Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 221/ШШ2025/0035

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

        захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: Монгол Улсын Засгийн Газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5-д заасан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах”

Анхан шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, П.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Б.Г, Х.Б, О.Т. В.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.А, Ө.Э

Иргэдийн төлөөлөгч З.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 221/2024/00***/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас Монгол Улсын Засгийн Газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5-ын 1 дэх хэсэгт заасныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5-д заасан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлж маргасан.

2. Нэхэмжлэгч “А” ХХК-иас шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. “Нэгдүгээрт, маргаан бүхий акт гарахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн буюу хуульд үндэслээгүй, эрх зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн захиргааны актыг гаргахдаа журамласан хэм хэмжээг хэрэглэхээс гадна тухайн шийдвэрийн үндэслэл болсон эрх зүйн үндэслэлийг тодорхой заасан байх шаардлагатай байдаг. Маргаан бүхий актад ямар нэгэн эрх зүйн үндэслэл буюу хууль зүйн үндэслэл, материаллаг хуулийн зохицуулалт огт хэрэглээгүйгээс гадна ямар нэгэн хууль зүйн үндэслэл дурдагдаагүй гарсан. Овоолго ашиглуулах гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн нөхцөл болох 34 хувийг эзэмшүүлээгүй орхигдуулсан, илт нэг талын эрх ашгийг хангуулж, төрийн өмчийг үнэгүйдүүлсэн гэрээ байгуулан ажилласан байх тул” гэсэн субьектив үндэслэл заагаад энэ актыг гаргасан гол үндэслэл болсон гэж харагдахаар байгаа юм. Тэгэхээр бид захиргааны байгууллага буюу Засгийн газар хууль зүйн үндэслэлээр биш ямар нэгэн субьектив дүгнэлтийг үндэслээд шийдвэр гаргаж байгааг нь Захиргааны ерөнхий хуулийн зарчим зөрчсөн гэж үзэж байгаа.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны аливаа үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн бодит байдалд тохирсон байх зарчмыг заасан. Энэ акт нь зорилгодоо нийцсэн байхын тулд хариуцагч хариу тайлбараа гаргахдаа Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх үүднээс гаргасан шийдвэрээ буюу стратегийн орд, түүний үүсмэл ордыг эзэмшихэд төрийн оролцоо байх ёстой. Ашигт малтмалын тухай хууль болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 2024 оны нэмэлт өөрчлөлтөөр хэлэлцээр хийх журмаар, хэлэлцээрийн зарчмаар асуудлыг шийдвэрлэх тухай заасан байдаг. 2025 оны 01 дүгээр сараас эхлэн Засгийн газрын Хэрэг эрх эрхлэх газрын зүгээс хэлэлцээрийн журмаар асуудлыг шийдвэрлэхээр олон удаагийн уулзалтуудыг эхлүүлсэн. Гэвч 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар бодит байдалд нийцээгүй, зорилгодоо нийцээгүй асуудал болсон. Мөн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн байгаа. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэр бол төрийн өмчит үйлдвэрийн газар юм. Тус компанитай “А” ХХК гэрээ байгуулж иргэний эрх зүйн харилцаанд орсон байгаа. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д талууд хэлцэл байгуулах, хэлцлээр иргэний эрх зүйн харилцаа үүсэх талаар зохицуулсан. Гэвч гэрээнд хэлцлийг зогсоох, гэрээг цуцлах асуудлыг зохицуулсаар байтал Засгийн газар шууд шийдвэр гаргаж байгаа нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж байна. Ерөнхийдөө 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Э” ТӨҮГ-ын ажлын хэсгээс дүгнэлт гаргаж гэрээ байгуулах санал гаргасан байдаг. Хоёрдугаар хавтаст хэргийн 126 дугаар талд ямар нэг хувь хүн санал гаргаагүй буюу ажлын хэсэг санал гаргасан нь харагдана. “А” ХХК-тай хувийн эрх зүйн гэрээ байгуулж, тодорхой хэмжээний төлбөрийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Гэвч Засгийн газар ямар нэгэн хуулийн үндэслэл дурдалгүйгээр бүх гэрээнүүдийг цуцалсан. Засгийн газраас “А” ХХК-тай цаашид гэрээ байгуулахгүй, төрийн ямар нэгэн үйлчилгээг үзүүлэхгүй, төрийн өмчийн эд хөрөнгөөс ашиглуулахгүй гэсэн шууд хязгаарлалт тогтоосон. Тэгэхээр Засгийн газар Монгол улсын нэг хуулийн этгээдийг тусгайлан нэр заагаад цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болгох шийдвэр гаргаж байгаа нь үндэсний эв нэгдлийг болон тэгш байдлыг хангах зарчмыг бүдүүлгээр зөрчиж байгаа юм.

Хоёрдугаарт, Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргах журам зөрчигдсөн гэж үзэж байна. 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хүсэлт гаргаж шүүх захирамжаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нотлох баримтуудыг шаардсан байдаг. Ирүүлсэн баримт нь 2 дугаар хавтаст хэргийн 146-147 дугаар талд авагдсан байгаа. Энэ баримтаас харахад процессын журам зөрчигдсөн гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Дарааллын хувьд хэлэлцүүлэх асуудлыг холбогдох материалын хамт хуралдаанд оруулахдаа 7-оос доошгүй хоногийн өмнө сайд, түүний эзгүйд Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэйгээр Хэрэг эрхлэх газарт хүргүүлдэг. Хэрэг эрхлэх газар хянаж үзээд хууль тогтоомж, бодлогод нийцүүлж найруулгын болон бусад засвар өөрчлөлтийг оруулж болно. Энэ шаардлагыг хангаагүй буцаасан. Шийдвэрийн төсөл, үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн боловсруулаад бэлтгэл хангагдсан гэж үзвэл Засгийн газрын хуралдаанд оруулдаг. Хуралдааны шийдвэрийн томьёоллыг тухайн асуудлыг хариуцаж байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтан хийж, хууль зүйн техникийн хувьд хуулийн асуудал хариуцсан нэгжээр хянуулдаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга хуралдаанд оруулах ажлын жагсаалт болон материалыг хянан үзэж Хэрэг эрхлэх газрын даргатай эцэслэн тохирсны дараа Ерөнхий сайдад танилцуулж зөвшөөрөл авдаг. Хуралдаанд нэмэлтээр оруулсан хянагдаагүй асуудлаар Хэрэг эрхлэх газар хянаж, хууль тогтоомжид нийцүүлэн зарчмын өөрчлөлт оруулах гэх мэт дараалалтай. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд эдгээр дараалал огт явагдаагүй. Танилцуулга гэдэг байдлаар шийдвэр гаргаад захиргааны акт гарсан. Тэгэхээр тус шийдвэр нь Засгийн газрын тогтоол ч биш, захирамж ч биш байгаа юм.

Гуравдугаарт, энэ шийдвэрийг “Засгийн газрын хуралдааны тэмдэглэл” гэсэн утгатай тайлбар ирсэн. Энэ хэргийг шүүхэд өгөхөд хэд хэдэн удаа бүрдүүлбэр хангуулахаар буцааж, захиргааны акт гэж үзээд хүлээж авахаас татгалзсан. Үүнд гомдол гаргаад 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 620 дугаар тогтоол захиргааны акт мөн байна гэж үзсэн буюу “А” ХХК-д чиглэсэн, компанийн эрхийг шууд хөндсөн захиргааны акт мөн байна гэж дүгнэсэн. Тэгэхээр бид энэ удаагийн хурал дээр захиргааны акт мөн биш гэдэг талаар ярих шаардлагагүй. 2024 оны 07 дугаар сард Засгийн газрын дараагийн тэмдэглэл гарсан. Эрх зүйн үйлчлэл байсаар байгаа баримтууд 4 дүгээр хавтаст хэрэгт бий. Эрх зүйн үйлчлэл байхгүй гэж үзэж байгаа бөгөөд хариуцагч энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд тэмдэглэлийг хүчингүй болгохыг зөвшөөрөхөд татгалзах зүйлгүй. Гэвч эрх зүйн үйлчлэлтэй гэдэг талаар “Э” ТӨҮГ-ын төлөөлөгч нар тайлбарыг өгөх байх. Энэхүү хэрэгт ямар нэгэн байдлаар улс төрийн нөлөөлөл огт байхгүй. Компанийн байгуулсан гэрээ хэлцлийг цуцлах, нөхөн төлбөр шаардах гэх мэт асуудал улс төрийн шийдвэр бол биш. Эцэст нь хэлэхэд тэмдэглэл нэртэйгээр захиргааны акт гаргаж байгаа буруу жишгийг шүүхээс таслан зогсоох ёстой. 2024 оны 04 дүгээр сард Ерөнхий сайд Засгийн газар байх үед гаргасан шийдвэр юм. Ерөнхий сайд ажлаа өгөхөөсөө өмнө ч олон нийтэд зурагт, хэвлэл мэдээллээр “Засгийн газар энэ тэмдэглэл нэртэйгээр маш олон шийдвэр гаргасан. Энэ нь хууль зөрчсөн бөгөөд үүнийг таслан зогсоох ёстой” гэж хэлж байсан. Тиймээс маргаан бүхий актыг одоо хүчингүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны ерөнхий хуулийн зарчмын заалтуудыг, Засгийн газрын шийдвэр гаргах үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан аргачлал, заавар журам, хэм хэмжээний актуудтай холбоотой заалтуудын зөрчлийн талаар тайлбарлалаа. Гэхдээ яг ямар заалт зөрчсөн талаар тайлбарласангүй. Засгийн газраас хүчингүй болгоод цахилгаанаар хязгаарлаад, овоолгоо өгөхгүй байгаа юм байхгүй. Засгийн газар хуралдаанаас тэмдэглэл гаргаж болно. Гэвч шийдвэрийг Засгийн газар бус харин төрийн өмчит үйлдвэрийн газрууд  гаргаад байгаа юм. “Э” ТӨҮГ-ын хувьд талуудын хооронд 2010 онд байгуулагдсан овоолго ашиглуулах гэрээ гэж байгуулсан.  “Э” ТӨҮГ-ын үүсмэл ордыг “А” ХХК-тай хамтарч ашиглуулах, усаар хангах, газрын тодорхой хэсэг дээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулах, зэс худалдан борлуулах үйл ажиллагааг хамтран явуулах, 34 хувийн хувьцааг эзэмшүүлэхээр тохиролцсон. Засгийн газар, эсхүл “Э” ТӨҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хэмжээнд шийдэх ёстой. Асуудлыг гүйцэтгэх захирал нь дур мэдэж дангаараа 34 хувь биш 0,5-аас 2 хувь хүртэлх шат дараалсан рояалти байдлаар тогтоосон нь албан тушаал, эрх мэдлийн хэмжээгээ хэтрүүлсэн явдал болсон гэж үзэж байна. Энэ асуудлыг эрүүгийн журмаар шийдээд явж байгаа. Үүнтэй холбоотойгоор хэрэг түдгэлзэж, түүнийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож байсан. Тэр хурлын тэмдэглэлээс шууд үр дагавар гараагүй. “Э” ТӨҮГ, "Э” цахилгаан түгээх сүлжээ компаниудын шийдвэрийн улмаас “А” ХХК-д үр дагавар үүсэж байна. Монголын Үндэсний ба олон улсын Арбитрын шүүхэд гэрээ цуцалсан болон гэрээтэй холбоотой ямар нэгэн шийдвэр, үйл ажиллагааны талаар маргана. “Э” ТӨҮГ нь “Эрдэнэт Булган” цахилгаан түгээх төрийн өмчит компанитай цахилгаан ашиглуулах гэрээ хийсэн. Цахилгааныхаа төлбөрийг төлсөн, зөрчилгүй байхад цахилгаанаар хязгаарласантай холбоотой тухайн компанитай маргахгүйгээр Засгийн газартай маргаад байгаа нь ойлгомжгүй байна. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг шүүхээс нэгэнт захиргааны акт гэж үзсэн. Засгийн газрын хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаар хуралдааны тэмдэглэлээр Засгийн газрын тухайн асуудлыг шийдвэрлэх талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болох Ц.Т эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх чиглэлийг өгөөд, шаардлагатай арга хэмжээг авч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тухайн нөхцөл байдлыг арилгах арга хэмжээ авах үүрэг өгсөн.  

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/900197 тоот “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Э” ТӨҮГ-ын гүйцэтгэх захиралд хандаж Засгийн газрын хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаар тэмдэглэлийг үндэслэн “А” ХХК-ийн үйл ажиллагааг сэргээх чиглэл хүргүүлээд, үүний дагуу “Э”-ийн газраас овоолго ашиглуулах болон усаар хангах, "Э” цахилгаан түгээх сүлжээ компаниас үйлдвэрийн цахилгааныг сэргээж, холболтыг нээж, лацыг арилгаж үйл ажиллагааг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлээд хэвийн үйл ажиллагаатай болгосон. Ингээд үйл ажиллагаа нь хэвийн болоод жил гаруйн дараа нэхэмжлэлийн шаардлага нь хүчингүй болгох гэдэг агуулгатай хэвээр байгаа юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан хуулийн үндсэн зорилго бол захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх. Одоо нэхэмжлэгчид өнөөдрийн байдлаар зөрчигдсөн ашиг сонирхол байхгүй. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “Захиргааны шийдвэр, үйл ажиллагаа хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаардана” гэж заасан. Гэтэл энэ тохиолдолд зөрчигдсөн шинж байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 56 дугаар зүйлд нэхэмжлэлийн шаардлагад зөрчигдсөн ашиг сонирхлоо хэрхэн яаж сэргээлгэх талаар ойлгомжтой, тодорхой байхыг шаарддаг. Нэхэмжлэгчийн хувьд үр дагаврууд арилсан учраас маргаан бүхий 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэл захиргааны акт байх шинжээ алдсан. Хэрвээ акт гэж үзэж байгаа бол, тус шийдвэр шууд хэрэгжих үр дагавар бүхий бичгээр гаргасан захиргааны акт биш юм. Тухайн актын эрх зүйн үр дагавар, дараагийн актаар хүчингүй болоод акт гэж үзэж байгаа тохиолдолд үр дагаваргүй болсон байтал нэхэмжлэгч нэхэмжлэлээ үр дагаврыг нь хүчингүй болгуулах гээд байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр  зүйлийн 109.2-т заасныг журамлаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах боломжтой гэж үзэхээр байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар Засгийн газар Монгол Улсад үйлчилж байгаа хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй. Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын үүсмэл ордын 34 хүртэлх хувийг,  шинэчилсэн найруулгаар 50 хүртэлх хувийг Засгийн газар эзэмшдэг. Хууль хэрэгжүүлэх үүднээс төрийн өмчит компанийн үүсмэл ордыг ямар ч хувь үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн. Энэ зөрчлийг арилгуулах үүднээс Засгийн газар зохион байгуулалтын шинжтэй арга хэмжээ авсан. Энэ нь хуулийг хэрэгжүүлж байгаа үндсэн шийдвэр, үйл ажиллагаа учраас Засгийн газрын үйлдэл бол улс төрийн шийдвэр юм. Шийдвэр гаргах үед Монгол Улсын Их Хурлаас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Үндэсний баялгийн сангаар цаашид Монгол Улсын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжил дэвшлийг хангахтай холбоотой томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж хэрэгжүүлэх гэдэг үндсэн улс төрийн шийдвэр байсан. Энэ бол Монгол Улсын Их Хурлаас батлагдсан хууль юм. Тийм учраас түүний хэрэгжүүлэх арга хэмжээ, алхам нь Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр яригдсан. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтад хамаарахгүй байгаа тул хэргийг шүүхээр хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна гэв.

3.2. Хариуцагчийн өмгөөлөгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2024 оны 16 дугаар хурлын тэмдэглэл захиргааны акт мөн эсэх  агуулгаар бид өнөөдөр ярихгүй. 16 дугаар хурлын акт бол шууд чиглэсэн этгээд нь “А” ХХК гэдэг биш байна. Өөрөөр хэлбэл 16 дугаар хурлын тэмдэглэлээр “А” ХХК-ийн үйл ажиллагааг шууд зогсоосон, хязгаарласан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй, энэ талаар холбогдох арга хэмжээг авах шийдвэрийг гаргаад байгаа юм. Бусад 3 хуулийн этгээдтэй болох “Э” цахилгаан түгээх төрийн өмчит үйлдвэрийн газар, “Э” ТӨҮГ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрууд бий. “Э” ТӨҮГ-ын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2750 тоот бичгээр хууль зүйн үндэслэлүүдийг хангалттай дурдсан буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлүүдийг удирдлага болгон гэрээг цуцалсан. Тэгэхээр талуудын хооронд 2010, 2014 онуудад гэрээ байгуулагдсан байна. Гэрээнд заасантай холбоотой асуудлууд үүссэн гэдгийг талууд аль аль нь зөвшөөрч байгаа. 2018, 2019, 2020 оноос хойших төрийн өмчид шилжүүлэх 34 хувийг хэрхэх талаар  талууд хоорондоо ярилцсаар байсан. Нөхцөлүүд бүрдэхгүй явсаар 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” бичгээр гэрээг цуцалж байгааг харах бүрэн боломжтой. Тийм учраас бидний тайлбарт дурдаад байгаа 16 дугаар хурлын тэмдэглэл “А” ХХК-д шууд эрх зүйн үр дагаврыг үүсгэх шийдвэрийг гаргаагүй гэж үзэх бүрэн боломжтой. Дараа нь 25 дугаар хурлын тэмдэглэлээр өөрчлөлт орсон гэж үзэхээр байгаа. “А” ХХК-ийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилсэн учраас нэхэмжлэлийн шаардлага  бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна гэв.

3.3. Хариуцагч Монгол улсын Засгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ж шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол улсын Засгийн газрын хуралдааны журамд 2025 онд өөрчлөлт орсон.  Тус асуудлаар санал авч жагсаалтад оруулсан. Засгийн газрын хуралдааны журам дээр  нарийвчилж тодорхой тусгаагүй байж болно. Гэхдээ практикт Засгийн газар зарим тодорхой асуудлуудаар Засгийн газрын бусад гишүүдэд мэдээлэл хийгээд тэмдэглэл гардаг гэв.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А” ХХК цахилгаан эрчим хүчээр таслагдаагүй. Байгаль орчинд үүсэх эрсдэлийг тооцоод хэсэгчилсэн цахилгаан эрчим хүчээр таслалт хийсэн. Уусмалаа дээш нь татдаг үндсэн гол хөдөлгүүрүүд нь хүчдэлтэй байсан гэж ойлгож болохоор байгаа гэв.

4. Иргэдийн төлөөлөгч З.Л шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

4.1. “Үйл ажиллагаа зогсоогүй, тодорхой хэмжээнд үргэлжилж байгаа гэж ойлгож байна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэр үндэслэлтэй гэж бодож байна” гэж дүгнэсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэлд хавсаргасан баримтууд, хэргийн оролцогчдын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “А” ХХК-иас анх Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5-ын 1 дэх хэсэгт заасныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5-д заасан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлэн маргасан.

2.1. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5-д “Э” ТӨҮГ-ын хүдрийн овоолгыг /“А” ХХК/ ашиглаж байгаа талаар...:

1 дэх заалтаар: “А” ХХК-тай байгуулсан овоолго ашиглуулах гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн нөхцөл болох төрийн эзэмшлийн 34 хувийг эзэмшүүлээгүй, орхигдуулсан, илт нэг талын эрх ашгийг хангуулж, төрийн өмчийг үнэгүйдүүлсэн гэрээ байгуулан ажилласан байх тул уг нөхцөл байдлыг үүсгэсэн асуудлыг шалгаж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт, “Э” ТӨҮГ, “А” ХХК-ын хооронд байгуулсан овоолго ашиглуулах, газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулах, цэвэр усаар хангах гэрээнүүдийг болон “Э” ТӨХК болон "А" ХХК-ийн хооронд байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг цуцалж, дуусгавар болгон, гэрээ дахин шинээр байгуулахгүй, цаашид төрийн өмчийн эд хөрөнгийг тухайн компанид ашиглуулахгүй байх талаар шуурхай арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд Б.Ч, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ц, “Эр” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Н, "Э" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ё, “Э” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал В.А нарт даалгаж,

2 дахь заалтаар: "А" ХХК болон "Э" ХХК /хуучин нэрээр/-ийн хооронд байгуулагдсан 2010, 2013 оны гэрээгээр талуудын тохиролцсон 34 хувьд ногдох ногдол ашгийг "Э" ТӨҮГ-т нөхөн төлүүлэх болон овоолго ашиглалтаас байгаль орчинд учирсан хохирол, байгаль орчны нөхөн сэргээх төлбөрийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, зохих төлбөрийг гаргуулах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.А Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Г, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Э, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бэ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ц, “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Н, "Э" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ё нарт даалгаж шийдвэрлэсэн гэж тэмдэглэсэн боловч тогтоол гараагүй байна.

2.2. Дээрх Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 16 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ГЁ-117-12/**** дугаар албан бичгээр “...2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 5/199-15 дугаартай “Овоолго ашиглуулах гэрээ”-г цуцалж байгаатай холбоотойгоор сульфидын хүдрийн 2 дугаар овоолгод хүхрийн хүчлийн уусмалаар хүдрийг бороожуулан уусгах үйл ажиллагааг энэ өдрөөс эхлэн зогсоож байна ...”, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ГЁ-126-12/**** дугаар албан бичгээр “... байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох ажлыг гүйцэтгэх, учирсан хохирлыг арилгах арга хэмжээнд гарах зардлыг танай компаниар нөхөн төлүүлэх нь хууль тогтоомжид нийцэж буй болохыг үүгээр мэдэгдэж байна.”, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-10-12/**** дугаар албан бичгээр “... “Төгрөг баян хангай” ХХК-тай хамтарч ажиллаагүй тохиолдолд 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс "А" ХХК-ийн үйл ажиллагаанд шаардлагатай эх үүсвэрүүдийг зогсоох арга хэмжээ авахыг үүгээр мэдэгдэж байна.”, мөн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-108-12/**** дугаар албан бичгээр “... шаардлагатай мэдээлэл, хамтын ажиллагааг хангаагүй тохиолдолд бидний зүгээс дараагийн арга хэмжээг авахад хүрэхийг үүгээр мэдэгдэж байна.”,

“Э” ТӨХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “А” ХХК-д 01/**** дугаар албан бичгээр “... танай компанитай байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна.”,

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” 11-25-02/023/** дүгээр албан бичгээр “... үйл ажиллагааг зогсоож, эрчим хүчний хэрэглээг нь түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж үзэв.” гэх мэдэгдлүүдийг тус тус "А" ХХК-д хүргүүлснээр 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Э” ТӨҮГ болон “Эр” ТӨХК-ийн холбогдох инженер, техникийн ажилчид нэхэмжлэгч компанийн үйлдвэр дээр очиж 11:00 цагт технологийн горимыг зогсоосноор үйлдвэрлэл бүр мөсөн зогссон үйл баримт тогтоогдож байна.

2.3. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, улсын үйлдвэрийн газар, байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид хянан шалгаж, шаардлагатай бол тэдгээрийн удирдлагын илтгэл, мэдээллийг хэлэлцэнэ”, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана”, 4 дэх хэсэгт “Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрийн төслийг тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан Засгийн газрын гишүүн хянан үзэж ёсчлон гаргах зөвшөөрөл өгнө”, 5 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоолд түүний биелэлтийг хариуцсан сайд нар, дараа нь Ерөнхий сайд гарын үсэг зурна”, 6 дахь хэсэгт “Засгийн газрын шийдвэрт Ерөнхий сайд гарын үсэг зурахын өмнө тухайн шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нотолсон байвал зохино”, 7 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно”, 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж,

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 351 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаар тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсан байх бөгөөд тус журмын 6.6-д “Захиргааны хэм хэмжээний актын төсөлд уг шийдвэрийн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас санал авна. Саналыг албан бичиг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон тухайн байгууллагын цахим хуудсаар дамжуулан авч болно”, 11.5-д “Хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай шийдвэрлэх асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана” гэж тус тус заасан.

2.4. Дээрх зохицуулалтаас үзвэл, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас “Э” ТӨҮГ-ын хүдрийн овоолгыг "А" ХХК ашиглаж байгаатай холбоотой дээрх асуудлыг шийдвэрлэхдээ тогтоол гаргах ёстой байтал тэмдэглэлээр уг асуудлыг шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг эрх бүхий этгээдүүдэд даалгаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмын 11.5-д заасныг тус тус зөрчсөн байна.

Монгол Улсын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллагын хувьд түүний шийдвэр нь хууль ёсны болон үндэслэл бүхий хууль, эрх зүйн хэм хэмжээний зохицуулалтад гүнээ нийцсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 1,4,5,6,7-д заасан зохицуулалтуудыг огт хэрэглээгүй атлаа уг шийдвэрийг холбогдох этгээдүүдийг дагаж мөрдөхийг үүрэг болгосон.

3. Гэсэн хэдий ч мөн л нэхэмжлэгч компаниас “Э” ТӨҮГ-т хандан 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 3/49 дүгээр албан бичгээр, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 1/161 дүгээр албан бичгээр, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Үйлдвэр бүрэн хаагдах тухай” 1/240 дүгээр албан бичгээр, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Байгаль орчны эрсдэлийн тухай” 1/279 дүгээр албан бичгүүдээр цөөрмөөс уусмал байгаль орчинд алдах бодитой эрсдэл үүсэхээр байгаа тухай болон яаралтай шийдвэр гарган хамтран ажиллахыг хүссэн утга бүхий хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 25 дугаар тэмдэглэлээр “... Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн овоолгыг ашиглаж байгаа “А” ХХК-ийн катодын зэсийн боловсруулах үйлдвэрт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар танилцуулж, ... үүнтэй холбогдуулан уусмал хадгалах цөөрмөөс үүдэлтэй байгаль орчинд нөлөөлөх байдал болон учирч болох бусад эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах шаардлагатай арга хэмжээг эрхлэх асуудлынхаа хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн авахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд даалгаж” шийдвэрлэжээ.

3.1. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн дээрх хүсэлт болон үүссэн нөхцөл байдлыг үндэслэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 01/097 дугаар албан бичгээр “… “А” ХХК-ийн катодын зэс боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосноос байгаль орчны болон технологийн ноцтой эрсдэл үүсэж буй тул эрсдэлийг бууруулах шаардлагын үүднээс үйлдвэрлэлийн ус, цахилгаан, зам ашиглалтын хязгаарлалтыг зогсоож, үйл ажиллагааг 2024 оны 08 дугаар сарын 21-ны өдрөөс эхлэн эрсдэл бүрэн арилах хүртэл хугацаанд хэвийн явуулах …” гэх чиглэлийг Эрчим хүчний яам, “А” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д тус тус хүргүүлсэн байгаа зэргээс үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 25 дугаар тэмдэглэл гарснаар маргаан бүхий Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн үйлчлэлийг дуусгавар болгосон гэж үзэхээр байна.

3.2. Дээрхээс гадна Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Цахилгаан эрчим хүчний хэрэглээг сэргээх тухай” 11-25-02/025/01 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “А” ХХК-ийн зэс боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоох тухай улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11-25-02/025/01 дугаартай акт, тус цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг сэргээсэн тухай протоколоор үйлчлэх хугацааг зогсоож шийдвэрлэсэн, улмаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн хувьд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа зэрэг нь хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хангалттай тогтоогдож байна.

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компаниас захиргааны актыг хүчингүй болгуулахаар маргаж буй энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх учиртай.

4. Монгол Улсын Засгийн газрын маргаан бүхий хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар заалтын хүрээнд “Эр” ТӨХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/137 дугаар тушаалаар, “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/274 дүгээр тушаалаар, “А” ХХК-ийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/01 дугаар тушаалуудаар тус тус ажлын хэсэг байгуулан ажилласан. Мөн тус ажлын хүрээнд Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 112 дугаар тогтоолоор “Ц.Д нь “Э” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар 2013-2016 онд ажиллах хугацаандаа “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэгтэй 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулахдаа “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрлийг авалгүйгээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “А” ХХК-ийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эзэмшиж байсан 34 хувийг шилжүүлэн өгсөн” гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа үйл баримт тогтоогдож байна.

4.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад гаргасан “... эцсийн байдлаар гэрээ хийгээгүй байгаа ч хэлэлцээр ахицтай явж байгаа ...” гэх тайлбар болон хэрэгт авагдсан “Э” ТӨҮГ-ын Монгол Улсын Засгийн газар “Эр” ХХК-д хүргүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “А” ХХК-тай хэлэлцээр хийх чиглэл хүсэх тухай” ГЁ-108-12/4922 болон ГЁ-108-12/4923 дугаар албан бичиг, талуудын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч “А” ХХК болон хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 2 дахь заалтад дурдсан “Э" ХХК /хуучин нэрээр/-ийн хооронд байгуулагдсан 2010, 2013 оны гэрээгээр талуудын тохиролцсон 34 хувьд ногдох ногдол ашгийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т нөхөн төлүүлэх болон овоолго ашиглалтаас байгаль орчинд учирсан хохирол, байгаль орчны нөхөн сэргээх төлбөрийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэх, зохих төлбөрийг гаргуулахтай холбоотой асуудлаар хэлэлцээр хийхээр төлөвлөж, удаа дараа уулзалт хийгдсэн, үүнд нэхэмжлэгч талаас оролцох боломжтой зэргээс үзвэл маргаан бүхий тэмдэглэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

4.2. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаар тэмдэглэлийн 2 дахь заалтын хүрээнд талууд хэлэлцээр хийхээр төлөвлөж, тодорхой үйл ажиллагаа явуулж байгаа энэ тохиолдолд тус заалтыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзэхээр байна.

4.3. Учир нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхын тулд биелэгдэх боломжтой, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж маргаж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхүйц байх ёстой.

Гэтэл маргаан бүхий энэ тохиолдолд нэгэнт Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5-ын 1, 2 дахь хэсэг нь эрх зүйн үйлчлэлгүй болсон, үүнээс гадна нэхэмжлэгч компани үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа буюу зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны сонирхол байхгүй байх тул шүүхээс Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 16 дугаар тэмдэглэлийн холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий байна.

5. Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “Үйл ажиллагаа зогсоогүй, тодорхой хэмжээнд үргэлжилж байгаа гэж ойлгож байна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэр үндэслэлтэй гэж бодож байна” гэсэн дүгнэлт гаргасныг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.4, 30.5, 30.6, 30.7, 30.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5-д заасан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                        А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                        Ц.САЙХАНТУЯА