Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00013

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00013

 

Н.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/003475 дугаар шийдвэртэй

Н.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Эт холбогдох

6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б нь өөрийн гэр бүл цуцлуулах асуудлаараа өмгөөлөгч Б.Эаас хууль зүйн туслалцаа авахаар ярилцсан юм. Гэвч энэ ярилцсан зүйлээ нэг мөр болгож шийдвэрлэж тохиролцоогүй, ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Гэхдээ надаас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 9 000 000 төгрөг хаан банкны 5753298571 тоот дансаар авсан. Өмгөөллийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байтал миний бие өөрийн нөхөртэйгөө гэр бүл цуцлах асуудлаа харилцан тохиролцож дуусгавар болгосон. Өмгөөллийн үйл ажиллагааг гэрээ байгуулан албан ёсоор явуулаагүй учир зөвлөгөө чиглэл өгсөн ажлын хөлсөнд 3 000 000 төгрөг авч үлдээд үлдсэн мөнгийг эгчдээ буцаагаад өгөөч гэсэн боловч надаас нэмж 30 000 000 төгрөг нэхэмжилнэ гэж сүрдүүлсэн. Энэ хугацаанд би ажилгүй группд байдаг 3 хүүхдийн хамт амьдардаг учир санхүүгийн хүнд байдалд орсон. Зөвлөгөө чиглэл өгч байсныг миний хувьд үгүйсгээгүй, чиглэл, зөвлөгөө өгсөн асуудалд 3 000 000 төгрөг авч үлдэхийг зөвшөөрсөн. Гол нь өмгөөллийн үйл ажиллагааг ямар нэгэн гэрээний үндсэн дээр хэрэгжүүлээгүй, өөрийнх нь ямар нэгэн оролцоогүйгээр асуудал тохиролцож дууссан. Иймээс өмгөөлөгч Б.Эын энэхүү үйлдэлд хариуцлага тооцуулахаар энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Монголын өмгөөлөгчдийн холбоонд хандсан боловч шийдвэрлэж өгөлгүй шүүхээр асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариуг бичгээр өгсөн болно. Зөвлөгөө чиглэл өгсөн асуудалд 3 000 000 төгрөг бол хангалттай хэмжээний хөлс гэж миний хувьд бодож байна. Иймээс Б.Эын надаас ямар нэгэн үндэслэлгүйгээр олж авсан үлдэгдэл 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчтай өмгөөлүүлэх гэж тохиролцсон. Өмгөөлүүлэх явцад эд хөрөнгийн маргааныг зохицуулах гэж байсан. Гэтэл хуучин нөхөр маань эд хөрөнгөө зараад нүүгээд явчихсан байсан. Өмч хөдлөхгүй гэж тайвшруулж байсан. Гэтэл хариуцагчийн гаргасан хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон байсан тул би Эаас татгалзах талаар мессеж бичсэн. Эын хүсэлтээр манай нөхөр Ууганбатыг баривчлуулсан, шүүхэд нэхэмжлэл бичиж өгснийг хүлээн зөвшөөрнө. Өмнөх хэрэг дээр гэрлэлт цуцлагдаж, 3 хүүхэд миний асрамжид үлдэж, улмаар тэтгэлэг гаргуулна гэсэн боловч нэг ч төгрөг өгөөгүй. Эд хөрөнгийн маргааны хувь 4 өрөө 1 орон сууц болон 3 авто зогсоолын асуудлаар маргасан боловч надад юу ч олдоогүй. Шийдвэрийн 2021 оны 3 дугаар сарын эхээр авсан бөгөөд би гомдол гаргаагүй. Энэ хэрэг дээр өмгөөллийн үйлчилгээ авахаар анх уулзахад нийт төлбөр нь 30 000 000 төгрөг гэж амаар тохиролцсон бөгөөд гэрээ байгуулаагүй гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Б нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хавьцаа миний урьд үйлчлүүлж байсан Б гэх хүнээр дамжуулан миний эгч Б нь хууль зүйн туслалцаа хэрэг боллоо гэж утсаар холбогдсон. Улмаар 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр миний ажлын байранд уулзалдаж, түүнд учирсан асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцаж, гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд зохих арга хэмжээ авахуулах тухай иргэний болон зөрчлийн хэрэг маргаанд түүнд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхээр харилцан тохиролцож хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулж зөвлөгөө, өмгөөллийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Энэ уулзалтад үйлчлүүлэгч Н.Б болон түүний дүү гэх Б, С.Ц нар байсан юм. Үүний дагуу 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах төвд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах тухай өргөдөл гаргасан ба Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд холбогдуулан гомдол гаргасан. Ингээд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0000 дугаар шийтгэврээр зөрчил гаргагчид 20 цагийн албадан сургалтад хамруулж, 15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан. 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 306 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэл-ийг тус тус гардан авч, коронавируст covid-19 цар тахлын хариу арга хэмжээ болох нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсан үед ч өөрсдийн эрүүл мэндийг үл хайхран холбогдох баримтуудыг бүрдүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ийнхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг удаа дараа сунгаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэлийн шаардлагыг улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба дахин нэхэмжлэлийн шаардлага гаргаж энэ талаар гомдол гаргагч Н.Бд мэдэгдэж, түүний цахим хаягаар нэхэмжлэлийн шаардлага, холбогдох хүсэлтүүдийг илгээж байсан болно. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гомдол гаргагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа хэлсэн, ямар үндэслэлээр яагаад нэхэмжлэлээ шийдвэрлүүлэхээс татгалзах болсон талаар тодруулахад ямар нэгэн дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй болно. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулах гэсэн боловч нэгэнт хэргийн оролцогч бус этгээдэд хувь хүний нууцтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тул нэхэмжлэл хэрхэн шийдвэрлэгдсэн талаар мэдэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Өмгөөлөгч би зөрчлийн хэрэг маргаан болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан эвлэрүүлэн зуучлах төвд өргөдөл, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол, нэхэмжлэлийн шаардлага, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хүсэлтүүдийг тус тус хууль эрх зүйн шаардлага хангасан хэлбэрээр гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэжлийн зөвлөгөөг өгсөн болно. Гэрлэлт цуцлуулах, асрамж, тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгийн маргаан болон зөрчлийн хуулиар гомдол гаргах ажилд нийт 31 250 000 төгрөг авахаар тохиролцсон бөгөөд урьдчилгаанд 9 000 000 төгрөг аваад үлдэгдлийг ажил дууссаны дараа авахаар тохиролцсон байсан юм. Иймд өмгөөлөгч намайг ямар ч мэргэжлийн үйл ажиллагаа явуулаагүй гэх тайлбар нь үндэслэлгүй. Түүний төлсөн төлбөр нь өөрт учирсан асуудлыг хууль эрх зүйн хувьд хэрхэн шийдвэрлэх талаар хангалттай үр дүнтэй зөвлөгөө байсан тул ажлын хөлс төлсөн. Мөн Н.Б нь өөрийн хүссэн үр дүндээ хүрсэн байж болох ба өмгөөлөгч миний олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд бий болсон ажлын туршлага, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг тэрээр дураараа үнэлэн төлсөн төлбөр тооцооноос хасах ямар ч эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Эт холбогдох 6 000 000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Нэхэмжлэгч Н.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.6-т гэрээг цуцлах нөхцөл-г хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заавал тусгахаар заасан. Гэрээ байгуулсны үндсэн дээр өмгөөллийн үйлчилгээ явуулах талаар хуульд тодорхой зохицуулсан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах үүргээ хариуцагч биелүүлээгүйн эрсдэлийг 100 хувь үйлчлүүлэгч тал хариуцахаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өмгөөллийн нийт хөлсөнд 9 000 000 төгрөг гэж амаар хэлж байсан боловч гэрээ цуцалсан нөхцөлд мөн хийсэн ажлын гүйцэтгэлээр өмгөөллийн хөлсний тодорхой хувийг буцаахтай холбоотой асуудлыг мөн ярьж байсан болно. Хариуцагчийг нийт хийх ёстой ажлын талыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй. Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол өмгөөлөгчийн оролцоогүйгээр шийдвэрлэгдсэн. Үндсэн ажил болох гэрлэлт цуцлах, хөрөнгийн маргаантай холбоотой хариуцагчийн зүгээс хэрэгжүүлсэн ажил байхгүй тул шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Н.Бын нэхэмжлэлтэй Б.Эт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Б.Эт холбогдуулан 6 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Н.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хууль зүйн туслалцаа авах үйлчилгээний хөлсийг 30 000 000 төгрөг гэж хариуцагчтай амаар тохирсон, зөвлөгөө чиглэл өгч байсныг үгүйсгээгүй, өөрийнх нь ямар нэгэн оролцоогүйгээр асуудал тохиролцож дууссан. Харин түүний хийсэн ажлын хөлсөнд 3 000 000 төгрөг төлнө гэж,

хариуцагч Б.Э ...хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлын хөлсийг харилцан тохиролцсон ба үйлчлүүлэгчийн сэтгэл санаанд болон эрх зүйн мэдлэгт бүрэн нийцсэн зөвлөгөө туслалцааг үзүүлсэн гэж тайлбарласан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ...нэхэмжлэгч талтай уулзаж, мэргэжлийн зөвлөгөө өгсөн, цагдаад болон эвлэрүүлэн зуучлалд өгөх өргөдлийн эх хувь, нэхэмжлэлийн төсөл боловсруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт бичсэн зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нийтдээ 31 250 000 төгрөг авахаар тохирсон гэсэн тайлбар гаргаж, хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтаа бичгийн баримтаар ирүүлсэн байна. /хх.53-54/,

Хэргийн 5-6 дугаар талд ХААН банк дахь Н.Бын эзэмшдэг депозит дансны хуулга авагдсан, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний урьдчилгаа хөлсөнд 9 000 000 төгрөг шилжүүлсэн, зохигчид шилжүүлсэн мөнгөний үнийн дүнгийн талаар маргаагүй. /хх.5-6/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчтой болоогүй байна. Учир нь, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь амласан тодорхой нэг ажлыг гүйцэтгэх, эсхүл нийлүүлэх нь уг гэрээний агуулга бөгөөд өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгүүлэгчийн хүссэн ажлын үр дүнг харилцан тохиролцсон хөлсөнд хийж гүйцэтгэдэг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчдын тайлбар нь нотлох баримт болох бөгөөд талуудын тайлбар болон бичгийн баримтуудаас үзэхэд хариуцагч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь ажлын тодорхой үр дүн биш харин ажиллах процесс ажиллагаа байдаг.

Хөлсөөр ажиллах гэрээний хэлбэрийн талаар хуульд тусгайлан заагаагүй бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн ...өмгөөллийн үйл ажиллагааны гэрээг бичгээр байгуулаагүй гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл муутай байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Н.Б ...хариуцагч талаас 3 000 000 төгрөгийн ажил үйлчилгээ авсан гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШЗ2021/18623 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Б.Эын гар утасны мессежид үзлэг хийсэн байх бөгөөд Үзлэг хийсэн тэмдэглэл-ээс үзэхэд хариуцагч Б.Эын хууль зүйн туслалцаа үзүүлсэн ажлын чанартай холбоотой гэрээг дуусгавар болсон гэж үзэхээргүй байна. /хх.72-73, 76-77/

Нэхэмжлэгчийн ...хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах үүргээ хариуцагч биелүүлээгүйн эрсдэлийг 100 хувь үйлчлүүлэгч тал хариуцахаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн агуулгаар давж заалдсан гомдлыг хангах боломжгүй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Бын хариуцагч Б.Эт холбогдуулан 6 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хуулийн заалтыг залруулсан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/003475 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...492 дугаар зүйлийн 492.1 гэснийг ...359 дүгээр зүйлийн 359.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО