| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/04804/И |
| Дугаар | 191/ШШ2025/06412 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/06412
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,
Нэхэмжлэгч: Х.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.А холбогдох,
23,078,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.******* 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 08:00-09:00 цагийн хооронд миний машин болох ******* Приус маркийн машиныг *******гийн ******* нь согтуугаар жолоодон осол гаргасан. Тухайн үед Г.******* нь намайг түр гарсан хойгуур асаалттай байсан машиныг унаж буудлаас хойш 200-300 метр газар яваад буцаад эргэх гэж байгаад гэрлийн шон мөргөн замын хашлага давж онхолдсон. Түүний буруутай үйлдлээс миний машинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Миний машинд ******* ХХК-ийн үнэлгээгээр 21,130,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ талаар бид ярьж тохиролцсон Г.******* нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахаар баталгаа гаргаж өгсөн боловч өнөөг хүртэл төлөхгүй байна. Иймд хариуцагч Г.*******ээс машинд учруулсан хохирол болох 21,130,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 950,000 төгрөг, замын гэрэлтүүлгийн шонгийн хохирол барагдуулсны төлбөр 998,000 төгрөг, нийт 23,078,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч ******* 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэн *******гийн машин болох ******* дугаартай Приус маркийн авто машиныг согтуугаар жолоодож осол гаргасан нь үнэн болно. Машинд учруулсан хохирол болох 21,130,000 төгрөг, үнэлгээ 950,000 төгрөг, зам гэрэлтүүлгийн шон 998,000 төгрөг, нийт 23,078,000 төгрөг. Уг хохирлыг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 700,000 төгрөг төлж нийт 32 сарын хугацаанд барагдуулж дуусгана. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар явуулж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Х.******* миний бие *******д холбогдуулаад 23,078,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. 2025.07.29-ний өдөр хариуцагч *******ийн гаргасан хариу тайлбартаа уншиж танилцлаа. Бид хоорондоо тохиролцож сар бүр 700,000 төгрөг төлөхийг ярилцаж тохиролцсон болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч ******* 23,078,000 төгрөгийг 32 сарын хугацаанд сар бүр 700,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг дэмжиж байгаа болно гэжээ.
4.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх4-5/, Кости эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан /хх6-7/, *******-ийн тодорхойлолт /хх8-9/, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.14-ний өдрийн 2025/ЗШ/5276 дугаар шийтгэвэр /хх12-13/, жолоочийн лавлагаа /хх14/, ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээ /хх16-17/, тодорхойлолт /хх18/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан 23,078,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 23,078,000 төгрөгийг 32 сарын хугацаанд сар бүр 700,000 төгрөгөөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
Тодруулбал хариуцагч Г.******* нь 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн эхний 31 сард сар бүр 700,000 төгрөг, сүүлийн сард үлдэх 1,378,000 төгрөг, нийт 23,078,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрчээ.
Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх саналыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан.
4. Иймд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ээс тал хувийг, мөн улсын орлогоос тал хувийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 23,078,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.*******д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 700,000 төгрөгөөр 31 сар, сүүлийн сард 1,378,000 төгрөг, нийт 32 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ээс 136,670 төгрөг, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 136,670 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х.*******д буцаан олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД