2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/06342

 

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: НКФ К ХХК нэхэмжлэлтэй, 

 

 Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Э.Н эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Э.******* нь 2023 оны 01 сарын 19-ний өдөр 120205075 дугаартай зээлийн эрхийн гэрээ 5,000,000 /таван сая/ төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатайгаар, 3,5% хувийн хүүтэйгээр гэрээ байгуулж авсан болно. Дээрх зээлээ төлөлгүй 738 хоног өнгөрсөн байна. Манай компанийн зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар тогтмол утсаар ярьж, хаягаар очиж байсан боловч зээлийн төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний дагуу төлбөрөө нэхэмжилж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 04 сард нэхэмжлэл гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дугаар сарын 23-ний өдрийн ******* дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан байна. Иймд Э.******* /У394051927/-г эрэн сурвалжлан оршин суугаа хаягыг тогтоохыг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2.            Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх3/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.04.23-ны өдрийн ******* дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх6/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Э.Номин-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.                   Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.******* нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /ХХ21/

 

4.                   Нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

5.                   Нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК нь Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороонд оршин байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт хийгдсэн бичилтээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /ХХ3/

 

6.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргахад тухайн этгээд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд түүний оршин суугаа хаяг тодорхойгүй байхыг шаардана.

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн тайлбарыг өөрөөр нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүний төлөөлөгч нь мөн оны 07 дугаар сарын 28-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг болон хэрэгт авагдсан буюу өөрийн гаргасан баримтуудтай танилцсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар шүүхэд ирүүлсэн бичмэл нотлох баримт нь эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх ёстой. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хуулийг мэдээгүй буюу буруу ойлгосон нь тухайн хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

7.                   Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн худалдан авалтын зээлийн цахим эрх нээх гэрээ нь бичмэл нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болох боломжгүй. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан Э.Номин-Эрдэнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь энэ талаар холбогдох нотлох баримтыг бүрэн хавсаргаж шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрх нээлттэй.

 

8.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дахь хэсэгт зааснаар *******ийн ******* /рд:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД