2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/01387

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 13 191/ШШ2025/01387

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ........................ тоот хаягт байрлах, Л ХХК /РД:000000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Ч.Ж /РД:00000000/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Т оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Л ХХК нь Ч.Ж-тай 2023.10.17-ны өдөр №000000000 дугаартай 10,000,000 төгрөгийн үнийн дүнд ......... аймгийн ............... суманд баригдаж буй .................................. амины орон сууцны хотхоны төслийн 3D макет хийх Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч Ч.Ж нь манай захиалсан макет суурийн хэмжээ 240х170, газрын хэмжээ 40 га, М1/500 масштабаар боловсруулсан, дороо суурьтай, 3D макетны шилэн хорготой /задгай буюу 4 талыг хаасан байдалтай/, ерөнхий гэрэлтүүлэгтэй, төслийн нэршил бүхий хаягжилттай, таних тэмдэг, зам төлөвлөлттэй, 3D принтерээр хэвлэж объектын өнгө ялгаж дүрсэлсэн, нийтийн цэцэрлэгт хүрээлэн гээд төлөвлөсөн захиалгын зургийн дагуу хийж гүйцэтгэх зэрэг ажлуудыг 2023.10.18-ны өдрөөс 2023.11.17-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөх байсан.

Ажил гүйцэтгэх .................................. тоот гэрээний дагуу Ч.Ж-ы дансанд 2023.10.18-ны өдөр 5,000,000 төгрөгийг Л ХХК-ийн данснаас шилжүүлсэн ба үлдэгдэл 5,000,000 төгрөгийг гэрээт ажил бүрэн дуусаж хүлээж авснаар акт үйлдэж шилжүүлэхээр гэрээлсэн. Гэрээний хугацаанд Ч.Ж .................................. амины орон сууцны хотхоны төслийн 3D макетыг хийж өгөөгүй. Манай байгууллагаас төсөвчин О.Ж, Ч.Ж-ы ажлын байранд очиж үзэхэд манай захиалгаас буруу, дутуу гүйцэтгэлтэй байсан ба даруй засаж макетыг дуусгаж өгөхийг шаардсан. Үүний дагуу ажлаа дуусгаад өгнө, мөнгө нэмж олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Манай талаас гэрээний дагуу нэмж санхүүжилт олгохгүй талаар хэлж 3D макетыг яаралтай дуусгаж өгөхийг шаардсан ч гэрээт ажлаа гүйцэтгэж өгөлгүй утсаа салган хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Манай талаас Ч.Ж-ы гар утасны дугаар луу залгаж хийсэн ажлыг үзэж шалгамаар байна очиж үзье гэхэд хол хөдөө байна, 2 хоногоос очно тэгээд үзүүлье, 3D макет хийгээд дууссан гэж хэлснээс хойш ямар ч холбоо бариагүй алга болсон тул гэрээний дагуу манай талаас .................................. тоот гэрээг цуцалж гэрээний урьдчилгаа олгосон 5,000,000 төгрөг болон гэрээний 6.3-т гүйцэтгэгч тал макет боловсруулж хүлээлгэн өгөх хугацааг хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг төлнө гэж зааснаар мөн Иргэний хуулийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ заасны дагуу алданги тооцож 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг Ч.Ж-аас гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч Ч.Ж нь гэрээнд тусгагдсан .................................. тоот хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон.

Иймд Ч.Ж-г эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан 2025.01.15-ны өдрийн 25/04 дугаартай М.Ш-т олгосон итгэмжлэл /хх-ийн 3 х/,

-Улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.15-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 4 х/,

-2023.10.17-ны өдрийн №000000000 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 5-6 х/,

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 7 х/,

-Улсын бүртгэлийн 00000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 8 х/,

-Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх-ийн 9 х/,

-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.30-ны өдрийн 101/Ш32024/24277 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 10 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Ж-ы оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023.10.17-ны өдрийн №000000000 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Ж-ы оршин суух хаягийг .................................. тоот гэж тодорхойлсны дагуу Л ХХК нь 7,500,000 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.30-ны өдрийн 101/ШЗ2024/24277 дугаартай шүүгчийн захирамжаар Ч.Ж нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 10 х/,

 

Ч.Ж нь Л ХХК-тай 2023.10.17-ны өдөр №000000000 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Л ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 9 х/,

 

Ч.Ж нь 2023.10.17-ны өдрийн №000000000 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...оршин суудаггүй... болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.30-ны өдрийн 101/ШЗ2024/24277 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш-ын шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд Л ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Ж-ы оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Ч.Ж /РД:00000000/-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ч.Ж-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА