| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04799/И |
| Дугаар | 191/ШШ2025/01075 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/01075
2025 02 06 191/ШШ2025/01075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............................. тоот хаягт оршин суух, Б овогт Д.Н /РД:0000000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......................... тоот хаягт бүртгэлтэй боловч ....................... тоот хаягт байрлах, Н ХХК /РД:0000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 197,452,434 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Хариуцагчийн төлөөлөгч Б.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э,
Гэрч Х.Ч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 197,452,434 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:
1.1....Д.Н нь Б.Б-тэй хамтран тээвэр, ложистикийн үйл ажиллагаа явуулахаар Н ХХК-ийг анх 2021 онд хамтран үүсгэн байгуулж хувьцаа эзэмшигч болсон. Нөгөө хувьцаа эзэмшигч болох Б.Б нь компанийн гүйцэтгэх захирал байхаар харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцолгүй зөвхөн компанийн дүрмийн хүрээнд л хувьцаа эзэмшигчийн эрх эдэлдэг.
Улмаар өөрийн үүсгэн байгуулж хувьцааг нь эзэмшсэн Н ХХК-ийн үйл ажиллагааг тогтвортой, доголдолгүй, тасралтгүй явуулахад нь дэмжлэг болох үүднээс 2021 оны 02 дугаар сард эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 197,452,434 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлдүүлж, компанийн үйл ажиллагааг санхүүжүүлсэн.
Мөн өөрийн дүүгийн ажлын байранд компанийн оффисыг оруулж ямар нэгэн түрээс төлөлгүй жил гаран байрлуулж ажиллуулсан. Компанийн үйл ажиллагаа 2021 оны сүүлээс эхлэн жигдэрч, ашиг орлоготой ажиллаж эхэлсэн боловч зээлийн төлбөрөө буцаан авч чадалгүй өдийг хүрээд байна.
Энэ талаар тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Б-тэй холбогдон төлбөрөө гүйцэтгэхийг шаардаж, хүссэн боловч ямар нэгэн төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгчийн хувьд дээрх төлбөрийг заавал нэг дор төлөх шаардлагагүй тодорхой бага дүнгээр сар бүр хуваан төлөх талаар санал хэлсэн боловч хүлээж авдаггүй.
Хариуцагч нь 2021 оноос хойш зээлийн төлбөрийг буцаан төлөх цаг хугацаа хангалттай байсан боловч тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Б-гийн зүгээс асуудлыг хойшлуулж төлбөрийн үүргээ биелүүлэлгүй өдийг хүрсэн.
Иймд Н ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 197,452,434 төгрөг гаргуулж өгнө үү... гэв.
2.Хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Н ХХК-ийг анх Д.Н нь надтай хамтран тээвэр ложистикийн үйл ажиллагаа явуулахаар хамтран үүсгэн байгуулж улсын бүртгэлд 2021.02.01-ний өдөр бүртгүүлэн тус компанийн гүйцэтгэх захирлаар хувьцаа эзэмшигч Б.Б-г томилон ажиллуулж эхэлсэн гэж байх боловч бодит байдал дээр Н ХХК-ийг анх үүсгэн байгуулах санаачилга нь Д.Н-ын төрсөн дүү болох Д.Н нь найз нөхдийн хувьд надтай уулзаж, миний удаан жил ажилласан мэдлэг туршлага, танилын хүрээ, ур чадвар дээр үндэслэн хөрөнгө оруулж хамтарсан компани байгуулахаар ярилцаад энэ компанийг анх байгуулж байсан.
Д.Н нь тухайн үед Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч, Байгууллагын банкны газрын захирал зэрэг албан тушаалыг хашиж байгаа тул өөрийн эгч Д.Н-ын нэрийг хувьцаа эзэмшигчээр түрдээ бүртгүүлж компаниа яаралтай байгуулчхаад өөрийн зүгээс буюу Д.Н-ын зүгээс компанийн эхний мөнгөн хөрөнгө оруулалтыг хариуцах, Б.Б миний хувьд өөрийн бүхий л мэдлэг, ур чадвар, туршлагаар хөрөнгө оруулан компанийг удирдан хөгжүүлэхээр харилцан тохиролцсон.
Анх компанийг байгуулахад 200,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулж хөрөнгө оруулалтыг анхнаас нь хийе гэхэд Д.Н буюу Д.Н нь одоогоор мөнгө муутай байгаа тул хугацаа алдалгүй компанийн дүрмийн санг бага дүнтэйгээр бүртгүүлээд үйл ажиллагааны явцад цувуулан санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт бүрэн орж дууссаны дараа дүрмийн сангаа нэг мөр өсгөн бүртгүүлэх санал гаргасныг талууд харилцан хүлээн зөвшөөрсөн.
Үнэндээ Д.Н нь Б.Б надтай нэг ч удаа уулзаж ярилцаж ч байгаагүй, компани байгуулах ажиллагаанд төлөөний хүнээрээ бүх ажиллагааг хийлгэж байсан байж, нэг ч уулзаж байгаагүй хүндээ зээл олгох гэдэг нь үнэндээ бодит амьдрал дээр байх боломжгүй юм...
Анх компанийг байгуулахад 200,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулж хөрөнгө оруулалтыг хийе гэхэд Д.Н (Д.Н) нь хөрөнгө оруулалтыг бага багаар шилжүүлэхээр тохиролцсоны дагуу эхний шатны хөрөнгө оруулалтыг компани байгуулагдсанаар оруулж эхэлснээс хойш жил тойрны хугацаанд увуулж цувуулан ажлын байрны түрээсийн төлбөрийг төлөх, өөрийнхөө болон ажилчдын цалин хөлсийг тавих зорилгоор л компани руу шилжүүлж эхэлсэн.
Нэхэмжлэгч нь компани дөнгөж байгуулсан өдрөөс нь эхлэн сар бүр 2,000,000-2,600,000 төгрөгийг нь буцаан түрээсийн төлбөр болгон дүүгийнхээ компани руу шилжүүлэн авч эхэлсэн төдийгүй заавал компаниас ямар нэгэн мөнгө авдаг баймаар байна гэж хэлж шаардан компанид ямар ч ажил үүрэг гүйцэтгэлгүйгээр, нэг ч удаа ирж үзэлгүйгээр 2021 оны 05 дугаар сараас эхлэн Зөвлөх гэсэн орон тоо дээр хий бичилт хийлгэн сард 1,100,000 төгрөг авч эхэлсэн, үнэндээ ямар ч ажил хийж байгаагүй бөгөөд зөвхөн хөрөнгө оруулагч гэсэн давуу эрхээ ашиглан тус мөнгө авах шийдвэрийг гаргуулсан.
Мөн компани байгуулагдаад хөл дээрээ дөнгөж тогтож эхэлмэгц л ногдол ашиг авмаар байна гэж шаардсаны дагуу 2022-2023 онуудад ногдол ашиг авсан байдаг. Д.Н-ын түрээсийн төлбөр, ногдол ашиг, өөр бусад нэрээр компаниас өнгөрсөн 3 жилийн хугацаанд гаргуулан авсан мөнгө нь аль хэдийн 197,000,000 төгрөг болсон.
Талуудын анхны тохиролцоо, санаа зориг нь Д.Н-ын зүгээс компанийн эхний хөрөнгө оруулалтыг бүрэн хариуцах, Б.Б-гийн зүгээс өөрийн бүхий л мэдлэг, ур чадвар, туршлагыг бүрэн дайчлан компанийг удирдан хөгжүүлэх, тэгснээр компанийн хувьцааг энэ тэнцүү эзэмших байсан бөгөөд компани нь нэг ч төгрөгийн зээлийг Д.Н-аас авч байгаагүй, харин ч хувьцаа эзэмшигчийн хувьд давуу байдал олгон Д.Н болон түүний төрсөн дүү болох Д.Н нарын шаардсанаар Д.Н-д ажлын байрны түрээсийн төлбөр төлж, нэг ч удаа оффис дээрээ ирээгүй, ажил хийж байгаагүй Д.Н-д сар бүр 1,100,000-3,000,000 төгрөг олгож, дөнгөж ашиг олж эхэлмэгцээ компанийн үйл ажиллагааг санхүүжүүлэхээс илүүтэйгээр хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тарааж байсан. Тиймээс Д.Н-аас эргэн төлөх нөхцөлтэйгөөр 197,452,434 төгрөгийг 2021 оны 2 дугаар сард компанид зээлсэн гэдэг нь ямар ч үндэслэлгүй юм...
Д.Н нь зээлээ 1 жилийн хугацаатай компанид зээлдүүлсэн, мөн эргүүлэн төлөхийг удаа дараа гүйцэтгэх захиралтай холбогдон шаардсан гэж дурдсан нь ор үндэсгүй байна. Д.Н-ын зүгээс өнгөрсөн хугацаанд компанид хандаж 1 удаа л хүсэлт ирүүлсэн нь 2023 оны 12 дугаар сард ноогдол ашгаа өөр дансанд шилжүүлэн авах тухай байсан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд албан ёсоор Зээлийг эргүүлэн төлүүлэх гэсэн агуулга бүхий хүсэлтийг Д.Н-ын зүгээс нэг ч удаа компанид хандан хууль ёсоор ирүүлээгүй мөртлөө нэхэмжлэл дээрээ удаа дараа шаардсан гэж бичсэн нь ямар ч үндэслэлгүй.
Үнэхээр зээл олгосон бол өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч ядаж нэг ч удаа зээлээ эргүүлэн төлөхийг компаниас шаардаж байгаагүй, харин түрээс авмаар байна, цалин авмаар байна, ногдол ашиг авмаар байна л гэж шаардаж байснаас албан ёсоор зээлээ буцаан шаардаж байсан тохиолдол байхгүй байгаа нь тус зээл гэх 197,452,434 төгрөг нь анхнаасаа зээл байгаагүй, хувьцаа эзэмшигчийн хувьд анхны тохиролцооныхоо дагуу компанид оруулсан мөнгө гэдгийг харуулж байгаа болно.
Мөн 2022.02.25-ны өдөр хуралдсан 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хэлэлцсэн Xувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Д.Н-аас шилжүүлсэн мөнгийг анхны тохиролцооныхоо дагуу компанийн өөрийн хөрөнгөд бүртгүүлэн дүрмийн санд шилжүүлэх гэхэд Д.Н-ын төлөөлөгч Д.Н нь би өөрөө компанийн хувьцаа эзэмшигчээр орж ирэхдээ л нэг мөр бүртгүүлье, одоогоор урт хугацааны зээл хэсэгт бусад өр төлбөрийн хамт бүртгэчих гэснээс өөрөөр тус мөнгөний талаар албан ёсоор яригдаж байгаагүй.
Харин 2024.05.06-ны өдөр л анх удаа Б.Б гэдэг хүнээс итгэмжлэлд заасан эрхээ хэтрүүлэн гарын үсэг зурсан нэгэн хүсэлт ирүүлсэнд компанийн зүгээс түүнд хэнийг ямар хүрээнд төлөөлөөд байгаа, ямар эрх олгогдсон тухайгаа тодорхойлсны дараа хариу өгөх боломжтой талаар утсаар мэдэгдсэн...
Мөн хувьцаа эзэмшигч мөртлөө компанийнхаа санхүүгийн байдлыг доройтуулах үүднээс гаргаж байгаа энэ үйлдэл нь өөрсдөө нэхэмжлэлдээ бичээд байгаачлан компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй байж хуруугаа битгий хэл нүдээ ч хөдөлгөлгүйгээр, нэг ч төгрөгийн зардал гаргахгүйгээр нөгөө хувьцаа эзэмшигчийнхээ дангаараа босгон ирсэн компанийн 50 хувийг шууд үнэ төлбөргүй авах гэсэн санаархал байх бөгөөд анхнаасаа л нөгөө хувьцаа эзэмшигчээ хууран мэхэлсэн, хөдөлмөр, үр шимийг нь үнэгүй ашиглах үүднээс хамтарсан компани байгуулах, хөрөнгө оруулах нэрийдлээр залилсан үйлдэл байна...
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.15-ны өдөр 1,145,213 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3 х/,
-2024.09.06-ны өдрийн 0707 дугаартай Б.Б-д олгосон итгэмжлэл /хх-ийн 16 х/,
-Тооцоо нийлсэн акт /хх-ийн 23-24 х/ зэрэг баримтуудыг,
-Хариуцагч нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан улсын бүртгэлийн 00000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 7 х/,
-2023.03.24-ний өдрийн 0000000 дугаартай Оффисын талбайн түрээсийн гэрээ /хх-ийн 196-210 х/,
-Н ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 08-10 дугаар сарын тайлан /хх-ийн 212-220 х/,
-2023.02.10-ны өдрийн 00000000 дугаартай Олон Улсын Олон талт ачаа тээвэрлэлтийн гэрээ /хх-ийн 221-232 х/,
-Оффис болон агуулах түрээсийн болон тээврийн төлбөр төлсөн баримтууд /хх-ийн 234-243 х/,
-Гадаад тээврийн хүлээгдэж байгаа төлбөрийн нэхэмжлэлүүд /хх-ийн 245-250 - 2-р хх-ийн 1-30 х/,
-2023 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тэмдэглэл /2-р хх-ийн 55-58 х/,
-Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгууд /2-р хх-ийн 59-60 х/,
-Компанийн дүрэм /2-р хх-ийн 74-84 х/,
-2021.01.25-ны өдрийн 21/02 дугаартай Н ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол /2-р хх-ийн 85 х/,
-2021.01.25-ны өдрийн 21/01 дугаартай Н ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол /2-р хх-ийн 86 х/,
-2021.02.25-ны өдрийн 21/03 дугаартай Н ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, түүний хавсралт /2-р хх-ийн 87-88 х/,
-2021.02.25-ны өдрийн 21/03 дугаартай Н ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол /2-р хх-ийн 89 х/,
-2022.03.01-ний өдрийн Т22/02 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол /2-р хх-ийн 90 х/,
-2022.03.01-ний өдрийн П22/02 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол /2-р хх-ийн 91 х/,
-2022.05.05-ны өдрийн Т22/03 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол /2-р хх-ийн 92 х/,
-2022.05.05-ны өдрийн П22/03 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол /2-р хх-ийн 93 х/,
-2023.05.04-ний өдрийн Т23/01 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол /2-р хх-ийн 94 х/,
-2023.12.01-ний өдрийн Д.Н-гийн хүсэлт /2-р хх-ийн 95 х/,
-2024.04.25-ны өдрийн Н ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тэмдэглэл /2-р хх-ийн 96-101 х/
-2024.04.25-ны өдрийн №4/1 дугаартай Н ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоол /2-р хх-ийн 102 х/,
-2024.02.21-ний өдрийн 0112 дугаартай итгэмжлэл /2-р хх-ийн 103 х/ зэрэг баримтуудыг,
-Шүүхийн журмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.10.07-ны өдрийн 182/ШЗ2024/16883 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар хариуцагчаас тус компанийн 2021, 2022, 2023 оны жилийн аудитлагдсан тайлан /хх-ийн 48-134 х/,
-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.11.07-ны өдрийн 182/ШЗ2024/19040 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжаар нэхэмжлэгч Д.Н-аас Н ХХК-д зээлсэн гэх 197,452,434 төгрөгийг шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 170-185 х/ тус тус бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч Н ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 77,412,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 120,039,884 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 197,452,434 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
-2021.01.29-нд 7,003,500 төгрөг,
-2021.01.30-нд 2,000,000 төгрөг,
-2021.02.03-нд 3,141,500 төгрөг,
-2021.02.23-нд 1,654,884 төгрөг,
-2021.03.01-нд 10,000,000 төгрөг,
-2021.03.15-нд 4,000,000 төгрөг,
-2021.03.22-нд 36,000,000 төгрөг,
-2021.03.30-нд 21,540,000 төгрөг,
-2021.03.30-нд 4,200,000 төгрөг,
-2021.03.30-нд 4,900,000 төгрөг,
-2021.04.14-нд 7,835,000 төгрөг,
-2021.04.30-нд 6,077,550 төгрөг,
-2021.05.31-нд 7,000,000 төгрөг,
-2021.06.30-нд 12,300,000 төгрөг,
-2021.07.26-нд 49,800,000 төгрөг,
-2021.09.08-нд 20,000,000 төгрөг буюу нийт 197,452,434 төгрөгийг хариуцагч Н ХХК-д шилжүүлж зээлсэн. Энэ мөнгө компанийн санхүүгийн тайланд урт хугацааны өглөг гэж тусгагдсан байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл төлөөгүй учраас хүү авахгүйгээр 197,452,434 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагч Н ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд:
-Д.Н гэдэг хүнийг танихгүй. Түүний дүү Д.Н бид хоёр бие биенээ таньдаг байсан учраас хамтарч тээвэр ложистикийн үйл ажиллагаа явуулахаар хамтран үүсгэн байгуулж улсын бүртгэлд 2021.02.01-ний өдөр бүртгүүлэн тус компанийн гүйцэтгэх захирлаар хувьцаа эзэмшигч Б.Б-г томилон ажиллуулж эхэлсэн...
Д.Н нь тухайн үед Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч, Байгууллагын банкны газрын захирал зэрэг албан тушаалыг хашиж байгаа тул өөрийн эгч Д.Н-ын нэрийг хувьцаа эзэмшигчээр түрдээ бүртгүүлж компаниа яаралтай байгуулчхаад өөрийн зүгээс буюу Д.Н-ын зүгээс компанийн эхний мөнгөн хөрөнгө оруулалтыг хариуцах, Б.Б миний хувьд өөрийн бүхий л мэдлэг, ур чадвар, туршлагаар хөрөнгө оруулан компанийг удирдан хөгжүүлэхээр харилцан тохиролцсон...
Тухайн үед компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхдээ 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулахаар тохирсон байсны дагуу нэхэмжлээд байгаа мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийсэн. Тэрнээс талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй.
2022.02.25-ны өдөр хуралдсан 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хэлэлцсэн Xувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Д.Н-аас шилжүүлсэн мөнгийг анхны тохиролцооныхоо дагуу компанийн өөрийн хөрөнгөд бүртгүүлэн дүрмийн санд шилжүүлэх гэхэд Д.Н-ын төлөөлөгч Д.Н нь би өөрөө компанийн хувьцаа эзэмшигчээр орж ирэхдээ л нэг мөр бүртгүүлье, одоогоор урт хугацааны зээл хэсэгт бусад өр төлбөрийн хамт бүртгэчих гэснээс өөрөөр тус мөнгөний талаар албан ёсоор яригдаж байгаагүй.
Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Тооцоо нийлсэн акт /1 хх-ийн 23, 24 х/, Хаан банкны 2021.01.29-ний өдрийн 5574430, 2021.01.30-ны өдрийн 1858387, 2021.02.03-ны өдрийн 6190541, 2021.02.23-ны өдрийн 11193046, 2021.07.26-ны өдрийн 20840209, 2021.09.08-ны өдрийн 13495958 журналын дугаартай Шилжүүлгийн мэдээлэл, Худалдаа хөгжлийн банкны 2021.03.01-ний өдрийн 210301773000506329, 2021.03.15-ны өдрийн 210315774400403783, 2021.03.22-ны өдрийн 29934068, 2021.03.30-ны өдрийн 30377236, 30386548, 30386668, 2021.04.14-ний өдрийн 31286102, 2021.04.30-ны өдрийн 32007188, 2021.05.31-ний өдрийн 33958057, 2021.06.30-ны өдрийн 36013873 журналын дугаартай Шилжүүлгийн мэдээлэл Орлогын ордер /1 хх-ийн 23, 24, 170-186 х/, Н ХХК-ийн 2021, 2022, 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлан /1 хх-ийн 49-79, 80-103, 104-134 х/, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй ч гэсэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан.
Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Н ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 000000000 тоот дансанд 2021.03.15-ны өдөр 4,000,000 төгрөгийг дараа тооцоо, 2021.03.22-нд 36,000,000 төгрөгийг дараа тооцоо, 2021.03.30-нд 4,200,000 төгрөгийг дараа тооцоо, 2021.04.14-нд 7,835,000 төгрөгийг дараа тооцоо, 2021.04.30-нд 6,077,550 төгрөгийг дараа тооцоо, 2021.05.31-нд 7,000,000 төгрөгийг дараа тооцоо, 2021.06.30-нд 12,300,000 төгрөгийг зээл олгов дараа тооцоо гэх утгаар тус тус шилжүүлснээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж,
282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Д.Н нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус заасны дагуу нийт 77,412,550 төгрөгийг Н ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 000000000 тоот дансанд шилжүүлэн өгсөн байх ба зээлдэгч нь зээлсэн мөнгийг тохирсон хугацаандаа буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.
Хэдийгээр нэхэмжлэгч Тооцоо нийлсэн акт №1, Н ХХК-ийн 2021, 2022, 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн урт хугацаат зээл буюу урт хугацаат өр төлбөрийн дүн хэсэгт тусгагдсан 197,607,524 төгрөг /1 хх-ийн 23, 68, 97, 110 х/-ийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох боловч үүнээс Н.А-гийн хариуцагч болон бусад байгууллагад шилжүүлсэн 35,339,884 төгрөг, Ц.Х-ын хариуцагчид шилжүүлсэн 49,800,000 төгрөг, Ө.У-ын хариуцагчид шилжүүлсэн 20,000,000 төгрөг, мөн Д.Н дараа тооцоо тээвэр гэх утгаар шилжүүлсэн 4,900,000 төгрөг, орлого гэх утгаар шилжүүлсэн 10,000,000 төгрөг, нийт 120,039,884 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна. Үүнийг хүснэгтээр харуулбал,
| д/д | Огноо | Хэнээс | Хэнд | Мөнгөн дүн /төгрөг/ | Гүйлгээний утга |
| 1 | 2021.01.29 | Н.А | Э ХХК | 7,003,500 | Nice move logistics furniture 00000000 |
| 2 | 2021.01.30 | Н.А | С | 2,000,000 | Nice move logistics droj uridchilgaa 00000000 |
| 3 | 2021.02.03 | Н.А | С | 3,141,500 | Найс мүүв ложистик /РД-0000000/ дрож үлдэгдэл |
| 4 | 2021.02.23 | Н.А | П | 1,654,884 | NM LLC shilen hiits uridchilgaa |
| 5 | 2021.03.01 | Н | Н ХХК | 10,000,000 | Н-аас орлого |
| 6 | 2021.03.15 | Нарантунгалаг | Н ХХК | 4,000,000 | Н-аас дараа тооцоо |
| 7 | 2021.03.22 | Д.Н | Н ХХК | 36,000,000 | Д.Н-аас дараа тооцоо |
| 8 | 2021.03.30 | Н.А | Н ХХК | 21,540,000 | Д.Н-аас дараа тооцоо |
| 9 | 2021.03.30 | Д.Н | Н ХХК | 4,200,000 | Д.Н-аас дараа тооцоо |
| 10 | 2021.03.30 | Д.Н | Н ХХК | 4,900,000 | Д.Н-аас дараа тооцоо /тээвэр/ |
| 11 | 2021.04.14 | Д.Н | Н ХХК | 7,835,000 | Д.Н-аас дараа тооцоо |
| 12 | 2021.04.30 | Д.Н | Н ХХК | 6,077,550 | Д.Н-аас дараа тооцоо |
| 13 | 2021.05.31 | Д.Н | Н ХХК | 7,000,000 | Д.Н-аас дараа тооцоо |
| 14 | 2021.06.30 | Д.Н | Н ХХК | 12,300,000 | Д.Н зээл олгов дараа тооцоо |
| 15 | 2021.07.26 | Ц.Х | Н ХХК | 49,800,000 | Д.Н-аас дараа тооцоо |
| 16 | 2021.09.08 | Ө.У | Н ХХК | 20,000,000 | Д.Н дараа тооцоо |
Учир нь дээрх нэр бүхий этгээдүүдээс хариуцагч болон бусад этгээдэд шилжүүлсэн нийт 120,039,884 төгрөгийг нэхэмжлэх эрхийг нэхэмжлэгчид олгосон, нэхэмжлэгч нь энэ мөнгийг хариуцагчийн өмнөөс бусдад төлсөн болох нь баримтаар тогтоогдсонгүй.
5.Нөгөөтэйгүүр, хариуцагч Н ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ Д.Н-ын компанид оруулсан хөрөнгө оруулалт гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь компанид оруулсан хөрөнгө оруулалтыг урт хугацаат зээл буюу урт хугацаат өр төлбөрт тооцох боломжгүй. Урт хугацаат өр төлбөр гэдэг нь үйл ажиллагааны явцад нэгээс дээш жилийн хугацаанд төлөгдөх өнгөрсөн үйл явцын үр дүнд үүссэн ирээдүйн үүрэг хариуцлагыг хэлдэг.
Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр компанийг үүсгэн байгуулна, 13.3-т Компанийг нэгээс дээш этгээд үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчид нь компани үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд уг гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана гэж заасан.
Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021.01.25-ны өдрийн 21/01 дугаартай протоколоор Б.Б, Д.Н гэсэн 2 хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдаж, Б.Б нь 50 хувь, Д.Н нь 50 хувийн хувьцааг эзэмших /2 хх-ийн 86 х/-ээр тохиролцсон байх ба Компанийн тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу хэрхэн хамтран ажиллах, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлсон баримтгүй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь Н.А, Ц.Х, Ө.У нарын хариуцагч болон бусад этгээдэд шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч нь хувьцаа эзэмшигчийн хувьд компанид оруулсан хөрөнгө гэсэн тайлбараа тус тус баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Иймээс хариуцагч Н ХХК-иас 77,412,550 төгрөгийг гаргуулан Д.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 120,039,884 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
7. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан Н ХХК-иас 77,412,550 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж болох 545,013 төгрөгийг гаргуулан Д.Н-д олгож, нэхэмжлэгчээс 2024.08.15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,145,213 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Н ХХК-иас 77,412,550 төгрөг /далан долоон сая дөрвөн зуун арван хоёр мянга таван зуун тавь/-ийг гаргуулан Д.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 120,039,884 төгрөг /нэг зуун хорин сая гучин есөн мянга найман зуун наян дөрөв/-ийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан Н ХХК-иас 545,013 төгрөг /таван зуун дөчин таван мянга арван гурав/-ийг гаргуулан Д.Н-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,145,213 төгрөг /нэг сая нэг зуун дөчин таван мянга хоёр зуун арван гурав/-ийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА