| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2018/0049/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2018-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 51
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Улсын яллагч: Ц.Батзориг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,
Шүүгдэгч: М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын Г д холбогдох 1826000680052 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, , улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт М.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Г нь согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 01 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “Замын өтөг” гэх газар найз П.Д-н нуруун тус газар хайчаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Би 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хөдөө явсан. Манайхтай саахалт байдаг *******ийнд очиж 2 шил архи уугаад ийм зүйл болсон. Би юу болсон талаар сайн санахгүй байгаа. Тухайн хайчийг *******ийн гэрээс авсан. Хохирогчид хохирол төлбөрт 400000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч П.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байж байтал М.Г , ******* нар сумын төвөөс ирлээ гээд 17 цагийн орчимд манайд 2 шил “Нутгийн буян” нэртэй 0.5 литрийн архи барьчихсан халамцуу ирцгээсэн. Тэгээд бид гурав тухайн 2 шил архиа хувааж уухад би согтсон. Удалгүй М.Г би явлаа гээд манай гэрээс гарсан. ******* манай гэрийн зүүн талд газар унтаад үлдсэн. Би ч гэрийнхээ баруун талын орон дээр доошоо хараад хэвтэж байтал унтсан байсан. Тэгээд М.Г хэр удаж байж орж ирснийг нь мэдээгүй, миний толгой руу цохих шиг болохоор нь сэртэл нуруу руу халуу оргиод жирс гээд явчихаар нь хартал М.Г хайч барьчихсан зогсож байсан. Тэгээд бид 2 ноцолдоод би хайчийг нь булааж аваад гаргаж шидчихээд дотор муухай оргиод нүүр амнаас цус гараад байхаар нь гадаа хэсэг хугацаанд сууж байгаад буцаад гэрт ортол М.Г манай гэрт байхгүй байсан. Тэгээд эргэж орж ирээгүй. /хх-ийн 10-13 хуудас/,
Гэрч С.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Намайг согтуу унтаж байгаад шөнийн 00 цаг өнгөрч байхад сэртэл М.Г байхгүй байсан. П.Д миний далны доод талд хорсоод байна үзээд өг гэхээр нь харахад үзүүртэй юмаар хатгачихсан юм шиг хоёр газар зүсэгдээд цус гарсан байсан. /хх-ийн 17 хуудас/,
Шүүгдэгч М.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:… Би 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын төвөөс хөдөө явах замдаа *******ийн гэрт С.Хаш-Эрдэнийн хамт мотоцикльтой очиж 0.5 литрийн архи гурвуул хувааж ууснаа санаж байгаа. Тэгээд бусад зүйлийг санахгүй байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 30-31 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №98 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... П.Д-н биед зүүн дал, нурууны баруун дунд хэсэгт шарх, баруун чамархай, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөр хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зүүн дал, нурууны баруун дунд хэсэгт үүссэн шарх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дүгнэлтэнд дурьдагдсан бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 19 хуудас/,
Хохирогч П.Д-н шүүгдэгч М.Г гаас хохирол төлбөрт 400000 төгрөг авсан тухай прокурорт гаргасан хүсэлт /хх-ийн 65 хуудас/,
Шүүгдэгч М.Г н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 78, Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 53 тоот тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 36, 45-46 хуудас/,
Шүүгдэгч М.Г н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36, 45-46 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч М.Г нь согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 01 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Замын өтөг” гэх газар хохирогч П.Д-н нуруун тус газар нь хайчаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Г н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Д , гэрч С.Х нарын шүүгдэгч М.Г нь хохирогч П.Д-н эрүүл мэндэд хохирол учруулсан талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №98 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч М.Г д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрт 400000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь шүүгдэгч М.Г н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Д-н мэдүүлэг, хохирогч П.Д-н прокурорт гаргасан хүсэлт /хх-ийн 65 хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж торгох ялаар шийтгэх зүйтэй байна.
Шүүгдэгч М.Г д хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх тул шүүгдэгч М.Г д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд cap бүр 300000 /гурван зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч П.Д д хохирол төлбөрт 400000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн бариултай төмөр хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт М.Г г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд cap бүр 300000 /гурван зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч П.Д д хохирол төлбөрт 400000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн бариултай төмөр хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ