| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 102/2021/02908/И |
| Дугаар | 210/МА2021/01749 |
| Огноо | 2021-12-06 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2021/01749
| 2021 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 210/МА2021/01749 |
Б.Угийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Б.Угийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШт холбогдох
Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 байрны 000 тоот хаягт байрлах 93.3 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилж, хураасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19250517/03 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19250517/05 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У нь Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 байрны 000 тоотод байрлах орон сууцны хамтран өмчлөгч бөгөөд түүний өмчлөлийн орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2343 дугаар шийдвэрийг үндэслэн хийж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед битүүмжилж мөн хураасан үйл ажиллагааг явуулсан байна. Дээрх битүүмжилсэн, хураасан ажиллагаа явуулсан талаар би огт мэдээгүй бөгөөд орон сууцнаас өөрт ногдох хувь хэсгийг хамтран өмчлөгч нараас шаардахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилсэн байгаа гэдгийг мэдсэн. Б.Угийн өмчлөлийн эд хөрөнгөнд халдаж битүүмжлэх болон хураах ажиллагаа явуулахдаа хууль ёсны шударга өмчлөгчид мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын явуулсан үйл ажиллагаа нь хуульд огт нийцэхгүй, хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг ноцтой зөрчсөн ажиллагаа болсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Б.Угийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэхдээ түүнд мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас хүргүүлээгүй, орон сууц, эд хөрөнгөтэй маань холбоотой ийм чухал шийдвэр /шийдвэр гэдэг нь битүүмжлэх, хураах тогтоол/ гаргаснаа тус байгууллага нь түүнд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд надад мэдэгдээгүй хийсэн үйл ажиллагаа нь хууль зөрчсөн байна. Мөн хураасан ажиллагааг хүртэл дээрхийн адил надад мэдэгдээгүй нь бас л хууль зөрчсөн ажиллагаа болсон. Би хөрөнгийн өмчлөгч учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд оролцох эрхтэй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасны дагуу дээр дурдсанаар эд хөрөнгийн хууль ёсны шударга өмчлөгч, бие даасан шаардлага гаргах эрхтэй этгээдийн хувьд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийхгүйгээр хөндөгдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймээс хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг ноцтой зөрчин гүйцэтгэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үйлдсэн Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 байрны 000 тоотод байрлах 93.3 м.кв талбайтай миний өмчлөлийн орон сууцыг битүүмжилж, хураасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19250517/03 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19250517/05 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2343 дугаар шийдвэрээр Б.Д, Б.Б нараас 182 651 320 төгрөгийг гаргуулж А ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 0 дүгээр сарын 02-ны өдрийн 19250500 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 38 дугаар байрны 000 тоот орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19250517/03 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 19250517/05 дугаар тогтоолоор хураасан. Талууд болон өмчлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2020 оны 4/9832, 4/9831, 4/10322, 4/10323 дугаар албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул 2020 оны 4/170 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 38 дугаар байрны 000 тоот 192 597 790 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020 оны 0 дүгээр сарын 16-ны өдрийн 4/14258, 4/14259 дугаар албан бичгээр талууд болон өмчлөгч нарт мэдэгдсэн. Төлбөр төлөгч Б.Д, Б.Б өмчлөгч Б.У нар нь 2020 оны 0 дүгээр сарын 21-ний өдөр тус газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу үнэлэгдсэн үнээс багагүй хугацаанд бие даан худалдан борлуулах хүсэлт гарган 1 сарын хугацааг авч дуудлага худалдаанд оруулаагүй. Хөрөнгийг битүүмжлэх, хураах үед төлбөр төлөгч Б.Угийн ээж Д байсан, энэхүү ажиллагаанд өмчлөгчийг заавал оролцуулна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт тухай бүр мэдэгдэж, тэмдэглэлээр баталгаажуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19250517/03 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол болон 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19250517/05 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай Б.Угийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Од давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхны шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буруу тодорхойлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... битүүмжилж, ...хурааж, тухайн хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг Б.Дд үлдээн тэмдэглэл үйлдсэн байна, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 19250517/05 дугаар тогтоолоор хураасан тул үнийн санал өгөхийг мэдэгдэж байна, 4/10322 дугаар баримтыг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гардаж авсан байна гэжээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хуулийн 10 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагааг төлбөр төлөгч нар болон хөрөнгийн өмчлөгчид тухай бүрт нь мэдэгдсэн байна, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 50 дүгээр зүйлд заасан үндэслэлийг зөрчөөгүй гэж хуулийг илтэд буруу хэрэглэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар миний хамтран өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилж, хураахдаа надад урьдчилан мэдэгдэнэ гэсэн зохицуулалт бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь битүүмжлэх ажиллагаа хийх гэж байгаагаа огт мэдэгдээгүй, хураах ажиллагаагаа хийснийхээ дараа буюу 7 хоногийн дараа надад хураасан тухайгаа мэдэгдсэн, тухайн ажиллагаануудыг хийж гүйцэтгэсний дараа мэдэгдсэн нь хууль зөрчсөн бөгөөд шүүх дээрх хуулийн заалтыг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Миний өмчлөлийн орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдсэн гэдгийг ажиллагааг гүйцэтгэсний дараа мэдсэн бөгөөд өмнө нь зээлийн асуудлаар банк болоод шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас огт холбогдож байгаагүй. Мөн би 2017 оноос хойш эцэг, эхээс тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ нь оршин суух хаягийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.7, 50 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 50 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсэгт зааснаар өмчлөгч надад даруй буюу хуульд зааснаар 24 цагийн дотор битүүмжлэх, хураах ажиллагаа хийсэн баримтыг надад гардуулах ёстой байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 байрны 000 тоот хаягт байрлах орон сууцыг битүүмжилж, хураасан 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19250517/03 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 19250517/05 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч НШт холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19250517/03 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 19250517/05 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. /хх.1-3, 30/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...өмчлөгчид мэдэгдэлгүйгээр түүний өмчлөлийн орон сууцыг битүүмжилж, хураасан гэж тайлбарласан байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/02343 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрээр Б.Д, Б.Б нараас 182 651 320 төгрөгийг гаргуулан А ХХК-д олгож, хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 байрны 000 тоотод байрлах, 93.3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх.10-12, 34-38/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19250517/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 байрны 000 тоотод байрлах, 93.3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 19250517/05 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан үйл баримт тогтоогдсон байна. /хх.13-18/
Хэрэгт авагдсан нотлох баримт болох Улсын бүртгэлийн гэрчилгээгээр Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 байрны 000 тоотод байрлах, 93.3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Бямбасүрэнгийн Д, Бы У нар бүртгэгджээ. /хх.14/
Хэргийн 52 дугаар талд шийдвэр гүйцэтгэгчийн өмчлөгч Б.Утай уулзсан 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл авагдсан, уг тэмдэглэлд Баянгол дүүргийн 17-р хороо 00 байрны 000 тоот орон сууцыг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 19250517/05 дугаар тогтоолоор хураасан, үнийн санал өгөхийг 4/9831 дугаар тогтоолоор мэдэгдэж 1 хувийг гардуулсан гэж тэмдэглэсэн байх бөгөөд уг баримтад нэхэмжлэгч Б.У гарын үсэг зуржээ.
Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн үнийн санал ирүүлэх тухай 4/10322 дугаар баримтыг Б.У 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гардаж авсан байна. /хх.54, 55/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүрэг гүйцэтгэгчид Б.Д, өмчлөгч Б.Б, Б.У нарт 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4/9832, 4/983, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4/10322, 4/10323 тоот мэдэгдэх хуудаснуудаар Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 байрны 000 тоотод байрлах, 93.3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч нар тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй байна. /хх.50-56/
Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 0 дүгээр сарын 16-ны өдрийн 4/14259, 4/14258 тоот албан бичгээр хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч Б.Д, өмчлөгч Б.Б, Б.У нарт хүргүүлсэн талаарх баримт нь шуудангийн дардсаар нотлогдсон болно. /хх.59-60/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна гэж заасан. Анхан шатны шүүх хариуцагч НШ үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураах ажиллагааг тухай бүрт нь мэдэгдэж байсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19250517/03 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 19250517/05 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлгүй болно. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино.
Анхан шатны шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19250517/03 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 19250517/05 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай Б.Угийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, өмчлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/02682 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ц.ИЧИНХОРЛОО