Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/28

 

Д.*******ид холбогдох  эрүүгийн

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Л.*******, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                                 Б.*******

          Шүүгдэгч                                                                                  Д.*******  

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Д.*******ид холбогдох 2323001000157 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1950 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 74 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, зоо техникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* баг ******* хэсэгт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. ******* бээс овогт *******ийн *******, /*******/

Шүүгдэгч Д.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох 28 шуудай, 654 килограмм хуурамч хонин арцыг 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр худалдан авч Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн ******* хэсгийн ******* тоотод байрлах өөрийн гэртээ 28 шуудай, 654 килограмм хуурамч хонин арцыг хадгалж, байгаль экологид 114.973.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* бээс овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал хуурамч хонин арцыг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ид 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн  хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчихыг хориглож, шүүгдэгч тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэж,  Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******ид зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож солихыг  түүнд анхааруулж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167  дугаар зүйлийн 167.1 дэх хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар шүүгдэгч *******ийн *******ид  зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Д.*******оос 70,741,920 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 28 уут /шуудай/ хуурамч хонин арцыг худалдан борлуулж, үнийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон тайлбатаа: Займаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг 2024 оны 05 сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн баримтуудыг гаргаж өгсөн. 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Яллах дүгнэлтэд дурдсанаар хуурамч хонин арц гэж оруулж ирсэн. 2 өөр төрлийн арц байгаа гэж шүүгдэгч талаас дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаж дахин шинжээч томилуулсан. Мөн арц нь нойтон байсан талаар шүүгдэгч талаас ярьсан. Монгол улсын Байгаль орчны аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/677 дугаартай тушаалаар ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ батлагдсан. Ховор, нэн ховор ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон. 282-д хуурамч хонин арцыг тусгасан байгаа юм. Хуурамч хонин хуурай арц 175,800 төгрөг, нойтон арц нь 98.500 төгрөг гэж тогтоосон. 2 шинжээчийн дүгнэлтээр хоёулангаар нь хуурай арц байна гэж дүгнэсэн. Энэ нь 28 шуудай арцыг бүхэлд нь шинжилгээнд явуулаагүй зөвхөн шуудайны дээрээс хэдэн грамм арц авсан. Арцны дээрээс авбал хуурай байгаа дундаас болон доороос нь авсан бол нойтон байх боломжтой байсан. Үнэхээр хуурай байсан бол жин нь 2 удаа жинлэхэд буухгүй байсан байх. Жин нь 654 кг анх байсан бол 2 дахь жинлэлтээр 414 кг, 3 дахь жинлэлтээр 404 кг гэх мэт буурсан байгаа учраас нойтон байсан болох нь илэрхий нотлогдож байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах үе шатанд эд мөрийн баримтаар хураагдсан арц жинлэхэд дахин жин нь буурах нь тодорхой. Өөрөөр хэлбэл анхнаасаа нойтон арц байсан нь тодорхой. Хэрэв хуурай байсан бол 654 кг арц одоог хүртэл жин нь буураагүй хэвээр байх байсан. 2 шинжээчийн дүгнэлтээр хуурай гэж гарсан, шинжилгээнд хүргэгдэх хүртэл дунджаар 14 хоногоос 1 сар болж очих явцад чийгээ алдах бүрэн боломжтойг 2 удаагийн шинжээч нар бүгд хэлж тайлбарласан болно. 654 кг нойтон арц нь ЭЭЗҮ-гээр 98,500 нийт 64,419,000 төгрөг болж байна. Гэтэл хуурай гэж шүүх үнэлснээс болж 70,741,920 төгрөгөөр нөхөн төлбөр тогтоож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан. 402,4 кг нойтон хуурамч хонин арцны хохирол учирсан байхад, хуурай гэж үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 2 өөр төрлийн арцыг 1 төрлийн арц гэж гаргаж байгаа шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүгдэгч Д.*******ийн түүний худалдан авч хадгалсан арц нь нойтон арц байсан, шинжээчийн хуурай гэсэн дүгнэлт эргэлзээтэй байгаа тул нойтон арцны үнэлгээ 98,500 төгрөгөөр тооцон шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх эсхүл 2 өөр төрлийн арцыг нэг төрөл гэж гаргасан шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар Завхан аймаг дахь анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Прокурор Б.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд Эрүүгийн хуульд заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд “байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан” тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилж өгсөн байх тул тухайн гомдол мэдээллийн дагуу ажиллагаа явуулж, анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн. Арц нь ямар төрлийн арц байсан. Нойтон, хуурайг энгийн хүний нүдээр ялгах боломжгүй учраас, мэргэжлийн хүмүүсийг шинжээчээр томилж, 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн шинжээчийн дүгнэлтээр хуурамч хонин арц гэдэг нь тогтоогдсон. Арц нь хуурай арц байна гэдгийг 2 шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч шинжээч хонин арц гэдгийг ямар байдлаар дүгнээд байгааг тайлбарлаж чадаагүй гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд тухайн шинжээч оролцоод, ямар байдлаар хэрхэн дүгнэсэн, бусад арцнаас хэрхэн ялгагдаж буйг тодорхой тайлбарлаж өгсөн. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд туссан. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс өмнө нь энэ хэргийг өөр байдлаар шийддэг байсан гэж ярьж байна. хэргийн зүйлчлэлээр адил хэргүүд шийдэгдсэн ч гэсэн хэргийн нөхцөл байдал өөр өөрийн онцлогтой байдаг. Өөр хэрэгтэй харьцуулах боломжгүй гэж үзэж байна. Тусгай мэдлэгийг эзэмшсэн хүнийг шинжээчээр томилсон. Энгийн хүн хараад шууд ялгах боломжтой байсан бол заавал мэргэжлийн шинжээч томилох шаардлагагүй. Мэргэжлийн хүмүүсийн гаргасан дүгнэлтийг үнэлэхээс өөр арга байхгүй. Хуурай арц гээд тухайн арцны жин буурахгүй байна гэсэн асуудал байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд зааснаар хадгалалтаасаа хамаараад хуурай арцны жин буурах боломжтой гэж тайлбарласан байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан бүх ажиллагаа, шийдвэрийг хянахын зэрэгцээгээр, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судаллаа.

1. Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 07 дугаар сарын 09-ны өдөр үл таних хүнээс 28 уут арц худалдан авч, Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн ******* хэсгийн ******* тоот хашаанд байрлах амбаарт хадгалсан байна.

Энэ үйл баримт нь анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.ын “...Д.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор төрлийн ургамал болох “Арц” хадгалсан асуудалд миний хувийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Харин энэ хэрэгт сумын засаг даргын тамгын газрыг төлөөлөн оролцож байгаа тул шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Н.аагийн “ ...2023 оны 07 дугаар сарын 09-ны өдөр би ойрхон хөдөө явчихаад гэртээ иртэл миний аав Д.******* нь 28 шуудай, 654 кг арц худалдаад авчихсан байсан.Тэгээд би та хэзээ хаанаас ийм арц худалдаад авсан бэ гэж асуухад танихгүй Пробокс машинтай залуу гадаа ирээд та арц авах уу гэхээр нь хэд юм бэ гэхэд 1 кг нь 3000 төгрөг гэхээр нь худалдаад авчихлаа гэсэн байж байтал орой 19 цагийн оримд цагдаа нар ирээд арцыг хураасан юм...танихгүй хүнээс худалдан авсан гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлгээр, 

Гэрч ын “...Нэг өглөө гэртээ байж байтал 11 цагийн орчимд миний аав Д.******* нь танихгүй хүнээс арц аваад оруулж байхыг харсан. Тэгээд орой нь цагдаа нар ирээд нөгөө арцыг хурааж авсан юм...Цагаан өнгийн машинтай хүн ирж хашааны хаалганы үүдэнд зогсон шуудайтай арц буулгаж, жинлээд амбаарт оруулж байсан...гэсэн мэдүүлгээр,

Гэрч Н.ын ...” Улиастай сумын ******* багт айлын хашаанд ховор ургамал болох ногоон арцыг хууль бусаар бэлтгэж, тээрэмдээд байна гэх мэдээллийг шалгаж тухайн айлд очиж уулзахад ...арц тээрэмдсэн зүйл байхгүй жаахан арц худалдаж авсан, амбаарт байна гэсэн. Тэгээд амбаарт нь очиж үзэхэд 28 шуудайтай 600 гаруй кг арц хадгалсан байсан. Тэгэхээр нь би энэ арцыг хэзээ хаанаас , хэн гэдэг хүнээс худалдаж авах талаар асуухад ******* гэдэг хүн нь уурлаад өөр яаж амьдрах юм бэ.жаахан хүн гуйгаад байхаар нь авчихсан юм гээд уурлаад байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.ийн “...2023 онд Улиастай сумын засаг даргын тамгын газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн арцыг иргэдэд худалдан борлуулсан одоогоор Д.******* гэдэг хүн манайхаас арц худалдан аваагүй..” гэсэн мэдүүлгээр

Гэрч Э.ын “...Сүүлийн 4 жилийн байдлаар тус аймгийн нутаг дэвсгэрээс арц түүж, бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй. Энэ жил мөн л арц түүх зөвшөөрөл олгоогүй. Ер нь манай аймагт хонин арц,хуурамч хонин арц зэрэг нэн ховор ургамлын жагсаалтад орсон арц ургадаг бөгөөд иргэд хууль бусаар түүж бэлтгэх, асуудал нэлээдгүй байдаг...арцны нөөц тогтоох судалгаа хийгдсэн түүж бэлтгэх, асуудал нэлээдгүй байдаг. ... арцны нөөц тогтоох судалгаа хийгдсэн бөгөөд судалгааны үр дүнд хонин арц, хуурамч хонин арцыг түүж бэлтгэх зөвшөөрөл олгох боломжгүй гэж дүгнэсэн гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Д.*******ийн үйлдлийн улмаас байгаль экологид хохирол учруулсан ба хуурамч хонин арц  болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 3112 дугаартай “...1.Cupressaceae-Агарууны (Арц) овог, Juniperus L-Арцны төрөл, Juniperus pseudosabina Fisch.et С.А.Меу-Хуурамч хонин арц байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн ургамлууд нь бүгд нэг овог, төрөл, зүйлийн Juniperus pseudosabina Fisch.et C.A.Mey-Хуурамч хонин арц байна. 3.Монгол улсын засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралт ховор ургамлын жагсаалтад багтсан 4.Juniperus pseudosabina Fisch.et C.A.Mey- Хуурамч хонин арц нь Тагийн бүслүүрийн нутагхад, ойн дээд захын хушин ой, ширэнгэд ургана. Ургамал- газарзүйн Хөвсгөл /Хотон/, Хэнтий, Хангай, Монгол- Дагуур /Ноён/, Монгол-Алтай, Дундах Халх /Яргайт/, Говь-Алтай /Их богд/ тойрогт тархдаг. 5.Шинжилгээнд ирсэн арцны дундаж чийг нь 10-13,8%-н байх тул хуурай байна. 6.Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг хуурай Хуурамч Хонин арц ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 175800 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 654 кг ургамлын үндэсний экологи- эдийн засгийн үнэлгээг тооцвол 175,800 төгрөг х 654 кг = 114,973,200 төгрөг байна... 7.Тухайн ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл гаргадаг чиг үүргийн байгууллагаас тодруулах шаардлагатай. 8.Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь байгальд дахин шинээр ургах боломжгүй юм...” гэсэн дүгнэлтээр,

Шүүгдэгчийн  худалдан авсан хадгалсан арц нь хуурай хуурамч хонин арц болох нь  Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн  2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1370 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 28 ширхэг ууттай ургамал нь Cupressaceae-Агарууны (Арц) овог, Juniperus L-Арцны төрөл, Juniperus pseudosabina Fisch.et С.А. Меу-Хуурамч хонин арц байна.Шинжилгээнд ирүүлсэн 28 ууттай ургамлууд нь бүгд нэг төрөл, нэг зүйлийн Juniperus pseudosabina Fisch.et С.А. Меу-Хуурамч хонин арц байна. 2. Cupressaceае-Агарууны (Арц) овог, Juniperus L- Арцны төрөл, Juniperus pseudosabina Fisch.et C.A.Mey-Хуурамч хонин арц нь Монгол улсын засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралт "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан. 3. Шинжилгээнд ирүүлсэн ургамлыг хуурай, нойтон аль нь болохыг тогтоох зорилгоор уут тус бүрээс дээж авч жинлэн, хатаах зууханд 105°С-ийн температурт 5 цагийн турш хатаан хэмжиж, жингийн алдагдлыг тооцож үзэхэд дундаж чийг 10.6% байх тул хуурай байна.  Ургамлын жинг 20 хувиас доош байхад хуурай, 20 хувиас дээш байхад нойтон гэж үзнэ. 28 ууттай ургамлын тус бүрийн чийгийг хүснэгт №1-ээс харна уу. 4. Juniperus pseudosabina Fisch.et C.A.Meу- Хуурамч хонин арцыг MNS 1976:1985 стандартад заасан нөхцөлд хадгалаагүй тохиолдолд нь хатаж, хөгцөрч муудна. Ямар нөхцөлд хадгалснаас шалтгаалан тухайн ургамал нь жингээ алдаж хөнгөрөх магадлалтай. 5. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг хуурай Хуурамч Хонин арц ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 175,800 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 654кг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 175,800 төгрөгх654 кг=114,973,200 төгрөг байна. 6.Тухайн ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл гаргадаг чиг үүргийн байгууллагаас тодруулна уу.7.Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь байгальд дахин шинээр ургах боломжгүй. 8. Шинжилгээний явцад нэмэлт нөхцөл байдал тогтоогдоогүй болно...”  гэсэн дүгнэлт болон 28 шуудай арцыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

2. Эрх зүйн дүгнэлт, Давж заалдах гомдлын талаар,

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.           

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч Д.*******ийг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох хуурамч хонин арцыг худалдан авсан, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэн, тус хуулийн зүйл хэсгээр зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, хувийн байдалд тохирсон ял  оногдуулсан, ял хүнддээгүй тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо, ...шүүгдэгчийн худалдаж авсан, хадгалсан гэх арц нь хоёр шинжээчийн дүгнэлтээр хуурай арц байна гэж дүгнэсэн.Шинжилгээнд 28 шуудай арцыг бүхэлд нь шинжилгээнд явуулаагүй, зөвхөн шуудайны дээрээс хэдэн грамм арц авсан...хуурай байсан бол жин нь 2 удаа жинлэхэд буухгүй байсан байх. Жин нь 654 кг, анх байсан бол 2 дахь удаагийн жинлэлтээр 414 кг, 3 дахь жинлэлтээр 404 кг гэх мэт буурсан байгаа учраас нойтон байсан болох нь илэрхий байна. 654 кг нойтон арц нь Экологи эдийн засгийн үнэлгээгээр 98.500 төгрөгөөр үнэлэгдэх ба нийт 64.419.920 төгрөг болж байна. Гэтэл хуурай гэж үнэлснээс болж 70.741.920 төгрөгөөр нөхөн төлбөр тогтоож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. 402.4 кг нойтон хуурамч хонин арцны хохирол учирсан байхад хуурай гэж үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Д.*******ийн худалдан авч хадгалсан арц нь нойтон арц байсан, шинжээчийн хуурай гэсэн дүгнэлт эргэлзээтэй байгаа тул нойтон арцны үнэлгээ 98500төгрөгөөр тооцон шүүгдэгч ашигтай байдлаар шийдвэрлэх, эсхүл 2 өөр төрлийн арцыг нэг төрөл гэж гаргасан шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар ...анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Түүнчлэн шүүгдэгчийн худалдаж авсан, хадгалсан гэх арцнаас дээж авч ямар зүйл, төрлийн ямар шинж чанартай арц болохыг тогтоолгохоор үзлэг, шинжилгээ хийлгэхээр 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хоёр удаа  шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байна.

Шинжээчийн дүгнэлтүүдэд шинжилгээнд ирсэн арц нь хуурамч хонин арц, арцны дундаж чийг нь 10-1, 8 хувийн байх тул хуурай арц байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг хуурай хуурамч хонин арц ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ нь 175.800 төгрөг байна. 654 кг ургамлын үндэсний экологи эдийн засгийн үнэлгээг тооцвол үнэлгээ нь 114.973.200 төгрөг байна. гэж тус тус дүгнэжээ.

Шүүгдэгч нь арцыг 2023 оны 07 дугаар сарын 09-ны өдөр худалдан авсан, хадгалсан гэх ба  арцнаас дээж авч шинжилгээнд хүргүүлж, шинжээчийн дүгнэлт 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тус тус гарсан байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд арц нь өөрөө чийгээ алддаг ургамал бөгөөд  арцнаас дээж авч шинжилгээнд хүргүүлэх хугацаа нь зуны улирал байсан болохоор шинжилгээ хийх хугацаанд чийгээ алдах боломжтой, мөн  арцыг зориулалтын агуулах саванд хадгалаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа жинлэхэд жингийн хэмжээ илт буурсан  зэрэг байдлаас  үзэхэд шүүгдэгчийн худалдаж авсан гэх арц нь ”хуурай арц” байсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Иймд шүүгдэгчийн худалдаж авсан арцыг нойтон арц гэж үзэн,  шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаар тушаалын хавсралтад зааснаар хуурамч хонин нойтон арц нь 98.500 төгрөг гэж тогтоосныг үндэслэн шүүгдэгчийн худалдаж авсан гэх 28 шуудай буюу 654 кг арцыг нойтон арцны үнэлгээ буюу 98.500 төгрөгөөр тооцоход 64.419.000 төгрөг болж байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний улмаас Байгаль экологид 64.419.000 төгрөгний хохирол учруулсан байна гэж дүгнэж, шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 6 дахь заалтыг “шүүгдэгч Д.*******оос 70,741,920 төгрөг гаргуулж” гэснийг “шүүгдэгч Д.*******оос 64,419,000 төгрөг гаргуулж” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР 

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ 

Б.НАМХАЙДОРЖ