Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00012

 

 

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00012

 

 

 

Г.Г-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/01881 дугаар шийдвэртэй

Г.Г-н нэхэмжлэлтэй хариуцагч М ХХК-д холбогдох

8 612 583 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмждэгдсэн төлөөлөгч О.Золбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Г нь М ХХК-ийн үүрэн холбооны 9909 0666 дугаарын хэрэглэгч юм. Олон улсын дата роуминг үйлчилгээний төлбөрт хэрэглэгч Г.Гас М ХХК үүрэн холбооны 9909 0666 дугаарын 8 612 583 төгрөг нэхэмжилсэн. Г.Г 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэмж 500 000 төгрөгийн барьцаа байршуулан ярианы роуминг үйлчилгээний гэрээ байгуулсан. Г.Г нь Сингапур улсаас 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 08:00 цагт нисэн, 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 12:05 цагт Хонгконг улсад, 2019 оны 6 сарын 17-ны өдрийн 04:30 цагт Хонг Конгоос нисэн Улаанбаатар хотод 08:55 цагт буусан. Г.Г нь тухайн улсуудад байсан хэдий ч роуминг дата үйлчилгээг огт ашиглаагүй байтал их хэмжээний төлбөр гарсан бөгөөд ийнхүү төлбөр гарсан нь дугаараа чөлөөтэй ашиглах боломжгүй болгосон юм. Зайлшгүй шаардлагаар дугаараа ашиглахаас өөр аргагүй байсан тул гарсан төлбөрийг бүрэн төлснөөр дугаараа ашиглаж байна. Сингапур улсад ажиллаж амьдарч байхдаа Сингапурын үүрэн холбоог ашигладаг байсан бөгөөд Монгол улс руу ирэх замдаа Хонг Конг улсаар дамжин өнгөрөхөд ийм хэмжээний дата роуминг ашигласан гэх ямар ч үндэслэлгүй юм. Мөн Хонг Конг улсаар дамжин өнгөрөхөд онгоцны буудалд үнэгүй интернет ашиглах боломжтой байдгийг хэн бүхэн мэдэх бөгөөд олон улсын дата роуминг үйлчилгээг ашиглах ямар ч шаардлагагүй байдаг. М ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан үүрэн холбооны үйлчилгээний гэрээнд зааснаар үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгч үйлчилгээний төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. М ХХК нь гэрээгээр тохиролцсон үйлчилгээгээ үзүүлээгүй мөртлөө төлбөрөө нэхэмжлэн авсан. Талууд үйлчилгээний гэрээ байгуулахдаа ярианы роуминг үйлчилгээний нөхцлийг харилцан тохирч хүлээн зөвшөөрсөн. Ярианы роуминг үйлчилгээний барьцаанд 500 000 төгрөгийг байршуулсан. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1, 231.1.4, 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт тус тус зааснаар төлбөр гүйцэтгэх үүрэгт эд хөрөнгө барьцаалсан бөгөөд үйлчилгээ авсан төлбөрөө төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцсон. Улмаар хариуцагч нь барьцаа хөрөнгийн хэмжээнд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байсан гэж үзэж байна. Иймд үүрэн холбооны 9909 0666 дугаарын олон улсын дата роуминг үйлчилгээний төлбөр 8 612 583 төгрөгийг хариуцагч М ХХК-аас буцаан гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г нь М ХХК-ийн 00000000 дугаарыг ашигладаг бөгөөд уг дугаар дээр шинэ үйлчилгээ авахаар 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гэрээгээ шинэчлэн MyMobi үйлчилгээний хугацаатай багцын үйлчилгээ авах, мөн шинээр роуминг үйлчилгээ авах хүсэлт гарган роуминг үйлчилгээний гэрээ байгуулан барьцаа 500 000 төгрөг нэмж байршуулсан байна. Г.Г нь байгуулсан гэрээнийхээ дагуу олон улсын дата роуминг үйлчилгээг авсан бөгөөд төлбөр бодогдсон өдрүүдэд нэр бүхий улсуудад /Сингапур, Хонг-Конг/ дата роуминг үйлчилгээг ашигласан байдаг. Тухайн хэрэглэгч нь өөрийнхөө гар утасны дата роуминг цэсийг идэвхжүүлэх, унтраах үйлдлийг өөрөө сонгон хийдэг гэдгийг хэн бүхэн мэдэх тул огт ашиглаагүй гэх тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй тайлбар юм. М ХХК-ийн зүгээс хэрэглэгчтэй байгуулсан гэрээнийхээ хүрээнд үйлчилгээгээ үзүүлсэн бөгөөд хэрэглэгчийн хэрэглээний төлбөрийн мэдээлэл, хэрэглээгээ хянан, хэрэв үйлчилгээг авах шаардлагагүй бол хаах боломжтой тухай анхааруулах зурвас буюу мессежийг 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр удаа дараа хэрэглэгчийн 00000000 дугаарт хүргүүлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г-н хариуцагч М ХХК-иас нийт 8 612 583 /найман сая зургаан зуун арван хоёр мянга таван зуун наян гурав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Г-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152 752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Харилцаа холбооны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Үйлчлэгч, хэрэглэгчийн эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг Иргэний хуульд заасны дагуу гэрээгээр зохицуулна, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч ...өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна гэж гэрээг үзсэн боловч энэ холимог гэрээ нь хуульд заасан ямар гэрээтэй шинж тэмдэг нь хамгийн ойр байх талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Энэхүү холимог гэрээ нь нэгэн төрлийн цахим үйлчилгээг худалдаж байгаа гэрээ бөгөөд хуульд заасан худалдах, худалдан авах гэрээний шинж тэмдэгтэй ойр юм. Тиймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт заасныг хэрэглэлгүй Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу дүгнэсэн. Нэхэмжлэгч буюу 00000000 дугаартай хэрэглэгч нь М ХХК-ийн хэрэглэгч бөгөөд гадаад улс руу зорчихдоо ярианы олон улсын үйлчилгээ буюу войс роуминг үйлчилгээг авах хүсэлтэй байсан. Гэтэл олон улсын ярианы войс роуминг үйлчилгээг дагалдуулан дата роуминг үйлчилгээг хэрэглэгчид ямар ойлголт, тайлбар өгөлгүйгээр нэмж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс энэ үйлчилгээг авах ямар ч шаардлага байгаагүй бөгөөд тухайн гэрээг байгуулах үндэслэлийн талаар төсөөлөл буруу байсан. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...Зохигчид 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Ярианы роуминг үйлчилгээний гэрээ-г байгуулсан болох нь гэрээний хуулбараар тогтоогдож байна, ...Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь гадаад оронд зорчихдоо өөрийн үүрэн холбооны дугаар, гар утсаа ашиглан хариуцагчтай гэрээ байгуулсан оператарууд сүлжээг ашиглах үйлчилгээг хариуцагч үзүүлэхээр заасан болох нь гэрээний хуулбараар тогтоогдож байна гэж дүгнэсэн мөртлөө талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулгын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шударга ёсны зарчимд үл нийцнэ. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...Шинжээч Харилцаа холбооны зохицуулах хорооны болон Үндэсний дата төвийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч нъ Аррlе компанийн 108 үйлдлийн системтэй гар утасны системийн шинэчлэл хийх, шинэ төрлийн шинэчлэл гаргасан эсэхийг шалгах мэдээлэл савах үйлдлийн системийн идэвхтэй байдлыг хаагаагүй байх тул уг үйлдлийн систем идэвхтэй байх үед автоматаар 18111-ууд руу хандалт хийгдсэн болох нь Харилцаа холбооны зохицуулах хорооны болон Үндэсний дата төвийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна гэсэн мөртлөө Нэхэмжлэгчийн дата роуминг үйлчилгээг ашиглаагүй гэх тайлбар Харилцаа холбооны зохицуулах хорооны болон Үндэсний дата төвийн шинжээчийн дүгнэлтүүдээр үгүйсгэгдээгүй байна гэж шинжээчийн дүгнэлтээс өөр дүгнэлт хийжээ.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс дата роуминг огт үйлчилгээг ашиглаагүй гэдгийг шинжээч нарын дүгнэлтүүд тогтоосон байдаг. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. М ХХК нь хэрэглэгчийн төлбөрийн мэдээллийг тухай бүр нь хэрэглэгчийн утас руу мессежээр явуулсан гэж тайлбарлан жагсаалт гаргаж өгсөн ч түүнийг хэрэглэгчийн утсанд очсон гэдгийг нотолж чадаагүй юм. Энэ талаар дүгнэлт гаргуулахаар шинжээчид асуулт тавьсан боловч М ХХК нь тухайн мессежийн мэдээлэл байхгүй гэдэг шалтгаанаар шинжээчид мэдээллийг гаргаж өгөөгүй учраас дүгнэлт хийх боломжгүй болсон юм. Үүнтэй холбоотой нотлох баримт, тайлбаруудад шүүх үнэлэлт, дүгнэлт хийгээгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. М ХХК нь олон улсын ярианы үйлчилгээндээ дата роуминг үйлчилгээг дагалдуулж өгөхдөө дата роуминг үйлчилгээний барьцаа гэж 540 000 төгрөгийг нэхэмжлэгчээс буюу 00000000 дугаарын хэрэглэгчээс авсан нь хэрэгт авагдсан гэрээнээс тодорхой харагдана. Барьцаа гэдэг бол үүргийн биелэлтийг хангах арга бөгөөд тухайн үйлчилгээний төлбөр барьцаанаас илүү гарсан тохиолдолд үйлчилгээг зогсоох ёстой. Гэтэл үйлчилгээг зогсоогоогүй бөгөөд үүнээс болж үргэлжлүүлэн төлбөр нь нэмэгдсээр өндөр төлбөр хэрэглэгчид бий болсон. Хэрэглэгч өөрөө дата роуминг үйлчилгээг ашиглаагүй учраас төлбөр гарах, мөн төлбөр нь нэмэгдэж байгаа талаар мэдэх ямар ч боломж байхгүй байсан. Мөн хэрэгт авагдсан хэрэгт ач холбогдолтой гэх нэхэмжлэгчийн дата роуминг ашиглаагүй гэх нотлох баримтууд нь хууль тогтоомжийн хувьд хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Г.Г-н нэхэмжлэлтэй хариуцагч М ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч М ХХК-д холбогдуулан дата үйлчилгээний төлбөрт төлсөн 8 612 583 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ярианы роуминг дата үйлчилгээ огт ашиглаагүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан үйлчилгээг үзүүлээгүй, үйлчилгээг барьцаа хөрөнгийн хэмжээнд үзүүлэх ёстой гэж,

хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...хэрэглэгч нь өөрийнхөө гар утасны дата роуминг цэсийг идэвхжүүлэх, унтраах үйлдлийг өөрөө сонгодог. М ХХК хэрэглэгчтэй байгуулсан гэрээнийхээ хүрээнд үйлчилгээгээ үзүүлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тус тус тайлбарлажээ.

М ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан нар 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Үйлчилгээний гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний 3.11.1-т заасан үйлчилгээ үзүүлэгч үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой өөрчлөлт, мэдэгдэл, мэдээллийг өөрчлөгдөж байгаа мэдэгдэл, мэдээллээс хамааруулан утсаар /мессеж, яриа/, и-мейл, үйлчилгээ үзүүлэгчийн веб сайтаар, үйлчилгээний салбараар, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэлбэрийн аль нэгээр эсхүл шуудан, факсаар бичгээр хэрэглэгчид хүргүүлэх,

мөн Ярианы роуминг үйлчилгээний нөхцөл-өөр үүрэн холбооны дараа төлбөрт хэрэглэгчийн дугаар роуминг үйлчилгээг идэвхжүүлэхэд дуудлага хийх, хүлээн авах, мессеж илгээх, хүлээн авах, үүрэн холбоонд суурилсан нэмэлт үйлчилгээнүүдийг ашиглах, дата үйлчилгээг ашиглан дата, контент, программ хангамж, аппликейшн татах, ашиглах, интернетэд хандах, и-мейл хүлээн авч, хариу өгөх үйлчилгээнүүдийг ашиглах, хэрэглэгч нь сонгосон, идэвхжүүлсэн хэрэглээний төлбөрөө төлөх-өөр тус тус тохиролцсон байна. /хх.6-9/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг залруулан өөрчлөх нь зүйтэй байна. Учир нь, нэрлэгдээгүй гэрээ нь талууд хүсэл зоригоо тодорхой илэрхийлж гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд чөлөөтэй байгуулсан, Иргэний хуульд нэрлэн заагаагүй гэрээний гол нөхцөлийн талаар илэрхийлсэн байдгаараа онцлогтой байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч буюу хэрэглэгч Г.Гд холбооны үйлчилгээний гэрээнд заасан үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгч гэрээнд заасан төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хангах боломжтой юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Хэргийн 28 дугаар талд хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн 00000000 дугаар утсанд нь анхааруулах мессеж хүргүүлсэн системийн бүртгэлийн талаарх бичгийн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хооронд гаргасан шинжээчийн дүгнэлтийн 8.4-т оператор компаниудын үндсэн болон нэмэлт үйлчилгээтэй холбоотой анхааруулах болон бусад мессежийг тухайн зорилтот дугаарт илгээхдээ програм автоматаар илгээдэг. Иймд хэргийн материалын 28 дугаар тал дээрх анхааруулах мессежний лог буюу бүртгэл нь систем дээр бүртгэгдсэн бол анхааруулах мессеж явсан гэж үзнэ. Системд бүртгэгдсэн эсэхийг М ХХК дээр очиж шалгасан бөгөөд тэдний Чекроумер программын лог буюу бүртгэлтэй таарч байсан гэжээ.

Мөн М ХХК нь хэрэглэгч Г.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаярт 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 14/4910 тоот албан бичгээр 00000000 дугаартай хэрэглэгчийн 6 дугаар сарын дата роуминг үйлчилгээний төлбөр 9 473 841 төгрөгийн хэрэглээг шалгахад Сингапурын SingTel болон Хонг-Конгийн CSL үүрэн холбооны операторын сүлжээнд дата роуминг үйлчилгээ ашигласны төлбөр байна гэсэн хариу хүргүүлж байсан байна. /хх.15/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хариуцагч байгууллага нь хэрэглэгчийн төлбөрийн мэдээллийг тухай бүр нь хэрэглэгчийн утас руу мессежээр явуулсан гэж тайлбарлан жагсаалт гаргаж өгсөн ч түүнийг хэрэглэгчийн утсанд очсон гэдгийг нотолж чадаагүй гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Хэрэгт Үндэсний дата төвийн шинжээчийн дүгнэлт авагдсан, шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 28, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хооронд хийгдсэн дүгнэлтээр ...нэхэмжлэгч нь Apple компанийн IOS үйлдлийн системтэй гар утасны системийн шинэчлэл хийх, шинэ төрлийн шинэчлэл гарсан эсэхийг шалгах мэдээлэл авах үйлдлийн системийн идэвхтэй байдлыг хаагаагүй байх тул уг үйлдлийн систем идэвхтэй байх үед автоматаар URL-ууд руу хандалт хийгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь гар утасныхаа тохиргоог мэдэх боломжтой байсан байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна. /1хх.212-216/

Ярианы роуминг үйлчилгээний нөхцөлийн 6.1-д роуминг үйлчилгээ ашиглах явцдаа хэрэглээгээ хянаагүй, шаардлагагүй тохиолдолд өгөгдөл дамжуулах үйлчилгээний эрхээ хаагаагүйгээс үүсэх үр дагавар, хариуцлагыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна гэж заажээ.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч өөрийн эзэмшиж, ашигладаг гар утасны тохиргоог үйлдлийн системийг автоматаар /түүний зөвшөөрөлгүйгээр/ шинэчилж байхаар тохируулсны улмаас 8 612 583 төгрөгийн дата роуминг үйлчилгээний төлбөр гарсан болох нь тогтоогдож байх тул хэрэглэсэн ажил, үйлчилгээний төлбөрийг хариуцагч байгууллагаас буцаан гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...үйлчилгээний төлбөр барьцаанаас илүү гарсан тохиолдолд үйлчилгээг зогсоох ёстой. Хэрэглэгч өөрөө дата роуминг үйлчилгээг ашиглаагүй учраас төлбөр гарах мөн төлбөр нь нэмэгдэж байгаа талаар мэдэх ямар боломж байхгүй байсан гэсэн гомдлыг хангах боломжгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/01881 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...189 дүгээр зүйлийн 189.5 дахь гэснийг ...243 дугаар зүйлийн 243.1 дэх гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Г.Г-н төлсөн 152 752 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО