| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/00088/И |
| Дугаар | 191/ШШ2025/01389 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/01389
2025 02 13 191/ШШ2025/01389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: .................. өөрийн байранд байрлах, Г ХК /РД:0000000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х овогт В.Х /РД:00000000/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Т оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Г ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Зээлдэгч В.Х нь 000000000 дугаартай Дижитал цалингийн зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Мөн тус өдөр 2,470,000 зээлийг нэмж авсан. Түүнчлэн 000000000 тоот 17,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй хугацаатай хадгаламжаа барьцаалан 2024.06.22-ны өдөр 3,000,000 төгрөгийн жилийн 17,6 хувийн хүүтэй, 000000000 тоот Хадгаламж барьцаалсан зээл авсан. Мөн уг хадгаламжаа барьцаалан 2024.06.23-ны өдөр 12,300,000 төгрөгийн жилийн 17,6 хувийн хүүтэй, 000000000 тоот Хадгаламж барьцаалсан зээл авсан. 2024.07.08-ны өдөр 000000000 тоот CU Виртуал кредит картын гэрээ байгуулж, 100,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг бэлэн бус хэрэглээний жилийн 24 хувь, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувь, 2 жилийн хугацаатай ашиглахаар авсан. В.Х нь нийт 36,831,904.41 төгрөг төлөөгүй байна. Зээлдэгч В.Х-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024.12.03-ны өдрийн 184/ШЗ2024/26607 тоот захирамжаар В.Х нь зээлийн гэрээнд тусгагдсан хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.
Иймд В.Х-г эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.12.17-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,
-2024.12.16-ны өдрийн 18/02-4074 дугаартай Д.Ө-д олгосон итгэмжлэл /хх-ийн 3 х/,
-Улсын бүртгэлийн 000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 4 х/,
-Г ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.07.26-ны өдрийн 317 дугаартай Эрх олгох тухай тушаал /хх-ийн 5 х/,
-Хүү тооцооллын хүснэгт /хх-ийн 6, 8-9 х/,
-Кредит картын тооцооллын хүснэгт /хх-ийн 7 х/,
-2024.06.20-ны өдрийн 000000000 дугаартай Дижитал зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 10-11 х/,
-Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт /хх-ийн 12 х/,
-2024.06.21-ний өдрийн 000000000 дугаартай Дижитал зээлийн гэрээ, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт /хх-ийн 13-14 х/,
-2024.07.08-ны өдрийн 000000000 дугаартай CU виртуал кредит картын гэрээ /хх-ийн 15 х/,
-Харилцагчийн анкет /хх-ийн 16 х/,
-Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.03-ны өдрийн 184/Ш32024/26607 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 17 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.Х-гийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Г ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2024.06.20-ны өдрийн 000000000 дугаартай Дижитал зээлийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.Х-гийн оршин суух хаягийг .................... тоот гэж тодорхойлсны дагуу Г ХК нь 36,831,904.41 төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.03-ны өдрийн 184/ШЗ2024/26607 дугаартай шүүгчийн захирамжаар В.Х нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 17 х/,
В.Х нь Г ХК-тай 2024.06.20-ны өдөр 000000000 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Г ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 10-11 х/,
В.Х нь 2024.06.20-ны өдрийн 000000000 дугаартай Дижитал зээлийн гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.03-ны өдрийн 184/ШЗ2024/26607 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Г ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э-гийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Г ХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.Х-гийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х овогт В.Х /РД:00000000/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар В.Х-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА