2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/05010

 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй,

 

 Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Э.О эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Э.*******ийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2025 оны 02 дугар сарын 18-ны өдөр гаргасан боловч тус шүүхийн шүүгч З.*******гийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд хариуцагч Э.*******ийн оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү

1а. Нэхэмжлэгч нь *******тэй 2015 онд танилцаад 2019 онд гэрлэлтэй батлуулсан. Улмаар таарамжгүй байдлаас болж салж 2020 оноос тусдаа амьдрах болсон. Хоорондоо холбоогүй байж байгаад 2023 онд жирэмсэн тааралдсан. Ингэхдээ гэрлэлтээ цуцлуулах бол 20,000,000 төгрөг шаардсан ба энэ мөнгө байхгүй гэхэд 5,000,000 төгрөг гэсэн. Ингээд мөнгийг бэлдээд улсын бүртгэгч дээр очиход жирэмсэн гээд цуцлаагүй. Энэ үед 5,000,000 төгрөгөө өгсөн боловч нэмж 15,000,000 төгрөг шаардсан. Үүний улмаас цагдаад хандахад ******* нь дахиж мөнгө шаардахгүй гэснээр хэргийг хаалгасан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. ******* нь цагдаад шалгуулах болон бүртгэлтэй хаягаар Чингэлтэй оршин суудаг гэсэн боловч уг хаяг нь газарт орсон байдаг. Танил хүнээр хаяг тодруулан шүүхэд нэх гаргасан боловч хүлээж мэдэгдэх хуудас явуулаад оршин суудаггүй гэсэн. Иймд эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

2.            Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.23-ны өдрийн ******* дугаар захирамж/хх3-4/ дансны хуулга/хх8/, оршин суух хаягийн лавлагаа/хх9/, хүсэлт/хх10/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын 2025.02.14-ний өдрийн 639 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол/28-29/ хорооны Засаг даргын тодорхойлолт/хх32/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа/хх33/

 

3.            Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс О.*******ийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх31/,

 

4.            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч Д.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх О.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.                   Нэхэмжлэлд дурдсанаар гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

4.                   Нэхэмжлэгч Д.******* нь *******, 21 дүгээр хороонд оршин суудаг болох нь түүний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /хх9/

 

5.                   Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрлэлт цуцлуулах тухай маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******тэй хамтран амьдрагч байсан, гэрлэлтээ цуцлуулах гэхэд удаа дараа мөнгө нэхсэн одоо оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа гэж тайлбарлаж байна.

Мөн Д.*******, О.******* нар нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний бүртгэлийн 1125730002 дугаарт бүртгүүлсэн гэр бүл болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх33/

Цаашлаад нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжийн хуулбараар тогтоогдож байна. /хх3-4/

6.                   Шүүхээс төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс цахим хэлбэрээр О.*******ийн оршин суух хаягийн лавлагааг гаргуулахад түүний оршин суух хаяг “*******,*******,*******,*******” гэж тодорхойлжээ. /хх31/

Гэвч О.******* нь уг хаягт оршин суудаггүй болох нь дээрх тус хорооны Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 211 дугаар тодорхойлолтоор тогтоогдсон байна.

 

7.                   Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх О.*******ийг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний бүртгэлтэй хаягийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

8.                   Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

      

  ТОГТООХ нь:

1.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар *******,*******,*******,******* хаягт оршин суух бүртгэлтэй гэх Очирын ******* /рд:/-ийг  эрэн сурвалжилсугай. 

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Очирын ******* /рд:/-ийн оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч Д.******* /утас:/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* /утас:,/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД