Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01790

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01790

 

Р ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/01985 дугаар шийдвэртэй

Р ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б ХХК, Г.М, Ж.А нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 464 354 760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.Мийн өмгөөлөгч, хариуцагч Ж.А нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сарнай, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Э.Эрдэнэчулуун, хариуцагч Г.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цэцэгээ, түүний өмгөөлөгч Ш.Базаррагаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сарнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.М нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 33/19 дугаартай зээлийн гэрээг байгуулж 300 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, International rent хотхон, Ар зайсангийн гудамж 90/8 дугаар байр, 1 тоот хаягтай 303.38 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацааг хариуцагч Г.Мийн хүсэлтээр 2 удаа сунгаж, 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Хариуцагч Г.М нь өнгөрсөн хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 900 000 төгрөг, хүүнд 29 475 540 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 170 460 төгрөгийг төлсөн. Ингээд зээлийн гэрээний хугацаа дуусахад Г.М нь зээлээ бүрэн төлж барагдуулаагүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 299 100 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн хүү 139 831 260 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25 423 500 төгрөг, нийт 464 354 760 төгрөгийг гаргуулж өгнө үү. Б ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 77 дугаар албан бичигт зээлийн эргэн төлөлтийн төлбөр тооцоог манай компани хариуцан гүйцэтгэх болно гэснийг үндэслэн хамтран хариуцагчаар Б ХХК-ийг татсан хэдий боловч манай компани Б ХХК-тай гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч Б ХХК нь хамааралгүй юм. Хариуцагч Ж.Аын хувьд түүнээс олгосон итгэмжлэлийн дагуу барьцааны гэрээг байгуулсан тул барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг зээлийн гэрээг Г.М байгуулж, 300 000 000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлж авсан нь үнэн. Гэхдээ Б ХХК нь Улаанбаатар хотын Зайсанд 1120 айлын орон сууцны цогцолбор хорооллын ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материал авах зорилгоор надаар дамжуулан уг 300 000 000 төгрөгийн зээл авахуулсан. Б ХХК нь авсан зээлийг эргэн төлөх үүрэгтэй тул жинхэнэ хариуцагч нь Б ХХК юм. Мөн Б ХХК нь зээлийг төлөх талаар албан бичгийг Р ББСБ ХХК-д хүргүүлсэн байгаа гэжээ.

Хариуцагч Бүрэн констркашн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нь Р ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээл аваагүй тул уг зээлийн төлбөрийг хариуцагч биш этгээд юм. Тухайн үед зээлийн эргэн төлөлтийг хариуцах талаар албан бичгийг Р ББСБ ХХК-д хүргүүлж байсан хэдий боловч одоо уг зээлийг хариуцахгүй байхаар болсон гэжээ.

Хариуцагч Ж.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.М нь банкнаас зээл гаргуулахад барьцаа хөрөнгө хэрэгтэй байна хэмээгээд надаас тусламж хүссэн юм. Зээлийн барьцаанд Ж.Аын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо International reht хотхон, Ар зайсангийн гудамж, 90/8 байр, 1 тоот хаягт байрлах 303.38 м.кв талбайтай орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцаанд тавьж, барьцааны гэрээг байгуулахад гарын үсэг зурах эрхийг итгэмжлэлээр нэг жилийн хугацаатайгаар олгосон юм. Гэтэл "Р ББСБ миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо International reht хотхон, Ар зайсангийн гудамж. 90 8 байр 1 тоот хаягт байрлах 303.38 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Мөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 464 354 760 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р ББСБ ХХК-д олгож, хариуцагч Б ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Г.М нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Г.Аын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, International reht хотхон, Ар зайсангийн гудамж, 90/8 байрны 1 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 303.38 м.кв талбайтай долоон өрөө үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2210210747500 нэхэмжлэхийн дугаартай төлсөн 2 479 723 төгрөгийг, 2210210750231 нэхэмжлэхийн дугаартай төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Мөөс улсын тэмдэгтийн хураамжид 2 479 723 төгрөг гаргуулан, хариуцагч М.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.  

Хариуцагч Г.Мийн өмгөөлөгч Б.Базаррагчаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлд заасан журмын дагуу хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг үнэлээгүй. Нэхэмжлэгч Р ББСБ ХХК нь Б ХХК-ийг хариуцагчаар татах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаагүй. Б "ХХК-аас Р ББСБ ХХК-д хүргүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 77 дугаар албан бичигт зээлийн эргэн төлөлтийн төлбөр тооцоог манай компани хариуцан гүйцэтгэх болно гэснийг шүүх харгалзан үзээгүй. Хариуцагч Г.М нь Р ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 300 000 000 төгрөгийг авсан, авсан даруйдаа буюу 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны Бүрэн консракшн ХХК-д дансанд шилжүүлсэн мөнгөн гүйлгээний баримт, мөн 2019 оны 8 дугаар сарын 12-22-ний өдрүүдэд бэлнээр кассын няравт тушаасан тус компанийн кассын тайлан зэрэг нотлох баримтууд талуудаас өгсөн. Энэ нь Б ХХК нь Улаанбаатар хотын Зайсанд 1120 айлын орон сууцны цогцолбор хорооллын ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материал авах зорилгоор өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулан надаар уг 300 000 000 төгрөгийн зээл авахуулсан. Б ХХК нь авсан зээлийг эргэн төлөх үүрэгтэй тул жинхэнэ хариуцагч нь Б ХХК юм гэж тайлбарласан. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй Б ХХК нь Р ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй гэж үзэн Б ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Шүүх хэргийн бодит байдалд үндэслэлгүйгээр дүгнэлт хийж, хариуцагч нарт хамтран хариуцуулах эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар солих, эсхүл зээлийг бодитойгоор авч ашигласан Б ХХК-аар төлүүлэх арга хэмжээг авч шийдвэрлээгүйд гомдолтой байна. Түүнчлэн шүүх Б ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байтал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь иргэн Г.Мийн нэхэмжлэл гаргах эрхийг ч зөрчихөд хүргэж байна. Мөн тэрчлэн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч зээлийг хэн хариуцаж төлөхийг тодорхой мэдэж, хариуцагчаар Б ХХК-ийг тодорхойлсон, хариуцагч уг компани "төлнө" гэдгээ бичгээр илэрхийлж, зээлийн мөнгийг авсан тухай бүх нотлох баримтуудыг гаргасан байхад уг компанид төлбөрийг хариуцуулах бүрэн үндэслэлтэй байжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Б ХХК-д зээлийн төлбөрийг хариуцуулж төлүүлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Г.М нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Р ББСБ-аас 300 000 000 төгрөгийг сарын гурван хувийн хүүтэйгээр 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаатайгаар зээлсэн тул энэхүү гэрээнээс үзвэл зээлдэгч тал нь Г.М байх учраас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг Г.Мөнхөр дангаар хариуцан барагдуулах үүрэгтэй болох нь илэрхий байна. Мөн Г.М нь зээлийн гэрээг байгуулж, Р ББСБ ХХК нь гэрээний үндсэн үүрэг болох 300 000 000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Г.Мийн хаан банкны 5174062581 тоот дансруу шилжүүлсэн байдаг. Ийнхүү зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч тал мөнгөн хөрөнгийг шилжүүлснээс хойш зээлдэгч талаас нийтдээ 4 удаагийн эргэн төлөлт хийсэн байх бөгөөд зээлдүүлэгч тал удаа дараа зээлийн хүүг буруу тооцоолон илүү авсан байна. Тодруулбал, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зээлдэгч 6 600 000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна. Гэтэл Р ББСБнь үндсэн зээлийн үнээс 900 000 төгрөг хасаж, зээлийн хүүнд 5 700 000 төгрөг суутгасан нь буруу байна. Зээлийн гэрээнд харилцан тохиролцсоны дагуу 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 18 хоног хүүнд 5 400 000 төгрөг авах эрхтэй байтал 200 000 төгрөгийн хүүг илүү тооцож авсан байна. Илүү тооцож авсан хүүний зөрүү мөнгө үндсэн зээлийн үнээс хасагдах ёстой бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 298 800 000 төгрөгийн үлдэгдэлтэй байхаар байна. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлдэгч 9 000 000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна. Р ББСБ ХХК нь 9 000 000 төгрөгийг бүгдийг нь зээлийн хүүнд тооцож авсан нь алдаатай байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 298 800 000 төгрөгөөс 1 сарын хүүг тооцож зээлийн хүүнд 8 964 000 төгрөг авах эрхтэй байтал 36 000 төгрөг илүү тооцож авсан. Иймд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 298 764 000 төгрөгийн үлдэгдэлтэй байхаар байна. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлдэгч 8 973 000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 298 764 000 төгрөгөөс нэг сарын хүүг тооцож 8 962 920 төгрөг авах эрхтэй байтал 10 080 төгрөг илүү тооцож авсан. Иймд 2019 оны 1 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 298 753 920 төгрөгийн үлдэгдэлтэй байхаар байна. 12 дугаар сарын 23-ны өдөр зээлдэгч 8 973 000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 53 өдрийн хүүг зээлийн үндсэн үлдэгдэл 289 753 920 төгрөгөөс тооцож авах ёстой. Сарын үндсэн хүү нь 8 962 617.6 төгрөг, нэг хоногийн хүү 289 753.92 төгрөг байхаар байна. 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл зээлийн гэрээний үндсэн хугацаанд зээлийн хүүг төлөх үүргийг талууд харилцан тохиролцсон болно. Иймд 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх зээлийн хүүнд 74 080 612 төгрөг төлөх, үндсэн зээлийн үлдэгдэл 289 753 920 төгрөг, нийт 363 834 532 төгрөгийг зээлдэгч Г.М барагдуулах үүрэгтэй байна. Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллыг огт гаргаагүй, энэ тухай нягталж үзэлгүй шууд нэхэмжлэлд дурдсан 464 354 760 төгрөгийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Ж.А шүүхийн шийдвэрт дурдсан 464 354 760 төгрөгийн үнийн дүнгээс 100 520 228 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Р ББСБ ХХК нь хариуцагч Б ХХК, Г.М, Ж.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 464 354 760 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Р ББСБ ХХК нь Г.Мтэй 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр №33/19 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 300 000 000 төгрөгийг, сарын 3%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлүүлсэн. /хх.9-13/ Мөн талууд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл сунгажээ. /хх.20/

Хэргийн 24 дүгээр талд хариуцагч Ж.Ааас Г.Мд олгосон 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 370 дугаар итгэмжлэл авагдсан, уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. /хх.21/

Дээрх итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгч Р ББСБ ХХК Г.М нар 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 33/19/1 тоот Барьцааны гэрээ байгуулж, Ж.Аын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, International reht хотхон, Ар зайсангийн гудамж, 90/8 байрны 1 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 303.38 м.кв талбайтай 7 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хх.21-24/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлйн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээ, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд эдгээр гэрээ нь бичгийн хэлбэрээр байгуулах, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болох талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Зээлдүүлэгч Р ББСБ ХХК нь зээлдэгч Г.Мд зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө 300 000 000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна. /хх.13/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүрэг хүлээдэг бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч зээлдэгчээс Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хариуцагч Г.Мийн зээлийн гэрээний үүрэгт төлөх үнийн дүнг зөв тооцоолоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

Учир нь, Зээл төлөлтийн дансны хуулга авагдсан, уг графикаас үзэхэд зээлдэгч Г.М нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зээлийн төлбөрт 6 600 000 төгрөг төлсөн байхад зээлдүүлэгч Р ББСБ ХХК нь зээлийн хүүд 5 400 000 төгрөг суутгаж, үндсэн зээлээс 1 200 000 төгрөг хасч тооцох байтал 900 000 төгрөг хасч тооцсон нь буруу байх тул уг тооцооллыг залруулан өөрчлөлт оруулна. /хх.27-28/

Иймд үндсэн зээлээс 1 200 000 төгрөгийг хасч хүүгийн тооцооллыг хийхэд үндсэн зээл 298 800 000 төгрөг, зээлийн хүү 139 966 860 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24 795 792 төгрөг төлөх үүрэгтэй байгаа боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа зээлийн хүүд 139 831 260 төгрөг нэхэмжилсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндсэн зээл 298 800 000 төгрөг, зээлийн хүү 139 831 260 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24 795 792 төгрөг нийт 463 427 052 төгрөгийг хариуцагч Г.Мөөс гаргуулж нэхэмжлэгч Р ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна гэж дүгнэв. Энэ талаар хариуцагч Ж.Аын зээлийн тооцооллын талаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Р ББСБ ХХК, Г.М нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 33/19 тоот Зээлийн гэрээ-ний үүргийг Б ХХК нь хариуцах үндэслэлгүй гэж дүгнэж Б ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Харин хариуцагч Г.Мийн өмгөөлөгчийн ...зээлийн гэрээний үүргийг Б ХХК-аар төлүүлэх-ээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна. Хариуцагч Г.М нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болох нь тогтоогдсон, өөрийн өмчлөлд авсан мөнгөн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах нь өмчлөгчийн эрх юм.

Нэхэмжлэгч Р ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан шаардлагыг анхан шатны шүүх хангаж, үүрэг гүйцэтгэгч зээлийн үүргийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Г.Мөөс зээлийн гэрээний үүрэгт 463 427 052 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р ББСБ ХХК-д олгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/01985 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...464 354 760 ... гэснийг ...463 427 052... гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...хураамжид 2 476 723... гэснийг ...хураамжид 2 475 085... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд Бармашийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 479 723 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Ж.Аын төлсөн 660 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ц.ИЧИНХОРЛОО