2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/04898

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 30 191/ШШ2025/04898

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч З.Баярмаа, шүүгч Н.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Б-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 39,470,965 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид :

Нэхэмжлэгч Д.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б,

Хариуцагч Г.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

Томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчийн зөвшөөрснөөр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өмгөөлөгч *******ын хамт шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Г.Буяндэлгэр нь 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх "Сонор төвийн урд байрлах автомашины зам дээрх түгжрэлтэй холбоотойгоор нэхэмжлэгч ******* надтай маргалдан улмаар толгойгоороо миний нүүр хэсэгт мөргөсний улмаас эрүүл мэндэд "хамар ясны хугарал, баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/796 дугаартай шийтгэх тогтоолоор хариуцагч Г.Буяндэлгэрийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэхэмжлэгч ******* намайг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ...Эд хөрөнгөд хууль бусаар санаатай...үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.", 505 дугаар зүйлийн 505.1-д "бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хариуцагч ******* хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч миний хамрын хэлбэр алдагдаж, муруйсан, хамрын яс хугарсан, таславч муруйсан гэмтэл буюу эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн сэргээх зайлшгүй шаардлагын улмаас миний бие 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд БНСУлсын Сөүл хотын "Wonjin" эмнэлэгт хамар ясны хагалгаанд орж хэвтэн эмчлүүлэн ирсэн.

Дээрх гэмтлийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхэд бодитой гарсан зардлаа нэхэмжилж байна. Үүнд:

БНСУ-ын "Вонжин эмнэлгийн нийт төлбөр 27,000,000 төгрөг, MG зочид буудлын төлбөр /14 хоног/ 2,250,000 вон,Солонгос улсын визний материал бүрдүүлэхэд 200 ам.доллар, онгоцны билет хоёр тал /Аеро Монголиа/ 1,492,344 төгрөг, хоол, унаа, эм тарианы төлбөр 749,658 төгрөг, 902,110 вон, шүүхэд нэхэмжлэл гаргах зорилгоор нотлох баримтыг хуульд зааснаар солонгос хэлнээс монгол хэл рүү орчуулах орчуулгын зардал 1,143,050 төгрөг болоод валют тус тус зарцуулсан.

Дээрх эмчилгээ хийлгэхтэй холбогдуулан гарсан ам.доллар болоод воныг тухайн үеийн Монгол банкны ханшаар монгол төгрөгт шилжүүлэхэд хоол унааны зардал болох 902,110 вон, зочид буудлын төлбөр болох 2,250,000 вон, нийт 3,152,110 вон нь монгол төгрөгөөр 8,384,613 төгрөг, визны материал бүрдүүлэхэд зарцуулсан 200 ам.доллар нь монгол төгрөгөөр 701,300 төгрөг, нийт 39.470.965 төгрөгийн зардлыг бодитоор гаргасан.

Хариуцагч нь Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтыг энэ гэмтэлтэй холбож байгааг үндэслэлгүй гэж үзэж байна, учир нь эмчилгээг энэ жагсаалтын дагуу хийлгэх ёстой гэсэн заалт байхгүй. Тэрээр хүний эрүүл аюулгүй байх, хувь хүний эрх, эрх чөлөөнд халдсан гэм буруутай үлйдлийн улмаас энэ гэмтэл учирсан. Түүнээс гадна эрүүл мэндийн эмчилгээг Монгол улсад үнэгүй хийлгэх боломжтой гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нь бусдын буруутай хууль бус үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлээ эмчлүүлэх эмнэлэг, эмчилгээгээ сонгох эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд эмнэлгээ сонгож эмчилгээ хийлгэсэн өөрөөс бодитой гарсан мөнгөн хөрөнгөө нэхэмжилсэн болохоос ирээдүйд гарах зардал нэхэмжилсэн зүйл байхгүй юм.

Гэмтэл учирсан даруйд ЭМЖЖ эмнэлэгт үзүүлж байсан, тэгээд хугарлыг эмчлүүлэх хагалагаанд ороход хамраа тэгшлүүлсэн байх ёстой гэсэн тул 3 дугаар эмнэлэгт өөрийн биеэр очиж бороолсон байхад нь 2 удаа тэгшлүүлсэн. Түүнтэй холбоотой зардлыг эрүүгийн хэрэгт өгсөн байх тэр зардлыг сайн санахгүй байна.

Тэгээд хамрын ясны хугарлыг эмчлүүлэхийн тулд БНСУ-ын Вонжин эмнэлэгт хандсан, эмнэлэг эхлээд эмчилгээний үнийн дүнг багаар өгч байснаа очоод үзүүлэхэд үнийн дүн өндөр болсон. Хамрын яс хугарснаас амьсгал дарагдаад амьсгалахад хүнд болсон, хамрын таславч гэмтсэн тул бусад эрхтнээс нөхөх шаардлагатай болсон, үүнийг нөхөх хагалгаа хийгдсэн тохиолдолд хагалгаа хийгдэх болж имплант суулгаж, үнийн дүн өөрчлөгдсөн.

Хэрэв хариуцагч нь эрүүл мэндэд ийм гэмтэл учруулаагүй байсан бол хоол унд, эм тариа, унааны зардал, зочид буудлын хөлс гэх зардал гарахгүй байсан бөгөөд унтуулгатай хагалгаанд орж байгаа хүнийг зайлшгүй асрамжлах шаардлага гарсан. Үүнийг зайлшгүй гарах сувилалын зардалд хамаарна гэж үзэж байна. Гэхдээ нэхэмжлэлд хамт явсан эхнэрийнхээ онгоцны болон зочид буудлын үнийг нэхэмжлээгүй. Мөн хиймэд эрхтэн хийлгэх гэдэгт эд эрхтнээс имплант авч суулгасан нь хамаарна гэж үзэж байна.

Иймд гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч *******д учирсан гэм хорын хохирол болох 39,470,965 төгрөгийг хариуцагч ******* гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Г.Буяндэлгэр нь татгалзлын үндэслэлийг өмгөөлөгч *******ийн хамт шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь эрүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 39,470,965 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг үндэслэн гаргасан гэж байна.

Гэтэл нэхэмжлэгч *******гийн биед : ...хамар ясны хугарал, баруун ухархайн доод ханын цмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.

Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд учирсан гэмтлийн хэр хэмжээнээс хамаарч эмчилгээний зардал яригдах учиртай бөгөөд түүнд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь Монгол улсад эмчлэгдэх боломжтой байхад хөгжлийн түвшин өндөр, зардлын хэмжээ их гадаадын улсад эмчлүүлсэн гэх зардлаа нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т : Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан байдаг.

Эдгээр зардлыг нэхэмжлэгч нэхэмжлээгүй бөгөөд тэрээр дутуу авсан цалин хөлс нэхэмжлээгүй, мөн асарч сувилах, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэгт зайлшгүй зардал гаргаагүй, хэрэв ийм зардал гарсан бол хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзэж байна.

Сувиллын газар сувилуулах гэдэгт нэхэмжлэлийн шаардлагын хэдэн хувь нь хамаарч байгаа нь тодорхойгүйгээс гадна эмчилгээ хийгдсэний дараа хориглох хүнсний зүйлд хамаарах резинэн чихэр, кока кола, шарсан хоол хүнсний үнэ нь нэмэгдэл хоолонд хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв хагалгааны дараа зайлшгүй нэмэгдэл хоол хэрэглэсэн бол зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй юм.

Эрүүл мэндийн сайдын 2017.09.21-ний өдрийн А/370 тоот, 2024.06.07-ны өдрийн А/273 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Монгол улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалт-ыг, 2 дугаар хавсралтаар Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн-ийг тус тус баталсан.

Гэтэл эдгээр жагсаалтаас үзэхэд нэхэмжлэгч *******д учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь Монгол улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад хамаарахгүй байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022.01.28-ны өдрийн 01 тоот, 2025.01.23-ны өдрийн 04 тогтоолын 1 дүгээр хавсралтаар Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт-аг баталсан.

Эдгээр журмаар Монгол улсын иргэн ямар зэргийн гэмтэл авснаас шалтгаалан эмчлүүлэх тохиолдолд иргэний болон Эрүүл мэндийн даатгалаас гарах зардлын хэмжээг тогтоосон. 1 дүгээр хавсралтын 57-т Гавлын ба нүүрний ясны хугарал гэмтлийг эмчлүүлэхэд иргэн 482,850 төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас 2,736,150 төгрөг, нийт 3,219,000 төгрөгийн зардал гарахаар байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчид учирсан гэмтлийг эмчлүүлэхэд Монгол улсад гарах зардлын хэмжээг энэ хэмжээ гэж үзэж байна.

Нэхэмжлэгчид учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарах зардалтай холбоотой эмнэлгүүдээс үнийн саналын талаарх мэдээлэл авсан. Эдгээр эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан үнийг баримталдаг, эмчилгээний болон гоо сайхны хагалгааны үнэ 3-4 сая төгрөг, эмчилгээний явцад нэмэлт зардал гарсан тохиолдолд 7-8 сая төгрөг, унтуулгатай хийгдсэн тохиолдолд 10,000,000 төгрөгөөс хэтрэхгүй гэсэн хариу өгсөн.

Мөн нэхэмжлэгч нь 7700 ам.долларыг Голомт банкнаас Солонгос улс руу шилжүүлсэн байх боловч гүйлгээний утга болон юуны зардалд төлсөн, хааш нь шилжүүлээд байгаа нь тодорхойгүй байх ба энэ нь Монгол улсад хийгддэг зардлын хэмжээнээс илүү өндөр байна.

Түүнээс гадна нэхэмжлэгчийн эмчилгээ хийлгэх сонголтод халдаагүй бөгөөд гагцхүү Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад ороогүй, өндөр өртөг буюу 7700 ам.доллар нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, түүнд учирсан гэмтлийг гадаадад зайлшүй эмчлүүлэх өвчний жагсаалтад орсон, энэ талаар орон тооны бус зөвлөлийн шийдвэр гарсан бол өөр хэрэг, зайлшгүй бүх зардлыг хариуцагч төлөх учиртай бөгөөд Монголд эмчлүүлсэн тохиолдолд онгоцны болон зочид буудлын төлбөр гэж гарч ирэхгүй байх байсан.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь өөрт учирсан гэмтлийг Монгол улсад эмчлүүлэх боломжтой байхад гадаадад эмчлүүлсэн гэж зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй, гарсан зардал нь өндөр байх ба түүний гаргасан зайлшгүй төлөх ёстой зардалд хамаарахгүй байх тул эмнэлгийн төлбөр, такси, хоолны зардлыг зөвшөөрөхгүй, харин эмийн зардлыг төлнө.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан жагсаалтын дагуу гарах зардал болох 3,219,000 төгрөгийг, эмийн зардлын хамт зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

3.Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт болох:

3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.10-ны өдрийн 2023/ШЦТ/796 дугаар шийтгэх тогтоол, *******гаас 2023.10.23-ны өдөр *******д олгосон итгэмжлэл, *******гийн Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зардал гаргасантай холбоотой гадаад хэл дээрх баримт, орчуулгын хамт, Голомт банк ХК-ийн төлбөрийн баримт, гадаад төлбөрийн даалгавар, дансны хуулга, мемориалын баримт, Аэромонголиа тасалбар, өмгөөлөгчөөр *******ыг оролцуулах хүсэлт /1 хх 1-115, 144, /

 

3б.Хариуцагчаас ирүүлсэн: Г.Буянлэлгэрийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, өмгөөлөгч *******тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Эрүүл мэндийн сайдын 2017.09.21-ний өдрийн А/370, 2024.06.07-ны өдрийн А/273 тоот журам шинэчлэн батлах тухай тушаал, тэдгээрийн хавсралтын ын хуулбар, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс өмгөөлөгчид хүргүүлсэн албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022.01.28-ны өдрийн 01 тоот 2024.03.29-ний өдрийн 06 тоот, 2025.01.23-ны өдрийн 04 тоот тогтоол, түүний хавсралтын хуулбар, Синдерелла клиник ХХК-иас өмгөөлөгчид хүргүүлсэн албан бичиг, /1 хх 119, 124, 165, 174-186, 200/

 

3в. Шүүхийн журмаар бүрдүүлсэн:Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023.03.06-ны өдрийн №3130 тоот *******гийн биед гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт, хариуцагчийн өмгөөлөгчийн Ochirkhuyag Jantsan хаягнаас Pro One Plastic Surgery Clinic эмнэлэг, Orient Med clinic эмнэлэг, Sondor Med эмнэлэгт, Infinite Clinic эмнэлэг, MBG гэмтэл согогийн эмнэлэг, Мишээл эмч хаягтай харилцсан захидалд үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагчийн өмгөөлөгчийн Ochirkhuyag Jantsan хаягнаас 2025.04.25-ны өдөр Вонжин эмнэлэгтэй харилцсан захидалд үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн MaaRa Ma гэх хаягнаас 2023.08.26-ны өдөр Вонжин эмнэлэгтэй харилцсан захидалд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 198-199, 2хх 5-15, 22-29, 33-39/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан эрүүгийн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 39,470,965 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь 3,219,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

3. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3а. Хариуцагч Г.Буяндэлгэр нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Сонор төвийн урд байрлах автомашины зам дээрх түгжрэлтэй холбоотой, тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас нэхэмжлэгч *******тай маргалдсаны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/796 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон. / 1хх 4-7/

3б. Дээрх 2023/ШЦТ/796 дугаар шийтгэх тогтоолоор Г.Буяндэлгэрийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байх ба гэм буруугийн талаар хариуцагч маргаагүй болно.

3в. Энэ гэмт хэргийн улмаас *******гийн биед ...хамар ясны хугарал, баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал... бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №3130 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон./ 1хх 198-199/

3г. Хариуцагч ******* холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед нэхэмжлэгч нь БНСУлсад үзүүлэхээр захиалга өгсний урьдчилгаанд 1,384,000 төгрөг төлснийг нэхэмжилсэн байх ба уг 1,384,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон, нэхэмжлэгч *******г гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолын 7 дах заалтад заасан байна.

 

4. Нэхэмжлэгч нь ... эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд БНСУ-ын "Вонжин эмнэлэгт хагалгааны зардалд 27,000,000 төгрөг, визний материал бүрдүүлэхэд 200 ам.доллар буюу 701,300 төгрөг, онгоцны хоёр талын билетийн үнэ 1,492,344 төгрөг, хоол, унаа, эм тарианы төлбөр 749,658 төгрөг, 902,110 вон, MG зочид буудлын төлбөр /14 хоног/ 2,250,000 вон, нийт 3,152,110 вон буюу 8,384,613 төгрөг, орчуулгын зардал 1,143,050 төгрөг, нийт 39,470,965 төгрөгийг бодитой гаргасан зардал гэж тодорхойлсон.

 

5. Хариуцагч нь ...гэм буруугийн хувьд маргахгүй боловч эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан учирсан гэмтэл нь Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад ороогүй байхад өндөр өртөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, түүний гаргасан гэх зардал нь зайлшгүй төлөх ёстой зардалд хамаарахгүй, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан жагсаалтад хамаарах 3,219,000 төгрөгийг, эмийн зардлын хамт зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

6. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т:Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заажээ.

 

6а.Үүнээс үзэхэд бусдын гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг ******* нь арилгуулахаар шаардах эрхтэй, харин Г.Буяндэлгэр нь түүний эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож 2023.10.02-ны өдөр зочид буудлын төлбөрт төлсөн гэх 4,992,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн Хаан банк ХК-ийн депозит дансны хуулга, худалдан авалт хийсэн гадаад хэл дээрх бичигдсэн төлбөрийн баримтууд, тэдгээрийн орчуулга, Вонжин эмнэлгийн мэс засал хийснийг баталсан маягт, 2023.10.24-ний өдрийн баримт, Голомт банк ХК-ийн 2023.09.04-ний өдрийн 27,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн төлбөрийн баримт, мөн өдрийн 7700 амдолларын гадаад төлбөрийн даалгавар, дансны хуулга, мемориалын баримт, Аеромонголиа компанийн тасалбар, зочид буудлын нэхэмжлэх, орчуулгын төлбөр төлсөн баримт зэргийг шүүхэд ирүүлсэн. /1хх 9, 12-112/

7а. Гэвч тэрээр өөрийн эрүүл мэндэд учирсан ...хамар ясны хугарал, баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал... бүхий хөнгөн зэргийн гэмтлийг Монгол улсад эмчлүүлэх боломжгүй гэдгийг ямар мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллага тодорхойлсон талаарх баримтыг ирүүлээгүй, тодруулбал энэхүү байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зйүлийн 38.1-т заасны дагуу баримтаар нотолсонгүй.

7б. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь БНСУ-ын Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэгт 2023.10.05-ны өдрөөс 2023.10.16-ны өдрийн хооронд эмчлүүлсэн болох нь тус эмнэлгийн мэс засал хийснийг баталсан маягт, баталгаажуулах албан бичиг, ******* болон Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэгийн хооронд 2023.08.26, 2023.09.02, 2023.09.05-ны өдрүүдэд тус тус харилцсан цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэл, 2023.09.04-ний өдөр эмчилгээний зардал болох 7700 амдоллар буюу 27,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Голомт банк ХК-ийн төлбөрийн баримт, гадаад гуйвуулгын баримт, тус банкны дансны хуулга зэрэг баримтаар,

мөн 2023.10.06-ны өдөр 57,000 вон, 2023.10.13-ны өдөр 95,960 вон, нийт 152,960 вон буюу 397,696 төгрөгийн үнэ бүхий эм хэрэглэсэн болох нь жороор олгох эмийн баримтаар тус тус тогтоогдож байна. /1хх 29,62, 73-79, 86-89, 2хх 36-39,

7в.Үүнээс үзэхэд тогтоогдож буй дээрх баримтаар нэхэмжлэгч ******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг БНСУ-ын Вонжин эмнэлэгт эмчлүүлэхэд 27,000,000 төгрөгийн төлбөр төлсөн, 397,696 төгрөгийн эм хэрэглэсэн, нийт 27,397,696 төгрөгийн зардал гаргасан болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

7г.Харин нэхэмжлэгчийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Монгол улсад эмчлүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас зочид буудлын төлбөр, визний материал бүрдүүлэхэд төлсөн зардал, онгоцны зардал, хоол унааны зардал, нотлох баримт бүрдүүлэхтэй холбогдуулан гаргасан орчуулгын төлбөр зэрэг 12,073,269 төгрөгт холбогдох хэсгийг хариуцагч хариуцан арилгах үүрэггүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

8. Иймд зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас нэхэмжлэгч *******гийн гаргасан баримтаар тогтоогдож буй БСНУ-ын Вонжин эмнэлэгт төлсөн 27,000,000 төгрөг, эмийн зардал 152,960 вон буюу 397,696 төгрөг, нийт 27,397,696 төгрөгийг хариуцагч ******* гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12, төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. /152,960 вон Х 286 төгрөг=397,696 төгрөг/

 

9. Шүүх хуралдаанд оролцвол зохих иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-т зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдах нь зүйтэй. /2хх-ийн 7-8, 17, 23,170/

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.7гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул 27,397,696 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 294,938 төгрөгийг хариуцагч ******* гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* 27,397,696 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,073,269 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид 294,938 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ