| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0681/З |
| Дугаар | 128/ШШ2025/0900 |
| Огноо | 2025-12-04 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2025/0900
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С******* ХХК /РД:*******/
Хариуцагч: Эрдэнэс Тавантолгой ХК нарын хоорондын С******* ХХК-иас Эрдэнэс Тавантолгой ХК-д холбогдуулж ...Эрдэнэс-Тавантолгой ХК-иас 2025 оны 6-р сарын 27-ны өдөр ЭТТХК/******* дугаар бүхий Тэсэлгээний ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийн тендер сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С******* ХХК-иас Эрдэнэс Тавантолгой ХК-д холбогдуулж ...Эрдэнэс-Тавантолгой ХК-иас 2025 оны 6-р сарын 27-ны өдөр ЭТТХК/******* дугаар бүхий Тэсэлгээний ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийн тендер сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Эрдэнэс Тавантолгой ХК-иас 2023 онд ЭТТХК/******* дугаартай Ц*******н тэсэлгээний ажлын гүйцэтгэгчийг сонгох 307,106,889,600 төгрөгийн төсөвт өртөг бүхий тендер шалгаруулалтыг зарласан.
3. Тус тендер шалгаруулалтад С******* ХХК шалгарч 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ЭТТ-******* дугаартай Цанхийн баргуун уурхайн тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ-г Эрдэнэс Тавантолгой ХК-тай байгуулсан.
4. Эрдэнэс-Тавантолгой ХК-аас 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зарласан ЭТТХК/******* дугаар бүхий Тэсэлгээний ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийн тендер сонгон шалгаруулалт зарласан байна.
5. С******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай компани нь Эрдэнэс таван толгой ХК-аас 2023 онд зарласан тендерт шалгарч түүний үр дүнгээр Тавантолгой ордын Ц*******н хөрсний чулуулаг болон нүүрсийг бутлах өрөмдлөг тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан.
Манай компани гэрээгээр тохирсон 153,553,445 м.куб өрөмдлөг тэсэлгээний ажлыг 6 сарын турш хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ба 2025 оны 05 дугаар сарын байдлаар нийт ажлын 74 хувийг хийж гүйцэтгэсэн, үлдэх 26 хувь буюу (70,000,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий) 40,000,000 м.куб өрөмдлөг тэсэлгээний ажлыг 2026 оны 08 дугаар сар хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл цаашид 13 сарын хугацаанд уг гэрээ үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа.
Гэтэл Эрдэнэс таван толгой ХХК нь 2025 оны 06 сарын 27-ны өдөр өрөмдлөг тэсэлгээний ажил гүйцэтгүүлэх тендер зарласан бөгөөд уг тендер сонгон шалгаруулалтын ТББ-ийн ТШЗ 39.2-д Шалгарсан оролцогч ТШЗ-ны 39.1-д зааснаар ирүүлсэн гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулан захиалагчаас шаардсан хугацааны дотор хүргүүлнэ, Ажлын даалгаврын Гурав /Үйл ажиллагааны хуваарь/-д жил: 2025 (8 сар), Уулын цул 35,700,000.00м3... гэж зааснаас үзэхэд 2025 оны 8-р сард уг тендер сонгон шалгаруулалтаар ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж шалгарч, гэрээ байгуулагдсан байхаар, мөн энэ оны нийт 12 сарын ажлаас 8 сарын ажлыг шинэ тендерийн сонгон шалгаруулалтын үр дүнд байгуулагдах гэрээгээр гүйцэтгүүлэхээр төлөвлөсөн байна.
Манай компанийн зүгээс гэрээт ажлыг заасан хугацаанд тохирох санхүүжилтийн дагуу гэрээгээр тохирсон ажлаа хэвийн үргэлжлүүлж, гэрээний дагуу 2025, 2026 онд багтаан хийх 40,000,000м3 хэмжээтэй ажлыг гүйцэтгэх дутуу байхад тус ордын гэрээт талбай дээр шинээр тендер зарласан нь гэрээт ажлыг шууд дуусгавар болоход чиглэсэн хууль бус захиргааны шийдвэр байна.
Уг шийдвэрийн улмаас тендерийн үр дүнгээр талуудын хооронд байгуулсан гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөлд хүргэж, гэрээ дуусгавар болох, гэрээгээр тохирсон ажлыг хэрэгжүүлэх боломжгүй шууд үр дагаврыг үүсгэж байна. Тендер зарлахтай холбоотойгоор гэрээт ажлын гүйцэтгэл, хугацаа зэргийг харгалзан үзээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй,
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар дагуу Эрдэнэс-Тавантолгой ХК-аас 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зарласан ЭТТХК/******* дугаар бүхий Тэсэлгээний ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийн тендер сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Эрдэнэс Тавантолгой ХК нь 2023 онд ЭТТХК/******* дугаартай Ц*******н тэсэлгээний ажлын гүйцэтгэгчийг сонгох 307,106,889,600 төгрөгийн төсөвт өртөг бүхий тендер шалгаруулалтыг зарласан.
Тус тендер шалгаруулалтад 2 оролцогч буюу С******* ХХК болон Мера ХХК-ийн түншлэл тендер ирүүлж, С******* ХХК нь 183,957,026,870 төгрөгөөр гүйцэтгэх үнийн санал ирүүлснээр гэрээ байгуулах эрх авч, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ЭТТ-******* дугаартай гэрээг байгуулсан.
Гэрээний хугацаа 36 cap, Нэгж үнэ 1,198 м3/₮, 2024.11.18-c 1,636 м3/₮, Ажлын хэмжээ 153,553,444,8 м3, Гэрээний нийт үнэ 183,957,026,870.0₮
Гэрээг дуусгавар болох хугацааг талууд тус гэрээний 11.5-д Гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил нь гэрээний хавсралт №4 Үйл ажиллагааны хуваарьт заасан ажлын нийт хэмжээнд хүрсэн эсхүл гэрээний 3.1-т заасан гэрээний нийт үнэд хүрсэн тохиолдолд энэ гэрээний 4.1-т заасан гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамааран гэрээг дуусгавар болгоно гэж зааснаар тохиролцсон.
Талууд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажил эхлүүлэх акт үйлдэн тэсэлгээний ажлыг эхлүүлсэн бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 24 сарын хугацаанд 124,356,353.69 м3 тэсэлгээний ажил хийж гүйцэтгэсэн.
2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь гэрээний нийт үнийн дүн буюу 183,957,026,268.11 төгрөгт хүрсэн тул гэрээний 11.5- д заасны дагуу гэрээ дуусгавар болсон гэж үзэн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн зүгээс акт үйлдэж, ажлыг зогсоосон хэдий ч С******* ХХК нь гэрээ дуусгавар болсныг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээг дүгнэх акт үйлдэхээс үндэслэлгүйгээр татгалзсан болно.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах үүднээс талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болохоос өмнө урьдчилан дараагийн гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг буюу Ц*******н тэсэлгээний ажлын гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/******* дугаартай тендер шалгаруулалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зарласан хэдий ч тендерт оролцохыг сонирхогч этгээдүүдээс Монополын эсрэг газарт 2 удаа гомдол гаргаж, тендерийг хүлээн авах, нээлт хийх үйл ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
С******* ХХК нь дээрх тендер шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ 153,553,445 м ажлыг нийт 307,106,889,600 төгрөгөөр гүйцэтгэж, уг ажлын хөлсийг Эрдэнэс Тавантолгой ХК төлөхөөр гэрээ байгуулсан гэх илт үндэслэлгүй, худал тайлбарыг гаргасан, мөн гэрээний 11.5-д заасан .. эсхүл ... гэрээний нийт үнэд хүрсэн тохиолдолд гэрээг дуусгавар болгоно гэх заалт хүчин төгөлдөр үйлчилсээр байтал .... өөрт хамааралгүй тендер шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.
Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч С******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
2. Нэхэмжлэгч С******* ХХК-иас Эрдэнэс Тавантолгой ХК-д холбогдуулж ...Эрдэнэс-Тавантолгой ХК-иас 2025 оны 6-р сарын 27-ны өдөр ЭТТХК/******* дугаар бүхий Тэсэлгээний ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийн тендер сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ ...гэрээний дагуу 2025, 2026 онд багтаан хийх 40,000,000м3 хэмжээтэй ажлыг гүйцэтгэх дутуу байхад тендер зарласан нь буруу, шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй гэж тодорхойлсныг хариуцагчаас ...нийт 24 сарын хугацаанд 124,356,353.69 м3 тэсэлгээний ажил хийж гүйцэтгэсэн, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь гэрээний нийт үнийн дүн буюу 183,957,026,268.11 төгрөгт хүрсэн тул гэрээний 11.5-д заасны дагуу гэрээ дуусгавар болсон гэж тус тус тайлбарлан маргаж байна.
3. Хэрэгт авагдсан баримтуудаар, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2023 онд зарласан ЭТТХК/******* дугаартай Ц*******н тэсэлгээний ажлын гүйцэтгэгчийг сонгох 307,106,889,600 төгрөгийн төсөвт өртөг бүхий тендер шалгаруулалтад С******* ХХК нь 183,957,026,870 төгрөгөөр гүйцэтгэх үнийн санал ирүүлснээр гэрээ байгуулах эрх авч, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ЭТТ-******* дугаартай гэрээг байгуулсан,
Гэрээний 3.1-д Гүйцэтгэгчийн өрөмдлөг тэсэлгээний ажлын нэгж үнэ буюу 1м3 уулын цулын өрөмдлөг, тэсэлгээний үнэ 1,198.0 (нэг мянга нэг зуун ерэн найм) төгрөг байх ба гэрээний нийт үнэ 183,957,026,870.0 (нэг зуун наян гурван тэрбум есөн зуун тавин долоон сая хорин зургаан мянга найман зуун дал) төгрөг байна гэж, 4.1-д Гэрээ хэрэгжих хугацаа нь Талууд уурхай дээр ажил эхлүүлэх акт үйлдсэн өдрөөс хойш 36 сарын хугацаатай байна гэж, 11.5-д Гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил нь гэрээний хавсралт №4 Үйл ажиллагааны хуваарьт заасан ажлын нийт хэмжээнд хүрсэн эсхүл гэрээний 3.1-т заасан гэрээний нийт үнэд хүрсэн тохиолдолд энэ гэрээний 4.1-т заасан гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамааран гэрээг дуусгавар болгох-оор тус тус талууд тохиролцсон,
С******* ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 332/24 дүгээр албан бичгээр хариуцагчид хандаж ....Суурь үнэ, хэрэглээний үнийн индекс өөрчлөгдсөнөөс тодорхой хугацааны дараа үнийн тохируулга хийгдэж, дагаж мөрдөх хүртэл хугацаанд, мөн итгэлцүүр өссөн хэдий ч үнийн тохируулга хийх хэмжээнд хараахан хүрээгүй хугацаанд ч тус тус Гүйцэтгэгчийн өртөг, зардал нь өссөн үнээр тооцогдож байсан, иймд үнийн тохируулга хийх хүсэлт, баримтыг судлан үзэж, зохих нэгжийн үнэ болон гэрээний үнийн тохируулга, өөрчлөлтийг бичгээр хийхэд дэмжлэг үзүүлж манай хууль ёсны ашиг сонирхол, эрхийг баталгаажуулж өгнө үү гэх хүсэлт хүргүүлсэн,
2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Эрдэнэс тавантолгой хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 20 дугаар Ц*******н үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах зорилгоор авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор ...Ц*******н хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх уулын ажлын нэгжийн үнийг 13,500.00 (арван гурван мянга таван зуу) төгрөг, өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэх нэгжийн үнийг 1,636.00 (нэг мянга зургаан зуун гучин зургаа) төгрer, нүүрс ачилтын нэгжийн үнийг 1,691.3 (нэг мянга зургаан зуун ерэн нэгэн төгрөг гучин мөнгө) төгрөг байхаар өөрчлөн тогтоосон.
Уг тогтоолыг үндэслэн хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ЭТТ-*******-01 дугаар этт-******* дугаар ц*******н тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ"-ний нэмэлт, өөрчлөлтөөр 1.1. Үндсэн гэрээний 3.1 дэх хэсгийн "Гүйцэтгэгчийн өрөмдлөг тэсэлгээний ажлын нэгж үнэ буюу 1 м3 уулын цулын өрөмдлөг, тэсэлгээний үнэ 1,198.0 (нэг мянга нэг зуун ерэн найм) төгрөг байх ба гэрээний нийт үнэ 183,957,026,870.0 (нэг зуун наян гурван тэрбум есөн зуун тавин долоон сая хорин зургаан мянга найман зуун дал) төгрөг байна." гэснийг "Гүйцэтгэгчийн өрөмдлөг тэсэлгээний ажлын нэгж үнэ буюу 1 м3 уулын цулын өрөмдлөг, тэсэлгээний үнэ 1,636.0 (нэг мянга зургаан зуун гучин зургаа) төгрөг байх ба гэрээний нийт үнэ 183,957,026,870.0 (нэг зуун наян гурван тэрбум есөн зуун тавин долоон сая хорин зургаан мянга найман зуун дал) төгрөг байна." гэж өөрчилсөн болох нь тус тус тогтоогдов.
Хэрэгт авагдсан, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Тавантолгой ордын ц*******н тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ (ЭТТ-*******)-ний ажил зогсоосон акт-аас үзвэл "Эрдэнэс Тавантолгой" ХК болон "Спейшл Майнинг Сервис" ХХК-ийн хооронд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ЭТТ-******* дугаартай "Тавантолгой ордын Ц*******н тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ"-ний дагуу гүйцэтгэсэн ажлын хэмжээ гэрээний нийт төсөвт өртөгт 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөрт хүрснээр талууд Ц*******н өрөмдлөг, тэсэлгээний ажлыг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 19 цаг 30 минутад дуусган уурхайн талбайг хүлээн авчээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худлалдан авах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Тендерийг нээж, дараах мэдээллийг цахим системээр зарлана, 23.2.1-т оролцогчийн нэр, 23.2.2-т тендерийн үнэ гэж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Захиалагч ерөнхий гэрээний аргаар худалдан авахаас бусад тохиолдолд хуульд заасан төсөвт өртөгт үндэслэн тендер шалгаруулалтын дараах аргын аль нэгийн дагуу зохион байгуулна, 31.1.1-д нээлттэй гэж тус тус заасан.
Эдгээрээс үзвэл гэрээний талууд өрөмдлөг тэсэлгээний ажлын нэгж үнийг шинэчлэн тогтоосноор үндсэн гэрээний 11.5-д заасан, гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил нь...гэрээний нийт үнэд хүрсэн үндэслэлээр хариуцагч байгууллагаас тухайн талбайд тендер сонгон шалгаруулалт зарласан нь хуульд нийцсэн, уг сонгон шалгаруулалт зарласан мэдэгдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
4. Тухайлбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зарлагдсан ЭТТХК/******* дугаар Ц*******н тэсэлгээ тендер сонгон шалгаруулалтын талаар баримт ирүүлснээс үзвэл нэхэмжлэгч С******* ХХК 461,665,600.000 төгрөгийн үнийн саналаа ирүүлж, дээрхи мэдэгдлийг хүлээн зөвшөөрч түүний дагуу зарласан тендер шалгаруулалтанд оролцож байгаа нь тогтоогдов.
Энэ тохиолдолд тухайн талбайд хариуцагч дахин шинэ тендер шалгаруулалт зарласан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, харин эсрэгээрээ нэхэмжлэгч тус тендер сонгон шалгаруулалт зохион байгуулахыг хүлээн зөвшөөрч оролцсон нь тухайн мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
5. Иймд дээрх үндэслэлүүдээр С******* ХХК-иас Эрдэнэс Тавантолгой ХК-д холбогдуулж гаргасан ...Эрдэнэс-Тавантолгой ХК-иас 2025 оны 6-р сарын 27-ны өдөр ЭТТХК/******* дугаар бүхий Тэсэлгээний ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийн тендер сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Ирцийн тухайд тус өдрийн шүүх хуралдааны товыг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Анхцэцэг биечлэн мэдэж товын баримтад гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ямар нэгэн хүсэлт санал ирүүлээгүй болно.
Түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тэдгээрийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү гэх хүсэлт гаргасан ба хэрэгт нотлох баримт хангалттай цугларсан тул шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулсныг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худлалдан авах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С******* ХХК-иас Эрдэнэс Тавантолгой ХК-д холбогдуулж гаргасан ...Эрдэнэс-Тавантолгой ХК-иас 2025 оны 6-р сарын 27-ны өдөр ЭТТХК/******* дугаар бүхий Тэсэлгээний ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийн тендер сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрт гомдол гаргах эрхтэй болохыг дурдав.