Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 543

 

С.Од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогчийн өмгөөлөгч О.Цэвэлмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 428 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 733 дугаар магадлалтай, С.Од холбогдох 1903001760158 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт С.О нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Оыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж,

шүүгдэгч С.О нь 1.023.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, хохирогч Ч.Мгийн нэхэмжлэлээс 491.396 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 6.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ч.М нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Оын өмгөөлөгч М.Хувцагааны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нар хамтран гаргасан гомдолдоо: “Би гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Хохирогчид яаралтай тусламж үзүүлж, эмчилгээний бүх зардлыг нь бүрэн төлж барагдуулсан болно. Хохирогч Ч.М бид хоёр хоёулаа Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс болж уг осол гарсан юм. Би гэм буруугаа анхнаасаа бүрэн ойлгож, хэргээ шударгаар хүлээсэн. Би гэм буруутай учир надад шүүхээс ял оногдуулах нь зүйн хэрэг. Би түүнийг нь бүрэн ойлгож байна.

Би 2002 оны 5 дугаар сарын 16-нд төрсөн охин Т.А /РД:ЕИ02251619/, 2006 оны 5 дугаар сарын 3-нд төрсөн охин Т.А /РД:УП06250300/, 2015 оны 9 дүгээр сарын 3-нд төрсөн охин Т.А /РД:УО15290328/ гэсэн гурван хүүхдээ гэртээ асарч, гэр хороололд амьдардаг. Гурван хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, авдаг ажилтай учраас би ажил хөдөлмөр эрхлэж чаддаггүй юм. Нөхөр Ц.Г маань бид хэдийг ажил хийж тэжээдэг билээ.

Иймд уг хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдал, миний хувийн байдал, ар гэрийн минь ахуй амьдрал, насанд хүрээгүй цаг, минут тутамд анхаарал халамж тавьж байх шаардлагатай бага насны хүүхдүүдийн минь амьдрал ахуйг харгалзан надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөн торгуулийн ял болгон өгөхийг хүсье. Би дахин хэзээ ч машин жолоодохгүй. Би уг ослоос болж маш их айсан, айдас минь одоо хүртэл арилаагүй, нойргүй болж зүрх өвддөг болсон билээ. Хохирогчоосоо дахин дахин уучлалт гуйж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан хэлсэн саналдаа: “Шүүгдэгч С.О нь Замын хөдөлгөөний дүрмийн хоёр заалтыг зөрчиж, авто ослын хэрэг үйлдэж улмаар иргэн Ч.Мгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Осол болох үед шүүгдэгч С.О өөрийн хүүхдээ сургуулиас нь аваад явж байсан, хохирогч Ч.М хориглосон улаан гэрлээр замын хөдөлгөөнд оролцсон. Үүнийг хохирогчийг буруутгасан агуулгаар хэлээгүй. С.Оын хувьд яллах дүгнэлтэд бичигдсэнээр бага насны гурван хүүхэдтэй, ам бүл тавуулаа амьдардаг. Мөн шийтгэх тогтоолд нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг гэсэн баримтууд авагдсан. Шийтгэх тогтоол нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх ёстой гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан Засаг даргын тодорхойлолтод бага насны гурван хүүхэдтэй талаар дурдсан. Шүүгдэгч нь давж заалдах гомдолдоо гурван хүүхдийнхээ төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаарыг тодорхой дурдсан байдаг. Хэрэг үйлдсэн цаг мөчөөс эхлээд хохирогч Ч.Мд яаралтай тусламж дуудаж үзүүлж, шаардлагатай эмчилгээний мөнгийг өгсөн бөгөөд учирсан хохирлыг хэний ч шаардлага шахалтгүйгээр төлж барагдуулсан. Хамгийн сүүлд шүүх хуралдааны шатанд 8.000.000 орчим төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсан. Шүүгдэгч жолооч болоод удаагүй байхдаа уг хэргийг үйлдсэн бөгөөд үүнээс хойш маш их цочролд орж нойргүй болсон. Шүүгдэгч бага насны гурван хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх шаардлага гарч байгаа тул хүүхдийн эрх ашгийг бодож ялыг хөнгөрүүлж, торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч О.Цэвэлмаа хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэх оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгийг харгалзан үзсэн. Шүүгдэгч бага насны гурван хүүхэдтэй гэх боловч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин хөлсгүй тул түүнд торгуулийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хяналтын шатанд гаргасан гомдолдоо нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байна. Ял хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Иймд шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Од холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.О нь 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг, Өргөө кино театрын зүүн замд Тоёота Приус-20 загварын 52-34 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 8.18-д заасан буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч Зогс-шугам /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн ... зогсоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Мг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч С.Оыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Харин шүүгдэгч С.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 8.000.000 төгрөг төлж барагдуулсан, бага насны гурван хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих тухай хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 428 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Од оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 733 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                                    ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                                    ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН