| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/01175/И |
| Дугаар | 191/ШШ2025/06343 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/06343
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Ц нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Б холбогдох,
73,791 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай, 12 м.кв талбай бүхий авто зогсоол гаргуулах тухай үндсэн, 609,583,334 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.*******ын төлөөлөгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, тэрээр болон өмгөөлөгч Г.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.*******, О.*******. Л.******* бид гурав хоорондоо харилцан тохиролцож 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр "Хөрөнгө оруулалтын гэрээ" байгуулж, тус гэрээний А" тал нь Л.*******, Б" тал нь М.*******, О.******* бид хоёр болсон юм.
Хөрөнгө оруулалтын гэрээний талуудын гол зорилго нь ашгийн төлөө байх ба талууд МУ-ын Иргэний хууль, бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон гэрээний Б" тал болох иргэн М.******* би Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 26-р хорооны нутаг дэвгэрт байрлах өөрийн эзэмшлийн ******* нэг талбарын дугаартай 400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх, иргэн О.******* нь Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвгэрт байрлах өөрийн эзэмшлийн 18644309776305 нэгж талбарын дугаартай 400 мкв талбай бүхий газрын эзэмших эрхээ тус тус А" талд шилжүүлж, гэрээний А" тал нь Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт тэнхлэгээрээ 14х18 метрийн хэмжээтэй гадагшаа гарсан консолтой 2 орон сууны барилга барих хөрөнгө оруулалтыг гарган барилгыг барих үйл ажиллаагааг хийж гүйцэтгэн ашиглалтад оруулж тус гэрээний 4-р зүйлд зааснаар ашиг хуваарилахаар тохиролцсон юм.
Ингээд гэрээний Б" талууд гэрээнд заасны дагуу өөрсдийн эзэмшлийн газрын эзэмших эрхийг А"талд шилжүүлж, А" тал ч гэрээнд заасны дагуу санхүүжилтээ гаргаж барилгаа барин дуусгаж, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр БА-138/2024 дугаартай комиссын дүгнэлт гарч байр албан ёсоор ашиглалтад орж захиалагч нар байрандаа орж эхэлсэн юм.
Бид нарын хооронд байгуулсан гэрээний дагуу тус газар дээр анх 12 давхар 2 блок орон сууцны барилга барих гэж байснаа явцын дунд болиод 2 блок 16 давхар орон сууц барихаар болоод анх 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бид нарын хооронд байгуулсан "хөрөнгө оруулалтын гэрээнд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулан ашиг хуваарилах зарчимд өөрчлөлт оруулж, өмнөх 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний 4-р зүйлийн 4.2, 4.3, 4.4 дэх заалтуудыг талууд гэрээний нэмэлт өөрчлөлтөөр хүчингүй болгож, 2019-03-11-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1, 2.2-т зааснаар ашиг хуваарилахаар тохиролцсон юм.
Гэтэл гэрээний А тал болох Л.******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, иргэн надад гэрээнд заасны дагуу өгөх ёстой 400 м.кв талбайг бүрэн гүйцэд өгөхгүй, мөн дээр нь нэг автомашины дулаан зогсоолыг өгөхгүй маргаан үүсгэж миний өөдөөс "газрын хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой тооцоо" гэх юм өөрөө хийж гаргаж ирээд БЗД-ийн дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* 141.8 м.кв, мөн байрны 18 тоот 90.9 м.кв, мөн 8 тоот 104.67 м.кв талбай нийт 337.37 м.кв талбайг олгосон үлдэгдэл 62.36 м.кв талбайн 1 м.кв талбайг 3.000.000 сая төгрөгөөр бодож 187.890.000 төгрөгийн үнэ бүхий талбай өгөөгүй гэж тооцоолсон байдаг юм.
Мөн гэрээг дүгнэж тооцоо гаргахдаа: Барилгын ажлын явцад техникийн нөхцөл авах, дэд бүтцэд холбох, улсын комисст хүлээлгэн өгөхтэй холбоотой гарсан нэмэлт зардлууд гэж 199.777.777.67 төгрөгийн тооцоо гаргаж ирээд энэ зардлыг бид 3 хувааж төлөх ёстой гэж хэлээд маргаан үүсгэсэн.
Би 3-н ширхэг байраа хүлээн аваад мэргэжлийн компаниар дахин хэмжилт хийлгэхэд БЗД- ийн дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 357-р байрны А блокийн 17-тоот орон сууц нь 86.809 м.кв, мөн байрны А блокийн 18 тоот орон сууц нь 138.765 м.кв, мөн байрны Б блокийн 8 тоот орон сууц нь 100.635 м.кв, нийт талбай нь 326,209 м.кв талбай байх бөгөөд 73.791 м.кв-ийн зөрүү дутуу гарч байна.
Л.******* нь хөрөнгө оруулалтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1, 2.2-т заасан ашиг хуваарилах зарчим, гэрээний үүргээ шударгаар биелүүлэхгүй, иргэн М.******* надад өгөх ёстой 400 м.кв талбайгаас 326,209 м.кв талбай бүхий 3-н орон сууц өгсөн байх бөгөөд одоо үлдэгдэл зөрүү 73.791 м.кв талбай болон мөн тус орон сууцны зоорийн давхарт байрлах авто машины нэг зогсоолыг өгөхгүй иргэн намайг өндөр настай, өвчтэй өвгөн намайг элэг барин сэтгэл санаа эд хөрөнгөөр хохироож байна.
Манай байр гаднаа 4-5 машины зогсоолтой бөгөөд бусад дулаан зогсоол нь байрны зоорийн доод давхарт байдаг өвчтэй өвгөн миний хувьд энэ хөхөө өвлийн жаварт өглөө болгон босон машин халаах, мөн бензин шатахуунаар ч хохирч байна.
Бид нарын хооронд 2018-11-15-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон 2019- 03-11-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр Барилгын ажлын явцад техникийн нөхцөл авах, дэд бүтэц холбох, улсын комисст хүлээлгэн өгөхтэй холбогдуулан гарсан нэмэлт зардлуудыг хоёр тал хувааж гаргана гэсэн нэг ч заалт байхгүй харин гэрээний Б" тал өөрсдийн эзэмшлийн газраа эзэмших эрхээ "А" талд шилжүүлж "А" тал өөрөө санхүүжилтээ гаргаж барилгыг барин дуусгаж ашиглалтад оруулж гэрээнд заасны дагуу ашиг хуваарилах тодорхой заалт байгаа юм.
Ийм учраас миний зүгээс хууль, буюу гэрээнд заасны дагуу гэрээний "А" тал болох Л.*******ээс 3-н орон сууцны дутуу талбай болох 73.791 м.кв талбайг, мөн зоорийн давхрын дулаан авто машины 12 м.кв талбай бүхий нэг зогсоолыг гаргуулж өөрийн өмчлөлд авах нь шударга ёсонд нийцэх юм.
Иймд гэрээний "А" тал болох хариуцагч Л.*******ээс гэрээний дагуу надад өгөх 400 м.кв орон сууцны талбайгаас дутуу байгаа 221.373.000 төгрөгийн үнэ бүхий 73.791 м.кв талбайг тус байрны 1 давхарт одоо зарагдаагүй байгаа үйлчилгээний 180 м.кв талбайгаас гаргуулах, мөн 357 тоот байрны зоорийн давхрын 12 м.кв талбайтай, 60 000 000 төгрөгийн үнэ бүхий дулаан авто машины нэг зогсоол зэргийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.
1.1. Иргэн М.*******ын нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хариуцагч Л.*******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг уншиж танилцлаа.
Л.*******, М. *******, Д. нар нь 2016-12-03-ны өдөр "Арвижих констракшн"-тай харилцан тохиролцож БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрсдийн эзэмшлийн газар дээр орон сууцны барилга бариулахаар хөрөнгө оруулалтын гэрээ хийжээ.
Ингээд ажлын явцад гүйцэтгэгч "Аривжих Констракшн" компани нь гэрээнээс 2017 онд татгалзаж тус гэрээ хүчингүй болж 2018 онд Л.******* нь өөрөө тухайн барилгыг барьж ашиглалтад оруулахаар гэрээний нэг тал болж нөгөө тал болох иргэн М.*******, ******* хоёртой шинээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан гэрээ нь маш ойлгомжтой үүрэг хариуцлагаа тооцсон гэрээ болсон бөгөөд тухайн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлэхгүй нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хохироосон учраас би нэхэмжлэгчийн зүгээс хуулийн дагуу гэрээний биелэлтийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Гэтэл хариуцагч Л.******* нь 2016 оны "" ХХК-тай байгуулсан гэрээний заалтыг барин сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүх болон нэхэмжлэгч нарыг төөрөгдүүлэх гэсэн аргаа барсан хүний ажил юм.
2018 оны хөрөнгө оруулалтын гэрээнд бүх зүйл тодорхой байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, түүний гаргаж байгаа сөрөг нэхэмжлэл нь 2018 оны хөрөнгө оруулалтын гэрээтэй огт хамааралгүй байх тул шүүх хурал дээр тэдний сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэж нотлох баримтын хүрээнд үгүйсгэж мэтгэлцэх болно.
1.2. Зохигчийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, нэмэлт гэрээний үүрэгтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид өгөх ёстой байсан талбайгаас дутуу өгсөн 73,791 м.кв талбай, нэг машин зогсоол гаргуулахаар нэхэмжилсэн. 2025 онд 3 орон сууц хүлээлгэж өгсөн. Орон сууцанд хэмжилт хийхэд талбайн хэмжээ дутуу байгаа юм. Өнөөдрийг хүртэл дутуу талбайгаа өгөхгүй байгаа юм. Үндсэн нэхэмжлэл бол 2018, 2019 оны гэрээний үүрэгтэй л холбоотой юм. 2018 гэрээний 6.4-т хариуцагч зардлыг 100 хувь хариуцахаар байгаа. Мөн 6.8-д бусад этгээдийн өмнө үүсэх үүргийг хариуцагч хариуцахаар байгаа юм.
1.3. Хариуцагч нь хамтран ажиллах эсхүл хөрөнгө оруулалтын гэрээ гэж байна. Аль гэрээгээр тайлбар хэлээд байгаа нь тодорхойгүй байна. Үндсэн нэхэмжлэл бол ойлгомжтой байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. *******, ******* нар газраа шилжүүлээд хариуцагч нь барилга барьж ашиглалтад оруулж ашиг хуваарилахаар тохиролцсон. Гэрээний 3.1-д зааснаар хариуцагч нь санхүүжилтийг гаргахаар тохирсон. Үүний дагуу барилга баригдаж ашиглалтад оруулсан. Анх 12 давхар байсан бол 16 давхар болсон тул гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүгээр ашиг хуваах зарчмыг өөрчилсөн юм. Гэтэл хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй юм. Зохигчийн хооронд байгуулсан хөрөнгө оруулсан гэрээнд хуульд шууд нэрлэгдээгүй тул үүргийн гүйцэтгэлд хамаарна. Иргэний хуулийн 227.4-д зааснаар шаардах эрх үүсэж байгаа юм. Учир нь хөрөнгө оруулалтаа оруулчихсан юм.
Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь хүчингүй болсон гэрээг үндэслэж сөрөг нэхэмжлэл гаргасан байна. 2018 онд гэрээ байгуулахдаа өмнөх зардлыг нэхэмжилнэ гэсэн бол дараагийн гэрээ байгуулагдахгүй бөгөөд энэ талаар гэрээнд байхгүй. Хариуцагч нь танил талаараа зөвшөөрөл авсан байдаг. Зөвшөөрлийг хариуцагч өөрөө хариуцахаар заасан байдаг юм. Мөн сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул сөргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2016 оны гэрээний оролцогч нь өөр өөр хүмүүс байгаа юм. Улмаар цуцлагдаад хүчингүй болсон. Үргэлжилж байгаа бол энэ талаар дараагийн гэрээнд байх ёстой. Харин үргэлжилсэн гэрээ нь нэмэлт гэрээ байх ёстой юм гэв.
2. Хариуцагч Л.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, түүний өмгөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Танай шүүхэд хандаж гаргасан иргэн М.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч иргэн Л.******* би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Нэг. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвгсэрт газар эзэмшигч болох иргэн Л.*******, М.*******, Д. бид гурав өөрсдийн эзэмшлийн газар дээр орон сууцны барилга байгууламж барихаар шийдэж, 2016 оноос эхлэн "" ХХ Компанитай хэд хэдэн удаагийн уулзалтуудыг хийсэн.
Уулзалтуудын үр дүнд дээрх газар дээр орон сууцны барилга барихаар бид шийдвэрлэж, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г анх байгуулсан.
Дээрх байгуулсан “Хөрөнгө оруулалт"-ын гэрээ нь ашгийн төлөө байсан бөгөөд хөрөнгө оруулалтын төрөл, хэмжээ, ашиг хуваарилах зарчим зэргээс гадна хамгийн гол нь талуудын харилцан эдлэх эрх, үүргийг баталгаажуулсан юм. Тухайлбал:
Тус гэрээний 6 дугаар зүйл болох талуудын харилцан эдлэх эрх, үүргийн 6.3-т "барилгыг дулаан, ус, цахилгаантай холбоотой холбох холболтын цэгийг тодруулж, зөвшөөрлийн бичигт гарах зардлыг 4 тэнцүү хувааж төлнө" гэж заасан байдаг.
Учир нь барилга байгууламж барьж буй иргэн, аж ахуйн нэгжийн хувьд тухайн барьж буй барилгаа дэд бүтцэд холбох техникийн нөхцөлийг эрх бүхий байгууллагаас гаргах, үүнтэй холбоотойгоор тус шугамыг эзэмшигч шугам эзэмшигч нартай зөвшилцөн зохих зөвшөөрлийн бичгийг авах нь хамгийн чухал.
Өөрөөр хэлбэл энэхүү зөвшөөрлийн бичгийг үндэслэж эрх бүхий байгууллагууд нь тухайн барьж буй барилгад дэд бүтцээ холбох техникийн нөхцөлийг олгодог гэсэн үг.
Ингээд гэрээнд заасны дагуу эхний ээлжид цахилгааны асуудлаа шийдвэрлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд орших "Олонлог академи" сургуулийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан захиралтай 2017 онд тохиролцон, түүнд 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг 4 тэнцүү хуваан төлсөн буюу тус бүр 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийг төлж байж барилгыг барихад шаардлагатай цахилгааны зөвшөөрлийн бичгийг авсан. Үүнийг "" ХХК-ийн захирал М.Алтандэмбэрэл, иргэн Д., Б.Баясгалан захирал ч гэрчилнэ.
Хоёр. Бид барилгаа эхлүүлэхээр хөөцөлдөж байх үед буюу 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэн М., иргэн Б. нар бидний эзэмшдэг газрын ертөнцийн зүгээр баруун талд 4 давхар барилга барихаа илэрхийлж, иргэн М.*******ад НИТХурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын 4.3.1-д "орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд хөрш зэргэлдээ үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс зөвшөөрөл, санал авна" гэсний дагуу хүсэлтээ ирүүлсэн байдаг.
Хөрш зэргэлдээ газар эзэмшигч М.******* дээрх хүсэлтийн дагуу тэдэнд 5 давхар барихад татгалзах зүйлгүйгээ мэдэгдсэн зөвшөөрлийг өгсөн ба ингэхдээ иргэн Д.Баттулгын өмнөөс гарын үсгийг нь дуурайлган, хуурамчаар зурж, олгосон болно.
Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хүсэлтийн дагуу олгосон иргэн М.*******ын зөвшөөрлөөс болж, хажуу талд 5 давхар ч биш "Парк вилла" хотхоны 357А хаягтай 16 давхар баригдсан юм.
Үүнээс шалтгаалан бидний барихаар зураг төслийг нь боловсруулсан байсан В1 давхар буюу зоорийн давхрын D блок баригдах боломжгүйд хүрч, 6 ширхэг автомашины дулаан зогсоол хасагдсан түүхтэй.
Батлагдсан зургийн дагуу анх 30 ширхэг автомашины дулаан зогсоол баригдах ёстой байсан бол төлөвлөгдсөнөөс 6 автомашины зогсоолоор буурч, 24 ширхэг автомашины дулаан зогсоол барих боломж бидэнд үлдсэн юм.
Энэ нь автомашины дулаан зогсоол хасагдсан эхний шалтгаан.
Гурав. 2016 онд байгуулсан “Хөрөнгө оруулалт"-ын гэрээнээс "Аривжих контракшн” компани татгалзсаны улмаас дээрх гэрээг бид 3 өөрсдөө хэрэгжүүлэхээр тохиролцон, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хоорондоо "Хөрөнгө оруулалт"-ын шинэ гэрээг байгуулсан. Ингэхдээ газар эзэмшигч Д. иргэн О.******* руу газар эзэмших эрхээ шилжүүлсэн байдаг.
Энэхүү байгуулсан гэрээ нь мөн л ашгийн төлөө байсан бөгөөд хөрөнгө оруулалтын төрөл, хэмжээ, ашиг хуваарилах зарчим зэргээс гадна хамгийн гол нь талуудын харилцан эдлэх эрх, үүргийг баталгаажуулан, үргэлжлүүлэхэд оршиж байсан юм.
Гэрээний 3.1.1-т иргэн Л.******* буюу гэрээний "А" тал би "...өөрийн эзэмшлийн 400 м.кв газар, түүний эзэмших эрх болон орон сууцны зориулалттай 12 давхар барилгыг барих нийт санхүүжилтийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр оруулна",
Гэрээний 3.1.2-т иргэн М.*******, иргэн О.******* буюу гэрээний "Б" тал нь зөвхөн "....өөрсдийн эзэмшлийн тус бүр 400 м.кв газар, түүний эзэмших эрхээр хөрөнгө оруулахаар",
Гэрээний 6.2-т ".... Техникийн нөхцөлүүдийг /дулаан, цахилгаан, холбоо, цэвэр бохир ус холбох цэг/ "Б" тал авч "А" талд хүлээлгэн өгнө" гэж тус тус заасан байдаг.
Энэ нь дээр дурдсанаар барьж буй барилгаа дэд бүтцэд холбох техникийн нөхцөлийг эрх бүхий байгууллагаас гаргах, үүнтэй холбоотойгоор тус шугамыг эзэмшигч шугам эзэмшигч нартай зөвшилцөн зохих зөвшөөрлийн бичгийг авах нь "Б" тал буюу иргэн М.*******, иргэн О.******* нарын үүрэг байгаа юм.
Дөрөв. Иргэн Л.*******, М.*******, О.******* нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан "Хөрөнгө оруулалт"-ын гэрээнд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр бид тохиролцон, нэмэлт өөрчлөлт оруулсан.
Гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1-т "..."А" тал нь барилгын орон сууцны нийт талбайгаас "Б" талд шилжүүлэн өгөх тус бүр 400 м.кв буюу нийт 800 м.кв талбай бүхий орон сууц, зоорийн давхрын 2 автомашины дулаан зогсоолоос бусад бүх талбай, автомашины дулаан зогсоолыг авна",
Гэрээний 3-т "Хэрэв гэрээний аль нэг тал нөгөө талдаа илүү болон дутуу метр квадрат бүхий талбай өгвөл талууд зөрүүг харилцан тохиролцсоны дагуу төлөхөөр шийдвэрлэв" гэж тус тус заасан.
Гэрээнд заасны дагуу иргэн М.*******ад миний зүгээс өмнө нь зөрүү метр квадрат талбайгаа 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр бодож авах саналыг удаа дараа гаргаж байсан боловч тэрээр худалдан авах боломжгүй нь улмаас хүлээж авдаггүй, саналаа надад ирүүлдэггүй, эргэж мөн хариу өгдөггүй байсан. Харин газар эзэмшигч О.******* миний гаргасан саналыг хүлээн авч, гэрээгээ ухамсарлан үүргээ биелүүлж, тохиролцсон.
Тав. Иргэн Л.******* би 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн БА- 138/2024 дугаартай "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт"-ээр өндөр төвөгшилтэй ангиллын, зоорьтой 16 давхар, 2 блок хүчин чадал бүхий 17 /арван долоон/ автомашины дулаан зогсоол, 58 /тавин найман/ айлын орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулсан.
Дүгнэлтээр 24 автомашины дулаан зогсоол төлөвлөсөн байсныг 7 ширхгээр бууруулж буюу 17 болгосон нь автомашины дулаан зогсоол хасагдсан хоёр дахь шалтгаан юм.
Иргэн М.******* энэ бүх учир шалтгаан, барилга баригдсан 5 жилийн асар хүнд нөхцөл байдлыг бүгдийг бүрэн ойлгож байгаа атлаа одоо ийм нэхэмжлэл гаргаж, гаднаа 5 зогсоолтой мэтээр асуудлыг худлаа дэгсдүүлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд харин иргэн Л.******* би эдийн засгийн хувьд учирсан бодит хохирол олох байсан орлого, цаг хугацааны алдагдал зэргээ нэхэмжлэл гарган нэхэмжлэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд иргэн миний зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул надад үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү
2.1. Анх 2016 онд нэхэмжлэгч миний бие болон хариуцагч М.*******, иргэн Д. нар нь өөрсдийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газар дээр орон сууцны барилга байгууламж барихаар шийдэж "Арвижих констракшн" ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр №01 дугаартай "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г байгуулсан болно.
Мөн энэхүү гэрээний 3 дугаар зүйл болох "Хөрөнгө оруулалтын төрөл, ашиг, эрсдэл хуваарилах нөхцөл" дээр хөрөнгө оруулалтын төрөл хэмжээг М.*******, Д. бид 3 зөвхөн газраар, харин "хамт" ХХК-нь 16 давхар барилгыг барих нийт санхүүжилтийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр оруулахаар, 6 дугаар зүйлийн 6.3-д талуудын харилцан эдлэх эрх, үүргийн хүрээнд "... барилгыг дулаан, ус, цахилгаантай холбоотой холбох холболтын цэгийг тодруулж, зөвшөөрлийн бичигт гарах зардлыг 4 тэнцүү хувааж төлөхөөр..." тухайлсан зохицуулалт оруулсан байдаг.
Ингээд гэрээнд заасны дагуу эхний ээлжид цахилгааны асуудлаа шийдвэрлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд орших "Олонлог академи" сургуулийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан захиралтай 2017 онд харилцан тохиролцож, түүнд 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг 4 тэнцүү хуваан төлсөн буюу гэрээний талууд тус бүр 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийг төлж байж тус барилгыг барихад шаардлагатай цахилгааны зөвшөөрлийн бичгийг авч байсан ба энэхүү зөвшөөрлийн бичгийнхээ дагуу "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас цахилгааны техникийн нөхцөлөө гаргуулсан болно.
Нөгөө талаас барилга байгууламж барьж буй иргэн, аж ахуйн нэгжийн хувьд тухайн гаргах, үүнтэй холбоотойгоор тус шугам эзэмшигч нартай зөвшилцөн зохих барьж буй барилгаа дэд бүтцэд холбох техникийн нөхцөлийг эрх бүхий байгууллагаас зөвшөөрлийн бичгийг авах нь хамгийн чухал бөгөөд энэхүү зөвшөөрлийн бичгийг үндэслэж эрх бүхий байгууллагууд нь тухайн барьж буй барилгад дэд бүтцээ холбох техникийн нөхцөлийг олгодог тул бидний хамтын ажиллагаа дээр дурдсан гэрээний 6.3-д заасан үндэслэлийн хүрээнд талуудын эрх тэгш зарчмын дагуу явагдаж эхэлсэн түүхтэй.
Харин 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан тус "Хөрөнгө оруулалтын гэрээ"-ээс "Аривжих контракшн" ХХК-ний хувьд тухайн газарт барилга барих боломжгүй гэж үзэн татгалзсаны улмаас дээрх гэрээг цаашид бид 3 өөрсдөө хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр энэхүү гэрээний үргэлжлэл болгон "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г шинэчлэн А.Талын буюу "Аривжих контракшн” ХХК-ний гүйцэтгэж байсан тус орон сууцны барилгыг барихтай холбоотой санхүүжилтийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр миний бие олох үүрэг хүлээж А тал болох, газар эзэмшигч Д. иргэн О.******* руу газар эзэмших эрхээ шилжүүлэх, цаашид О.******* нь гэрээний Б талын эрх үүргийг М.*******ын хамт хэрэгжүүлсний үндсэн дээр хамтран ашиг хуваарилах зарчмыг баримтаж талуудын харилцан эдлэх эрх, үүргийг дахин баталгаажуулж анхны гэрээг үргэлжлүүлсэн.
Тухайлбал: Энэхүү нөхцөл байдал нь дээр дурдсан "Хөрөнгө оруулалтын гэрээ"- ний 6 дугаар зүйлийн 6.3-д "... барилгыг дулаан, ус, цахилгаантай холбоотой холбох холболтын цэгийг тодруулж, зөвшөөрлийн бичигт гарах зардлыг талууд 4 тэнцүү хувааж төлөх ...", 6.2-д "... Б тал нь тухайн орон сууцны барилгын техникийн нөхцөлүүд /дулаан, цахилгаан, холбоо, цэвэр, бохир ус холбох цэг тавих/-ийг авах үүрэгтэй ..." гэх талуудын харилцан эдлэх эрх, үүргийн зохицуулалтаас тодорхой харагдана.
Түүнчлэн миний бие тус гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасан эрхийн хүрээнд аливаа гэрээ хэлцлийг бие даан шийдвэрлэж, барилгын үйл ажиллагааны явцад, ерөнхий удирдлагыг хэрэгжүүлж байсны хувьд иргэн М.*******, О.******* нараас гаргасан санал хүсэлт, тохиролцооны дагуу барилгаа дулаан, цэвэр, бохир усны шугамд холбох уулзалтуудыг тэдний нэрийн өмнөөс миний бие төлөөлөн иргэн, байгууллагуудтай хийж, зохих төлбөрийг төлж, зөвшөөрлийн бичгүүдийг авч, техникийн нөхцөлүүдийг гаргуулан, зураг төслөө хийлгэж дэд бүтцэд холбосон байдаг.
Тодруулбал: 1. Тус барилгын техникийн нөхцөлтэй холбоотойгоор: дулаанд зориулан “” ХХК-д 180.000.000 төгрөг, цэвэр, бохир усны шугаманд "" ХХК-д 55.000.000 төгрөг, “Ус сувгийн удирдах газар"-аас өгсөн чиглэлийн дагуу "" ХХК-д 18.333.333 төгрөг буюу нийт 253.333.333 төгрөгийн зардал гаргасан.
2. Барилгын зураг төсөл болон гадна шугамын ажилд зориулан: "Эрчим төсөл" ХХК-д 93.000.000 төгрөг, барилгын гадна дэд бүтцийн зураг төсөл буюу "Холбооны инженерийн шугам сүлжээний салбар сувагчлалыг шинээр байгуулах ажлын гэрээ"- ний дагуу "Юу Ти Пи" ХХК-д 16.437.737 төгрөгөөр байгуулж зураг төслийг 2.000.000 төгрөгөөр, гадна цахилгааны зураг төслийг "Анод катод" ХХК-иар 1.400.000 төгрөгөөр, гадна цэвэр, бохир дулааны ажлын зургийг "Гидродизайн инноваци" ХХК-р 4.950.000 төгрөгөөр, иргэн н.Оюунгэрэлээр узелийн өөрчлөлтийн зургийг 2.400.000 төгрөгөөр, дулааны шугам татах трасс өөрчлөлт, дотор дулааны тооцоолол өөрчлөлттэй холбоотой 25.000.000 төгрөгийн нэмэлт зардал гаргаж нийт 128.750.000 төгрөг,
3. Барилгыг барихтай холбоогүйгээр гарсан бусад зардлуудын хүрээнд: Иргэн М.*******, О.******* бидэнд олгосон Захиргааны актыг хүчингүй болгуулахаар буюу барилгын ажлыг зогсоохтой холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолтой холбогдуулан "Эрхэм" сууц өмчлөгчдийн холбоонд 88.000.000 төгрөг, иргэн Б., А., Ю. нарт 28.000.000 төгрөг, "Парк вилла" сууц өмчлөгчдийн холбоонд 64.000.000 төгрөг, мөн 359 дүгээр байрны оршин суугч О.Эрдэнэбаярт /РД:/ 45.000.000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд хуульч, өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэд 15.000.000 сая төгрөг буюу нийт 240.000.000 төгрөгийг өөрөөсөө бие даан гаргаад байгаа болно.
Гэрээнд оролцогч талууд хүлээсэн үүргээ хууль, эрх зүйн хүрээнд адил тэгш эрхтэй хэрэгжүүлэх үүрэгтэй оролцох ёстой.
Гэтэл миний бие тус гэрээний дагуу зөвхөн уг орон сууцны барилгыг барих зорилгоор шаардагдах хөрөнгө оруулалтыг хийх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийн байдлаар тухайн барилгыг барихтай холбоотой болон холбоогүй бүхий л зардлыг дээрх байдлаар дангаар гаргаж М.*******ын хувьд зөвхөн өөрийн авах ёстой гэх 400 м.кв талбайг нэхэмжлэн шаардаж байгаа нь энэхүү тэгш эрхийн зарчим алдагдах гол хүчин зүйлийг бий болгож байгаад гомдолтой байна.
М.*******ын хувьд миний зүгээс өмнө нь зөрүү метр квадрат талбайгаа 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр бодож авах саналыг удаа дараа гаргаж байсан боловч тэрээр худалдан авах боломжгүй нь улмаас хүлээж авдаггүй, саналаа надад ирүүлдэггүй, дээр дурдсан гэрээнд заасан үүргээ хэрхэн биелүүлэх, харилцан тохиролцох талаар санал гаргадаг ч эргэж мөн хариу өгөөгүй уулзахгүй байсаар өнөөдрийг хүрсэн.
Харин газар эзэмшигч буюу гэрээний Б талын нэг болох О.******* миний гаргасан саналыг хүлээн авч, гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаж үүргээ биелүүлэн, зөрүү метр квадратын мөнгөө ч, дээр гарсан иргэн М.*******тай хувааж төлөх зардлаа ч төлсөн байгаа.
Бид барилгаа эхлүүлэхээр хөөцөлдөж байх үед буюу 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэн М., иргэн Б. нар бидний эзэмшдэг газрын ертөнцийн зүгээр баруун талд 4 давхар барилга барихаа илэрхийлж, иргэн М.*******ад НИТХурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын 4.3.1-д "орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд хөрш зэргэлдээ үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс зөвшөөрөл, санал авна" гэсний дагуу хүсэлтээ ирүүлсэн байдаг.
Гэтэл хөрш зэргэлдээ газар эзэмшигч М.******* нь бидний хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 7. дугаар зүйлийн 7.1-д тодорхойлсон А талын аливаа гэрээ хэлцлийг бие даан шийдвэрлэх, барилгын үйл ажиллагааны явцад ерөнхий удирдлагыг хэрэгжүүлэх эрхэд ноцтой халдаж дээрх хүсэлтийн дагуу тэдэнд 5 давхар барихад татгалзах зүйлгүйгээ мэдэгдсэн зөвшөөрлийг дангаар шийдвэр гаргаж өгснөөс болж хажуу талд 5 давхар ч биш "Парк вилла" хотхоны 357А хаягтай 16 давхар баригдсан.
Угтаа бол талууд 2015 онд батлагдсан 2015/212 дугаартай архитектүр төлөвлөлтийн даалгаврын дагуу барилга барихаар төлөвлөж, 2016 оноос хойш нэгэн зорилгын төлөө хөрөнгө оруулалт татах уулзалтуудыг удаа дараа хийж байж ажлын эхлэлээ тавьсан атал иргэн М.******* дээрх бүх явдлыг мэдсээр байж 2017 онд иргэн М., Б. нарт хажуу талдаа барилга барих зөвшөөрлийг олгосон байдаг.
Үүнээс шалтгаалан бидний барихаар зураг төслийг нь боловсруулсан байсан В1 давхар буюу зоорийн давхрын D блок баригдах боломжгүйд хүрч, 6 ширхэг автомашины дулаан зогсоол хасагдсан түүхтэй.
Өөрөөр хэлбэл батлагдсан зургийн дагуу анх 30 ширхэг автомашины дулаан зогсоол баригдах ёстой байсан бол дээрх М.*******ын бие даан зөвшөөрөлгүй хэрэгжүүлсэн үйлдлээс нь болж төлөвлөгдсөнөөс 6 автомашины зогсоолоор буурч, 24 ширхэг автомашины дулаан зогсоол барих улмаар 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн БА-138/2024 дугаартай "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт"-ээр өндөр төвөгшилтэй ангиллын, зоорьтой 16 давхар, 2 блок хүчин чадал бүхий 17 /арван долоон/ автомашины дулаан зогсоол, 58 /тавин найман/ айлын орон сууцны барилга байгууламж болж ашиглалтад оруулах нэг шалтгаан болсон байдаг.
Нөгөө талаас иргэн М.******* энэ бүх учир шалтгаан, барилга баригдсан 5 жилийн асар хүнд нөхцөл байдал, "Арвижих констракшн" ХХК яагаад гэрээнээс татгалзсан зэргийг бүгдийг бүрэн ойлгож, мэдэрч байсан, гэрээ байгуулж хөрөнгө оруулалт хийснээс хойш хэнд ч ямар нэгэн зөвшөөрөл олгохгүй гэсэн атлаа 2017 онд бусдад өөрөөсөө болон бусдын өмнөөс зөвшөөрөл өгч, иргэн надад эдийн засгийн хувьд бодит хохирол учруулан, олох ёстой байсан 6 дулаан автомашины зогсоолыг барих боломжгүй байдалд хүргэн, гэрээг ноцтой зөрчиж, эдийн засгийн болоод цаг хугацааны хувьд асар их алдагдалд оруулах, 2019 оны 3 дугаар сард гэрээнд дахин нэмэлт өөрчлөлт оруулах нэг үндэслэл болсон юм.
Иймд дээр дурдсан үндэслэлийн хүрээнд иргэн М.*******аас талуудын хооронд байгуулсан "Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний үүргийн түүнд ногдох 249.583.334 /хоёр зуун дөчин есөн сая таван зуун наян гурван мянга гурван зуун гучин дөрвөн/ төгрөг, олох ёстой байсан орлого болох 6 дулаан автомашины зогсоолын тооцоонд 360.000.000 /гурван зуун жаран сая/ төгрөг, нийт 609.583.334 /зургаан зуун есөн сая таван зуун наян гурван мянга гурван зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулах тухай энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байх тул тус шүүхэд хандан гаргасан М.*******ын үндсэн нэхэмжлэлийнхэн хамт шийдвэрлэж өгөхийг хүсье.
2.2. Нэхэмжлэгч нь 1 давхрын үйлчилгээний талбайнаас болон зогсоол гаргуулахаар шаардсаныг эс зөвшөөрч байгаа юм. Хариуцагч нь хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу хуульд зааснаар сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. Хамтын үйл ажиллагааг хамтран эсхүл нэг тал эрхлэн явуулах талаар зохицуулсан. Хамтран үйл ажиллагаа явуулах бол харилцан тохиролцох нэг нь гүйцэтгэх бол төлөөлөх эрхтэй байдаг. Гэрээнээс үзэхэд хариуцагч нь хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр байдаг. Ингэхдээ харилцан хэн аль нь холбогдох зөвшөөрлийг авахаар байдаг. Хуульд зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол оруулсан хувиар ашгийг хуваахаар байдаг. Ашгийг хураамжид хувь тэнцүүлж хуваарилна. Хамтран ажиллах гэрээний 7.1-д зааснаар хариуцагч нь үйл ажиллагааг бие даан шийдвэрлэж ерөнхий удирдлагыг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Гэрээний зорилгыг харгалзахаар хуульд заасан байдаг. Үүний дагуу 2016 онд хийсэн компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж иргэн хураамжийг газраар, компани нь зардал гаргахаар тохирсон. Тусгай зөвшөөрлийг хэн аль нь хариуцахаар заасан. Гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргаж мөн тусгай зөвшөөрөл авсан байдаг. Барилга барихад зөвшөөрлийн бичиг чухал байдаг. 2016.12.9 гэрээний дагуу компани нь гэрээг хэрэгжүүлэх боломжгүй гэсний дагуу иргэд өөрсдөө барилга барих болсон. Үүний учир хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэн байгуулсан. Улмаар санхүүжилтийг хариуцагч хариуцах болсон. Энд ******* болон нэхэмжлэгч нар нь тодорхой үүрэг хүлээсэн. Эрх үүргийг гэрээгээр тодорхойлсон. Ингээд барилга барихаар төлөвлөж ажлын эхлэл тавигдсан. Энэ талаар нэхэмжлэгч мэдсээр байж бусдад барилга барих зөвшөөрөл олгосноор гэрээ хэрэгжих буюу барилга баригдах боломжгүй болсон. Үүний дагуу зогсоолын тоо буурсан бөгөөд энэ талаар мэдэгдэж байсан. Үүнийг нэхэмжлэгч хүлээн авч зөвшөөрсөн байдаг. Гэрээг өөрчилсөн нөхцөлд нийцүүлэхийн тулд хариуцагч тал ажилласан. Батлагдсан зургаар 30 зогсоол байх ёстой боловч нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй хийсэн үйлдлээс болж 6 зогсоол хасагдсан. Улмаар барилгад өөрчлөлт орсон юм. Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор үлдэх хэсгийг тооцох ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс зөрүү талбайг 3 саяар тооцож авах саналыг хүлээн авч хариу өгдөггүй юм. Гэтэл нөгөө хамтрагч нь ******* нь энэ саналыг хүлээн авч гэрээ хэрэгжсэн байдаг.
Сөрөг нэхэмжлэлийн хүрээнд барилгын техникийн нөхцөлтэй холбоотойгоор харилцан нөхцөлөө зориулах ёстой. Зөвшөөрөл авахад нийт 253,333,333 төгрөгийн зардал гарсныг нэхэмжилж байгаа юм. Гадна талбай болон сувагчлалын зураг төсөл болон зардалд гарсан нийт 123,750,000 төгрөг гарсан. Мөн бусад зардал буюу шүүхэд гаргасан зардалд нийт 233,000,000 төгрөг гаргасан. Нийт 609,583,330 төгрөгийн зардал нэмж гарсан. Эхний зардлыг нэхэмжлэгч хариуцах ёстой. Дараагийн зардал нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой тул нэхэмжлэгчээс гаргуулна. Шүүхтэй холбоотой зардлыг нэхэмжлэгч болон хариуцагч, мөн ******* нар хариуцах тул нэхэмжлэгчээс гурав хуваасны нэгийг авна. Сөрөг нэхэмжлэлийг андуурч тайлбарласан байна. Шүүхэд бичгээр гаргасан сөргийг дэмжинэ.
Хөрөнгө оруулалтын гэрээ нь хамтран ажиллах гэрээнд хамаарна. Энэ гэрээний дагуу эрх үүрэг хэрэгжүүлж удирдлагын асуудал хариуцагчид байсан тул энэ дагуу сөрөг нэхэмжлэл гаргасан. 2016 оны гэрээ үргэлжилж явж байгаа юм. Хариуцагч нь зөвхөн хөрөнгө оруулагчийн үүргийн авч хэрэгжүүлж байгаа бөгөөд бусад эрх үүрэг хэвээр явж байгаа юм гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3а. Нэхэмжлэгчээс: 2018.11.15-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар /хх6-7/, газар эзэмших гэрчилгээний хуулбар 3 ширхэг /хх8-9/, хөрөнгө оруулалтын гэрээний нэмэлт, өөрчлөлтийн хуулбар /хх10/, талбайг тооцсон тэмдэглэл /хх11-19, 51-53/,
3б. Хариуцагчаас: 2016.12.09-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар /хх38-41, 99-100/, 2018.08.17-ны өдрийн хамтран ажиллах гэрээний хуулбар /хх102-103/, “” ХХК-ийн албан тоотын хуулбар /хх104/, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ийн албан тоотын хуулбар /хх106/, “” ХХК-ийн албан тоотын хуулбар /хх107/, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны албан тоотын хуулбар /хх107/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга 2 ширхэг /хх109, 165/, холбооны инженерийн шугам сүлжээний сувагчлалыг шинээр байгуулах ажлын гэрээний хуулбар /хх115-117/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар /хх118/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0396 дугаар захирамжийн хуулбар /хх119-122/, мөн өдрийн 0395 дугаар захирамжийн хуулбар /хх123-126/, мөн оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0430 дугаар захирамжийн хуулбар /хх127-129/, Эрхэм СӨХ ТББ-н албан тоотын хуулбар /хх130/, 2024.04.25-ны өдрийн эвлэрлийн гэрээний хуулбар /хх132-133/, 2024.05.17-ны өдрийн эвлэрлийн гэрээний хуулбар /хх134/, “Парк вилла” СӨХ-ны албан тоотын хуулбар /хх135/, “Парк вилла” СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолын хуулбар 2 ширхэг /хх137, 138/, хүсэлтийн хуулбар /хх139/, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбар /хх141-144/, палан зургийн хуулбар 2 ширхэг /хх145-146/, шилжүүлгийн мэдээлэл 22 ширхэг /хх147, 149-158, 161-163, 166, 168-172, 174-175/, эд хөрөнгө худалдах, шилжүүлэх зөвшөөрлийн хуудасны хуулбар /хх150/, бэлэн мөнгөний зарлагын баримт /хх160/, Хаан банк дахь Т.Түмэнжаргалын дансны хуулга /хх164/, Төрийн банк дахь өөрийн дансны хуулга /хх176/, зарлагын маягтын хуулбар /хх177/
3.1. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10-3/471 дугаар албан тоот /хх184/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 1 ширхэг авто зогсоол гаргуулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үйлчилгээний талбай гаргуулах болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч М.******* нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ******* байрнаас орон сууцны дутуу 73,791 м.кв талбайд үйлчилгээний талбай, 1 ширхэг авто зогсоол гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээний үүрэгтэй холбоотойгоор 249,583,334 төгрөг, олох байсан орлого буюу 6 ширхэг авто зогсоолтой холбоотойгоор 360,000,000 төгрөг нийт 609,583,334 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. /хх94-97/
4. Зохигч болон О.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хөрөнгө оруулалтын гэсэн нэртэй гэрээ байгуулжээ. /хх6-7/
Гэрээний 1.1, 1.2, 2.1-д зааснаар талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашгийн төлөө хамтран ажиллахаар тохиролцсон. Үүнээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. Энэхүү гэрээгээр мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар талууд хамтын үйл ажиллагаанд зориулж хураамж төлөх бөгөөд мөн зүйлийн 477.2-т зааснаар хураамжийг хөрөнгөөр төлөх боломжтой юм.
Хөрөнгө оруулалтын гэрээний 3.1-д талуудын төлөх хураамжийн талаар тохиролцжээ. Тодруулбал гэрээний 3.1.1-д зааснаар энэ хэргийн хариуцагч нь өөрийн эзэмшлийн газар болон барилгын санхүүжилтийг мөнгөн болон эд хөрөнгөөр, харин нэхэмжлэгч нь зөвхөн өөрийн эзэмшлийн газраар хураамж төлөхөөр тохиролцсон байна.
Гэрээний 4.3, 4.2-т зааснаар нэхэмжлэгч болон О:******* нар хамтын үйл ажиллагааны үр шимд тодорхой хэмжээний орон сууцны талбай болон авто зогсоол авч барилгын үлдэх хэсгийг хариуцагч өмчлөлдөө авахаар тохиролцжээ.
Үүний дараа талууд 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэгч болон О.******* нар нь тус бүр 400 м.кв орон сууцны талбай болон нэг нэг авто зогсоол өмчлөлдөө авахаар тохиролцсон. /хх10/
4.1. Хамтран ажиллах гэрээнд заасан барилга нь баригдаж байнгын ашиглалтад хүлээн авсан болох нь барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн БА-13812024 дүгээр дүгнэлтээр тогтоогдож байна. /хх141-144/
Улмаар нэхэмжлэгч нь нийт 326.209 м.кв талбай бүхий 3 ширхэг орон сууцыг өөрийн өмчлөлд хүлээн авсан болох нь сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэлүүдээр тогтоогдсон. /хх11-12, 17-18, 51-52/
Ийнхүү нэхэмжлэгч нь гэрээнд зааснаас 72.791 м.кв дутуу талбай бүхий орон сууц авсан үйл баримтын талаар хариуцагч тал маргаагүй.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлдог. Гэрээнээс үзэхэд хариуцагч нь орон сууц хүлээлгэн өгөх үүрэгтэй ба харин нэхэмжлэгч нь дутуу талбайд тооцогдох орон сууц байхгүй гэсэн үндэслэлээр 1 давхарт байрлах үйлчилгээний талбай гаргуулахаар шаардсан байна.
Гэвч гэрээгээр орон сууц олгохоор тохиролцсон тул хариуцагчид үйлчилгээний талбай олгох үүрэг үүсэхгүй. Харин нэхэмжлэгч нь орон сууцны дутуу талбайг биет байдлаар бус өөр хэлбэрээр шаардахад энэ шийдвэр саад болохгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 73.791 м.кв үйлчилгээний талбай гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.2. Зохигч авто зогсоол олгогдоогүй үйл баримтын талаар маргаагүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас анх батлагдсан 30 авто зогсоолын тоо 24 болж цөөрсөн тул эрсдэлийг хамтран хариуцаж, авто зогсоол олгох боломжгүй гэж маргаж байна.
Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн зоорийн давхрын авто зогсоолын палан зургаас үзэхэд 30 ширхэг авто зогсоолтойгоор төлөвлөгджээ. /хх146/
Гэвч барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээс үзэхэд 17 авто зогсоол ашиглалтад орсон байна. /хх142/
Хамтран ажиллах гэрээний 7.1-д зааснаар хариуцагч нь гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ, хэлцлийг бие даан шийдвэрлэж, барилгын үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь барилгын үйл ажиллагааг удирдаж байсны хувьд авто зогсоолын тоо хэмжээг хэрхэн зохицуулахыг хариуцаж байжээ. Цаашлаад хэрэгт байгаа баримтаар авто зогсоолын тоо цөөрөхөд нэхэмжлэгч хамааралтай гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд гэрээнд заасан үүргийн дагуу хамтын үйл ажиллагааны үр шим болох 1 ширхэг авто зогсоолыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
5. Сөрөг нэхэмжлэлд дурдсанаар шаардлагыг гэрээний үүрэгтэй холбоотойгоор 249,583,334 төгрөг, олох байсан орлого буюу 6 ширхэг авто зогсоолтой холбоотойгоор 360,000,000 төгрөг нийт 609,583,334 төгрөг гэж тайлбарласан. Гэвч сөрөг нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд дулааны нөхцөлтэй холбоотойгоор 180,000,000 төгрөг, цэвэр, бохир усны шугамын зардалд 55,000,000 төгрөг, ус сувгийн удирдах газрын өгсөн чиглэлийн дагуу “” ХХК-д төлсөн төлбөр 18,333,333 төгрөг, барилгын зураг төсөл, гадна шугамын зардалд 128,750,000 төгрөг, Захиргааны хэргийн шүүхэд үүссэн маргаантай холбоотойгоор гарсан зардалд 240,000,000 төгрөг шаардсан байна. /94-96/
Хамтран ажиллах гэрээний 6.2-т зааснаар барилгатай холбоотой техникийн нөхцөлийг нэхэмжлэгч болон О.******* нар хариуцан гаргуулж, хариуцагчид хүлээлгэн өгөх бөгөөд харин хариуцагч нь ерөнхий төлөвлөгөө, эскиз зураг, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авах, 3.1.1-д зааснаар барилга барих бүхий л санхүүжилтийг хариуцахаар тохиролцжээ.
Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээ буюу уг гэрээний үүрэг үргэлжилж байгаа гэж тайлбарласан. Гэвч уг гэрээний талууд өөр бөгөөд хүлээсэн үүрэг нь энэ хэрэгт маргаж байгаа талууд, тэдгээрийн хүлээсэн үүргээс өөр байна. Цаашлаад энэ хэрэгт маргаж буй 2018, 2019 оны гэрээнд 2016 оны гэрээний талаар дурдагдаагүй, өөрөөр хэлбэл гэрээг шинээр байгуулсан байх тул хариуцагчийн энэхүү тайлбар үндэслэлгүй. /хх99-100/
5.1. Хариуцагч болон “” ХХК нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан гэрээний 1.1, 2.2-т зааснаас үзэхэд сөрөг нэхэмжлэлд дурдсан 180,000,000 төгрөгийн зардал нь техникийн нөхцөлтэй хамааралгүй, харин дулаан болон цэвэр, бохирын шугам, түүнийг угсрах, холбохтой холбогдох зардал байна. /хх102-103/
5.2. “” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаар албан тоот, Хаан банкны шилжүүлгийн мэдүүлгээс үзэхэд цэвэр усны шугам хоолойг угсрах, төвийн шугамд холбоход зориулж 35,000,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн байна. Иймд энэ нь техникийн нөхцөлд хамаарахгүй тул нэхэмжлэгчид энэхүү төлбөрийг төлөх үүрэг гэрээгээр үүсээгүй. /хх101, 149, 150/
5.3. “” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар албан тоот, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2/1028 дугаар албан тоотоос үзэхэд сөрөг нэхэмжлэлд дурдсан 18,333,333 төгрөгийн зардал нь цэвэр усны шугамын холболтой хамааралтай, техникийн нөхцөлд хамаарахгүй байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс шаардах эрхгүй. /хх107, 106/
5.4. Холбооны инженерийн шугам сүлжээний сувагчлалыг шинээр байгуулах гэрээнээс үзэхэд нь техникийн нөхцөл биш бөгөөд шинээр сүлжээ байгуулах ажлыг гүйцэтгэхтэй холбоотой гэрээ байна. /хх115-117/
5.5. Сөрөг нэхэмжлэлд дурдсанаар барилгын зураг төсөл, гадна шугамын зардалд 128,750,000 төгрөг шаардаж байгаа нь маргаж буй ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн хураамжид хамаарах зардал байна.
5.6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0396 дугаар захирамж, 0395 дугаар захирамж, мөн оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0430 дугаар захирамж, 2024 оны 04 дугаар сарын 25-ны өдөр болон мөн оны 05 дугаар сарын 01-ны өдрийн эвлэрлийн гэрээнээс үзэхэд Захиргааны хэргийн шүүх дээрх маргаан нь нэхэмжлэгчид хамааралгүй бөгөөд тэрээр тухайн хэргийн оролцогч биш байна. Энэ хэрэгт маргаж буй хамтран ажиллах гэрээгээр хариуцагч нь барилга барихтай холбоотой бүхий л үйл ажиллагааг удирдаж хэрэгжүүлсэн, холбогдох зардлыг хариуцахаар гэрээгээр тохиролцсон байх тул шүүхэд үүссэн маргааны талаар эвлэрлийн гэрээ байгуулж төлсөн гэх зардлыг нэхэмжлэгч төлөх үндэслэлгүй. /хх119-122, 123-126, 127-129, 132-133/
5.7. Дээр дурдсанаар авто зогсоолын тоо багасахад нэхэмжлэгч буруутай гэдэг нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч нь 6 авто зогсоолтой холбогдох олох байсан гэх орлогыг нэхэмжлэгчээс шаардах боломжгүй.
Эдгээр үндэслэлийг нэгтгэн дүгнээд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8, 477 дугаар зүйлийн 477.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Л.*******ээс Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ******* байрнаас 1 ширхэг авто зогсоол гаргуулж, нэхэмжлэгч М.*******ад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 73.791 м.кв үйлчилгээ талбай гаргуулах хэсэг болон нэхэмжлэгч М.*******аас нийт 609,583,334 төгрөг гаргуулах тухай хариуцагч Л.*******ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 1,722,765 төгрөг, хариуцагчийн 3,205,867 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД