2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/01284

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 11 191/ШШ2025/01284

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........................ тоот хаягт оршин суух, Г овогт М.А /РД:0000000000, иргэний бүртгэлийн дугаар: 000000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .................. тоот хаягт байрлах, Э ХХК /РД:0000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 58,033,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 58,033,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:

1.1....Би Э ХХК-тай 0000-00-00-ны өдөр ............... дүүргийн .............. дугаар хорооны нутаг дэвсгэр, ................. хотхонд баригдаж буй ....................... хотхон 144 айлын 3 блок орон сууц барилгаас А блок ..... давхарт 1 өрөө, ........ м.кв орон сууц 42,982,000 төгрөг, А блок ...... давхарт 1 өрөө, ........ м.кв орон сууц 42,982,000 төгрөг, А блок ...... давхарт 1 өрөө, ........ м.кв орон сууц 42,982,000 төгрөг бүхий нийт 3 байрыг 1 тус бүрийг 42,982,000 төгрөгөөр тооцон худалдан авч, 2014.07.30-ны өдөр байр ашиглалтад ороход хүлээн авахаар тохиролцон гэрээ хийсэн. Гэрээний дагуу тус компанийн албан өрөөнд 3 байрны урьдчилгаа болох нийт 38,682,000 төгрөгийг 0000-00-00-нд гэрээ хийхдээ доорх байдлаар бэлэн мөнгөөр төлсөн байдаг. А блок ..... давхарт 1 өрөө ........ м.кв орон сууц 12,894,000 төгрөг,

А блок З давхарт 1 өрөө ........ м.кв орон сууц 12,894,000 төгрөг,

А блок ...... давхарт 1 өрөө ........ м.кв орон сууц 12,894,000 төгрөг,

0000-00-00-ны өдөр гэрээ байгуулсан боловч барилга хугацаандаа ашиглалтад оруулахгүй удаж, шаардлага тавьж асуух бүрт зээл хөөцөлдөж байгаа, ирэх жил ажил эхэлнэ, удахгүй хөрөнгө оруулалт бүтэх гэж байгаа, түр хүлээгээч санхүүжилт орж ирвэл болох гээд байна гэхчлэн хууран худал ярьж арга саам тоочин мөнгийг буцаан өгөлгүй барилгаа ч барилгүй өнөөдрийг хүрсэн. 2014 оноос хойш жил бүр удаа дараа мөнгөө буцааж авъя гэхэд ямар ч мөнгө байхгүй барилгаа гүйцээж барьж захиалагчдадаа өгөхөөс өөрөөр мөнгө өгөх ямар ч боломжгүй гэсээр маш олон жил санхүү, сэтгэл санаа, амьдралын чанарт маш муугаар шууд нөлөөлсөн. 2016 онд мөнгөө авъя гэхэд дараа жил баригдана түр хүлээгээч болохгүй бол мөнгийг чинь өгнө гэж бичгээр хэлцэл хийсэн. 2018 онд бас захирал Ч.Ц нь гарын үсэг зурж тамга даран бүх байрыг нэгтгэн 100 хувь төлбөр хийгдсэн гэснээр Б блокд ....... м.кв 2 өрөө байр болгон өгөх хэлцэл хийсэн байдаг.

Ийнхүү анхны А блокийн байрыг гэрээг ноцтой зөрчин өөр компанид зарсан байсан. Мөн дараагийн хэлцлийн Б блокийн байрыг шүүхийн шийдвэрээр өөр хүн худалдан авсан байна. Үүнийг 2024.11.13-ны өдөр бас байр захиалан хохирсон гэх 4 хүний хамт захирал Ч.Ц-г нь олж очиж уулзахдаа өөрөөс нь сонсож мэдсэн ба мөнгөө алдангитай нь авах бол шүүхэд хандаарай их мөнгө тул шууд одоо олоод өгөх боломжгүй гэсэн. Ингээд хэдий 2 өрөө байраа авах хүсэлтэй байгаа боловч байр хүлээн авах боломжгүй болсон ба энэ асуудлыг шүүхийн байгууллагаар хуулийн дагуу шийдүүлэх хэрэгцээ шаардлагатай болсон юм. Надад хэлэлгүй миний худалдан авсан байрыг гэрээ хэлцлээ ноцтой зөрчин бусдад хууль бусаар зарж надад маш их гэм хор учруулж санхүү эдийн засаг, цаг хугацаа сэтгэл санаагаар хохироосоор байна. 2013 оны төгрөг, 2024 оны төгрөгийн ханш маш өндөр ялгаатай учир асар их санхүүгээр хохирч байгаа үүнээс улбаалан алдагдсан боломж, цаг хугацаа, амьдралын чанарт асар муугаар нөлөөлсөөр байна.

Иймд Э ХХК-аас миний орон сууц захиалан төлсөн 38,683,800 төгрөг, 0000-00-00-2024.11.22-ны өдөр хүртэл нийт 10 гаруй жилийн хугацааны гэрээнд тусгасан алданги 19,350,000 төгрөг, нийт 58,033,800 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү... гэв.

 

2.Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Манай компанийн хувьд олон шалтгааны улмаас барьж буй барилга ашиглалтад орохгүй удсанаас болж их хэмжээний алдагдалд орсон. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 38,683,800 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, алданги болох 19,350,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.11.25-ны өдөр 450,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 4 х/,

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 5 х/,

-2013.09.03-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 6 х/,

-07 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 7-10 х/,

-0000-00-00-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 11 х/,

-0000-00-00-ны өдрийн 09 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 12-15 х/,

-0000-00-00-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 16 х/,

-0000-00-00-ны өдрийн 08 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 17-20 х/,

-2018.08.31-ний өдрийн Хэлцэл /хх-ийн 21-22 х/ зэрэг баримтуудыг,

 

-Хариуцагч нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2024.12.24-ний өдрийн 156/24 дугаартай Д.Т-т олгосон итгэмжлэл /хх-ийн 26 х/,

-Улсын бүртгэлийн 0000000000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 39 х/,

-Хариу тайлбар /хх-ийн 40 х/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хариуцагч Э ХХК-иас гэрээний үүрэгт 54,710,498 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,323,302 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөний улмаас гэрээнээс татгалзаж 0000-00-00-ны өдөр байгуулсан 00, 00, 00 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-нүүдийн урьдчилгаа төлбөрт төлсөн 38,683,800 төгрөг, алданги 19,350,000 төгрөг, нийт 58,033,800 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч Э ХХК нь ...Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр болох 38,683,800 төгрөгийг төлнө. Харин алданги 19,350,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 0000-00-00-ны өдрийн 00, 00, 00 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-нүүд, 2013.09.03, 0000-00-00-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт-ууд, 2018.08.31-ний өдрийн Хэлцэл, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Талуудын хооронд 0000-00-00-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх тухай 00, 00, 00 дугаартай гэрээнүүд байгуулагдаж, энэхүү гэрээний 1, 2, 3 дугаар зүйлд зааснаар Э ХХК /гүйцэтгэгч/ нь:

............ дүүрэг, ............. дугаар хорооны нутаг дэвсгэр ................. хотхонд баригдаж байгаа ................... хотхон 144 айлын 3 блок орон сууцны А блок байрны 1 дүгээр орцны ..... давхар ... тоот, 1 өрөө ........ м.кв талбай бүхий орон сууц,

.............. дүүрэг, ........... дугаар хорооны нутаг дэвсгэр ................. хотхонд баригдаж байгаа ................... хотхон 144 айлын 3 блок орон сууцны А блок 1 дүгээр орцны ...... давхар ... тоот, 1 өрөө ........ м.кв талбай бүхий орон сууц,

................ дүүрэг, ......... дугаар хорооны нутаг дэвсгэр ................. хотхонд баригдаж байгаа ................... хотхон 144 айлын 3 блок орон сууцны А блок 1 дүгээр орцны ...... давхар ... тоот, 1 өрөө ........ м.кв талбай бүхий орон сууцны барилгыг 2014.07.30-ны дотор багтаан батлагдсан зураг төслийн дагуу барьж, захиалагчид хүлээлгэн өгөх,

Нэхэмжлэгч М.А /захиалагч/ нь орон сууц тус бүрийн үнэ 128,946,000 төгрөг /42,982,000 х 3/-ийн 30 хувь болох 38,683,800 төгрөг /12,894,600 х 3/-ийг 0000-00-00-нд гүйцэтгэгчид төлж, үлдэх 70 хувийг түлхүүр гардаж авахад төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 7-10, 12-15, 17-21 х/

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасанд нийцсэн бөгөөд талуудын хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна.

 

5.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан.

Талууд 0000-00-00-ны өдрийн 00, 00, 00 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, мөн 2018.08.31-ний өдөр дээрх гэрээнүүдийг дүгнэж, М.А /захиалагч/-ийн 3 орон сууцыг нэгтгэн 1 орон сууц буюу В байрны 7 давхарт булангийн урд болон баруун талдаа цонхтой ....... м.кв сонгож, захиалагчийн төлсөн 38,683,800 төгрөгийг энэхүү орон сууцны төлбөрийг 100 хувь төлж дууссанд тооцож, гэрээ шинэчилж хийх, барилга дууссан үед нь байрны ордерыг Э ХХК /гүйцэтгэгч/ нь захиалагчид гаргаж өгөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 22 х/

Мөн талууд дээрх хэлцэл болон гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээ цуцлагдсан, 2013.09.03, 0000-00-00-ны өдөр тус тус нийт 38,683,800 төгрөгийг өгч, авсан талаар маргаагүй. /хх-ийн 6, 11, 16, 22 х/,

 

5.1.Хариуцагч нь үндсэн төлбөр 38,683,800 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй тул энэ талаар шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

6.Харин нэхэмжлэгч нь алданги 19,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь миний захиалсан байрнуудыг өөр хүнд зарж, санхүү эдийн засгийн хувьд хохироосон учраас гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.13-т зааснаар захиалагч нь 3 сарын дараа өөрийн санаачилгаар гэрээг цуцалж хохирлоо шаардах эрхтэй байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй учраас алдангийг төлөхгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заажээ.

 

а.Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт бөгөөд гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус, эсвэл гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон бол өгсөн, авснаа буцаах үр дагавар талуудын хувьд үүсдэг. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ.

 

Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойших үр дагаврыг талууд шийдвэрлэдгээрээ онцлогтой.

 

б.Хариуцагч Э ХХК гэрээнүүдэд заасан орон сууцны барилгыг 2014.07.30-нд хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч тэр үүргээ биелүүлээгүйн улмаас талууд нэмэлт хугацаа тогтоож 2017 онд багтааж ашиглалтад оруулахаар тохиролцсон байх боловч өнөөдрийг хүртэл маргаан бүхий орон сууц баригдаагүй, мөн гүйцэтгэгч нь бусдад худалдсанаар талууд тохиролцоонд хүрч чадаагүй гэж тайлбарласан.

 

Гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой бөгөөд мэдэгдэхэд хуулиар хэлбэрийн шаардлага тавиагүй тул зохигчийн тайлбараар дээрх ажил гүйцэтгэх гэрээг цуцлагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч М.А нь гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагавар буюу урьдчилгаанд төлсөн 38,683,800 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.

 

Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаар хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг үгүй болж, харин гэрээний дагуу авсан зүйлээ харилцан буцааж өгөх, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирлыг шаардах үр дагавар үүсдэг.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

 

7.Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн 4.1-д А тал үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх алдангийг хоног тутам төлнө, 4.2-т Б тал үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх алдангийг хоног тутам А талд төлнө гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь гэрээний нийт үнийн дүн болох 38,683,800 төгрөгийн үнийн дүнгээс 0000-00-00-ний өдрөөс 2024.11.22-ны өдрийг хүртэл хугацааны алдангид 19,350,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

а.Зохигчийн 0000-00-00-ны өдөр байгуулсан 00, 00, 00 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 4.1-д А тал үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх алдангийг хоног тутам төлнө, 4.2-т Б тал үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх алдангийг хоног тутам А талд төлнө гэж тохиролцсон байна.

 

б.Нэхэмжлэгчийн тодорхойлсон хугацаа нь нийт 4,143 хоног болж байх тул гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 38,683,800 төгрөгөөс 0,01 хувиар тооцоход 16,026,698.34 төгрөг /38,683,800 х 0,01 хувь = 3,868.38 төгрөг х 4,143 хоног/-ийн алдангийг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулж, алдангиас 3,323,202 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд хариуцагч Э ХХК-иас 54,710,498 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,323,202 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан Э ХХК-иас 54,710,498 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж болох 431,502 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.А-д олгож, нэхэмжлэгчээс 2024.11.25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 450,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 54,710,498 төгрөг /тавин дөрвөн сая долоон зуун арван мянга дөрвөн зуун ерэн найм/-ийг гаргуулж нэхэмжлэгч М.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,323,202 төгрөг /гурван сая гурван зуун хорин гурван мянга хоёр зуун хоёр/-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан Э ХХК-иас 431,502 төгрөг /дөрвөн зуун гучин нэгэн мянга таван зуун хоёр/-ийг гаргуулан нэхэмжлэгч М.А-д олгож, нэхэмжлэгчээс 2024.11.25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 450,000 төгрөг /дөрвөн зуун тавин мянга/-ийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА