Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 785

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.М*******, Б.Б******* нарт  холбогдох 

“Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б*******, Ч.М******* нарын “М*******” ХХК-ийн 2009-2013 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн хяналт шалгалтын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 35******* дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М*******, Г.С, хариуцагч Ч.М*******, Б.Б*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, Ё.М******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татвар төлөгч “М*******” ХХК нь худалдан авалт хийж, импортоор суудлын авто машин оруулж ирсэн. Авто машинтай холбоотой 2.042.000 төгрөгийн НӨАТ-ыг  татварыг гааль дээр төлсөн. Татварыг тайлагнахдаа татвар төлөгч маань импортоор суудлын авто машинд НӨАТ-ыг төлсөн, НӨАТ-ын хасалтыг 100 хувь хасдаг гэж буруу ойлгоод НӨАТ-ын хасалтыг НӨАТ-ын тайланд тавьсан. Үүний улмаас улсад төлөх НӨАТ-ын

хэмжээ багассан. Гэвч нэхэмжлэгч “М*******” ХХК нь НӨАТ-ын төлөлтөөр жил бүр илүү төлөлттэй гарч байсан. Тэгэхээр НӨАТ-ын хасалт хийсний улмаас улсад төлөх мөнгөн дүнгийн хэмжээг багасгаж хохирол учруулсан зүйл байхгүй. Татварын тайланг буруу гаргаснаас НӨАТ-ын илүү төлөлттэй тайлан гаргаад явсан. Түүнээс улсын төсөвт орох орлогыг хугацааны хувьд хойшлуулсан зүйл байхгүй. 

Татварын улсын байцаагч нарын 35******* тоот актын тогтоох хэсгийн нэг дэх хэсгийн 1.2 дахь заалтад дурдсан “М*******” ХХК-ийн захирал Д.У нь компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, ганц гишүүн юм. “М*******” ХХК нь захирал Д.Ут тус үл хөдлөх хөрөнгийг борлуулаагүй. 

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэгт “Ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилах бөгөөд компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ногдол ашгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгийн, эсхүл компанийн болон бусад этгээдийн үнэт цаасны хэлбэрээр төлж болно” гэж заасан байна. Компани нь хувьцаа эзэмшигчид олгосон ногдол ашгийн орлогоос 10 хувийн татвар суутган авч улсын төсөвт төлөх суутгагчийн үүрэгтэй байдаг боловч Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 13.1.3, 13.1.4 дахь хэсэгт заасан орлогод 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан татвар ногдуулна” гэж заасны дагуу ногдол ашгийн орлогод 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан татвар ногдох хуулийн заалт үйлчилж байсан тул 2012 онд иргэн Д.Ут олгосон ногдол ашигт орлогын албан татвар ногдохгүй. Иймд татварын улсын хяналтын байцаагч нарын хариуцлага тооцсон нь хуулийн үндэслэлгүй байна. 

Татварын улсын байцаагчийн 35******* тоот актын тогтоох хэсгийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт дурдсан “М*******” ХХК-ийн захирал Д.У 18.000.000.00 төгрөгийн дансны үнэтэй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 39 тоот, хими цэвэрлэгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2012 оны 5-р сарын 30-ны өдөр өөрийн нэр дээр үнэ төлбөргүй шилжүүлэн авсан гэж төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй юм. Энэ тухайд мөн “М*******” ХХК нь Д.Ут тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаагүй юм. Дээрхийн нэгэн адилаар ногдол ашгийн төлбөрт шилжүүлэн авсан байна. 

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэгт “Ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилах бөгөөд компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ногдол ашгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгийн, эсхүл компанийн болон бусад этгээдийн үнэт цаасны хэлбэрээр төлж болно” гэж заасан байна. Компани нь хувьцаа эзэмшигчид олгосон ногдол ашгийн орлогоос 10 хувийн татвар суутган авч улсын төсөвт төлөх суутгагчийн үүрэгтэй байдаг боловч Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 13.1.3, 13.1.4 дахь хэсэгт заасан орлогод 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан татвар ногдуулна” гэж заасны дагуу ногдол ашгийн орлогод 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан татвар ногдох хуулийн заалт үйлчилж байсан тул 2012 онд иргэн Д.Ут олгосон ногдол ашигт орлогын албан татвар ногдохгүй.

Иргэн Д.У ногдол ашигт авсан хөрөнгөө 1.180.800.000.00 төгрөгөөр худалдан борлуулсан нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хувь хүний татварын ногдолтын асуудал болохоос биш аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа биш юм. Татварын хяналтын улсын байцаагч нар “М*******” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийг хянан шалгах ажилдаа иргэн Д.Уийн татвар ногдуулалт, төлөлтийн асуудлыг татан авчирч аж ахуйн нэгжийн татварын асуудал руу оруулан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуультай хольж, хутгаж байгаа нь хууль журмыг илт зөрчиж, татвар төлөгч өөр өөр субъектүүдын эр ашгийг хөндөж байна. Хэдийгээр хоёр субьект нь харилцан хамаарал бүхий этгээд мөн боловч албан татварын ногдолтын хувьд тусдаа субьектүүд юм. 

Компанийн хувь эзэмшлээс хувьцаа эзэмшигч рүү хоёр үл хөдлөх хөрөнгө шилжсэн байхад татварын улсын хяналтын байцаагч нар нэг үл хөдлөх хөрөнгөнд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын албан татвар 1.012.800.00 төгрөгийн татвар нөхөн ногдуулаад, харин нөгөө үл хөдлөх хөрөнгөнд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татвар огт ногдуулаагүй байгаа нь хуулийг буруу хэрэглэж, өөрийн үзэмжээр татвар төлөгчид хариуцлага тооцон акт үйлдэж байгаа нь харагдаж байна. Компанийн эзэмшлээс хувьцаа эзэмшигч рүү ижил нөхцөлөөр хоёр үл хөдлөх хөрөнгө шилжсэн байтал татварын хяналтын улсын байцаагч нар хоёр өөр аргачлал, хоёр өөр өртөг хэрэглэн татвар, торгууль, алданги ногдуулж байгаа нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудыг зөрчиж байна. 

Татварын улсын байцаагчид актдаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсэгт “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй” гэж заасныг зөрчсөн гэжээ. “М*******” ХХК нь дээрх хоёр үл хөдлөх хөрөнгүүдийг хувьцаа эзэмшигч Д.Уийн ногдол ашгийн төлбөрт олгосон тул хэн нэгэн бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн гэдгээ биш хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийн төлбөрт шилсэн хөрөнгө гэдгийг дахин дурдаж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт “Дараахь үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө” гээд 13.6.7 дахь заалтад “...ногдол ашиг...” гэж заасны дагуу ногдол ашгийн орлого нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх юм. 

“М*******” ХХК-ийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт “Компанийн хувьцаа эзэмшигч буюу ерөнхий захирал өөрөө тодорхой тогтоосон тогтмол цалин авах ба компанийн үйл ажиллагааны цэвэр ашгийг хуульд өөрөөр заагаагүй бол бүрэн захиран зарцуулна” гэж заасны дагуу дээрх хөрөнгүүдийг хувьцаа эзэмшигчид олгосон нь холбогдох хууль, дүрмийн дагуу байна. Татварын улсын байцаагч, татварын албанаас “М*******” ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч Д.У нь өөрөө өөртэйгөө хуралдах хувьцаа эзэмшигчдийн хурлыг товлоогүй, хурлын протокол шийдвэрийг үйлдэлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг Д.Уийн нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлсэн гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн ажлыг гүйцэтгэдэг төрийн захиргааны байгууллага хууль тогтоомжоор шаардсан баримт бичгүүдийг хүлээн авч улсын бүртгэлд хийсэн байхад энэхүү үйлдлийг төрийн өөр байгууллага үгүйсгэж байгааг огт ойлгохгүй байна. 

“М*******” ХХК нь 2009 оны жилийн эцсийн санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 8.964.6 мянган төгрөгийн, 2010 оны жилийн эцсийн санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 7.279.8 мянган төгрөгийн, 2011 оны жилийн эцсийн санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 1.500.0 мянган төгрөгийн, 2012 оны жилийн эцсийн санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 0 төгрөгийн, 2013 оны жилийн эцсийн санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 0 төгрөгийн тус тус борлуулалтын орлоготой байсан. Одоо ч үйл ажиллагаа явуулж чадахгүй байсаар байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт “Жилийн 10.0 сая ба түүнээс доош төгрөгийн борлуулалтын орлоготой үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхлэгчид /импортлогчоос бусад/-ийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө”, 6 дугаар зүйлийн 6.11 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи нэг жилийн хугацаанд тэдгээрийн албан татвар ногдох орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрээгүй нь хуулийн этгээдийн хувьд орлогын албан татварын тайлангаар, иргэний хувьд орлого, татвар тодорхойлох хуудсаар нотлогдсон бөгөөд дараагийн жилүүдэд уг орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрэхгүй нөхцөлд харъяалах татварын алба нь түүнийг албан татвар төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хураан авна” гэж тус тус заасан. Иймд “М*******” ХХК нь 2010 оноос эхлэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш байхаар хуульчилсан байна. Харин Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс хуулийн 6 дугаар зүйлийн 6.11 дэх хэсэгт заасныг баримтлан жилийн 10 сая төгрөгт хүрэхгүй борлуулалтын орлоготой энэ аж ахуйн нэгжийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасах үйл ажиллагааг хийгээгүй байна. Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс хуульд заасан үүрэгт ажлаа цаг хугацаандаа хийлгүй хууль хэрэгжүүлэх үндсэн үүргээ биелүүлээгүй байна. 

Чингэлтэй дүүргийн татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга М.Г******* “М*******” ХХК-ийн 2009-2013 онуудын албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийхээр 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр татварын улсын хяналтын байцаагч Ч.М*******, Б.Б******* нарыг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатайгаар томилсон байна. Татварын улсын байцаагч нар Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд ирүүлсэн тайлбартаа “М*******” ХХК-ийн 2009-2013 онуудын албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 35******* дугаартай томилолтын санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хяналт шалгалт хийсэн” гэжээ. Татварын хяналт шалгалт хийх томилолтын хуудасны 10 дугаар зүйл хэсэгт томилолт сунгасан тухай заасан байна. Томилолт хийх хугацааг 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 45 хоног сунгасан байх бөгөөд сунгасан даргын нэрийг О.Б******* гэсэн байна. Татварын улсын байцаагч нар 10 дугаар сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд томилолтгүй ажиллаж, томилолтын хуудсыг нөхөн бүрдүүлсэн нь тодорхой байна. Учир нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу томилолт сунгах өдөр татварын хяналт шалгалтын тасгийн дарга М.Г******* үүрэгт ажлаа хийсээр байсан атал томилолтын хуудасны 10 дугаарт заасан сунгах хэсэгт ирээдүйд томилогдон ажиллах О.Б*******гийн алдар нэр аль хэдийн тодрон бичигдсэн байх нь тун хачирхалтай. Чингэлтэй дүүргийн хяналт шалгалтын хэлтсийн дарга М.Г******* нь Нийслэлийн Татварын газар руу томилогдох түүний оронд О.Б******* ажиллах болсон нь 2014 оны 12 дугаар сарын эцсээр болсон үйл явдал гэдгийг татвар төлөгч нар андахгүй. Томилолтын хуудсыг үзвэл томилолтын сунгалт хийсэн тухай 10 дугаар заалтыг томилолтын хуудасны хоосон зайд хэвлэгч машин тааруулан гаргасан нь илэрхий. Иймд татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”, 30.1.1 дэх хэсэгт “Татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх”, 30.1.9 дэх хэсэгт “Татварын улсын байцаагчийн эрх олгогдоогүй, эсхүл уг эрх зохих журмын дагуу сунгагдаагүй байхад татварын тайлан хүлээн авах, татвар ногдуулах буюу хяналт шалгалт хийх” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. “М*******” ХХК нь 2009-2013 онд жилдээ 10 сая хүрэхгүй борлуулалтын орлоготой жижиг аж ахуйн нэгж бөгөөд үйл ажиллагааны хүрээ маш бага атал бүхэл бүтэн 55 хоногийн томилолт авч шалгасан хэмээн нэрийдсэн татварын улсын хяналтын тус байцаагч Ч.М*******, Б.Б******* нар аж ахуйн нэгжид дарамт шахалт учруулах гэсэн оролдлого уу, эсвэл өөр учир шалтгаан байсан уу гэдгийг магадлан шалгах хэрэгтэй гэж үзэж байна. 

Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 46 тоот тогтоолын үндэслэх хэсгийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Санхүүгийн татварын тайлангаас харахад “М*******” ХХК нь 2009-2013 онуудад ногдол ашиг олгосныг нотлох бүртгэл мэдээлэл байхгүй байгаагаас гадна хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох тухай компанийн удирдлагын шийдвэр баримт, мэдээлэл байхгүй байна” гэжээ. “М*******” ХХК нь ганц гишүүнтэй компани бөгөөд Д.У нь өөрөө компанийхаа гүйцэтгэх удирдлагын алба хашдаг. Д.У нь компаниасаа өөртөө ногдол ашиг зарлах тухай тушаал шийдвэр бичгээр үйлдээгүй нь онцын шаардлага байхгүй байсантай холбоотой. Харин “М*******” ХХК-аас тус хоёр үл хөдлөх хөрөнгийг Д.У өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг үйлдэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст өгсөн байна. Тус хэлтэс Д.Уийн гаргасан хүсэлтийг үндэслэн хөрөнгүүдийг түүний нэр дээр шилжүүлсэн. Төр захиргааны мэргэжлийн байгууллагаас шалгаад, хуулийн дагуу байна гэж үзээд хөрөнгүүдийг Д.Уийн нэр шилжүүлэх, бүртгэх үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн нь маргаангүй. Хэрвээ “М*******” ХХК нь дор хаяад 2 эзэнтэй байсан бол Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс Д.Уээс хувь эзэмшигчдийн хурлын протокол шийдвэрийг гаргуулан авах байсан нь мэдээж юм. Компанийн хуримтлагдсан ашиг буурах хоёр нөхцөл байна. Компанийн дүрмийн санд өөрчлөлт ороход хуримтлагдсан ашиг буурч өөрчлөгдөнө. Компанийн эздэд ногдол ашиг хуваарилах тохиолдолд эздийн өмч буурч өөрчлөгдөнө. “М*******” ХХК-ийн дүрмийн санд нэгэнт өөрчлөлт ороогүй гэдэг нь Санхүүгийн тайлан, Улсын бүртгэлийн газрын мэдээллээр батлагдаж байгаа тул хуримтлагдсан ашгийн бууралт нь ногдол ашиг байсан. Үүнийг татварын улсын байцаагч нар олж хараагүй, олж харсан ч хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. 

“М*******” ХХК нь хөрөнгийг Д.Ут шилжүүлээд компанийн хуримтлагдсан ашиг руу хаах бичилтийг хийсэн. Ногдол ашгийн орлогод татвар ногдох боловч иргэн Д.Уийг 2012 онд ногдол ашиг авах үед Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу ногдол ашгийн татвар чөлөөлөгдсөн байна. Харин Д.У өөрийн нэр дээр шилжүүлсэн хөрөнгөө өөр компанид худалдах үедээ Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу иргэнийхээ зүгээс орлого, орлогын татвараа үнэн зөв тодорхойлж, 23.616.000.00 төгрөгийг улсын төсөвт төлсөн байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ч.М*******, Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д нар шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М*******” ХХК-ийн 2009-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 35******* тоот томилолтын дагуу татварын улсын байцаагч Б.Б*******, Ч.М******* нар санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хяналт шалгалт хийсэн. 

2010 онд импортоор худалдан авсан суудлын авто машинд төлсөн 20.422.500.00 төгрөгийн үнийн дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан “Дараахь бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14.4.1 дэх хэсэгт “Суудлын автомашин” гэж заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч компани суудлын машины үнийг улсад төлөх татвараасаа хасч тооцсон тайлан ирүүлсэн учраас тэр хэмжээгээр улсын төсөвт төлөх НӨАТ-аас бууруулж байгаа. Иймд дээрх акт тавигдсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн НӨАТ-ын илүү төлөлттэй байсан гэдэг нь хамааралгүй. НӨАТ-ыг тайлагнахдаа хасч тооцсон нь буруу байна гэдэг дээр акт тавигдсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд НӨАТ-аас хасч тооцох зүйлүүдийг зааж өгсөн. Үүнд суудлын авто машин ороогүй. Суудлын авто машин нийт 2.042.000 төгрөгийн НӨАТ ногдсон. Үүнийгээ гааль дээр төлсөн. 2.042.000 төгрөгийн нөхөн татвар, 30 хувийн торгууль ногдуулахыг хүлээн зөвшөөрсөн. Харин алдангийн хэмжээг тооцохдоо “...алдангийн хэмжээ 50 хүртэлх хувь байна” гэсэн хуулийн заалтын дагуу 1.021.000 төгрөгөөр тооцсон. Гэтэл тухайн аж ахуйн нэгж нь жил бүрийн НӨАТ-ын төлөлтөөрөө илүү төлөлттэй буюу авлагатай байсан. Тэгэхээр хариуцлагад алданги ногдуулдаг юм бол илүү төлөлтөд алданги авах ёстой гэж үзэж байна. Учир Татварын ерөнхий газрын даргын 578 дугаар тушаалаар батлагдсан Татварын өрийн үлдэгдэл торгууль, алданги тооцох, ногдуулах журамд НӨАТ-ын тайлангийн илүү, дутуу төлөлтийг сар бүр алданги, торгууль тооцоод байх боломжгүй учраас жилд 1 удаа тооцож байхаар болсон. Жилийн эцсийн тайлангаар илүү төлөлттэй бол алданги тооцож өгнө, дутуу төлөлттэй бол татвар төлөгчөөс алданги тооцож авна гэсэн журам гарсан

“М*******” ХХК нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу-39 тоот өөрийн байранд хими цэвэрлэгээ угаалгын үйлчилгээ үзүүлэх ажил эрхэлж байсан 18.000.000.0 төгрөгийн дансны үнэтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, их тойруу /14814/, 7 дугаар хороолол 20/1 тоот үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй байсан. Шалгалтад хамрагдаж байгаа хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн дахин үнэлгээ хийгдээгүй. 

Татварын хяналт шалгалтаар нийт 1.302.502.600.0 төгрөгийн зөрчил илэрсэн нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт “Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэж заасан болон татварын бусад хуулийн холбогдох заалтуудыг татварын улсын байцаагчийн 35******* тоот актад дурдсан заалтуудыг зөрчсөнийг үндэслэн дараах байдлаар тодорхойлсон байна. 2012 онд “М*******” ХХК-ийн захирал Д.У нь тус компанийн нэр дээр бүртгэлтэй байсан 18.000.000.0 төгрөгийн дансны үнэтэй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу-39 тоот, хими цэвэрлэгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр /гэрчилгээ авсан өдрөөр/ өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 1.180.800.000.0 төгрөгөөр худалдан борлуулахдаа нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төсөвт төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсэгт “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй” гэж заасныг зөрчсөн. 

Компанийн захирал Д.У нь 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар 2 хувийг тооцон 23.616.000.0 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлснийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн худалдан борлуулсан үнийг тодорхойлсон. Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийг ноогдол ашиг хэлбэрээр өөртөө шилжүүлэн авсан гэж ярьдаг. Гэтэл тухайн жил болон өмнөх жилүүдийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг үзэхэд ямар ч ашигтай ажилласан зүйл байдаггүй. Ноогдол ашиг гэдэг нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлээр зохицуулагдсан байгаа. Ноогдол ашиг гэдэг нь тухайн жилийн компанийн ашгаас авч буй хэлбэр юм. Гэтэл бодит байдал дээр “М*******” ХХК нь ашигтай ажилласан зүйл байхгүй. Дээрх 2 объектыг шилжүүлэн авахдаа 18.000.000 төгрөгийн үнэтэй объектыг 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, 50.640.000 төгрөгийн үнэтэй объектыг 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлэн авсан. Гэтэл Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д ноогдол ашиг авах тухай шийдвэр гаргана гэж заасан, 46.5, 46.8 дахь заалтуудаас харахад ноогдол ашиг авахын тулд компаниас шийдвэр гаргах ёстой. Мөн ноогдол ашгийг санхүүгийн жил дуусахад компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна гэж заасан бөгөөд санхүүгийн жил тухайн орны 12 дугаар сараар дуусна. Гэтэл 12 дугаар сар дуусаагүй байхад ноогдол ашиг болгон авсан байна. Мөн ямар нэгэн ноогдол ашиг шилжүүлэх шийдвэрийг удирдлагын зүгээс гаргаагүй, ашиггүй ажиллаж байсан зэргээс үүнийг ноогдол ашиг гэж үзэх ямар ч үндэслэлгүй байна. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.7-д заасан ноогдол ашиг гэсэн заалт нь банк, санхүүгийн байгууллагын ногдол ашигтай хамааралтай болохоос бусад компанийн ноогдол ашигт хамааралгүй юм. 

“М*******” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн эсэхэд шалгалт хийсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд харилцан хамаарал бүхий этгээдийг гэж хэнийг хэлэх талаар зааж өгсөн. Уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д энгийн хувьцааных нь 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг, 6.1.2-т ногдол ашиг, ашгийн хуваарилалтынх нь 20 буюу түүнээс дээш хувийг авах эрхтэй гэж заасан. Тэгэхээр “М*******” ХХК захирал н.У хоёр нь харилцан хамаарал бүхий этгээдүүд болж байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг баримтлан харилцан хамаарал бүхий этгээдүүд хоорондоо бараагаа зах зээлийн үнээс хямдаар шилжүүлсэн гэж үзсэн. Дээрх байдлаар шилжүүлсэн бараанд зах зээлийн үнийг үндэслэн татвар ногдуулна гэж заасан байдаг. Тэгэхээр объектыг худалдан борлуулсан үнийг үндэслэн акт тавьсан байгаа. Дээрх объект нь компанийн бүртгэлд 18.000.000 төгрөгийн үнэтэй боловч бодит байдал дээр тэрбум гаруй төгрөгийн үнээр зарсан. Дээрх нөхцөлүүдийг үндэслэн татварын улсын байцаагч нар акт тавьсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, таттварын байцаагчийн актыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

“М*******” ХХК нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 35******* дугаар актыг \цаашид акт гэх\ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. Актын тогтоох хэсгийг үндэслэл тус бүрээр авч үзвэл:

Актын Тогтоох хэсгийн 1.1 дэх заалтаар импортоор худалдан авсан суудлын авто машинд төлсөн 20422600.0 төгрөгийн дүнгээр Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 2042260.0 төгрөгийн нөхөн татвар, 612678.0 төгрөгийн торгууль, 1021130.0 төгрөгийн алданги ногдуулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “М*******” ХХК суудлын авто машинд төлсөн 20422600.0 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа буруу тайлагнаснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч алдангийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “М*******” ХХК нь 2010-2013 оны НӨАТ-ын тайлангаар төсвөөс буцаан авах илүү үлдэгдэлтэй байсан тул илүү төлсөн татварт алданги тооцсон, зөрчил гаргасан нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, 50 хувиас доош ногдуулж болох байсан гэж маргаж байна. 

Татварын улсын байцаагч нар 2010 онд гарсан зөрчилд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр акт гаргасан байх тул Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.”,  74.3. “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.” гэж заасныг зөрчөөгүй, эрх хэмжээнийхээ хүрээнд цаг хугацааны нөхцөл байдлыг харгалзан тогтоосон алданги байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна. 

Актын Тогтоох хэсгийн 1.2 дахь заалтаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 “Албан татвар төлөгчийн дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна”, 17.2.5 “үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар” гэж заасныг үндэслэн 2012 онд захирал Д.У 50640000.0 төгрөгийн дансны үнэтэй үйлдвэрлэлийн зориулалттай 230 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэхдээ  Үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татвар ногдуулан төсөвт төлөөгүй зөрчилд 1012800.0 төгрөгийн нөхөн татвар, 303840.0 төгрөгийн торгууль, 329028.0 төгрөгийн алданги ногдуулжээ. 

“М*******” ХХК нь 2008 онд хими цэвэрлэгээ, будаг, угаалгын чиглэлээр Д.Уийн үүсгэн байгуулсан нэг гишүүнтэй компани байна.

“М*******” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанаас  үзвэл иргэн Д.У нь уг компанийн ганц үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байх тул Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3. “Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ.”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. ”Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ.” гэж заасан хуульд заасан эрхийнхээ хүрээнд “М*******” ХХК-ийн захирал өөртөө ногдол ашиг хуваарилсаныг үл хөдлөх хөрөнгө борлуулсан гэж үзэх боломжгүй байна. 

Иймд “М*******” ХХК-ийн 230 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг борлуулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул актын Тогтоох хэсгийн 1.2 дахь заалтаар 1012800.0 төгрөгийн нөхөн татвар, 303840.0 төгрөгийн торгууль, 329028.0 төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Тогтоох хэсгийн Хоёр дахь заалтаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу нргдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 17.1-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ.”, 17.1.1 нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс 0.3 хувиар тооцож хүү төлүүлэх, 17.1.2 нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль ногдуулах” гэж заасныг үндэслэн 

2.1 дэх заалтаар 2012 онд тус компанийн захирал Д.У 18000000.0 төгрөгийн дансны үнэтэй, хими цэвэрлэгээний зориулалттай 200м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өөрийн нэр дээр үнэ төлбөргүй шилжүүлэн авч , 2012 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 1180000000.0  төгрөгийн үнэтэйгээр борлуулсан зөрчилд 118080000.0 төгрөгийн нөхөн татвар, 59040000.0 төгрөгийн торгууль, 354240.0 төгрөгийн алдангийг, 

2.2 дахь заалтаар 2012 онд тус компанийн захирал Д.У 50640000.0 төгрөгийн дансны үнэтэй үйлдвэрийн зориулалттай 230 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 7-р сарын 10-ны өдөр өөрийн нэр дээр үнэ төлбөргүй шилжүүлэн татвар ногдуулан төсөвт төлөөгүй зөрчилд 5064000.0 төгрөгийн нөхөн татвар, 2532000.0 төгрөгийн торгууль, 15192.0 төгрөгийн алдангийг тус тус ногдуулжээ. 

Хэрэгт авагдсан компанийн дүрэм, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандан гаргасан өргөдөл  зэрэг баримтуудаас үзэхэд ганц үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй компанийн захирал Д.У 200 м2, 230м2 үл хөдлөх хөрөнгүүдийг ногдол ашиг хэлбэрээр өөртөө шилжүүлжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн \2006 оны\ 13 дугаар зүйлийн 13.6. “Дараахь үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө:”, 13.6.7.банкны   болон санхүүгийн түрээсийн хүү, ногдол ашиг, зээлийн баталгааны  хураамж, даатгалын гэрээний хураамж төлөх   үйлчилгээ”, 4 дүгээр зүйлийн 4.1.8. "үйлчилгээ" гэж бараа борлуулах, мөнгөн гүйлгээ хийхээс  бусад аливаа  үйл ажиллагааг;” гэж зааснаас үзвэл ганц үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй “М*******” ХХК-ийн захирал Д.Уийн өөртөө ногдол ашиг гэж хуваарилсан 18000000.0 төгрөгийн дансны үнэтэй, хими цэвэрлэгээний зориулалттай 200м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 50640000.0 төгрөгийн дансны үнэтэй, үйлдвэрийн зориулалттай 230 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өөртөө ногдол ашиг гэж хуваарилсан нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлчилгээнд хамаарч байна.  

Мөн Татварын улсын байцаагч нар хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй хийсэн байна. 

Хавтаст хэрэгт авагдсан татварын хяналт шалгалт хийх томилолтод  шалгалтын эхлэх, зарцуулах хугацааг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 10 хоногоор Хяналт шалгалтын тасгийн дарга М.Г******* тогтоож өгсөн байна. Актад хяналт шалгалтыг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэв гэжээ. Актыг 2014 оны 12 дугаар 30-ны өдөр гаргаж, 31-ний өдөр танилцуулсан гардуулсан тэмдэглэлийг  үйлдсэн байна.

Татварын улсын байцаагч нар шалгалтыг томилолттой хийсэн гэж байгаа боловч томилолтын сунгалт хийсэн хэсэгт 2014.10.27-2014.12.30 өдрийг хүртэл 45 хоног гэж Хяналт шалгалтын тасгийн дарга О.Б******* гарын үсэг зуржээ.

Хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын даргын тушаалуудаас  үзэхэд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга М.Г*******г 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс О.Б*******г Хяналт шалгалтын тасгийн даргаар томилжээ. Өөрөөр хэлбэл Татварын хяналт шалгалтын тасгийн даргаар шалгалт хийх хугацааг нөхөн бичүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 30.1.”Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:”, 30.1.1.татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх;” гэсэн заалтыг зөрчжээ.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 35******* дугаар актаар тогтоосон 126199060 төгрөгийн нөхөн татвар, 62488518 төгрөгийн торгууль, 1719590 төгрөгийн алданги, нийт 190407168.2 төгрөгийн төлбөрийг 2042260.0 төгрөгийн нөхөн татвар, 612678.0 төгрөгийн торгууль, 1021130.0 төгрөгийн алданги, нийт 3676068 төгрөгийн төлбөр гэж багасгаж шүүх шийдвэрлэлээ.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 32 дугаар зүйлийн 32.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн \2006 оны\  4 дүгээр зүйлийн 4.1.8, 13 дугаар зүйлийн 13.6, 13.6.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 35******* дугаар актаар тогтоосон төлбөрийг 2042260.0 төгрөгийн нөхөн татвар, 612678.0 төгрөгийн торгууль, 1021130.0 төгрөгийн алданги, нийт 3676068 /гурван сая зургаан зуун далан зургаан мянга жаран найм/ төгрөгийн төлбөр гэж багасгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Л.ӨЛЗИЙЖАРГАЛ