Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2025/0884

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК /РД:/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Х, Х.А нарын хоорондын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 1,032,544,691.42 төгрөгийн төлбөрөөс Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 22-ний 34 дүгээр тогтоолоор бууруулсан нийт 701,825,647.0 төгрөгөөс үлдэх 330,719,044.37 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Да, хариуцагч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ня, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Х, Х.А нарт холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актаар 8,333,754,972.14 төгрөгийн зөрчил илрүүлж, нийт 1,032,544,691.42 төгрөгийн төлбөр ногдуулснаас Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор 5,981,366,121.7 төгрөгийн зөрчилд, 370,900,235.2 төгрөгийн нөхөн татвар, 198,812,939.2 төгрөгийн торгууль, 132,112,472.7 төгрөгийн алданги, нийт 701,825,647.0 төгрөгийг бууруулсан дүнгээс үлдэх 2,352,388,850.4 төгрөгийн зөрчилд 978,647,783.2 төгрөгийн нөхөн татвар, 235,238,885.00 төгрөгийн нөхөн татвар, 43,643,708.00 төгрөгийн торгууль, 51,837,450.5 төгрөгийн нөхөн алданги, нийт 330,719,044.37 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад уг актыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

2. Татварын хяналт шалгалт хийх 34******* дугаар томилолтоор Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Х, Х.А нар Э******* ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны татварт эрсдэлд суурилсан-бүрэн хяналт шалгалт хийж 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актаар Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4, 41.5, 41.12.3, 73 дугаар зүйлийн 73.2, 73.2.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 13 дугаар зүйлийн 13.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсгийг баримтлан 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актаар нийт 8,33,754,972.14 төгрөгийн зөрчилд 606,139,120.19 төгрөгийн нөхөн татвар, 242,455,648.08 төгрөгийн торгууль, 183,949,923.15 төгрөгийн алданги, нийт 1,032,544,691.42 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

3. Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар тус зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор ... Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4, 41.5, 41.12.3, 73 дугаар зүйлийн 73.2, 73.2.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 13 дугаар зүйлийн 13.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсгийг баримтлан 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актаар нийт 8,333,754,972.14 төгрөгийн зөрчилд 606,139,120.19 төгрөгийн нөхөн татвар, 242,455,648.08 төгрөгийн торгууль, 183,949,923.15 төгрөгийн алданги, нийт 1,032,544,691.42 төгрөгийн төлбөр ногдуулснаас 5,981,366,121.7 төгрөгийн зөрчилд 370,900,235.2 төгрөгийн нөхөн татвар, 198,812,939.2 төгрөгийн торгууль, 132,112,472.7 төгрөгийн алданги, нийт 701,825,647.0 төгрөгийг бууруулж, 2,352,388,850.4 төгрөгийн зөрчилд 978,647,783.2 төгрөгийн нөхөн татвар, 235,238,885.00 төгрөгийн нөхөн татвар, 43,642,708.8 төгрөгийн торгууль 51,837,450.5 төгрөгийн алданги, нийт 330,719,044.37 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч Э ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

Нэг. Процесс үйл ажиллагааны талаар гаргасан зөрчлийг хянаж үзээгүй:

Татварын улсын байцаагчид 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цахим шуудан ирүүлж, утсаар ярихдаа зөрчилд суурилсан зөрчил арилгуулахаар хийгдэж байгаа хяналт шалгалт гэж тайлбарласан. Манай талаас 2024 оны 12 дугаар сарын 10-нд хяналт шалгалтын хугацаанд хариуцан ажиллаж байсан ажилтан ажлаас гарсан, мөн нялх хүүхэдтэй, хүүхэд нь эмнэлэгт байгаа талаар и-мэйл илгээсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй. Бид хариу ирүүлээгүй тул 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр очиж татварын улсын байцаагч Д.Хтай уулзсан. Дараа нь хойшлуулах хүсэлт байгаа талаар тайлбарлаж татварын хяналт шалгалтын тасгийн дарга Б.О*******тай орж уулзаж тайлбарласан боловч төлөвлөгөөт ажил гэж байдаг гэсэн үндэслэлээр татгалзсан.

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д Хүндэтгэн үзэх шалтгаан гэж өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан...зэрэг шалтгааныг хэлнэ гэж тодорхойлсноор Э ХХК-ийн тухайн хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байсан ажилтан нялх хүүхэдтэй эмнэлэгт хэвтсэн нь дээр дурдсан хуулийн заалтад хамаарахаар байна.

Мөн түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн A/34 дүгээр тушаалаар баталсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 6 дугаар зүйлийн 6.3-т Татвар төлөгч нь хяналт шалгалт хийх талаар мэдэгдсэнээс хойш ажлын 10 хоногийн дотор татварын албанд дараах хүсэлтийг гаргаж болно, 6.3.1-д Татварын ерөнхий хуулийн 6.1.41-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг хойшлуулах гэж журамлажээ.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс татвар төлөгчийн дээрх хүсэлтэд хариу ирүүлээгүй төдийгүй, урьдчилан мэдэгдэх болон хуульд заасан хугацааг баримтлаагүй хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн нь татвар төлөгчийн эрхээ эдлэх боломжийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж,

Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.1-д Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд зайлшгүй байх зарчмыг баримтална, 41 дүгээр зүйлийн 41.1-т Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана, 41.2-т татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ, 41.5-д Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ гэж,

Татварын улсын байцаагчийн зүгээс зөрчлийн дүнг арилгуулах шаардлагатай байгаа талаар тайлбарлаж, гомдол гаргагч тал дүн ирүүлсэн учир тухайн дүнгээр цахим баримт шивж ирүүлж зөрчлөө арилгана гэсэн. Анх томилолт үүссэн нь зөрчил арилгуулах байсан тул уг зөрчлийг арилгаж баримтаа цахим системд шив гэсний дагуу уг дүнгээр баримт үйлдсэний дараа татвар төлөгч баримт үйлдсэн тул зөвшөөрсөн гэж үзнэ гэсэн тайлбараар 2019 он хамаарах хэсэгт мөн нөхөн татвар, торгууль, алданги тооцсон нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл, 4.2-т заасан Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, тус зарчмаас 4.2.8-д тусгасан хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн заалтыг зөрчсөн гэж;

Татварын албанаас хэрэгжүүлэх онцгой албан татварын тэмдгийн тухай, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон эсэх, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, олгох, илгээх, хадгалах үйл ажиллагаанд хяналт тавих тохиолдолд урьдчилан мэдэгдэх зохицуулалт хамаарахгүй байх талаар Татварын ерөнхий хуулийн 41.7-д тусгайлан зохицуулсан байхад хялбаршуулсан хяналт шалгалтыг дээрх тохиолдолтой адилтган шаардлагатай тохиолдолд татвар төлөгчийг дуудан ирүүлж, ярилцлага хийх, холбогдох баримт материалын гаргуулан авах.. гэсэн журмын зохицуулалтыг үндэслэн акт үйлдсэн нь хуульд нийцэхгүй.

Тодруулбал, татварын хяналт шалгалт хийж акт үйлдэхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн татварын хяналт шалгалтад оролцох эрхийг тайлбар, баримт гарган өгөх хуульд заасан хугацааг олгох, итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан эрхээ хамгаалах, төлөөлүүлэх эрхээр хангах ажиллагааг татварын улсын байцаагчаас авч хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон. Тэгтэл үүнийг захиргааны байгууллага урьдчилан шийдвэрлэх журмаар хянахдаа дээрх асуудлаар дүгнээгүй, тайлбар, нотлох баримт гаргах боломжоор хангаагүй.

Дээрх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү. /www.mta.gov.mn сайтад байршуулсан Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 14 дүгээр тогтоол дээрх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн/ Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт гаргахдаа анхаарах татвар төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухай Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдлын шаардлага гаргасан боловч хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Хоёр. Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөр үндэслэлгүй, хуульд нийцээгүй талаар

Тодруулга: Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актаар 8,333,754,972.14 төгрөгийн зөрчил ирүүлж, нийт 1,032,544,691.42 төгрөгийн төлбөр ногдуулсны эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргасан.

Дээрх гомдлыг тус зөвлөл 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцэн 34 дүгээр тогтоолоор 8,333,754,972.14 төгрөгийн зөрчилд 606,139,120.19 төгрөгийн нөхөн татвар, 242,455,648.08 төгрөгийн торгууль, 183,949,923.15 төгрөгийн алданги, нийт 1,032,544,691.42 төгрөгийн төлбөр ногдуулснаас 5,981,366,121.7 төгрөгийн зөрчилд 370,900,235.2 төгрөгийн нөхөн татвар, 198,812,939.2 төгрөгийн торгууль, 132,112,472.1 төгрөгийн алданги, нийт 701,825,647.0 төгрөгийг бууруулж, 2,352,388,850.4 төгрөгийн зөрчилд 978,647,783.2 төгрөгийн нөхөн татвар, 235,238,885.00 төгрөгийн нөхөн татвар, 43,642,708.8 төгрөгийн торгууль, 51,837,450.5 төгрөгийн алданги, нийт 330,719,044.37 төгрөгийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн. Дээрх төлүүлэхээр шийдвэрлэсэн дүнг дараах үндэслэлээр эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.

Үйл явдлын тухайд: Э ХХК нь 2020 онд зарлагдсан БСШУЯ/******* тендерийн дугаар бүхий Архангай аймгийн Хайрхан суманд баригдах 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр сонгогдон барилгын ажлыг гүйцэтгэсэн.

Архангай аймгийн Хайрхан суманд баригдаж байгаа 320 хүүхдийн сургуулийн барилгатай холбоотой 2020 оны 05-р сарын 22-ны өдөр барилгын ажлын гэрээг Архангай аймгийн орон нутгийн өмчийн газартай байгуулан сургуулийн барилга барихаар болсон бөгөөд уг барилга нь түлхүүр хүлээлцэж улсын комисст хүлээлгэн өгөх нөхцөлтэй болно.

Тухайн үед тус ажлыг 2,851,501,639 төгрөгөөр гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг дүнд Захиалагчийн албаны зардал 48,697,719 төгрөг, Инженер хайгуул, зураг төслийн ажлын зардал 47,000,000, зураг төсөл зохиогчийн хяналтын зардал 24,348,860 төгрөг нийт 120,046,579 төгрөг нь манай байгууллагын гүйцэтгэх үүрэгт хамаарахгүй бөгөөд тус мөнгөн дүн нь шууд суутгагдан холбоотой тал руу шилждэг болно. Мөн төсөвт ажлын магадлашгүй ажлын зардал болох 48,697,719.04 төгрөг, нормчиллын санд төвлөрүүлэх 4,382,794.71 төгрөг нийт 53,080,513.75 төгрөг нь манай байгууллагад дансаар шилжих нийт ажлын дүнд хамаарах боловч НӨАТ тооцоолох суурь болж төсөвт тусгагддаггүй болно.

Уг барилгын ажлыг 2020 онд эхлүүлэхээр эхний орлого орж ирсэн боловч цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-оос хэрэгжүүлж 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хатуу хязгаарлалт тогтоож, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлан мөрдүүлж, аж, ахуйн нэгж, байгууллагын зарим үйл ажиллагааг хэсэгчлэн хааж, нээсээр 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс дотоод үйл ажиллагааг бүрэн хааж нээсэн нь манай байгууллагын үйл ажиллагаанд мөн нөлөөлөн орон нутаг зорчих эрх буюу зам хаагдсанаар манай үйл ажиллагаа эхлээгүй болно. Бид эхний хэмжилтүүдийг хийж цэг тавихаар 2021 оны 3 дугаар сард эхний инженер техникийн ажилтнуудыг Онцгой байдлын албатай ярилцаж, зөвшөөрөл авснаар орон нутаг руу явуулсан бөгөөд үйл ажиллагааны эхний алхам хийгдэж эхэлсэн. Тус барилгын ажлыг гүйцэтгэх батлагдсан төсөв нь 2019 оны жишиг үнээр хийгдэж батлагдсан бөгөөд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр ажлын үргэлжлэх хугацаа, төсөвт өртөгт ихээхэн өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Үүнийг тендерийн ажил гүйцэтгэж байгаа барилгын компаниуд өргөдөл гаргаж, холбоонд нэгдэж мэдэгдсэнээр барилгын материалын үнийн өсөлтийг зарим нэр төрлийн бараанд хийхээр болж уг магадал нь 2022 оноос эхлэн бөгөөд 2023 онд гүйцэтгэж төсөвт тусгасан. Энэ магадлалаар ажиллах хүчний зардал болон тээврийн зардал өсөөгүй гэж үзсэн боловч бодит байдал дээр шатахууны үнийн нэмэгдэл үүссэнээр бүх зардал нэмэгдсэн болно.

Манай барилгын ажил 2022-2023 онд санхүүжилтээр хийгдэж одоогоор 65% хүрээд байгаа ба гүйцэтгэлийн хувийн нийт гүйцэтгэх төсөвтэй харьцуулан тодорхойлох боломжгүй тул гэрээнд заасан Ерөнхий гүйцэтгэгч барилгыг бүрэн дуусгаж улсын комисст хүлээлгэж өгснөөр үүрэг дуусгавар болох (тендерийн ажил гүйцэтгэх гэрээ хавсаргав) гэсэн нөхцөлөөр орлогоо хүлээн зөвшөөрөхгүй хойшлуулсан болно. Мөн энэ талаар Архангай аймгийн ЗДТГ-т мэдэгдэж лавласан бөгөөд барилгын гүйцэтгэл дууссанаар барилгаа холбогдох бүх баримтуудтай хүлээн авна гэсэн чиглэл өгсөн.

2024 онд тус барилга нь санхүүжилтгүй болоод зогссон байгаа ба одоогоор ажиллах хүч, тээврийн зардал дахин магадлал хийх шаардлагатай гэж үзэн Барилга хөгжлийн төв дээр холбогдох барилгууд дээр магадлал хийгдэж байгаа болно. Магадлал хийлгэх шатанд 2022 онд шилжсэн бөгөөд эхний магадлалыг 2022 онд барилгын зарим нэр төрлийн материал өссөн гэсэн нөхцөлөөр бүх материал бус тодорхой төрлийн материалуудад нэмэлт өсөлтийг тооцож манай төсөвт өртөг 872,276,855.45 төгрөгөөр өссөн. Энэ нь 2021 оноос эхлэн буюу барилгын төсөв анх батлагдахад гарсан материалуудад үнийн өсөлт тооцсон.

Гүйцээх зардал бус. Гэхдээ тус зардал нормчиллын сангийн 0.18%-ийг тусгаж өгөөгүй тул манай байгууллага уг зардлыг нөхөн төлөх үүрэгтэй үлдэж байгаа. Энэ нь 1,427,362.13 төгрөг болно. Мөн материалын үнийн өсөлтийг бүрэн тусгаагүй ба 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн БХБ-ын сайдын 75 дугаар тушаалаар батлагдсан "Улсын төсөв, хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцох түр журам"-ын дагуу гүйцэтгэл болон гүйцэтгээгүй үлдсэн ажилд БХБЯ, БХТ-өөс гаргасан материалын үнийн жагсаалтаар үнийн зөрүү тооцсон.

Эхний магадлалаар материалын үнэнд өөрчлөлт гарсан гэж үзсэн ба 2 дахь магадлал хийлгэх хүсэлтийг гаргаснаар төсвийн санхүүжилтээр гүйцэтгэж буй зарим барилгын ажлын ажиллах хүчний зардал магадлал хийхээр болж Барилга хөгжлийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын 95-0021/2024 дугаар бүхий дүгнэлт гарч манай гүйцэтгэж буй барилгын ажлын ажиллах хүчний зардлыг 644,442,354.60 төгрөгөөр нэмэгдүүлэхээр магадлагдсан бөгөөд энэ нь 2025 оны төсвийн тодотголоор хэлэлцэхээр хүлээгдэж байна. Энэхүү магадлалд мөн нормчиллын санд төвлөрүүлэх 1,054,542.03 төгрөгийг тусгаагүй, энэ нь манай байгууллагын төлөх зардал болно. Дээрх магадлалуудад тээвэр болон машин, техник ашиглалттай холбоотой магадлал огт хийдээгүй. Гэсэн хэдий ч энэхүү зардлууд нь бодит байдалд өссөн нь шатахууны үнийн өсөлтөөс харагдана.

Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасанчлан татварын тайланг үйлдэж тушаахдаа "нягтлан бодох бүртгэлийн тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэж хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх" гэж заасан. Манай компани нь санхүүгийн тайлан гаргахдаа өөрийн эрхэлдэг үйл ажиллагааны салбарын онцлогт тохирсон стандартыг үндэслэсэн буюу Сангийн сайдын 2016 оны 410 дугаар тушаалаар батлагдан Барилын гэрээний орлого ба зардлын нягтлан бодох бүртгэлийн стандартын 4 дүгээр зүйлийн 4.1-т "Барилгын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгж нь гэрээний орлогыг дараах үеүдэд хүлээн зөвшөөрч болно. 4.1.1-т Хүргэлтийн цэг буюу гэрээт ажлыг дуусгавар болгож захиалагчид хүлээлгэ өгөх үед, эсвэл 4.1.2-т Гэрээт ажлыг гүйцэтгэх тайлант хугацаа бүрийн эцэст хэсэгчлэн", мөн 4.7-д Барилын ажил гүйцэтгэгч захиалагчаас гэрээний дагуу хүлээн авсан гүйцэтгэлийн төлбөр болон урьдчилгаа төлбөрийн хувийн жинг ашиглахгүй" гэж заасныг тус тус үндэслэн тухайн тайлант онуудын борлуулалтын орлогыг тооцон санхүүгийн тайлан балансыг гаргасан болно. Энэ Үндэсний Стандарт нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 15-тай нийцэж байгаа болно.

Гэтэл Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл тогтоолдоо ....Архангай аймгийн Хайрхан суманд баригдах 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын угсралтын ажлын 2,851,501,639 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажилласан байна. Дээрх алыг хийж гүйцэтгэх явцад ковидын нөлөөлөл хамаарч барилгын материалын үнийн өсөлтөөс хамаарч 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 88-132/2022 тоот Барилга хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр 872.3 мян. төгрөгийн төсөв нэмэгдэж нийт төсөвт өртөг 3,723.80 мян. төгрөг, 2023 онд олгосон санхүүжилт 499.8 мян.төг, барилгын ажил хэрэгжиж дуусаагүй, Барилга угсралтын ажлын гүйцэтгэл 70 хувь, 2024 оны байдлаар 1,2,3-р давхрын каркас угсралт, гадна ханын дүүргэлт, цонх, агааржуулалтын ажлууд хийгдсэн байна. 2024 онд Барилга угсралтын ажил хийгдээгүй зогссон. 2025 оны цалингийн шинэчилсэн тариф тооцуулах жагсаалтад бүртгэгдсэн байна гэх мэдээллийг оруулсан байна.

Маргаан таслах зөвлөлд ирүүлсэн нотлох баримтаар "Э" ХХК нь Архангай аймгийн Хайрхан суманд баригдах 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын угсралтын ажил 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 70 хувьтай болох нь холбогдох баримтуудаар нотлогдож байна гэх байдлаар дүгнэж шийдвэрээ үндэслэсэн.

Дээрх дурдсан Барилга хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр 872.3 мян.төгрөгийн төсөв нэмэгдэж, 2025 оны цалингийн шинэчилсэн тариф тооцуулах жагсаалтад бүртгэгдэн нэмэгдэхээр хүлээгдэж байгаа бөгөөд дээрх нэмэгдсэн ажлын хөлс нь гүйцэтгэлийн хувийн жингээр биш 2020-2023 онд хийсэн нийт гэрээт ажилд нэмэгдүүлж байгаа төсөв учраас боломжгүй байсан. /Холбогдох баримтыг хавсаргав/

Өөрөөр хэлбэл, "албан татвар ногдуулах орлого" гэдэг нь тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс энэ хуульд заасан хасагдах зардлыг хасаж, түүнчлэн, хэрэв уг орлогоос мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан шилжүүлэн тооцох алдагдал байгаа бол түүнийг хасаж гаргасан эцсийн байдлаарх албан татвар ногдуулах орлого юм. Тодруулбал, энэ тохиолдолд татварын эрх зүй болон нягтлан бодох бүртгэлийн зарчмын үүднээс "хасалтын арга" буюу дедукцийн аргыг хэрэглэх замаар албан татварын суурийг тооцоолохоор хууль тогтоогч хуульчилжээ.

Мөн эрх зүйн харьцуулалтын аргын үүднээс судлахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Усад болон Монгол Улсаас олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно", 7.4-д "Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно"; 7.4.1-д "Үйл ажиллагааны орлого"; 8 дугаар зүйлийн 8.1-д "Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно": 8.1.1-д "Бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого" гэж, 12 дугаар зүйлийн 12.1-д "Албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө" 12.1.2 "ажлыг гүйцэтгэлийн хувиар" , 12.1.3-д үйлчилгээний орлогыг хүлээж авсан, эсхүл гэрээ, хэлцэлд заасан нөхцөлийг хангаснаар" хүлээн зөвшөөрнө гэж,

Барилгын ажлыг гүйцэтгэлийн хувийн жингээр хүлээн зөвшөөрөх бөгөөд орлого, зарлага хоорондоо уялдах зарим, мөн түүнчлэн СТОУС-15 орлого хүлээн зөвшөөрөх стандартаар "гэрээг хоёр ба түүнээс дээш талуудын хооронд байгуулагдсан, гэрээний нөхцөл заалт бүрийг мөрдөх ёстой эрх, үүргийг бий болгодог хэлэлцээр гэж тодорхойлсон байдаг", гүйцэтгэлийн үнийг тодорхойлох, ажил гүйлгээний үнийг тодорхойлох, ажил гүйлгээний үнийг гүйцэтгэлийн үүргүүдэд хуваарилах, орлого хүлээн зөвшөөрөх алхмуудаар хэрэгждэг байна.

СТОУС 15-ын дагуу аж ахуйн нэгж үйлчлүүлэгчид нийлүүлэхээр амласан бүтээгдэхүүн, үйлчилгээ шилжүүлсэн үедээ орлого хүлээн зөвшөөрнө. Орлого хүлээн зөвшөөрөх 5 үе шаттай үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээг тодорхойлох, гүйцэтгэх үүргүүдийг тус тусад тодорхойлох, арилжааны үнийг тодорхойлох, арилжааны үнийг гүйцэтгэх үүргүүдэд хуваарилах, гүйцэтгэх үүргээ биелүүлсэн үедээ орлого хүлээн зөвшөөрөх 5 үе шаттай байхаар нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зөвлөлөөс батлан гаргасан.

Дээрх стандартыг "Э" ХХК-ийн Архангай аймгийн Хайрхан суманд баригдах 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын анх байгуулсан гэрээний дүн 2024, 2025 онд ковидын нөлөөлөлөөс хамаарч барилгын материалын үнийн өсөлт 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 88-132/2022 тоот Барилгын хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр 872.3 мян.төгрөгийн төсөв нэмэгдэж нийт төсөвт өртөг 3,723.80 мян. төгрөг, 2023 онд олгосон санхүүжилт 499.8 мян.төг, барилгын ажил хэрэгжиж дуусаагүй, барилга угсралтын ажлын гүйцэтгэл 70 хувь, 2024 оны байдлаар 1,2,3-р давхрын каркас угсралт, гадна ханын дүүргэлт, цонх, агааржуулалтын ажлууд хийгдсэн, 2024 онд барилга угсралтын ажил хийгдээгүй зогссон. 2025 оны цалингийн шинэчилсэн тариф тооцуулах жагсаалтад бүртгэгдсэн, өөрөөр хэлбэл гэрээт ажлын дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсныг тус тус нотолж байна.

Э ХХК нь дээрх орлогыг тайлагнахгүй, нуугаагүй санхүүгийн байдлын тайлангийн урьдчилж орсон орлого /хойшлогдсон орлого/, түүнтэй холбоотой гарсан зардлыг урьдчилж төлсөн тооцоо /гэрээт ажлын хуримтлагдсан зардал/ хэсэгт тус тус тайлагнасан байсныг дурдах нь зүйтэй.

Зардлын тухайд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно: 13.1.4. доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, галийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх: 13.1.4.а.энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал, 16 дугаар зүйлийн 16.1-д "Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй:, 16.1.1.энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал" гэж зааснаас үзэхэд тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлж олсон орлогоос түүнтэй холбогдон гарсан зардлыг хасаж, татвар ногдуулах орлого тодорхойлогдохоор байна.

Гэтэл манай байгууллагын орлогын дүнг харилцах дансанд тусгасан буюу бидний урьдчилж олсон орлого дансанд бүртгэсэн дүнгээр хүлээн зөвшөөрч зардлын дүнг дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажсан байх гэсэн заалтад үндэслэн баримт шивэгдсэн дүнгээр авсан нь үндэслэлгүй. Бид тухайн орлогыг олохтой холбогдон гарсан зардлыг санхүүгийн тайлангийн урьдчилж төлсөн тооцоо хэсэгт тусгасан байгаа ба манай байгууллагын туслан гүйцэтгэгч талууд мөн ковидын нөлөөллийг харгалзан ажил гүйцэтгэх дүнг нэмэгдүүлэх, тухайн ажлын гүйцэтгэл бүрэн дуусаагүй тул дахин давтагдашгүй төлбөрийн баримтыг холбогдох системд шивж илгээгээгүй байсан болно.

Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 15-Худалдан авагчидтай байгуулсан гэрээний орлогод "...орлогыг худалдан авагчид бараа, ажил үйлчилгээний хяналт шилжсэн үед хүлээн зөвшөөрнө гэж, ...орлого хүлээн зөвшөөрөх гүйцэтгэх үүргээ биелүүлснээр орлого хүлээн зөвшөөрөх.., үүрэг хариуцлагын гүйцэтгэл гэж хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд заагдсан бараа, үйлчилгээг шилжүүлэн өгөх амлалт гэж тусгасан байдаг.

Бид Үндэсний болон Олон улсын стандартад тусгасан зүйл болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.3-т үйлчилгээний орлогыг хүлээж авсан, эсхүл гэрээ, хэлцэлд заасан нөхцлийг хангаснаар хүлээн зөвшөөрнө гэсэн заалтыг үндэслэн холбогдох ажлын орлогыг хүлээн зөвшөөрөхөөр бүртгэлдээ тусгасан байна.

Учир нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр тухайн төсөвт өртөгт магадлал хийгдэж байгаа ба уг магадлал хийгдэж буй дүн нь УИХ-аар хэлэлцэн батлагдаж төсөвт тусгагдсанаар хүчин төгөлдөр болох ба магадлал нь тухайн ажлын нийт дүнд дахин шинэчлэн магадалж тогтоож байгаа тул гүйцэтгэлийн хувийн жинг тухай бүрд тооцоолох ямар ч боломжгүй болж гэрээний үүргийн эцсийн хэрэгжилтэд суурилан орлогоо тодорхойлох нөхцөл үүссэн байсан.

Мөн тус барилгатай холбоотой албан бичиг бусад тайлбар зэргийг нэмэлтээр хавсарган татварын улсын байцаагчдад өгсөн боловч гэрээний эрх зүй, тухайн үед үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, татвар төлөгчид учирсан хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзээгүй, нэг талыг баримталсан татвар төлөгчийн санхүүгийн хүндрэл үүссэн байдлыг хянан үзээгүй, оршин байхад халдсан гэж үзэж байна.

Татварын улсын байцаагч нарын үйлдсэн нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, Татварын ерөнхий хуулийн 5.1.2-т тодорхой байх, 5.1.3-т шударга байх, зарчмыг зөрчсөн, өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч эхлээд хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгжийн татварын хуулиар олгосон эрх хэмжээг хэрэгжүүлээгүй, эдлэх эрхэд халдсан, тухайн барилын ажлын онцлог, үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлоогүй нь Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар төлүүлэхээр шийдвэрлэсэн 1,032,544,691.42 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснийг 330,719,044.37 төгрөг төлүүлэхээр өөрчилж 67.97 хувиар бууруулсан Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор харагдаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмуудыг тус тус зөрчиж гаргасан гэж үзэхээр байна. гэжээ.

5. Хариуцагч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Гомдол 1.1-ийн хариу тайлбар: Тухайн хяналт шалгалтын ажлын хүрээнд 2024.12.10-нд гүйцэтгэх захирал Б.Б*******гийн бүртгэлтэй утасны дугаарт мэдэгдэж тухайн өдрөө томилолт болон баримт бичгийн хүсэлтийг цахим хаягаар нь илгээсэн бөгөөд хариу нь "мэйл хүлээн авсан. Хариуцаж байсан хүн нь ажлаас гарсан бөгөөд одоогийн материал хүргүүлэх ажилтны хүүхэд өвчтэй байгаа тул материал хүргүүлэх хугацааг хойшлуулж өгнө үү" гэж ирсэн бөгөөд /Ирүүлсэн мэйлийг хавсаргав./ энд "материал хүргүүлэх хугацааг хойшлуулж өгнө үү гэсэн болохоос хяналт шалгалтыг хойшлуулах тухай огт дурдаагүй ба ямар нэг албан тоот ирүүлээгүй болно.

2024.12.20-ны өдөр захирал Б.Б******* өөрийн биеэр хүрэлцэн ирж компанийн 2020-2023 оны үйл ажиллагааны талаар болон А******* ХХК-тай холбоотой ярилцлагыг хийсэн. Ярилцлагад нягтлан бодогчоор манай гэр бүлийн хүн П.Да ажилдаг шаардлагатай баримтуудыг ирүүлэх, нягтланг явуулж тодруулга өгүүлэхээр болсон. Нягтлан бодогч П.Да 2024.12.24-нд болон 27-ны өдрүүдэд ирж ярилцлага өгөн шаардсан баримтуудыг мэйлээр цаг тухай бүрд ирүүлсэн.

Татвар төлөгчид мэдэгдсэний дагуу 2024.12.10-ний өдөр өөрийн биеэр ирж ярилцлага өгөн, шаардлагатай материалуудыг мэйлээр ирүүлсэн нь татвар төлөгчийг эрхээ эдлэх боломжийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй юм. Захирал, нягтлан бодогч нарт компани дээр гарч буй зөрчлүүдийг тухай бүр танилцуулан зөрчилтэй холбоотой хасагдах зардал болон алдагдлыг бууруулж тооцооллыг хамтарч гарган гарын үсэг зуруулж баримтжуулан үлдсэн болно.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс Э ХХК нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.3-т 'Татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах" гэж заасан үүргээ биелүүлэх, татварын зөрчилд холбогдох санхүүгийн баримт, зөрчлийг үгүйсгэх нотолгоог гаргаж өгөх, тайлбар нотолгоо гаргах, зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдал байсан бол хяналт шалгалтын хугацааг сунгуулах хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт гаргах шийдвэрлүүлэх" зэргээр өөрийгөө сонсгох боломжтой байжээ.Харин гомдол гаргагчийн зүгээс дээрх ажиллагааг хэрэгжүүлээгүй хяналт шалгалтын явцад цахимаар болон цаасаар холбогдох баримтыг ирүүлсэн байх тул дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн. / Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2025.05.22-ны өдрийн №34 тогтоолын 11-р хуудас. Хавсралт хуудас 169/

Татварын Ерөнхий хуулийн 41.5-д "Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ" гэсэн заалт, Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн А/127 тоот тушаал "Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж", 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 тоот тушаал "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ыг мөрдлөг болгон ажилласан болно.

Гомдол 2.1-ын хариу тайлбар: Татварын хяналт шалгалтаар 2 зөрчил дээр хариуцлага тооцсон. Нэгт: "А******* ГХОХХК-ийн 2024.11.19-ний өдрийн 133 тоот, Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын 2024.11.28-ны өдрийн 06/2738 албан тоотууд болон бусад холбогдох баримтуудыг үндэслэн "А*******" ГХОХХК-тай гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс болох 1,342,704,793.40 төгрөгийн борлуулалтын орлогыг урьдчилж орсон орлогоор бүртгэж, орлогоор хүлээн зөвшөөрч нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнаагүй.

Хоёрт: Архангай аймгийн Хайрхан суманд баригдах 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын угсралтын ажлын 2,851,501,639 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан 2020 - 2023 онуудад улсын төсвөөс 2,757,037,453.00 төгрөгийн санхүүжилт авч барилгын ажлыг 70 хувьтай гүйцэтгэсэн гэсэн мэдээллийн дагуу орлогыг урьдчилж орсон орлогоор бүртгэж, орлогоор хүлээн зөвшөөрч нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнаагүй гэж үзэн нийт 8,333,754,972.14 төгрөгийн зөрчилд 606,139,120.19 төгрөгийн нөхөн татвар, 242,455,648.08 төгрөгийн торгууль, 183,949,923.15 төгрөгийн алданги, нийт 1,032,544,691.42 төгрөгийн төлбөр ногдуулсныг бууруулж 2,352,388,850.4 төгрөгийн зөрчилд 978,647,783.2 төгрөгийн нөхөн татвар, 235,238,885.00 төгрөгийн нөхөн татвар, 43,642,708.8 төгрөгийн торгууль, 51,837,450.5 төгрөгийн алданги, нийт 330,719,044.37 төгрөгийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн.

Маргааны хурал дээр зөвхөн "А******* ГХОХХК-ийн барилгын ажил, тэдний хоорондын маргаан, барилгыг дууссан эсэх талаар мэтгэлцээн өрнөж харин Архангай аймгийн Хайрхан суманд баригдаж байгаа 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын талаар нэг ч удаа дурдалгүйгээр маргааны хурлыг өндөрлүүлж шийдвэр гаргасан нь хууль, журмын дагуу шийдвэр гарсан гэдэгт нийцэхгүй байгаа болно. Энд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д "Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй" мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д "анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх" гэж тус тус заасан тул цахим төлбөрийн баримтын нэгдсэн системд дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэг татвар төлөгчид байсаар байхад Татварын ерөнхий хуулийн заалтыг огт авч үзээгүй.

"Э" ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 24/02/25 тоот "Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрчилж, сөрөг нэхэмжлэлийг нэмэгдүүлэх тухай" нэхэмжлэлд "Манай компанийн зүгээс барилгын ажлыг захиалагчийн санхүүжилтээс гадна өөрийн авсан зээлийн санхүүжилтээр 2021.01.13-нд бүрэн дуусгаж, барилгыг "А*******" ГХОХХК-д актаар хүлээлгэн өгч, барилгыг байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулах талаар Хотын стандарт, аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт 2021 оны 1, 5 сар, 2022 оны 3 саруудад хүсэлт гаргасан ....." гэсэн байна. Энэ нь барилгын ажлын гүйцэтгэл бүрэн дуусаж, орлогыг хүлээн зөвшөөрөх байсан гэж үзэхээр байна. Мөн "А******* ГХОХХК-д "Барилга хүлээлгэж өгөх тухай" албан бичгийг 2021.06.24-ний өдрийн 21/02/88 тоотоор хүргүүлсэн байна. /Хавсралт хуудас 109/

Одоо гаргаж буй нэхэмжлэлийг харахад голлон Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн барилгын ажлын талаар дурдагдсан байна. Маргааны шийдвэр дээр "... татварын улсын байцаагчид 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг 100 хувь гүйцэтгэлээр тооцсон нь учир дутагдалтай болжээ." гэсэн байна. /хуудас 15-д/ Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн барилгын ажлын талаар нэг ч мэтгэлцээн үүсгээгүй мөртлөө ямар үндэслэлээр татварын байцаагч нарыг буруутгаж байгаа тодорхой бус, Улсын төсвөөс 2,7 тэрбум төгрөг олгогдсоноор 70 хувийн гүйцэтгэлтэй барилга баригдсан байна гэж www.tender.gov.mn сайт байршуулсан байхад татварын байцаагч нар 100 хувь тооцсон гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй зүйл болжээ. Барилга 70 хувийн гүйцэтгэлтэй гэдгийг татвар төлөгч өгсөн ярилцлагадаа болон www.tender.gov.mn сайтын мэдээллээр батлагдсан тул орлогыг ААНОАТ-ын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.2 дах заалтын дагуу гүйцэтгэлийн хувиар тооцон хүлээн зөвшөөрөх "урьдчилж орсон орлого"-ыг Татварын Ерөнхий газрын даргын 2020.01.03- ний өдрийн А/02 тоот тушаалын дагуу бүртгэж баталгаажуулалт хийх ёстой байсан гэж үзсэн. / Хавсралт хуудас 176-178/

Мөн түүнчлэн " татварын улсын байцаагчид дээрх зөрчлийг тооцохдоо 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Архангай аймгийн засаг дарга, "Эртний цамхаг контсракшн" ХХК, Аймгийн Засаг даргын тамгын газрын СТСХ-ийн даргын хамтарсан "Архангай аймгийн Хайрхан сумын 320 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажлын захиалагч гүйцэтгэгч хооронд БСШУЯ/*******/22 дугаар гэрээний 8 дугаар хэсэгт Тухайн ажил нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй гэж тусгасныг үндэслээгүй зөрчилд тооцсон нь учир дутагдалтай байна." гэж дурдсан нь үндэслэлгүй /Хавсралт хуудас 174/

Тухайн ажил нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй болохоор л зөрчилд авч нөхөн татвар, торгууль, алданги тооцсон. Дээрх шийдвэрүүдийг харахад Маргаан таслах зөвлөлийн шийдвэр хэт нэг талыг барьсан шийдвэр болжээ гэж үзэж болох юм.

Барилгын ажлыг гүйцэтгэлийн хувийн жингээр хүлээн зөвшөөрөх бөгөөд орлого, зарлага хоорондоо уялдах зарчим, мөн түүнчлэн СТОУС-15 орлого хүлээн зөвшөөрөх стандартаар "гэрээг хоёр ба түүнээс дээш талуудын хооронд байгуулагдсан, гэрээний нөхцөл заалт бүрийг мөрдөх ёстой эрх, үүргийг бий болгодог хэлэлцээр гэж тодорхойлсон байдаг, гүйцэтгэлийн үүргийг тодорхойлох, ажил гүйлгээний үнийг тодорхойлох, ажил гүйлгээний үнийг гүйцэтгэлийн үүргүүдэд хуваарилах, орлого хүлээн зөвшөөрөх алхмуудаар хэрэгждэг байна.

СТОУС 15-ын дагуу "Ажил гүйлгээний үнийг тусдаа гүйцэтгэлийн үүргүүдэд хуваарилж, тухайн гүйцэтгэлийн үүрэг биелэгдсэн үед орлого хүлээн зөвшөөрнө" гэж заасан, мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д "Албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө" 12.1.2 "ажлыг гүйцэтгэлийн хувиар" гэж хуульчилсан байна.

Татварын алба бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль. түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгийг удирдлага болгон ажиллах зарчмын хүрээнд хяналт шалгалтын ажил гүйцэтгэгдсэн болно. Иймд Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 34 дүгээр тогтоол болон "Э" ХХК-ийн гаргасан 2025 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА- дугаартай нөхөн ногдуулалтын актаар гарсан шийдвэрийг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв. Үүнд:

2. Нэхэмжлэгч Э ХХК нь тус шүүхэд хандаж 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актаар 8,33,754,972.14 төгрөгийн зөрчил илрүүлж, нийт 1,032,544,691.42 төгрөгийн төлбөр ногдуулснаас Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн хурлаар хэлэлцэн 34 дүгээр тогтоолоор 5,981,366,121.7 төгрөгийн зөрчилд, 370,900,235.2 төгрөгийн нөхөн татвар, 198,812,939.2 төгрөгийн торгууль, 132,112,472.7 төгрөгийн алданги, нийт 701,825,647.0 төгрөгийг бууруулсан дүнгээс үлдэх 2,352,388,850.4 төгрөгийн зөрчилд 978,647,783.2 төгрөгийн нөхөн татвар, 235,238,885.00 төгрөгийн нөхөн татвар, 43,643,708.00 төгрөгийн торгууль, 51,837,450.5 төгрөгийн нөхөн алданги, нийт 330,719,044.37 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад уг актыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж маргасан тул шүүх маргааны цар хүрээг актын хэмжээнд бүхэлд нь дүгнэж шийдвэрлэв.

3. Хариуцагч нарын гаргасан, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгчид Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4, 41.5, 41.12.3, 73 дугаар зүйлийн 73.2, 73.2.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 13 дугаар зүйлийн 13.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсгийг баримтлан нийт 8,33,754,972.14 төгрөгийн зөрчилд 606,139,120.19 төгрөгийн нөхөн татвар, 242,455,648.08 төгрөгийн торгууль, 183,949,923.15 төгрөгийн алданги, нийт 1,032,544,691.42 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Татварын хяналт шалгалт хийх 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 34******* дугаар томилолтоор Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Х, Х.А нарт Э ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны Эрсдэлд суурилсан-бүрэн хяналт шалгалт хийхээр 2024 оны 12 дугаар сарын 10-ний өдрөөс ажлын 17 өдөр хийхээр томилолт олгосон байна.

5.Хариуцагч Татварын улсын байцаагч Д.Хын k******* цахим шуудангийн хаягаас e******* цахим хаяг руу 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр томилолт, баримт бичиг ирүүлэх мэдэгдлийг, e******* хаягаас мөн өдөр мэйл хүлээн авсан, хариуцаж байсан хүн нь ажлаас гарсан бөгөөд одоогийн материал хүргүүлэх ажилтны хүүхэд өвчтэй байсан тул материал хүргүүлэх хугацааг хойшлуулж өгнө үү гэх хариу өгсөн байх ба 2024 оны 12 дугаар сарын 20-нд Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б*******, мөн оны 12 дугаар сарын 24-нд тус компанийн татварын зөвлөх П.Да нар тухайн хяналт шалгалтын талаархи ярилцлага үйлджээ.

6. Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.1-д Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд зайлшгүй байх зарчмыг баримтална, 41 дүгээр зүйлийн 41.1-т Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана, 41.2-т татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ, 41.5-д Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ гэж тус тус заасан.

7. Дээрхи үйл баримтуудаас үзвэл хариуцагч Татварын байцаагч нар эрх бүхий этгээдээс олгосон томилолтыг үндэслэн хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлж хяналт шалгалтыг эхлүүлсэн байх ба Татварын нөхөн ногдуулалтын актыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан нь хуулийн 41.5-д заасныг зөрчөөгүй байна.

8. Маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актаар Э ХХК нь Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн барилгын санхүүжилт болох 2020 онд 400,000,000.00 төгрөг, 2021 онд 918,160,297.00 төгрөг, 2022 онд 938,978,151.00 төгрөг, 2023 онд 499,899,005.00 төгрөг, 2021 онд А******* ГХОХХК-тай гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс 1,342,704,793.40 төгрөгийн нийт 4,099,742,246.40 төгрөгийн харилцах дансаар орж ирсэн орлогын гүйлгээг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнаагүй зөрчил,

9. Мөн тус компани нь Агапе христийн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг барьж, ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгснөөр дуусгавар болох ажил гүйцэтгэх гэрээг А******* ГХОХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр байгуулж, 2019 онд 2,821,999,997.00 төгрөг, 2020 онд 2,131,591,740.00 төгрөг, 2021 онд 360,307,429.00 төгрөг, захирлын дансаар 91,867,137.00 төгрөг, нийт 5,405,766,303.00 төгрөгийн харилцах дансаар орсон орлогоос төлбөрийн баримт олгож, татварын тайланд тусгасан 3,932,755,030 төгрөгийг хасч зөрүү 1,473,011,273.00 төгрөгийн төлбөрийн баримт олгоогүй, орлогод хүлээн зөвшөөрч тайлагнаагүй зөрчил тус тус гаргасан гэж үзжээ.

10. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хариуцагч нар тухайн актын 2 дахь хэсгийг үйлдэхдээ "Э" ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 24/02/25 тоот "Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрчилж, сөрөг нэхэмжлэлийг нэмэгдүүлэх тухай" нэхэмжлэлд дурдсан ...барилгын ажлыг захиалагчийн санхүүжилтээс гадна өөрийн авсан зээлийн санхүүжилтээр 2021.01.13-нд бүрэн дуусгаж, барилгыг "А*******" ГХОХХК-д актаар хүлээлгэн өгч, барилгыг байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулах талаар Хотын стандарт, аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт 2021 оны 1, 5 сар, 2022 оны 3 саруудад хүсэлт гаргасан" гэснийг үндэслэн тухайн барилгыг 100 хувь барьж дууссан гэж үзэж улмаар орлогыг хүлээн зөвшөөрөх байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

11. Учир нь тухайн барилгыг 100 хувь гүйцэтгэлтэй гэж дүгнэсэн боловч дээрх барилгын ажлын талаар шүүхийн маргаан үүсч гэрээний үүрэг бүрэн хэрэгжиж дуусаагүй, үүний улмаас улсын комисст барилгыг хүлээлгэн өгөх, түлхүүр гардуулах үүргээ Э ХХК биелүүлээгүй байгаа нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/Ш32023/04433, мөн шүүхийн Шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/Ш32024/19410 дугаар захирамжуудаар тус тус тогтоогдсон.

12. Энэ тохиолдолд СТОУС-ын 15-д Ажил гүйлгээний үнийг тусдаа гүйцэтгэлийн үүргүүдэд хуваарилж, тухайн гүйцэтгэлийн үүрэг биелэгдсэн үед орлого хүлээн зөвшөөрнө гэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө 12.1.2-т ажлыг гүйцэтгэлийн хувиар гэж тус тус зааснаар А******* ГХОХХК-аас хүлээн авсан 1,342,704,793.40 төгрөгийн санхүүжилтийн орлогыг урьдчилж орсон орлого дансанд бүртгэж, борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрөөгүй байгааг буруутгах боломжгүй

13. Харин актын 1 дэх хэсгийн тухайд, хариуцагч нар Э ХХК нь 2020 онд зарлагдсан БСШУЯ/******* тендерийн дугаар бүхий Архангай аймгийн Хайрхан суманд баригдах 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарч нийт 3,238,737,288.00 төгрөгийг нэхэмжлэгч хүлээж авсан нь харилцах дансны хуулга, Төрийн сангийн зарлагын гүйлгээгээр нотлогдсон, уг сургуулийн барилгын угсралтын ажил 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй байгааг холбогдох баримтуудаар тогтоосон ба уг гэрээний 8-д тухайн ажил нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй гэж заасан талаар хэргийн оролцогчид тайлбарласан, харин хариуцагч нар хяналт шалгалтын явцад тухайн гэрээтэй танилцаагүй, нэхэмжлэгч тал уг гэрээг мөн гаргаж өгөөгүй байна.

14. Гэтэл татварын улсын байцаагч нар маргаан бүхий актад Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн барилгын гүйцэтгэл болох 2020 онд 400,000,000.00 төгрөг, 2021 онд 918,160,297.00 төгрөг, 2022 онд 938,978,151.00 төгрөг, 2023 онд 499,899,005.00 төгрөгийн нийт 2,757,037,453.00 төгрөгийн харилцах дансаар орж ирсэн орлогын дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн гэж үзэж борлуулалтын орлогыг цэвэр дүнгээр тооцоогүй нь буруу.

15. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно: 13.1.4-т Доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх: 13.1.4.а энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал, 16 дугаар зүйлийн 16.1-д Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй, 16.1.1-д энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал гэж тус тус заасан.

16. Мөн Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно, 84 1.2-т нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэж, мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т Алданги тооцох хугацааг доор дурдсанаар тодорхойлно, 73.2.1-т татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор гэж тус тус заасан.

17. Иймд нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Татварын улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актын 5,981,366,121.7 төгрөгийн зөрчилд ногдуулсан 370,900,235.2 төгрөгийн нөхөн татвар, 198,812,939.2 төгрөгийн торгууль, 132,112,472.7 төгрөгийн алданги, нийт 701,825,647.0 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг болох 2,352,388,850.4 төгрөгийн зөрчилд 978,647,783.2 төгрөгийн нөхөн татвар, 235,238,885.00 төгрөгийн нөхөн татвар, 43,642,708.8 төгрөгийн торгууль 51,837,450.5 төгрөгийн алданги, нийт 330,719,044.37 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

18. Шүүх энэхүү шийдвэрийг гаргахдаа татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг баримталсныг дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5, 73 дугаар зүйлийн 73.2, 73.2.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 13 дугаар зүйлийн 13.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Татварын улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА- дугаар Нөхөн ногдуулалтын актын 5,981,366,121.7 төгрөгийн зөрчилд ногдуулсан 370,900,235.2 төгрөгийн нөхөн татвар, 198,812,939.2 төгрөгийн торгууль, 132,112,472.7 төгрөгийн алданги, нийт 701,825,647.0 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг болох 2,352,388,850.4 төгрөгийн зөрчилд 978,647,783.2 төгрөгийн нөхөн татвар, 235,238,885.00 төгрөгийн нөхөн татвар, 43,642,708.8 төгрөгийн торгууль 51,837,450.5 төгрөгийн алданги, нийт 330,719,044.37 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН