Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2025/0899

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК /РД:/

Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар хоорондын Хот байгуулалт, хотын стандартын газраас энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож, гэрчилгээгээр баталгаажуулахыг даалгах тухай шаардлага бүхий хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э ХХК нь тус шүүхэд Хот байгуулалт, хотын стандартын газраас энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож, гэрчилгээгээр баталгаажуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Э ХХК-ийн захирал С.Нд Нийслэлийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/145 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Э******* хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 4020 м.кв газрыг Үйлчилгээний орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгож, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэгдэж дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

3. Улмаар тус газар дээр 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр МЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Барилгын загвар зургийг тус тус батлуулсан,

4. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 109 дугаартай Техникийн тусгай нөхцөл батлах тухай тушаалаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төлөвлөж байгаа барилгын техникийн тусгай нөхцөлийг хавсралтаар баталсан, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн 2024 оны 10 дугаар 24-ний B-U******* дугаар техникийн нөхцөл, цахилгаан хангамжийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 21/2025 дугаар техникийн нөхцөл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2******* дугаар техникийн нөхцөл, Ус сувгийн удирдах газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 734/24 дугаар техникийн нөхцөлүүдийг олгосон,

5. 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 10-00-******* дугаартай Эрүүл мэндийн яамны Улсын байцаагчийн Зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийсэн тухай дүгнэлт, Онцгой байдлын ерөнхий газраас 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 06/******* дугаартай Галын аюулгүй байдлын магадлал хийсэн тухай тухай дүгнэлтийг тус тус гаргуулсан,

6. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн 2025 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн 12******* дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл-ээр тус тус батлагдсан.

7. Э ХХК-иас Хот байгуулалт, хотын стандартын газарт хандан 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 01/******* дугаартай албан бичгээр ...Бид ажлын иж бүрэн зураг төслийг гүйцэтгүүлж, холбогдох төрийн байгууллагуудаар баталгаажуулсан тул дэлхийн стандартыг эх орондоо нутагшуулж, Улаанбаатар хотдоо шинэ шинэлэг өнгө төрх авчрах томоохон бүтээн байгуулалтыг маань дэмжин, барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгон өгч бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү гэх хүсэлт гаргасан, уг хүсэлтийг хариуцагч шийдвэрлэсэн эсэх талаар нотлох баримт хэрэгт ирүүлээгүй.

8. Нэхэмжлэгч Э ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Э******* ХХК-ийн захирал С.Н нь Нийслэлийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/145 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Э******* хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 4020м.кв газрыг Үйлчилгээний орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэгдэж дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан.

Тус газар дээр Холимог ашиглалттай цогцолбор барилгын зориулалтаар 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн МЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавартай ба барилгын загвар зургийг Нийслэлийн ерөнхий архитектур болон Хот байгуулалт, Хотын стандартын газраас 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хянан баталсан байдаг.

Түүнчлэн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 109 дугаартай Техникийн тусгай нөхцөл батлах тухай тушаалаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төлөвлөж байгаа барилгын техникийн тусгай нөхцөлийг хавсралтаар баталсан.

Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-т барилгын ажлын зөвшөөрөл авахад шаардлагатай баримт бичиг болох барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн 2025 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн 12******* дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл-ээр тус тус батлагдсан.

Нэхэмжлэгч компанийн зүгээс Барилгын тухай хууль болон Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэмд тус тус заасны дагуу барилгын ажлын зөвшөөрөл авахаар шаардлагатай бүхий л баримт бичгүүдийг хуулийн дагуу бүрдүүлэн Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Хот байгуулалт, хотын стандартын газарт хандан 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 01/******* дугаартай албан бичгээр хүсэлт гаргасан.

Гэвч Хот байгуулалт, хотын стандартын газраас өнөөдрийг хүртэл барилгын ажлын зөвшөөрөл хүссэн өргөдөл, хүсэлтийг хянан шийдвэрлэхгүй, зөвшөөрөл олгохгүй байгаа нь Захиргааны ерөнхий хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Барилгын тухай хууль болон Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийг тус тус зөрчсөн хууль бус эс үйлдэхүй гэж үзэхээр байна.

Тодруулбал, Монгол Улсын Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана гээд 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.5-д заасан холбогдох үндсэн 5 баримт бичгийг дурдсан, мөн хуулийн 28.3-т Энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгээс гадна зураг төсөл боловсруулсан болон барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг, 28.4-т Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг тус тус хавсаргана гэж заасан.

Мөн Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д Энэ хуулийн 27.1-д заасан байгууллага энэ хуулийн 28.2, 28.3, 28.4-т зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно гэснээс үзвэл барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн байгууллага нь хуульд нэрлэн заасан баримтуудыг үндэслэн барилгын ажлын зөвшөөрөл олгохоор байна.

Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зөвшөөрөл хүссэн өргөдөл шийдвэрлэх талаар зохицуулсан бөгөөд тус зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т "энгийн зөвшөөрлийг ажлын таван өдрийн дотор эрх бүхий этгээдээс зөвшөөрөл хүсэгч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг магадлан шалгаад, эрх бүхий этгээд магадлан шалгах ажиллагааг дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн байгууллага нь Барилгын тухай хуульд нэрлэн заасан баримтуудыг үндэслэн Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанд барилгын ажлын зөвшөөрөл олгох үүрэгтэй ч Хот байгуулалт, хотын стандартын газраас тодорхой үндэслэлгүйгээр хуулийн хугацаанд зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Нэхэмжлэгч компанийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т тус тус заасны дагуу Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан боловч мөн хуулийн хугацаанд гомдлыг хянан шийдвэрлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5.3.5-д Эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцно гэж заасан ба гомдол гаргагч компанийн хүссэн барилгын ажлын зөвшөөрөл нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8.2.3.3-т заасны дагуу энгийн зөвшөөрөл-д хамаарахаар байх тул хуулийн дээрх зохицуулалтаар зөвшөөрөл олгосонд тооцохоор байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Хот байгуулалт, хотын стандартын газраас энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгож, гэрчилгээгээр баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э******* ХХК нь зөвшөөрөлгүйгээр барилгын угсралтын ажил гүйцэтгэж Барилгын тухай хуулийн 12 холбогдох эрх бүхий байгууллагын дугаар зүйлийн 12.1.1 дэх эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх, 37.1.3 дахь барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх, 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх заалтууд, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно гэснийг тус тус зөрчин холбогдох зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын үйл ажиллагаа явуулсан болно.

Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5 дах заалтад заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараах төрлөөр барих, 27 дугаар зүйл Барилгын ажлын зөвшөөрөл үйл ажиллагаа 27.2 Барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 28.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг үндэслэн Зөвшөөрлийн хуульд заасан хугацаагаар олгоно, 28 дугаар зүйл Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох бөгөөд энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр баталгаажуулна гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл, барилга байгууламжийг шинээр барихаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авахаар бол барилга барих гэж байгаа хуулийн этгээд нь барилгаа барьж эхлэхээс өмнө Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлэн хүсэлтээ гаргахаар байх бөгөөд зөвшөөрлийг олгох эрх бүхий албан тушаалтан зөвшөөрлийг олгох боломжтой гэж үзвэл Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагааp барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохоор байна.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэн Барилгын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг барилга, байгууламж баригдсаны дараа нөхөн олгох зохицуулалт байхгүй талаар Э ХХК- ийн төлөөлөлд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ-т зааснаар биечлэн мэдэгдсэн ба албан бичгээр хариу авах шаардлагагүй гэсэн байх тул албан бичиг төлөвлөж өгөөгүй байна. Иймд маргаан бүхий асуудлаар нэхэмжлэгчид барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгох зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

2. Нэхэмжлэгч Э ХХК нь тус шүүхэд Хот байгуулалт, хотын стандартын газраас энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож, гэрчилгээгээр баталгаажуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ ...хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг магадлан шалгаад, эрх бүхий этгээд магадлан шалгах ажиллагааг дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргах үүрэгтэй атал тодорхой үндэслэлгүйгээр хуулийн хугацаанд зөвшөөрөл олгохгүй байгаа нь хууль бус гэж тодорхойлсныг хариуцагчаас зөвшөөрөл олгогдоогүй байхад барилгаа бариад эхэлсэн, Засгийн газрын тогтоолд зааснаар зөвшөөрлийг нөхөн олгох зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

3. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Э ХХК-ийн захирал С.Нд Нийслэлийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/145 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Э******* хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 4020м.кв газрыг Үйлчилгээний орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгож, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэгдэж дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон,

4. Тус газар дээр 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр МЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр барилгын загвар зургийг тус тус батлуулсан,

5. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 109 дугаартай Техникийн тусгай нөхцөл батлах тухай тушаалаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төлөвлөж байгаа барилгын техникийн тусгай нөхцөлийг хавсралтаар баталсан, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн 2024 оны 10 дугаар 24-ний B-U******* дугаар техникийн нөхцөл, цахилгаан хангамжийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 21/2025 дугаар техникийн нөхцөл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2******* дугаар техникийн нөхцөл, Ус сувгийн удирдах газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 734/24 дугаар техникийн нөхцөл зэргийг баталсан,

6. 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 10-00-******* дугаартай Эрүүл мэндийн яамны Улсын байцаагчийн Зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийсэн тухай дүгнэлт, Онцгой байдлын ерөнхий газраас 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 06/******* дугаартай Галын аюулгүй байдлын магадлал хийсэн тухай тухай дүгнэлт, мөн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн 2025 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн 12******* дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл тус тус батлагдсан болох нь тогтоогдож байна.

7. Түүнчлэн нэхэмжлэгчээс Хот байгуулалт, хотын стандартын газарт хандан 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 01/******* дугаартай албан бичгээр барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргаж, түүндээ Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан баримт бичгүүдийг хавсаргаж өгсөн байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

8. Хариуцагч нь дээрхи хүсэлтийг хүлээн авснаа мөн хүлээн зөвшөөрч байх боловч уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар нотлох баримт ирүүлээгүй ба шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...хариуцсан мэргэжилтнээс зөвшөөрлийг нөхөн олгох боломжгүй, нэгэнт барилгаа бариад эхэлсэн байна гэх хариуг утсаар өгсөн гэсэн гэх тайлбар гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзэв.

9. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Барилгын ажлын зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох бөгөөд энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна гэж, 28.2-т Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана, 28.2.1-д барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр, 28.2.2-т барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт; 28.2.3-т зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 28.2.4-т байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан, 28.2.5-д гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах гэж, 28.3-т Энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгээс гадна зураг төсөл боловсруулсан болон барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хавсаргана, 28.4-т Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг хавсаргана, 28.5-д Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар зөвшөөрөл олгоно, 28.6-д Энэ хуулийн 27.1-д заасан байгууллага энэ хуулийн 28.2, 28.3, 28.4-т зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно гэж,

10. Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2-т Эрх бүхий этгээд дараах үүрэг хүлээнэ 2.7-д зах зээлд чөлөөтэй өрсөлдөхөд ялгамжтай хандахгүй байх, түүнчлэн өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор хуульд зааснаас бусад үндэслэлээр зөвшөөрлийг олгохоос татгалзах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээг авахгүй байх, 5.2 дугаар зүйлийн 5-д Зөвшөөрөл хүсэгч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг эрх бүхий этгээд дараах хугацаанд магадлан шалгана, 5.2.энгийн зөвшөөрлийг ажлын таван өдрийн дотор, 8-д Эрх бүхий этгээд магадлан шалгах ажиллагааг дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргана гэж, 8.2 дугаар зүйлийн 3-т Барилга, хот байгуулалтын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно, 3.3-т Энгийн зөвшөөрөл - барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд-Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга гэж тус тус заасан.

11. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн хүсэлт болгож буй энгийн зөвшөөрлийг Нийслэлийн засаг дарга олгохоор боловч тэрээр 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Эрх шилжүүлэх тухай А/961 дүгээр захирамжаар Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох...эрхийг Хот байгуулалт, хотын стандартын газарт бүхэлд нь шилжүүлсний дагуу нэхэмжлэгч нь тус байгууллагад хандаж хүсэлтээ гаргасан, хуульд заасан баримт бичгийг бүгдийг зохих журмын дагуу бүрдүүлэн өгсөн энэ тохиолдолд хариуцагч нь тухайн хүсэлтийг 10 хоногийн дотор шийдвэрлэх үүрэгтэй атал шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан, үүний улмаас нэхэмжлэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж шүүх дүгнэв.

12. Тодруулбал нэхэмжлэгчийн барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хариуцагч хүлээн авсан боловч түүнийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй, хариу өгөөгүй орхигдуулсан, хүсэлтийг шийдвэрлээгүй шалтгаанаа ...барилга угсралтын ажлаа эхлүүлсэн байсан тул нөхөн олгох боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

13. Учир нь хариуцагч тухайн татгалзаж буй үндэслэл, нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэйг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасан, захиргаа энэ үүргээ хэрэгжүүлээгүй байх ба нэхэмжлэгч тухайн цаг хугацаанд барилга угсралтын ажлаа эхэлсэн байсан эсэхийг нотлох баримтаар хангалттай тогтоогоогүй, шүүхэд энэ талын баримтыг мөн ирүүлээгүй болно.

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно гэж заасныг үндэслэн татгалзлын үндэслэлээ тайлбарласан боловч Улсын дээд шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2025/0061 дүгээр тогтоолд ... хариуцагчаас нэхэмжлэгчийн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтийг Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор баталсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-ийн 7.2-т заасныг үндэслэн татгалзсан нь...өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор хуульд зааснаас бусад үндэслэлээр зөвшөөрлийг олгохоос татгалзах ... гэж заасанд нийцэхгүй байхын зэрэгцээ мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 17-д Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно гэж заасныг анхаараагүй нь буруу... гэж дүгнэсэн, уг тогтоолыг шүүх энэхүү шийдвэр гаргахад эх сурвалж болгосныг дурдах нь зүйтэй.

15. Өөрөөр хэлбэл, Зөвшөөрлийн тухай хууль батлагдан мөрдөгдсөнөөр хуулийн 1.5 дугаар зүйлийн 17-д заасанчлан Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор баталсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-ийн 7.2 дахь заалтыг баримтлан татгалзах нь хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ үндэслэлээр хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, холбогдох зөвшөөрөл олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

16. Иймд, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хот байгуулалт, хотын стандартын газраас энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож, гэрчилгээгээр баталгаажуулах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж, шүүхийн шийдвэр биелүүлэх арга журмыг тогтоох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2.7, 8.2 дугаар зүйлийн 3.3, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хот байгуулалт, хотын стандартын газраас энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож, гэрчилгээгээр баталгаажуулах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газар нь Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасны дагуу нэхэмжлэгч Э ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/******* дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг түүнд хавсаргасан баримтын хамт Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар зөвшөөрөл олгоно, 28.6-д Энэ хуулийн 27.1-д заасан байгууллага энэ хуулийн 28.2, 28.3, 28.4-т зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно гэж заасны дагуу зохих журмын дагуу шийдвэрлэх замаар шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН