиллагааг явуулаагүй байна. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж, мөн хуулийн 47.2-д “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус хуульчилсан байгаа. Өөрөөр хэлбэл аливаа асуудлыг хэлэлцэхийн тулд ажлын хоёр өдрийн өмнө хурлын төлөөлөгчид хэлэлцэх асуудлын талаарх санал, тооцоо, судалгаа, лавлагааг тарааж өгнө, урьдчилан мэдэгдээгүй, гэнэтийн байдлаар асуудал дэвшүүлж хэн нэгэн этгээдийн эрх ашгийг зөрчихгүй гэсэн хуулийн агуулга юм. Хариуцагч Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Батмагнай нь Магсар гэх хүнийг хурлын даргаас огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх асуудалд оруулаагүй, ерөнхийдөө бүтцийн өөрчлөлт гэдэг асуудлыг л оруулсан байгаа. Бүтцийн асуудал гэдэг бол аливаа нам эвслийн асуудал байж болно, бүлэг байгуулах асуудал байж болно, эсхүл Засаг дарга ч байж болно, хурлын дарга ч байж болно гэдгийг 29-ний өдөр тайлбарлаж хэлээд 30-ны өдөр хэлэлцэх асуудалдаа оруулах талаар санал гаргаж төлөөлөгч нарт тайлбарлаж хэлсэн нь хурлын тэмдэглэлд авагдсан байна. Хуулийн процессын үйл ажиллагааг зөрчиж Магсарыг даргын суудлаас огцруулсан байна. Мөн тухайн иргэдийн хурлын төлөөлөгч нарт хурлын даргыг огцруулах асуудлыг хэлээгүй байна. Мөн хурлын даргыг яагаад огцруулж чөлөөлөх болсноо тайлбарлаж чадаагүй. Хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан баримтад Засаг даргаар Бямбажавыг сонгох асуудлыг олонх дэмжээгүй учир ээлжит бус хуралдааныг хуралдуулъя гэж төлөөлөгч нар хурлын даргад хүсэлт гаргасан байдаг. Энэ талаар хариуцагчийн хариу тайлбарт дурдагдсанаар энэ хурлыг зарлаж явуулаагүй учраас түүнийг чөлөөлөх саналыг оруулах болсон гэдэг. Мөн түүнчлэн 9 дэх удаагийн хуралдаанаар Магсарыг чөлөөлж, түүний дараа Н.Батмагнайг хурлын даргаар томилох асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Энэ хуралд нийтдээ 18 хүн оролцсон байдаг. Гэтэл Магсарыг хурлын даргын албан үүргээс чөлөөлөх эсэх асуудалд 19 төлөөлөгч санал өгч оролцсон байдаг. Гэтэл энэ үед тооллогын комиссын тогтоол гараагүй. Хурлын дэг журамд зааснаар ирцэнд бүртгэгдээгүй хүнийг тухайн хурлыг тасалсанд тооцно хэмээн заасан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлд хавсаргасан 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулъя гэдэг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас дахин 05 дугаартай өөр тогтоол гаргаж ирэн үүнийг Оюун-Эрдэнэ аваад дарчихсан байна гээд гаргаж ирсэн. Эхний 05 дугаартай тогтоол нь Магсарыг хурлын даргын албан үүргээс чөлөөлж, дараагийн тогтоол нь Н.Батмагнайг хурлын даргаар томилсон байдаг. 05 дугаартай тогтоол нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар бичгээр гаргах захиргааны эрх зүйн актын шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгч П.Магсарыг чөлөөлсөн тогтоол нь захиргааны актын бодит нөхцөл байдал буюу хууль зүйн үндэслэлийг тусгаагүй хууль бус акт байгаа юм. Мөн гомдол гаргах эрхээр нь хангаагүй байгаа. Иймд 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны 11 сарын цалин нийт 40,106,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
- Хариуцагч Н.Батмагнай тайлбартаа: “...Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа явуулах үндсэн зарчим нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал байдаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хурлын дарга, төлөөлөгч, нарийн бичгийн дарга, хурлын ажлын алба, зөвлөл, хороод гэсэн бүрэлдэхүүнээр ажилладаг. Хуралд хэлэлцэх асуудлыг зөвлөлийн хурал болохоос хоёр хоногийн өмнө Засаг дарга, хурлын төлөөлөгч өргөн барина гэж, шаардлагатай тохиолдолд хэлэлцэх асуудалтай хамааралтай тооцоо, судалгаа, баримтыг авна гэж тус тус Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажиллах журам дээр заасан байгаа. 19-ний өдрийн хурал дээр хэлэлцэх асуудал оруулах гэсэн чинь зөвлөл нь төлөөлөгч нартаа хурлын тов мэдэгдээгүй байсан. Ганцхан Батмагнай гэдэг хүн тэнд орилоод хүн амьтан дарамтлаад байсан юм шиг нөхцөл байдал шүүх дээр харагдаад байна. Хурлаас өмнө хэлэлцэх асуудал оруулах боломж байгаагүй учир хурал дээр ороод саналаа хэлье гэж бодоод орсон. Тэгээд хурал дээр ороод бүлгийн асуудал, бүтэц зохион байгуулалтын асуудал зэргийг хэлэлцье гээд санал гаргаад оруулсан байгаа. 19-ний өдөр болсон хурлаар манай бүлгийн 11 төлөөлөгч түр завсарлага авч гадаа гарч ярилцаж байгаад эргэж орж ирээд дараагийн хурлаар бүтэц зохион байгуулалтын талаар хэлэлцэх санал, хүсэлтээ илэрхийлээд явсан байгаа. Дараагийн хурал нь 22-ны өдөр хуралдсан байдаг. Зөвлөлийг хурлын дарга удирдаж даргална гээд заагаад өгчихсөн. Тухайн үед бүтэц зохион байгуулалтын асуудал гэж юу юм бэ?, ойлгомжгүй байсан юм бол манай намын бүлгээс асууж, лавлах, эсхүл ийм тоо, тооцоолол гаргаад ир гэж хэлэх бүрэн боломжтой байсан. Зөвлөлийг даргалж байгаа хүний хувьд асуух бүрэн боломжтой байсан. Яагаад асууж лавлахгүйгээр бүрэн батлаад явчихсан юм бэ?. Тухайн үед Магсар даргад энэ тогтоолыг гардуулж өгөхөд нэлээдгүй уур бухимдалтай ирсэн. Нарийн бичиг Оюун-Эрдэнэ ажлаасаа гарахаасаа өмнө бүх бичиг баримт болон гаргах ёстой эрх зүйн актуудаа гаргаж эмхэлж цэгцлээд явсан байсан. Тухайн үед ямар ч тогтоол уншиж танилцуулаагүй гэж яриад байна. Пүрэвсүрэн төлөөлөгч тооллогын комиссоор томилогдоод тухайн үед 19 төлөөлөгчөөс 19 хүн санал өгсөн байдаг. Ингээд төлөөлөгчдийн саналыг тэр дор нь Пүрэвсүрэн тоолж хариуг гаргасан байдаг. Би буруу санаагүй бол нийтдээ 19-с нэг нь санал хураах комисс, үлдсэн 18 төлөөлөгчөөс 14 төлөөлөгч нь Магсар даргыг ажлаас чөлөөлөх тогтоолын төслийг баталж санал өгсөн гэж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэмдэглэлд авагдсан байна. Магсар гэдэг хүнийг чөлөөлөхөд ганцхан Н.Батмагнай гэх хүний санал, санаачилгаар яваад байгаа зүйл байхгүй. П.Магсарыг ямар үндэслэлээр гэх юм бол удирдан зохион байгуулж чадахгүй байна, хурлын төлөөлөгчдөө мэдээ, мэдээллээр хангаж чадахгүй байна, нийт төлөөлөгчдийн 1/3 нь яаралтай хурал зарлах эрхтэй гэж Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан байдаг. Энэ хуульд зааснаар Монгол Ардын намын 11 төлөөлөгч яаралтай албан бичиг өгөхөд уг санал, хүсэлтийг авч хэлэлцээгүй. Дээрээс нь анхны хурлаа хаалгүйгээр тамга, тэмдгээ аваад явчихсан байсан. Энэ бол ёс зүйн алдаатай үйлдэл болоод байгаа юм. Эдгээр зүйлүүдийг ярихад Магсар нь зарим үйл ажиллагааг удирдан зохион байгуулж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрнө гэж хэлсэн. Мөн би бичиг цаас бүрдүүлж ирсэн ба эд нарыг танилцуулах юм бол хоёр цаг гаруй болно гэсэн байдаг. Тэгэхээр өөрийг нь огцруулах гээд байгаа асуудлыг мэдэж байсан гэж харагдаж байна. Хэрвээ үнэхээр л мэдэхгүй байсан юм бол тухайн үед хурлын дарга байсан хүн яг ямар асуудал юм бэ? гэж тодруулж асуугаад явчих бүрэн боломжтой байсан. Шүүх дээр ирж мэдүүлэг өгсөн хоёр гэрчийн хувьд надад дарамтлуулаад байдаг ч хүн биш юм” гэв.
- Хариуцагчийн өмгөөлөгч С.Ганзул тайлбартаа: “Баян-Агт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь хариуцагч болох боломжгүй этгээд байгаа юм. Учир нь нэхэмжлэгч П.Магсарыг суудлаас нь огцруулдаг хурал хийх үед П.Батмагнай нь иргэдийн төлөөлөгч байсан бөгөөд төлөөлөгчийнхөө бүрэн эрхийнхээ хүрээнд санал гаргаж, саналаа дэмжсэн ийм л асуудал байдаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хуралдааныг явуулж нэхэмжлэгч П.Магсарыг албан тушаалаас нь чөлөөлсөн нь үндэслэл бүхий болжээ. Зөвлөл нь ямар үүрэгтэй вэ? гэдгийг тодруулах нь энэ нэхэмжлэлийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болохыг харуулна. 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хоёрдугаар хуралдааны үйл баримтаас ярьж болохгүй. Учир нь энэ хурал болохоос өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зөвлөл хуралдаад 19-ний өдрийн хурал дээр хэлэлцэх асуудлын жагсаалт гаргаж товыг баталсан байдаг. Зөвлөл хуралдахдаа иргэдийн төлөөлөгч нарт зөвлөл хуралдаж байгаа шүү, хэлэлцэх асуудлынхаа товыг ирүүлээрэй гэдэг боломжийг олгоогүй тухай яригдана. Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн гаргаж өгсөн чат мессенжерээс харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 19 цаг өнгөрсний дараа зөвлөл хуралдана гэсэн өгүүлбэрийг чатад оруулсан байсан. Тэгэнгүүт иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаан дээр дараагийн хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт гаргасныг оруулж баталсан байдаг. Энэ дээр талууд маргахгүй байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийг огцруулах эсэх асуудлыг зөвхөн хоёрдугаар хуралдаан дээр хэлэлцээд хууль зөрчөөд явсан асуудал биш. Үүнийг шүүх бүрэлдэхүүн ялгаж салгаж хэрэгт авагдсан баримтуудтай уялдуулан хараасай гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хуралдаад хэлэлцэх асуудалд оруулъя гээд баталсан. Зөвлөл нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлд зааснаас гадна Монгол Улсын Их хурлаас баталсан зөвлөл ажиллах журамд заасан бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэдэг. Гэтэл 22-ны өдөр хуралдахдаа ажлын хоёр өдрийн өмнө товыг мэдэгдэж хэлэлцэх асуудалтай холбоотой тооцоо, судалгаа, материалыг тараана гэх байдлаар хандаагүй, шууд товоо гаргаж 30-ны өдөр маргаан бүхий актыг гаргасан асуудал байгаа юм. Тэгэхээр Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг тухайн үед хурлыг удирдаж байсан нэхэмжлэгч П.Магсар нь саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагааг авах үүрэг бүхий этгээд байжээ. Хэргийн үйл баримтын талаар дутуу дулимаг мэдээлэл буюу өөрт ашигтай мэдээллийг нэхэмжлэгч тал түүж яриад байна. Энэ саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагааг аваагүйгээс хурлын процесс хууль зөрчиж явагдсан байна гэж тайлбарлаж ойлгох нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналыг шүүхэд гаргаж байна” гэв.
- Иргэдийн төлөөлөгч А.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хариуцагчийн хариу тайлбар үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна ” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
- Нэхэмжлэгч П.Магсар нь Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын даргад холбогдуулан “Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойших хугацаанд авах байсан цалин хөлстэй тэнцэх нөхөх олговрыг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
- Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөн, сонгох тухай” 05 дугаартай тогтоолыг гаргажээ.
- Нэхэмжлэгч талаас “маргаан бүхий 05 дугаартай тогтоол нь Зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хуралдаанд оруулах, хэлэлцэх асуудлын талаар төлөөлөгч нарт урьдчилан мэдэгдэх, шаардлагатай санал, тооцоо судалгааг гаргаж, танилцуулах хуулийн шаардлагыг биелүүлээгүй гарсан” гэж, хариуцагч талаас “хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж, төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэсэн, Зөвлөл нь хуралдах гэж байгаа талаараа төлөөлөгч нарт мэдэгдээгүй нь холбогдох санал, тооцоо судалгааг өгөх боломжоор хангаагүй” гэж маргасан.
- Маргааны үйл баримтын талаар:
- Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 1 дүгээр хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч П.Магсар нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон. /хэргийн 1 дүгээр хавтас, 215 дугаар тал/
- Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай захирамжаар сумын ИТХурлын ес дэх удаагийн сонгуулийн 3 дугаар хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 29, 30-ны өдрүүдийн 09-18 цагийн хооронд танхимаар ЗДТГазрын хурлын зааланд хуралдуулахаар шийдвэрлэж, уг хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг хавсралтаар баталжээ. /хэргийн 1 дүгээр хавтас, 22, 115 дугаар талууд/
- Захирамжийн 1 дүгээр хавсралтаар “Баян-Агт сум байгуулагдсаны 100 жилийн ойн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний талаар”, “Баян-Агт сумын логонд өөрчлөлт оруулах тухай”, “Бүтцэд өөрчлөлт оруулах тухай”, 2 дугаар хавсралтаар “2025-2028 онд хэрэгжүүлэх сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, “2025 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай”, “2025 онд ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалт батлах тухай”, “Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн орлого, зарлагыг батлах тухай”, “Зарим татвар хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай”, “2025 онд ойгоос бэлтгэх модны хэмжээ, хуваарь батлах тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. /хэргийн 1 дүгээр хавтас, 23, 24, 116, 117 дугаар талууд/
- Дээрх хэлэлцэх асуудлын “Бүтцэд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг 2024 оны 12 дугаар сарын 29-ны өдөр хэлэлцэхээр баталсан боловч хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн дийлэнх олонхын саналаар мөн сарын 30-ны өдөр хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас, 26, 76 дугаар тал/
- Ийнхүү “Бүтцэд өөрчлөлт оруулах тухай” гэх хэлэлцэх асуудлын хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь огцруулах тухай санал гарснаар уг асуудлыг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцэж, хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчийн олонхын саналаар маргаан бүхий 05 дугаартай тогтоолыг гаргаж, тогтоолд “Хурал даргалагч Л.Амарсанаа” гэж гарын үсэг зуржээ. /хэргийн 1 дүгээр хавтас, 4 дүгээр тал/
- Харин маргаан бүхий 05 дугаартай тогтоол нь хоёр өөр хувилбараар гарч, тус бүрийг төлөөлөгч Л.Амарсанаа гарын үсэг зурж баталгаажуулснаар хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл тус 05 дугаартай тогтоол нь дараах хоёр өөр хувилбараар баталгаажсан байна.
- Нэгдүгээр хувилбар нь “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.3, 78 дугаар зүйлийн 78.1, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 82 дугаар тогтоолын хавсралт, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIX хуралдааны XIX/08 тоот тогтоолын 10 дахь заалтыг тус тус үндэслэн” гээд “1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан П.Магсарыг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Батмагнайг сумын ИТХ-ын даргаар сонгосугай. 2...” гэх хоёр асуудлыг шийдвэрлэсэн хоёр заалттай, /хэргийн 1 дүгээр хавтас, 102 дугаар тал/
- Хоёр дахь хувилбарыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 35.1.2, 48.1, 48.2 дахь заалтыг тус тус үндэслэн” гээд “1. Сумын ИТХ-ын дарга П.Магсарыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэх нэг асуудлыг шийдвэрлэсэн нэг заалттайгаар бичгийн хэлбэрээр гаргажээ. /хэргийн 1 дүгээр хавтас, 236 дугаар тал/
-
- Дээрх хоёр тогтоолд “Хурал даргалагч Л.Амарсанаа” гэж гарын үсэг зурж, баталгаажуулсан байх боловч 2024 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн болон 30 өдрийн хуралдааныг Хурлын дарга П.Магсар нээсэн талаар тэмдэглэл /хэргийн 75, 81 дүгээр талууд/-д тусгагдсан ба хуралдааны явцад хуралдаан даргалагчийг сольсон, төлөөлөгч Л.Амарсанаагаар хуралдааныг удирдуулах нөхцөл байдал үүссэн талаар хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй, харин хурлын даргыг огцруулах эсэх санал хураалтын дүнд чөлөөлөх шийдвэр гарсны дараа буюу хуралдаан даргалагчийг чөлөөлсний улмаас төлөөлөгч Л.Амарсанаа хуралдааныг удирдсан тухай тэмдэглэлд тусгагджээ. /хэргийн 1 дүгээр хавтас, 100 дугаар тал/
- Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий 05 дугаартай тогтоол /нэгдүгээр хувилбар/ -ыг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаан үүсгэсэн.
- Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн болон эд мөрийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
- Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан “нутгийн өөрөө удирдах байгууллага” бөгөөд иргэдийг төлөөлж, сонгогдсон төлөөлөгчдийн оролцоотой үйл ажиллагаа нь явагддаг захиргааны байгууллага юм. Өөрөөр хэлбэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аль нэг захиргааны байгууллага, албан тушаалтнаас томилогддоггүй, сонгуулийн дүнд бий болсон байгууллага юм.
- Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллагыг захиргааны байгууллага гэж ойлгоно” гэж заасанчлан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдол, нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд шууд гаргах зохицуулалттай байна.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага ... байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэжээ.
- Дээрх хуулийн зохицуулалтуудаас харахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрт гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 30 хоног байх ба нэхэмжлэгч нь маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хурлын дарга /Н.Батмагнай/ -с гардаж авсан талаар нэхэмжлэлд дурдаж, хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн маргааныг хянан шийдвэрлэсэн болно.
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлд “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрх”-ийг хуульчилж, 52.1.10-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь тухайн хурлыг дотоод, гадаадад төлөөлөх бүрэн эрхтэй” гэж заасны дагуу Н.Батмагнай нь Баян-Агт сумын ИТХурлын даргын албан үүргийг гүйцэтгэж байгаа этгээдийн хувьд тухайн хурлыг төлөөлөх бүрэн эрхийг хуулиар олгосон тул Хуралд холбогдох хэрэгт хариуцагчаар оролцох, Хурлыг төлөөлж шүүхэд ирэх үүрэгтэй ба түүний “иргэн Н.Батмагнай намайг хариуцагчаар татсан нь буруу, намайг иргэний минь тухайд энд хариуцагч болгочхоод байгаа” гэх тайлбар үндэслэлгүй.
- Нэхэмжлэлийн “Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
- Маргаан бүхий Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 /Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно/-д заасан захиргааны актын шинжийг агуулсан захиргааны шийдвэр байна.
- Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах…орон тооны дараах албан тушаал хамаарна”, 11.1.12-т “Хуульд заасан бусад албан тушаал”, 11.2-т “…сум…-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга…-ийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно” гэж заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь төрийн улс төрийн албан тушаалтан байна.
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхийг Иргэдийн төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлнэ”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 46.7-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын …төлөөлөгч… асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн… олонхын саналаар батална”, 48.2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын …даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж тус тус заасан.
- Хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 болон 46.7 дахь хэсгүүдэд зааснаар Баян-Агт сумын ИТХ-ын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь “Хуралдаан” байх ба тус Хурлын хуралдаанд нийт төлөөлөгчдийн олонх нь хүрэлцэн ирснээр тухайн хуралдааныг хүчинтэйд тооцох учиртай.
- Баян-Агт сумын ИТХ нь 21 төлөөлөгчтэй бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Хуралдааны ирцэд 14 төлөөлөгчийг бүртгэсэн хэдий ч “Бүтцийн асуудал” гэх асуудлыг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцэх асуудалд оруулах эсэх талаарх санал хураалтад 18 төлөөлөгч оролцон 17 төлөөлөгчийн саналаар дэмжиж шийдвэрлэсэн, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанд 18 төлөөлөгч ирсэн бүртгэлтэй хэдий ч “Бүтэц зохион байгуулалт” гэх асуудлыг хэлэлцээд ИТХ-ын даргыг “Чөлөөлнө”, “Чөлөөлөхгүй” гэх сонголт бүхий нууц санал хураалт явуулахад Галбадрах, Цогтсайхан гэх төлөөлөгчдөөс бусад 19 төлөөлөгч оролцон “Чөлөөлөх” саналыг 10, “Чөлөөлөхгүй” саналыг 9 төлөөлөгч өгч, санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн олонх буюу 52.6%-ийн саналаар П.Магсарыг “Баян-Агт сумын ИТХ-ын дарга”-ын албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан болох нь хариуцагчийн 2024 оны 12 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд хийсэн гуравдугаар хуралдааны тэмдэглэл болон оролцогчдын тайлбараар нотлогдов.
- Нэхэмжлэгч талаас “тус хуралдаанд “Бүтцийн асуудал” хэлэлцүүлнэ гэсэн санал гаргаснаас бус намайг ИТХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцүүлэх санал гаргаагүй. Уг асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхдээ хуульд заасан “саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн” гэж, хариуцагч талаас “бүтцийн асуудал гэдэгт сумын ИТХурлын дарга, Засаг дарга, Хурлын Зөвлөл, хороодын асуудал багтана. Тийм учраас Хурлын даргын асуудлыг хэлэлцсэн, Зөвлөл хуралдах гэж байгаа талаараа төлөөлөгчдөд огт мэдэгдээгүй тул хуульд заасан санал, тооцоолол баримтаа гаргаж өгөх боломж байгаагүй” гэж мэтгэлцэв.
- Хариуцагч Н.Батмагнай нь төлөөлөгчийнхөө тухайд П.Магсарыг ИТХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөх саналыг тус Хурлын анхдугаар хуралдаан болон ээлжит гуравдугаар хуралдаануудад гаргаж байсан болох нь тэдгээр Хуралдаануудын тэмдэглэлүүдэд тусгагджээ.
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь ..хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах эрх, үүрэгтэй байна” гэж заасан бөгөөд 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 дахь хэсэгт зааснаар Хурлын төлөөлөгч нь Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах эрхээ хэрэгжүүлэхдээ тухайн асуудалд холбогдох баримтыг гаргаж өгөх, ИТХурал уг баримтуудыг Хуралдаан болохоос ажлын 2 хоногийн өмнө нийт төлөөлөгч нарт өгч танилцах боломжийг олгох учиртай.
- Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, ...ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий ...Зөвлөл байгуулна. Зөвлөлийг Хурлын дарга тэргүүлнэ”, 51.3-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурал батална” гэж заасан.
- Зөвлөлийн “...хуралдааны бэлтгэл хангах” үүрэг нь дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан “...саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын 2 өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах...” үйл ажиллагаагаар хэрэгжих бөгөөд Зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурал батлахаар хуульчилсан ба хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргаж буй этгээдээс саналд холбогдох тооцоо, судалгаагаа гарган саналын хамт хүргүүлэх нь зүйтэй.
- Монгол Улсын Их Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан “ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ”-ын 4.1.3-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан эрх бүхий этгээдээс санаачилсан асуудлыг Зөвлөлийн хурлаар урьдчилан хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд энэ журмын 4.1.4-т заасан арга хэмжээг авах”, 4.1.4-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Зөвлөлд ирүүлсэн материалыг хянаж, шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдээс тооцоо, судалгаа, лавлагаа, мэдээллийг гаргуулж авах” гэж журамлажээ.
- Хариуцагчаас “Зөвлөл төлөөлөгч нарт мэдэгдэхгүйгээр хуралдаж, шийдвэрлэсэн асуудлын талаарх мэдээллээ групп чатанд оруулдаг нь чатад нийтэлсэн мэдээллээр нотлогдоно, надад Зөвлөлийн хуралдааны товыг мэдэгдээгүйгээс би саналд холбогдох судалгаа бусад материалаа хүргүүлж чадаагүй” гэж марган шүүх хуралдааны явцад өөрийн групп чатад үзлэг хийлгэсэн ба үзлэгээр Зөвлөлийн шийдвэрлэсэн асуудлын талаар болон нийт төлөөлөгч нарт хүргэх мэдээллийг нийтэлдэг болох нь тогтоогдлоо. Харин Баян-Агт сумын ИТХурлын Зөвлөл нь өөрийн бүрэн эрхийн дагуу хэлэлцэх асуудлын талаар болон тухайн асуудлыг хэзээ хаана хэлэлцэх талаар Зөвлөлийн бус гишүүдэд мэдэгдэх үүрэг хуулиар хүлээгээгүй ба төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлэхээр оруулсан саналыг ИТХурлын хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах эсэх асуудлыг шийдвэрлэх Зөвлөлийн хуралдааны товыг санал гаргасан төлөөлөгч болон Зөвлөлийн гишүүн бус төлөөлөгч нарт мэдэгдэх шаардлагагүй тул хариуцагчийн дээрх тайлбар няцаагдаж байна.
- Баян-Агт сумын ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдааныг зарлах үед нэхэмжлэгч П.Магсар нь Баян-Агт сумын ИТХ-ын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байсныхаа тухайд Зөвлөлийг тэргүүлэх үүргийг гүйцэтгэж байсан, энэхүү хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож буй Н.Батмагнай нь “Хурлын даргыг чөлөөлөх эсэх асуудлыг Хурлаар хэлэлцүүлэх санал”-ыг гаргасан тус Хурлын төлөөлөгч байсан байна.
- Дээрх хууль болон журмын холбогдох зохицуулалтуудад зааснаар Н.Батмагнай болон бусад нэр бүхий төлөөлөгч нар нь П.Магсарыг “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх чадамжгүй” гэдгийг нотлох тооцоо, судалгаа, лавлагаа зэргийг гарган Зөвлөлд өгөх, Зөвлөл тус баримтуудыг Хуралдаанаас гарах шийдвэрийн төсөлтэй хамтатган төлөөлөгч нарт тараан өгөх үүргийг хуралдаан болохоос ажлын 2 хоногийн өмнө гүйцэтгэж дуусгасан байх учиртай.
- Гэтэл төлөөлөгч нараас сумын ИТХурлын даргыг албан тушаалаас нь огцруулах саналыг албан ёсоор гаргаагүй ба “Бүтэц, зохион байгуулалтын талаар” гэж тодорхойлон тодорхойгүй санал хүргүүлж, түүндээ ямар шалтгаан нөхцөлөөр Хурлын даргыг чөлөөлөх болсон үндэслэл, шалтгаанаа заагаагүй байна.
- Дээр дурдагдсан үйл ажиллагаатай холбогдох нотлох баримтыг хэргийн оролцогчдын хэн аль нь шүүхэд ирүүлээгүйгээс гадна шүүх нотлох баримт цуглуулах ажиллагааг гүйцэтгэх явцад ч гарч ирээгүй тул Баян-Агт сумын ИТХ-ын Зөвлөл ажиллах журамд заасан үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэхээр байна. Тодруулбал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг дээрх байдлаар зөрчсөн болох нь тогтоогдож байна.
- Мөн маргаж буй үйл явдал болсон 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас агуулга нь ижил боловч хоёр өөр хувилбараар маргаан бүхий шийдвэр гарсан, уг хоёр шийдвэрийг хоёуланг нь Хурлын хамгийн ахмад настай төлөөлөгч болох Л.Амарсанаа гарын үсэг зуран баталгаажуулах үүргийг гүйцэтгэсэн нь эргэлзээтэй байдлыг үүсгэжээ.
- Маргаан бүхий Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 05 дугаартай /хоёр/ тогтоол нь хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх дэмжиж гаргасан улс төрийн шинжтэй шийдвэр байх ба уг шийдвэрийн үндэслэлийг шүүх хянахгүй ч гэсэн тус Хурал нь өөрөөс гаргаж буй захиргааны актаа эрх зүйн зөрчилгүй, асуудлыг салаа утгагүйгээр нэг мөр шийдвэрлэсэн, нэг хувилбараар гаргах үүргээ биелүүлээгүй, хуульд заасан шаардлага хангаагүй асуудлыг хэлэлцсэн, зөрчилтэй байдлыг үүсгэсэн үйл ажиллагааг явуулсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
- Иймд Булган аймгийн Баян-Агт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай /хоёр/ тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
- Нэхэмжлэлийн “өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойших хугацаанд авах байсан цалин хөлстэй тэнцэх нөхөх олговрыг гаргуулах” шаардлагын тухайд:
- Нэхэмжлэгч нь Баян-Агт сумын ИТХурлын даргын албан тушаалд 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдөр томилогдон ажиллаж байгаад маргаан бүхий 05 дугаартай тогтоолоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, шүүхэд маргаан үүсгэснээр шүүх түүнийг ИТХурлын даргын албан тушаалаас огцруулсан шийдвэрийг “шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж, хуульд заасан ажиллагааг гүйцэтгээгүй, Зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн” үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн.
- Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй” гээд 61.1.2-т “хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, 61.2-т “Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно”, 61.3-т “ Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа энэ хуульд заасны дагуу дуусгавар болно” гэж тус тус заасан.
- Нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан “төрийн улс төрийн алба”-д хамаарах албан тушаал ба дээрх хуулиудад заасны дагуу тухайн албан тушаал нь сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажилладаг төрийн алба бөгөөд уг албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн нь тогтоогдсон тул түүнийг тухайн албан тушаалд нь буюу Баян-Агт сумын ИТХурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.
- Нэгэнт нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоох шаардлага хангагдаж байх тул Н.Батмагнайгийн тус сумын ИТХурлын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох учиртай.
- Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “ Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирол буюу ажилгүй байсан хугацааны олговрыг буруутай байгууллагаас нэхэмжлэх эрхтэй бөгөөд Баян-Агт сумын ИТХурал нь түүний хохирлыг барагдуулах үүрэгтэй.
- Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “ Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу хариуцагч нь маргаан бүхий актыг гаргасан өдрөөс буюу 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нөхөн олгох нь зүйтэй.
- Иймд нэхэмжлэгч П.Магсарын Баян-Агт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын дарга нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин олговрыг түүнийг ИТХурлын даргын албан үүргийг гүйцэтгэж эхлэх хүртэл тооцож олгохыг хариуцагч /Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/-д даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
- Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр зөв” гэх дүгнэлтийг гаргасан боловч захиргааны акт гаргах ажиллагаанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон хуульд нийцүүлэн гаргасан “ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ”-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэлд харгалзаж үзээгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
-
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 52 дугаар зүйлийн 52.1.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Булган аймгийн Баян-Агт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай /хоёр/ тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
- Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр 41.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.2, 61.3, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан П.Магсарыг Булган аймгийн Баян-Агт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрын тооцоог хийж олгохыг Баян-Агт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Магсарт олгосугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.БОЛОРМАА