Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 52

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,

Шүүгдэгч С.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ийн Ц ид холбогдох эрүүгийн 1826000780059 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт С.Ц ,

Шүүгдэгч С.Ц  нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 18-20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн *******ын 2-51 тоотод хамтран амьдрагч *******г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Ц  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Хэрэг болсон өдрийн урд өдөр нь архи уугаад банк явчихаад ирсэн чинь дэлгүүрийн орлогоноос мөнгө аваад явсан байсан. Тэгэхээр нь чи яагаад мөнгө аваад явсан бэ? гэхэд. Би аваагүй гээд агсан согтуу тавиад байсан. Орой согтуу ирээд намайг доромжилсон. Тэгэхээр нь чамд явах газар байгаа бол яв гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг үсдээд өшиглөсөн. Тэгээд манай дүү орж ирээд салгасан. Тэгээд гадаа гаргаад хаалгаа түгжсэн чинь, өрөөний хаалга эвдээд орж ирсэн. Дүүтэйгээ нийлээд гаргасан чинь хаалга модоор нүдээд байсан. Хаалгаа онгойлгож өгсөн чинь дахин намайг зодсон. Шөнийн турш агсам тавиад унтахгүй байсан. Архи уухаараа дандаа агсам тавьдаг. Тэгээд зодох гээд дайраад байхаар нь өмнөөс нь модоор цохисон...” гэв.

Хохирогч Б.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр С.Ц ийн орлогоноос 3000 төгрөг алга болсон байна гээд “чи авсан гуйлгачин минь, гар зайл” гээд намайг хөөхөөр нь би мөнгө аваагүй гэдгээ хэлчихээд гарсан. Тэгээд Лхагва гэх хүнтэй таараад 3000 төгрөг зээлээд тэр мөнгөөрөө нэг шил “Нутгийн буян” гэх архи аваад ******* сумын 7 дугаар баг ******* 2-51 тоотод гэртээ ирээд ганцаараа ууж суутал С.Ц  араас гэрт орж ирээд архи уулаа муу архичин гээд шалны модоор цохих гээд байхаар нь би гэрээсээ гараад гадуур явж байгаад 2-3 цагийн дараа гэртээ ирсэн чинь С.Ц  хаалгаа дотроос нь цоожилсон цонхоор намайг хөөгөөд байхаар нь би хаалгыг нь татсан чинь цүү нь мултраад хаалга онгойсон. Тэгээд гэртээ ортол С.Ц  шалны модоор нуруу руу хэд хэдэн удаа, хөл рүү нэг удаа цохихоор нь би уурлаад С.Ц ийг барьж аваад ор луу түлхэж унагаачихаад буцаж гараад гадаа нэлээн зогсож байгаад эргэж ороод коридорт унтсан. ... Архи уучихаар л намайг цохиж зодох гээд байдаг. ... Надад гомдол санал С.Ц ээс нэхэмжлэх зүйл байхгүй. С.Цэгмид бид хоёр сайн дураараа эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ж.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би ******* сумын 7 дугаар баг ******* 51 тоотод С.Ц  эгчийнд суудаг. 2018 оны 02 дугаар сарын 01-ний 19 цагийн орчимд сургуулиас гэртээ ирсэн чинь Б.М согтуу С.Ц  эгчтэй маргалдаад С.Ц  эгчийн үснээс татаад боогоод унагаачихсан байхаар нь салгаад *******г коридорт гаргасан. ******* 20-30 минутын дараа хаалганы цоож хөшиж орж ирээд С.Ц  эгчээс гал нэхээд түжигнээд байсан. Би С.Ц  эгчийн өрөөнд ороход ******* С.Ц  эгчийн гоо сайханы хэрэглэлийг авч чулуудаад байсан. Тэгэхээр нь болиулаад *******г коридорт гаргаад С.Ц  эгч өрөөнийхөө хаалгаа түгжээд, би өрөөндөө ороод унтсан. ... С.Ц  эгч *******г юугаар хаана нь цохисонг анзаараагүй. ...  *******, С.Ц  эгчийг үсдээд дарчихсан байсан. Тэр үед С.Ц  эгч гартаа мод барьчихсан байгаа харагдсан. Цохисон үгүйг анзаараагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Ц ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн орчимд дэлгүүр дээр сууж байтал манай нөхөр болох ******* нь согтуу орж ирээд чиний дэлгүүр бузартчихсан, би чиний дарамтанд амьдарч чадахгүй гэх зэргээр хэрүүл гуйж байгаад лангуун дээрх эд зүйлсийг авч над руу шидэж агсам тавьсан. ... Тэгээд би 18 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн чинь “чиний амьдралаас ичиж байна, чи зайл үгүй бол би зайлмаар байна” гээд миний толгойтой үснээс зулгааж байгаад зүүн гар талын гуя болон цээжин хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгсэн чинь хажууд гурил элддэг мод байхаар нь би уг модыг авч *******гийн гар луу цохиж тавиулсан. ... Нуруу руу нь 2 удаа, хөл рүү нь 2 удаа модоор цохисон...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 20-21, 25-26 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаартай: “... *******гийн биед дух, зүүн хацар, баруун нүд, хүзүү хоолой, баруун, зүүн мөр, дал хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл цэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 23 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Ц ийн хувийн байдлыг тодорхойлсон ял шалгах хуудас, иргэний цахим үнэмлэхний хуулбар, Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаартай тодорхойлолт, 2017 оны мал тооллогын баримт  /хх-ийн 44-46, 62, 64 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Ц  нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 18-20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн *******ын 2-51 тоотод хамтран амьдрагч *******г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч С.Ц ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтанд авагдсан “... хохирогч ******* шүүгдэгч С.Ц эд зодуулсан талаараа өгсөн...” мэдүүлэг. /хх-ийн 5-7/, “... Шүүгдэгч С.Ц , хохирогч Б.М нарыг зодолдсонг харсан талаар өгсөн...” насанд хүрээгүй гэрч Ж.Дашнямын мэдүүлэг. /хх-ийн 11-12/, шүүгдэгч С.Ц ийн үйлдлийн улмаас хохирогч Б.М хөнгөн гэмтэл учирсаныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаартай дүгнэлт. /хх-ийн 15/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 23/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч С.Ц эд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч С.Ц эд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Ц  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 6.5 дугаар зүйлийн 3-т зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Ц  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч С.Ц  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,  

Шүүгдэгч С.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч С.Ц эд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ******* овогт С.Ц эд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт С.Ц ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Ц эд оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд 150000 төгрөгөөр тус бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Ц  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 5. Шүүгдэгч С.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Ц эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        М.МАНДАХБАЯР