Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2018/0066

 

 

2018 оны 01 сарын 24 өдөр           

Дугаар 221/МА2018/0066

Улаанбаатар хот

“Ар” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.С, Д.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 853 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Ар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 853 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.8 дахь хэсэгт заасныг баримтлан “Ар” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийдвэрийн “Ар” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөр төлснийг бүртгэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүртгэж, хавсралтад тэмдэглэгээ хийхийг Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1д- заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ар” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 544 дүгээр шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хайгуулын ХВ-020222 тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах, хайгуулын ХВ-020222 тоот тусгай зөвшөөрлийн хоёр дахь жилийн төлбөрийг бүртгэхээс татгалзсан Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад төлбөр төлсөн тэмдэглэгээ хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0853 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлд заасан журмын дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг 9-р хуудсанд ...”хайгуулын ХВ-020222 тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ар” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн 455.01 гектар талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж уул уурхайн шинэ ашиглалтын талбайн кадастрын зураг, холбогдох баримтуудыг хавсарган өргөдөл гаргасан байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газар өргөдлийг хүлээн авч 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдөр зураг зүйн шүүлт хийж, ахлах мэргэжилтэн “талбай том, тайлбар авах, солбицолд өөрчлөлт оруулах” гэж 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр тэмдэглэснээр тусгай зөвшөөрөл эзэмшигч 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж буй талбайн хэмжээг 154.6 гектар болгон багасган ашиглалтын зөвшөөрөл хүссэн талбайн зураг солбицолд өөрчлөлт оруулан дахин хүргүүлсэн, хариуцагч байгууллага талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсан материалыг хүлээн авч 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр зураг зүйн шүүлт хийсэн ...” гэж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэсэн байдаг.

Мөн нэхэмжлэгч компани нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 010 тоотоор талбайн солбицолдоо өөрчлөлт оруулан 154.56 гектар болгон өөрчилж захиргааны байгууллагад өгсөн байна.

Дээрхээс дүгнэж үзэхэд хайгуулын ХВ-020222 тоот тусгай зөвшөөрлийн үлдэж буй 300.45 гектар болсныг мөн ээлжит жилийн төлбөрийг анх олгосон огноо буюу жил бүрийн 5 дугаар сарын 11-ны өдрөөс өмнө буюу Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд ...” заалтын хүрээнд буюу 6 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө ээлжит жилийн төлбөрөө төлөх боломж байсан. Энэ хугацаанд ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлж үүргээ биелүүлж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр эзэмших боломжоо алдсан байна.

Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийг үйл баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж хариуцагч байгууллага үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0853 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоогүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Нэхэмжлэгчид анх 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөөгүй, мөн хуулийн 34.7-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй хугацаа 30 хоногоос хэтрэхгүй байхаар зохицуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төлсөн хайгуулын тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөрийг бүртгэхээс татгалзжээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж буй газрын алтны шороон ордын нөөцийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Н/23 дугаар тушаалаар ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, хүлээн авчээ. Нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө төлөх ёстой байсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7-д заасны дагуу төлбөрийг алдангийн хамт төлөх сүүлийн хугацаа нь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байжээ.

Харин дээрх хугацааны дунд буюу 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл авах онцгой эрхийнхээ дагуу XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 455.01 гектар талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан байна. 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Кадастрийн хэлтсээс зураг зүйн шүүлт хийж, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбайн солбицолд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж шаардсаны дагуу нэхэмжлэгч 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өргөдөлд дурдсан талбайн солбицлуудыг өөрчлөн 154.56 га талбай болгосны дагуу 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр уг талбайд MV-020841 тоот  ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ. Ингэснээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдохгүй талбайн хэмжээ тодорхой болж, үлдсэн 300.45 гектар талбайн хэсэгт ногдох хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр болон алдангийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төлсөн байна. Харин үүнийг хариуцагч бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй байна.

Учир нь, нэхэмжлэгч хуулийн этгээд 2 дахь жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх сүүлийн хугацаа болох 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө төлөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өргөдөл гаргаж, улмаар уг өргөдлийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр эцэслэн шийдвэрлэж, хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн зарим хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд уг шийдвэр гарсныг хүлээн авсны дараагийн ажлын өдөр болох 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр үлдсэн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ногдох төлбөрийг алдангийн хамт төлжээ.

Хариуцагчаас “ ... нэхэмжлэгч компани нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 010 тоотоор талбайн солбицолдоо өөрчлөлт оруулан 154.56 гектар болгон өөрчилж захиргааны байгууллагад өгсөн байна. Дээрхээс дүгнэж үзэхэд хайгуулын XV-020222 тоот тусгай зөвшөөрлийн үлдэж буй 300.45 гектар болсныг мэдсэн ... 6 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө ээлжит жилийн төлбөрөө төлөх боломж байсан. Энэ хугацаанд ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлж, үүргээ биелүүлж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр эзэмших боломжоо алдсан” гэх гомдлын үндэслэлийн тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д “төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг төлбөрийг хийх үед тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэх”-ээр зохицуулсан байна.

Хариуцагчаас өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолтыг үндэслэж, нэхэмжлэгч хуулийн этгээд 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчид хандан талбайн солбицолд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан боловч төрийн захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр олгосноор хайгуулын тусгай зөвшөөрлөөр үлдэх талбайн хэмжээ 300.45 гектар болох нь Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх бүхий этгээдийн албан ёсны шийдвэрээр эцэслэгдэн тодорхой болсон байна. Тиймээс 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрийг авмагц, түүгээр тодорхой болсон талбайн хэмжээнд хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг тооцож төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-тай нийцсэн байна.

Харин, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсэн зохицуулалттай байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгоогүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 853 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.8” гэснийг хасч, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ар” ХХК-д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ