Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01750

 

 

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01750

 

Ч.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2021/02427 дугаар шийдвэртэй

Ч.Сийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Мод холбогдох

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.М, М.Э,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХ ХХК

Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 85 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.М, М.Э нарын Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг Ч.М, түүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.С, хариуцагч Ч.М, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин, гуравдагч этгээд Б.М, М.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ундрах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Мын өмгөөлөгч С.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ээж Ш.Дын хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Миний дүү Ч.М нь өргөгч автомашин худалдан авах зорилгоор 50 000 000 төгрөгийн зээл авах шаардлага гарсан. Дээрх зээлийг авахын тулд барьцаа хөрөнгө шаардлагатай болсон бөгөөд Ч.Мын барьцаа хөрөнгө хүрэхгүй болсны дагуу миний өмчлөлийн дээрх орон сууцыг ХХны зээлийн барьцаанд тавьсан. Банкнаас барьцаа хөрөнгө нь зээлдэгчийн нэр дээр байх шаардлагатай гэсний дагуу тус орон сууцыг өөрийн дүү Ч.Мын нэр дээр шилжүүлэхийн тулд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу зээлийг төлж дуусах хүртэл хугацаагаар түр шилжүүлж өгсөн. Гэтэл Ч.Мын эхнэр Б.М нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасантай холбогдуулан миний өмчлөлийн маргааны зүйл болж буй орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэж, уг хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахаар маргаж байна. Уг орон сууцыг 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ээж Ш.Д нь анх өмчлөн авч байсан бөгөөд би 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэгдсэн. Миний өмчлөх эрхэд шууд халдсан үйлдэл гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Маргаан бүхий орон сууц нь улсын бүртгэлийн лавлагаанаас харахаар 1999 онд миний хадам ээж, аав, хадам дүү, нөхөр гэх Р.Оюунбаатар, О.Эрдэмбаяр, О.Номин-Эрдэнэ, Ш.Оюунгэрэл 4 хүний нэр дээр байсан байр юм. Энэ хүмүүстэй бид нар орон сууцаа солилцоод аав ээжийгээ 2 өрөө орон сууцанд оруулаад, хадмуудаа 4 өрөө байранд оруулсан байхад Б.М нь би мөнгө шилжүүлээд уг байрыг авсан гэх тайлбар худлаа. М.Э нь 2019, 2020 онуудад ээжтэй маань хамт амьдарсан нь үнэн. Найз охин гээд нэг охинтой хамт ирчихээд хоорондоо муудалцаж, маргаан байнга гаргаад ээжийг минь тайван амьдруулаагүй. Ээжид маань нэмэр болоогүй, байрны төлбөр төлж байгаагүй. Ээж маань өөрийн тэтгэврийн мөнгөөр байрныхаа мөнгийг төлдөг байсан. Б.М нь элдэв янзын, хэрэгт хамааралгүй баримтуудыг энд тэндээс гаргаж ирдэг ч хэрэгт цугларсан баримтуудаар болсон бүх үйл баримт нотлогдож байна. Б.М нь гэрэл зураг гаргаж өгсөн байна. Манай ах дүү нар, тэдний үр хүүхдүүд нь бүгдээрээ л ээж дээр минь очиж хамтдаа зургаа даруулдаг. Б.Мын гаргаж өгсөн ганц гэрэл зургаар түүнийг энэ байрны эзэн гэдгийг нотлохгүй. 00-00 УНП улсын дугаартай автомашины асуудал энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Маргаан бүхий орон сууц нь Ч.М, Б.М нарын орон сууц биш гэдэг нь тогтоогдож байгаа учир 2020 оны 01 дүгээр сарын 22-ны худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 33-94 УБӨ улсын дугаартай Hyundai HD-120 маркийн өргөгч автомашин худалдан авах шаардлагаар тухайн үед бэлэн мөнгө байхгүй байсан тул банкнаас 50 000 000 төгрөгийн зээл авах, барьцаанд эхнэр Б.Мын нэр дээр байх Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байрны 43 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг барьцаалахаар болсон ч банкны зүгээс барьцаа хөрөнгө хангалтгүй гэсэн тул өөрийн эгчийн өмчлөлийн маргаан бүхий 2 өрөө орон сууцыг нэмж барьцаалахаар болсон. Гэвч банкны зүгээс барьцааны зүйл зөвхөн зээлдэгчийн өмчлөлд байх ёстой, мөн бэлэглэлийн гэрээгээр шилжээгүй байх ёстой гэсэн шаардлага тавьсны дагуу би өөрийн төрсөн эгч Ч.Стэй 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г 20 000 000 төгрөгөөр худалдан авсан мэтээр дүр үзүүлэн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлд түр шилжүүлэн авч банкнаас авсан зээлийг дуусмагц буцаан шилжүүлэхээр тохиролцсон байдаг. Би дээрх орон сууцыг аливаа байдлаар худалдан аваагүй бөгөөд зээл авахын тулд өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Тухайн орон сууцыг ХХ ХХК-аас зээл авах зориулалттайгаар буюу ямар нэгэн байдлаар худалдаж авах зорилгогүйгээр эгч Ч.С болон өөрийн ээжээс гуйж өөрийн нэр дээр шилжүүлж аван зээл авч, зээлээ төлснийхөө дараа буцааж шилжүүлэхээр тохиролцсон юм. Тэгсэн чинь гэр бүлийн асуудал гарч ирээд, маргаан бүхий орон сууцыг дундын өмчид тооцоод гэр бүлийн гишүүдэд хувааж өгнө үү гэсэн асуудлыг манай эхнэрийн зүгээс гаргаж ирсэн. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ХХ ХХК-д хүсэлт гаргаад 2020 оны 01 дүгээр сарын 15-ны зээлийн хурлаар ороод 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шийдэгдсэн гэж бүртгүүлээд мөнгөө авах болсон чинь төв дээрээс таны нэр дээр байхгүй бол болохгүй байна гэдэг хариу өгсөн учраас би ээж болон эгчтэйгээ ярилцаж байгаад өр төлбөрөө төлж дууссаны дараа буцаагаад шилжүүлж өгнө гэж хэлээд маргаан бүхий орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан юм. Тэгээд худалдан авсан тухай нотариатын бичиг бүрдүүлээд банканд бүрдүүлж өгсөн. ХХ ХХК-иас зээл авах шалтгааны хувьд гэр бүлийнхээ амьжиргааг сайжруулах зорилгоор автомашин худалдаж авахын тулд авсан юм. Тухайн автомашин одоо Б.Мын өмчлөлд байгаа бөгөөд зээлийг нь төлнө гэж хэлээд надаас автомашиныг аваад явсан боловч одоо болтол зээлийг нь төлөөгүй байна. М.Э 2018 оноос 2020 оны 5 дугаар сар хүртэл ээжтэй маань амьдарсан гэдэг нь худлаа. Найз охин гээд нэг жаахан охин дагуулж ирээд ээжийн маань хажууд очоод амьдарсан боловч нөгөө охиндоо гар хүрч, ээжид маань хүндрэл учруулаад байхаар нь би ингэж амьдрахаар боль гээд тэнд амьдрахыг нь болиулж байсан. Маргааны зүйл болж буй орон сууцын хууль ёсны өмчлөгч нь талийгаач ээж Ш.Д болон эгч Ч.С нар юм. Намайг маргааны зүйл болж буй орон сууцыг өөрийн нэр дээр авчих гэж намайг ятгасаар байгаад миний нэр шилжүүлүүлж авахуулчхаад, яг авсны дараагаар дундын хөрөнгө хуваах тухай нэхэмжлэл гаргачихсан. Маргааны зүйл болж буй сууцыг бодитоор худалдан авах хүсэл зориг байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.М нь миний нөхөр, нэхэмжлэгч Ч.С нь нөхрийн төрсөн эгч, хадам эгч юм. Ч.Мтой 1997 онд танилцаж, 1999-2007 онуудад, дахин 2015 оноос 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хамт амьдарсан. Бид хамтран амьдрах хугацаанд хүү М.Э, охин М.Анунгоо, ихэр хүү М.Алтан-Эрдэнэ, М.Асралт-Эрдэнэ нар тус тус төрсөн. Бид 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлээ албан ёсоор батлуулсан. 2008-2015 оны хооронд Ч.М өөр хүнтэй хамтран амьдарч байгаад хүүхдүүдээ бодоод хамт амьдаръя гэж гуйсны дагуу дахин хамтран амьдарч 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2 ихэр хөвгүүд төрсөн баярт үйл явдлыг тохиолдуулан талийгаач ээж Ш.Д өөрийн өмчлөлийн гал голомт одоо маргааны зүйл болж буй орон сууцыг бидэнд бэлэглэхээр өгч, түүнийгээ олон ах дүүс дунд хэлж тэд хүлээн зөвшөөрч байсан бөгөөд Ч.С ч хүлээн зөвшөөрч аав ээжийн голомтыг та нар цаашид авч явна гэж мөн л хэлж байсан. Тухайн 2018 онд хадам ээж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ч.Мын нэр дээр шилжүүлэх гэсэн боловч Ч.С нь хадам ээж болон бусдад хэлэлгүй 10 000 000 төгрөгийг хувь хүний зээлийн барьцаанд тавьсан түүнийгээ төлөөгүй байсан болохоор нэрийг шилжүүлж чадаагүй. Ингээд Ч.М бид нар 6 ам бүл байнгын орлого муутай тул 2020 оны 01 дүгээр сард хадам ээж Ш.Д орон сууцаа бид нэр дээрээ шилжүүлж авъя гэхэд зөвшөөрч 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж байсан. Бид дээрх орон сууцыг банканд барьцаанд тавьж зээл аван өргөгч машин худалдан авах гэсэн боловч бэлэглэлийн гэрээг худалдах худалдан авах гэрээгээр зээл өгнө гэсэн тул худалдах худалдан авах гэрээ хийж бэлэглэсэн. Иймд тус орон сууц нь бид 6 ам бүлийн гэр бүлийн дундын өмч юм. Бид амьдралаа дээшлүүлэхийн тулд тус байрыг барьцаанд тавьж 33-94 УБӨ улсын дугаартай Хьюндай HD-120 маркийн өргөгч машиныг худалдан авсан. Ч.С уг байрыг өөрийн өмчлөлийнх гэжээ. Энэ байр нь хадам аав, ээжийн голомт, өмч байсан бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нөхөр Ч.М нь 99-13 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдан авахдаа Ч.Сийн Миглиори ХХК-ийн нэр дээр Голомт банкнаас зээл авах гэхэд компани, Ч.С нар хөрөнгөгүй байсан тул түүний нэрийг түр оруулсан тул түүний өмч биш. Хадам ээж Ш.Д, Ч.С нар худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нотариат дээр очиж, сайн дураар хөвгүүдэд маань зориулан бэлэглэж байснаа баталгаажуулан гэр бүлийн эзэн нөхөр Ч.М бид нарт шилжүүлж өгсөн хууль ёсны гэрээ хэлцэл юм. Нөхөр Ч.М нь 2020 оны 02 дугаар сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд эгч Ч.Стэйгээ гэр бүлийн хүч хөдөлмөрөөр бий болсон эд хөрөнгөө эгчдээ өгөх, хүүхдүүд бид нараас нуух өөрөө авах гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Миглиори ХХК нь Ч.Сийн компани нь бөгөөд уг компанийг Голомт банк ХХК-д бүртгүүлж 00-00 УНП улсын дугаартай автомашиныг авсан. Одоо 50 000 000 төгрөгтэй холбоотой орон сууц бол албан ёсоор, нэр нь орсон бидний өмч байсан. Ч.С нь өрөнд ороод хэцүү байдалтай байсныг ах дүү нар нь бүгд мэдэж байгаа. ХХ ХХК-иас 50 000 000 төгрөгийн зээл авахад н.Амарсанаа гэх хүний барьцаанд тавьсан байсан. Бид хоёр байрны гэрчилгээг авч өөрсдийн нэрийг бичүүлэх гэхэд Ч.С нь 10 000 000 төгрөгийн өрөнд тавьчихсан, би хүнээс мөнгө авангуутаа чиний нэрийг шилжүүлээд өгье гэж хэлж байсан. Ч.М нь маргаан бүхий орон сууцыг авахдаа хууль журмын дагуу, албан ёсоор баталгаажуулж, ХХ ХХК-д зээлээ төлүүлэх гэж авсан. Би өөрийнхөө орон сууцыг хүртэл барьцаанд тавьсан бол Ч.М нь маргаан бүхий 00 тоот хаягтай орон сууцыг өөрийн өмч болгож барьцаалж бид зээл авсан юм. Хүү М.Э нь 2019 онд н.Номин-Эрдэнэ гэж найз охинтойгоо хамт эмээгээ харж амьдарч байсан. Ийнхүү амьдарч байхдаа М.Э нь манай ах, эгч нарын үйлдвэр ажиллаад цалингаараа байрны төлбөрийг төлж байсан. Маргаан бүхийн 00 тоот орон сууц нь бидний дундын өмч бөгөөд Ч.М бид хоёрыг 2015 онд эргээд хамтран амьдрах үед хадам ээж маань их баярлаж байсан. Хадам ээж маань маргааны зүйл болж буй орон сууцыг бидний гэр бүлийн өмч гээд хэлдэг байсан. Маргаан бүхий орон сууц нь манай гэр бүлийн өмч мөн. Орон сууцны гэрчилгээ дээр яагаад Р.Оюунбаатар, О.Эрдэмбаяр, О.Номин-Эрдэнэ, Ш.Оюунгэрэл нарын нэр орсон бэ гэхээр манай хадам аав, ээж хоёр анх 1999 онд намайг бэр болоод очиж байхад 4 өрөө орон сууцанд амьдарч байсан. Хадам аав, ээжийн хоёрын маань хүүхдүүд бүгд тусдаа гарчихсан, 4 өрөө байранд хоёулхнаа амьдраад яах вэ гэж бодоод Ч.Сийн хадмуудтай орон сууцаа солилцсон юм. Ч.Сийн хадмууд нь 1 000 000 төгрөг нэмж өгч орон сууцыг манай хадам аав, ээж хоёрт өгч байсан гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.М миний эцэг, Ч.С миний авга эгч билээ. Миний бие 2000 онд төрсөн. Аав Ч.М нь 2001 онд, ээж Б.М нь 2003 онд Солонгос улс руу ажиллаж амьдрахаар явсан. Ийнхүү эцэг эхийгээ явснаас хойш би Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах орон сууцанд талийгаач эмээ өвөөтэйгөө амьдарч байсан. 2007 онд ээж Б.М нь Солонгос улсаас ирээд бид 3 ээжийн талын эмээ, өвөөтэй цуг амьдарч эхэлсэн. Аав Солонгос улсаас эмээ бид 2-т мөнгө явуулдаг байсан ба эмээ аавыг миний отгон хүү орон сууцаа ганцхан Ч.Мод шилжүүлнэ гэдэг байсан. Тухайн үед эмээ Ш.Д нь орон сууцны гэрчилгээг аавын нэр рүү шилжүүлэх гэхэд Ч.С барьцаанд тавьсан байна дараа зээлээ төлөхөөр нь шилжүүлнэ гэсэн яриа гэрт гарч байсан. Удалгүй аавын нэр рүү шилжүүлсэн гээд бид шинэ машин худалдаж авсан. Тэр машинаар нь би ажилд гардаг байсан. Нагац эгч энэхүү байранд ямар ч хамааралгүй ба 2015 онд батлан даагч болохын тулд нэрээ оруулж байсан. Иймд маргааны зүйл болж буй орон сууц ээж, аав 3 дүүгийн эмээгээс үлдээсэн гэр бүлийн дундын өмч юм. 2015 онд аав Ч.М нь гэр бүлдээ буцаж ирээд амьдралаа дээшлүүлье гээд 00-00 УНП улсын дугаартай автомашиныг 20 000 000 төгрөгийн барьцаатай бид нар дээр хүрч ирж байсан. 2018 онд 2 ихэр дүү төрөхөд би найз охинтойгоо хамтдаа Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах орон сууцанд эмээгээ асарч халамжилж 2018 оноос 2020 он хүртэл амьдарсан бөгөөд ийнхүү амьдарч байхдаа байрны мөнгө, сууц өмчлөгчдийн холбооны мөнгийг төлдөг байсан. Эмэээ Ш.Д маань надад хандаж энэ байр бол та нарын өмч шүү гэж байнга хэлдэг байсан. Миний ярьсан зүйлүүд бүгд үнэн. Миний хуучин найз охин н.Н-г гэрчээр асууж болно. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цээпилмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.М, Б.М нар нь ХХ ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ/ВВС200115022-1 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 50 000 000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлж авсан байдаг. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болгож өнөөдрийн маргаан бүхий Ч.Мын өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжийн дагуу барьцаалж үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Нэхэмжлэгч Ч.С, хариуцагч Ч.М, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.М нар нь хэн аль маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ХХ ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гэх үйл баримт дээр маргадаггүй. Мөн нэхэмжлэгч Ч.С нь ХХ ХХК-ийн зээлийн барьцаанд тавих зорилгоор дүү Ч.Мын нэр дээр орон сууцыг шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иймд ХХ ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөхгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэж, өмчлөгч солигдсон ч барьцааны үүрэг дуусгавар болохгүй байх, барьцааны эрх хөндөгдөхгүй байх талаар шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.С бие даасан шаардлагатай холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжэлийн шаардлагаа дэмжиж байна. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дэмжихгүй байна. Шүүх маргаан бүхий орон сууцыг миний өмч болохыг тогтоож өгнө үү. Нотлох баримтуудаар маргаан бүхий орон сууц нь Ч.М, Б.Мөнхузл нарын орон сууц биш гэдэг нь тогтоогдож байгаа учир 2020 оны 01 дүгээр сарын 22-ны худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.М бие даасан шаардлагатай холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг 2003 оноос 2014 он хүртэл Солонгос улсад амьдарч байсан гэж худлаа ярьж байна. Би Солонгос улсад 2011 он хүртэл амьдарч байсан. Би ХХ ХХК-аас зээл авах гэж эгч Ч.С болон ээжээ гуйж байж маргаан бүхий орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан юм. Гэтэл одоо уг орон сууцыг гэр бүлийн дундын эд хөрөнгө, үүнийг хуваагаад өгөөч гээд тайлбар гаргаад байгааг ойлгохгүй байна. Би Солонгос улсад амьдарч байхдаа 4 хорооллын 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 43 тоотод байрлах орон сууцыг худалдаж авч байсан нь үнэн. Б.Мын эгч рүү мөнгө шилжүүлж байж тухайн байрыг худалдаж авч байсан. Гэтэл Б.М нь одоо бүх юмыг өөрийн өмч мэтээр яриад байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цээпилмаа бие даасан шаардлагатай холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн хөрөнгийг барьцаанд тавих нь нээлттэй байдаг бөгөөд ХХ ХХК-ийн зүгээс барьцаанд тавих хөрөнгө нь заавал зээлдэгчийн өмчлөлд байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаггүй. ХХ ХХК-аас Ч.Мод хандан тусгайлан тийм шаардлага тавьсан гэж үзэхгүй байна. ХХ ХХК-аас Ч.Мод хандаж яагаад тийм шаардлага тавьсан нарийн учрыг мэдэхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.С, хариуцагч Ч.Мод нарын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 85 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ч.Сийг тогтоож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 126.2.5-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ч.С, хариуцагч Ч.М нарт холбогдох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ч.М, түүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээд Б.М, М.Э нарын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Моос 257 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ст олгож, 70 200 төгрөгийг нэмж гаргуулан улсын орлогод оруулж, гуравдагч этгээд Б.М, М.Э нараас бие даасан шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд Б.М, М.Э нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр шийдвэрлэж, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үнэлж нэхэмжлэгч Ч.Сийг гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон нь учир дутагдалтай юм. Нэхэмжлэгч Ч.С нь бусдаас зээл авахын тулд ээж Ш.Дын өмчилж байсан орон сууцанд 2015 онд хамтран өмчлөгч нэмэх хэлцлийн дагуу өмчлөгч болж, өөрийн зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосны дараа ээж Ш.Дын хамт Ч.Мод 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгсөн болно. Энэ нь талийгаач Ш.Д нь маргаан бүхий орон сууцыг бага хүү Ч.Мын гэр бүлд өгөхийг хүлээн зөвшөөрч байсантай холбоотой, үүнийг Ч.Мын эгч Ч.С, ах Ч.Мөнхбат нар мэдэж байсан болох нь тэдгээрийн Б.Мтай харилцан ярилцаж байсан ярианы бичлэг, орон сууцанд Ч.М нь гэр бүлийн хамт амьдарч, ашиглалтын зардлыг төлж байсан зэргээр нотлогдож байна. Гэтэл хариуцагч Ч.Мын эгч Ч.Мөнхбилэг, Ч.Оюунбилэг, ах Ч.Мөнхбат нар шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Б.Мтай ярилцаж байснаас эсрэг зүйл мэдүүлэн зөрүүтэй мэдүүлэг өгснийг үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцэхгүй байна. Гэрч Ч.Мөнхбат, Ч.Мөнхбилэг нарын мэдүүлэгт шүүгч болон тэмдэглэл хөтөлсөн нарийн бичгийн дарга гарын үсэг зураагүй, тухайн гэрчийн мэдүүлгийг хэзээ, хэрхэн бэхжүүлэн авсан нь тодорхойгүй байхад нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хэрэв Ш.Д, Ч.С болон Ч.М нарын хооронд хийгдсэн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа бол уг эд хөрөнгө нь хэлцлийг шилжүүлсэн тал болох Ш.Д, Ч.Сувдбилзг нарын өмчлөлд буцаан шилжих ёстой байхад зөвхөн Ч.Сийг өмчлөгчөөр тогтоож байгаа нь Ш.Дын хууль ёсны өвлөгч нарыг эрхийг ноцтой зөрчсөн хэрэг юм. Талийгаач Ш.Дын хууль ёсны өв залгамжлагч нар өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлтийг нотариатын байгууллагад гаргаагүй, Ч.Ст өвлөх эрхийн гэрчилгээ олгоогүй байхад Ч.Мөнхбат, Ч.Оюунбилэг, Ч.Мөнхбилэг, Ч.Бямбабаяр, Ч.М, үрчлэгдсэн хүү Р.Бямбадорж нарын маргаан бүхий орон сууцнаас өвлөгдөн ирэх үүргээс татгалзаж, Ч.Ст өвлөх эрх, үүргийг бүрэн эзэмшүүлэхийг зөвшөөрсөн гэсэн тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлж, гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өмчлөгчөөр Ч.Сийг тогтоосон нь үндэслэлгүй. Энэхүү баримт нь Ч.Мын ах, эгч, дүү нартайгаа үгсэн тохиролцож хийсэн дүр үзүүлсэн баримт байх ба нотариатын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байх тул өвлөгдөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ч.Сийг тогтоох үндэслэл бүхий баримт болохгүй бөгөөд хэрэв Ч.С уг орон сууцыг дангаар өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа бол өвийн маргаантай асуудал шийдвэрлэгдсэний дараа энэхүү орон сууцыг дангаар өмчлөх эрхийн асуудал яригдана. Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Мын нэхэмжлэлтэй, Ч.Мод холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэрэг хянагдаж байгаа ба тус хэрэгт маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж, түүнээс ногдох хэсгээ гаргуулахаар шаардаж буйтай холбогдуулан тус хэрэгт энэхүү иргэний хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь хэргийг бодитой, шуурхай хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад хүлээн аваагүй. Мөн хэрэг нэгтгэх хүсэлтийг зөвхөн зохигч гаргах эрхтэй, түүнтэй холбоотой нотлох баримтыг хавсаргаагүй үндэслэлээр гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Мягмарсүрэнгийн хүсэлтийг хүлээн аваагүй нь үндэслэлгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.6, 168.1.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн, бүрдүүлсэн нотлох баримт нь нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байх тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч Ч.Мод холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 85 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрч маргаагүй байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.М, М.Э нар Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг Ч.М, түүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан,

мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХ ХХК ...тус банкны хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөхгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэж, барьцааны эрх хөндөгдөхгүй байх талаар тайлбар гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд иргэн Ш.Д, Ч.С, Ч.М нар 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 20 000 000 төгрөгөөр Ч.Мод худалдсан, дээрх гэрээг үндэслэн Ч.М 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон байна. /1хх.91, 94/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл. Ээж бид өөрсдийн өмчлөлийн орон сууцаа дүү Ч.Мыг өргөгч автомашин худалдан авахад нь тус болж зээлийн барьцаанд тавиулах зорилгоор худалдах, худалдан авах гэрээгээр түр шилжүүлж өгсөн гэж,

харин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.М, М.Э нар бие даасан шаардлагын үндэслэлээ ...тус орон сууцыг хадам ээж Ш.Д манай гэр бүлд өгсөн тул манай гэр бүлийн дундын өмч юм гэж тус тус тайлбарлажээ.

Хариуцагч Ч.М нь ХХ ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр №ЗГ/ВСС200115022 тоот Зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг зээлж, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /1хх.96-108/

Анхан шатны шүүх худалдагч Ч.С, Ш.Д, худалдан авагч Ч.М нарын байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 85 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан худалдах, худалдан авах эрх, үүрэг үүсгэх хүсэл зориг эрмэлзлэлгүй хийгдсэн гэрээ гэж үзэж, хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага, татгалзлыг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Б.М, М.Эрдэнэбаяр нар ...Ш.Д нь маргаан бүхий орон сууцыг бага хүү Ч.Мын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг бэлэглэх хүсэл зориг байсан гэсэн тайлбар, гомдлоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн нэг өмчлөгч Ш.Д нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нас барсан /1хх.50/, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо ...Ш.Дын хууль ёсны өвлөгч нарын эрхийг ноцтой зөрчсөн гэж заасныг хангах үндэслэлгүй. Учир нь эдгээр гуравдагч этгээдүүд болох Б.М, М.Э нар нь Ш.Дын хууль ёсны өв залгамжлагч биш байх бөгөөд Ш.Дт орон сууцнаас ногдох хэсгийг өвлөхтэй холбоотой асуудал нь энэ маргаанд хамааралгүй юм.

Хэргийн 2 дугаар хавтасны 161-166 дугаар талд авагдсан Гэрч асуусан тухай тэмдэглэлд шүүгч, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурсан байх бөгөөд давж заалдсан гуравдагч этгээд нарын ...Гэрч Ч.Мөнхбат, Ч.Мөнхбилэг нарын мэдүүлэгт шүүгч болон тэмдэглэл хөтөлсөн нарийн бичгийн дарга гарын үсэг зураагүй, тухайн гэрчийн мэдүүлгийг хэзээ, хэрхэн бэхжүүлэн авсан нь тодорхойгүй гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2021/01510 дугаар шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь Б.М, Ч.М нарын гэрлэлт цуцлах шаардлагатай иргэний хэрэг нь Ч.Сийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай шууд холбоотой хэрэг гэж үзэж нэгтгэх боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт Нэг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил төрлийн хэд хэдэн хэрэгт зохигчоор оролцож байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй буюу өөр өөр нэхэмжлэгчээс нэг хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь уг хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар нэгтгэн хянан шийдвэрлэж болно гэж заасан.

Иймд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ч.Сийг тогтоож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Анхан шатны шүүх дээрх үндэслэлээр гуравдагч этгээд Б.М, Б.Э нарын Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ч.М, түүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2021/02427 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО