Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/53

 

 

 

 

 

    2024         6              27                                                      2024/ДШМ/53

                      

                                                Н.Чт холбогдох эрүүгийн

                                                                 хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд: 

Прокурор Л.С

Шүүгдэгч Н.Ч

Шүүгдэгч Н.Чийн өмгөөлөгч Б.Б, Н.Д

Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/172 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Чийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Чт холбогдох эрүүгийн 2334000000361 дугаар хэргийг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ аймгийн .......... суманд 1995 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ээж, 4 дүүгийн хамт ......... аймгийн .......... сум, .......... дугаар баг, ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дах сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 358 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөсөн, Бо....... овогт Н. Ч......... /РД: .........../

2.Шүүгдэгч Н.Ч нь 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Портер” маркийн “80-86 ТӨҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан Төв аймгийн Зуунмод сум, Баянхошуу 3 дугаар багийн нутаг “Бараат” гэх газраас иргэн Ж.Алтангэрэлийн өмчлөлийн 5 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж, бусдад 5,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Н.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

3.Анхан шатны шүүх:  Шүүгдэгч Боржигон овогт Наранбаатарын Чинзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар Боржигон овогт Наранбаатарын Чинзоригийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Н.Чт энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоор буюу Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 8 /найм/ сар, 11 /арван нэг/ хоногийн ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг 4 /дөрөв/ жил, 8 /найм/ сар, 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чт оногдуулсан 4 /дөрөв/ жил, 8 /найм/ сар,  11/арван нэг/ хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоног, цагдан хоригдсон 148 /нэг зуун дөчин найм/ хоног, нийт 150 /нэг зуун тавь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3.922.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai Porter” маркийн “80-86 ТӨҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгож,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 2334000000361 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Ч нь шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног, цагдан хоригдсон 148 хоногтойг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.Алтангэрэлд шүүгдэгч Н.Ч нь 5,600,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч Ж.Алтангэрэл нь шинжээчийн зардлын 88,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.Шүүгдэгч Н.Ч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...миний бие гэм буруу дээрээ маргадаггүй, гэм буруутайгаа маш сайн ойлгож, гэмшиж байна. Хулгайн гэмт хэргийн хохирол, хор уршиг өөрт болон бусдад ямар их хохирол учруулдагийг маш сайн ухаарч ойлгож байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж, гомдолгүй болгосон. Би ээж, 4 өнчин дүү, жирэмсэн эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний ээж зүрхний хэмнэл алдагдаж, татаж унадаг. Элэгний өөрчлөлтэй байнгын эмчилгээ хийлгэдэг тул ар гэрийн байдал, хувийн байдлыг минь харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Д..............шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгчийн хувьд хулгайн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж, хохиролгүй болгосон байдаг. Мөн ар гэрийн байдлаа давж заалдах гомдолд дурдсан. Иймд энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б............ шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирол төлбөрийг төлсөн байдлыг харгалзан хорих ялыг хамгийн боломжит байдлаар багасгаж өгнө үү гэв.

7. Прокурор Л.С.....................шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.Чт холбогдох хэрэгт нотолбол зохих асуудлыг нотолсон, гэм буруу нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж үзвэл шүүгдэгч Н.Ч нь 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн “Портер” маркийн 80-86 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан Төв аймгийн Зуунмод сум, Баянхошуу 3 дугаар багийн нутаг “Бараат” гэх газраас иргэн Ж.Алтангэрэлийн өмчлөлийн 5 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж, бусдад 5,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаарх үйл баримт тогтоогдож байна.

3.1.Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 5-6/,

хохирогч Ж.Алт.................. “ Бараат уулын энгэрт оршуулгын газрын хажуу талаас үхрээ авахад 5 үхэр дутуу байсан, тэгээд 5 үхрээ хайгаад Өндөр дов, Тахилтын энгэр, Бөхөг, Долоо уул,  Бяцхан хөндлөн, аймгийн төв, Зүүндэлгэр, Муу ус зэрэг газруудаар яваад олоогүй. Мухар хар шүдлэн эр үхэр,  мухар хар гунжин үнээ,  мухар улаан гунжин үнээ, мухар саарал эр бяруу засаагүй,  эвэртэй саарал эр бяруу засаагүй, эдгээр үхэрнүүд  им тамга байхгүй, содон шинж тэмдэггүй. Манай алдагдсан үхрүүд дан монгол, хоёр гунжин үнээ нь сувай, хоёр буруу нь хусран болохоороо нэлээд тарган байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19/,

гэрч Л.Хүдэрчулууны “ 22 цагийн үед  гэртээ ирэхэд манай хүүхдүүд үхэр байхгүй гэж байсан. Тэгээд машинаа асаагаад үхэртээ явсан... хоёр машин Өндөр довын хөтлөөр даваад гараад ирсэн. Тэгэхээр нь би сэжиглээд гэрлээ унтраагаад зогсоод харж байсан чинь буцаад зүүн хойд зүг рүү эргээд явчихаар хараад нэлээд удсан. Тэгсэн нөгөө хоёр машин гэрлээ унтраагаад зогсчихсон. Тэгэхээр нь яваад очиход  бүхээгтэй хөх өнгийн портер машин ар талдаа гялгар уут унжуулчихсан зогсож байсан, тэр машины дугаар 80-86 ТӨҮ дугаартай байсан. Хажууд нь хөх өнгийн Приус-20  машин байсан ба дугаарыг нь харж чадаагүй, цагдаад дуудлага өгсөн, ...маргааш өглөө 8 цагийн үед очиход нөгөө хоёр машин зогсож байсан газарт үхрийн гэдэс шороогоор дарчихсан, эргийг нураасан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-27/,

гэрч Б.Б................ын “...шөнө 01 цагийн үед Чинзориг ах 80-86 ТӨҮ улсын дугаартай Портер машинтай гадаа ирж зогсоод орж ирэхгүй хөдлөөд  явсан. Тэгэхээр нь Чинзориг  ахыг согтуу  байгаа юм болов уу гэж бодоод 07-02 УНК дугаартай Приус-20  машинтайгаа араас нь очсон. Тэгсэн Чинзориг ах энд юу хийж яваа юм, гэртээ харь гэж хэлэхээр нь буцаад гэртээ ирсэн. Чинзориг ах манайхаас баруун хойд зүгт Юмтын  аманд машиндаа ганцаараа зогсож байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34/

хохирогч Ж.Ал.................ийн 2022 оны мал тооллогын бүртгэлийн хуулбар /1-р хх-ийн 117-120/,

хохирогч Ж.А................ийн хулгайд алдагдсан 5 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг тогтоосон Дамно ХХК-ний дүгнэлт /1-р хх-ийн 51-52/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4.Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүлйд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь мөн зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4-д “олон тооны мал хулгайлж, эсхүл машин механизм ашигласан“  байхаар хуульчлагдсан бөгөөд “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод түүнээс дээш тооны малыг,  “машин механизм ашигласан” гэж өөрийн болон бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг тухайн гэмт хэргийн замаар олж авсан зүйлийг хурдан шуурхай авч явах, учрах саадыг арилгах, хөнгөвчлөх гэх мэт үйлдэлд ашигласан байхыг ойлгох юм.

Түүнчлэн энэ гэмт хэргийн үр дагавар нь гэмт этгээд хууль бусаар, шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр өмчлөх эрхээ шударгаар хэрэгжүүлж байгаа хүний эзэмших, захиран зарцуулах эрхэд халдаж, материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдагт оршино.

Иймд Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Чийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд  шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүх ийнхүү хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчмуудыг эрх зүйн удирдлага болгон шүүгдэгчийн  үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулж болох төрөл, хэмжээний дотор ял оногдуулах учиртай.

5.1.Шүүхээс шүүгдэгч Н.Чт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь  тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж, түүнийг гэм буруутайд тооцсон,

түүнчлэн прокуророос зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан төрөл хэмжээний хүрээнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, уг ялд нь түүний өмнөх Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 8 сар, 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялын хугацааг тогтоон, цагдан хоригдсон 150 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын  зорилгыг хангасан, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан  хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, нийгмийн аюулын зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

6.Шүүгдэгч Н.Ч нь “...гэм буруу дээрээ маргадаггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж, гомдолгүй болгосон, ээж, 4 өнчин дүү, жирэмсэн эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, ээж зүрхний хэмнэл алдагдаж, татаж унадаг, элэгний өөрчлөлтэй байнгын эмчилгээ хийлгэдэг тул ар гэрийн байдал, хувийн байдлыг минь харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү”  гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

7.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хоёр жилээс найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилжээ.

7.1.Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Ч нь “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн, машин механизм ашиглан олон тооны мал хулгайлсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4-д заасан  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан” гэж дүгнэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимтай нийцсэн байна.

8. Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Чийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн,...тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Н.Чийн шийтгэх тогтоол танилцуулснаас хойш буюу 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Чийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чийн шийтгэх тогтоол танилцуулснаас хойш буюу 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.МӨНХДАВАА   

 

                             ШҮҮГЧИД                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                         

                                                                                               А.ЦЭРЭНХАНД