| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0906/З |
| Дугаар | 128/ШШ2026/0019 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2026/0019
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: П ХХК /РД:/,
Хариуцагч: Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Э нарын хоорондын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, З.Г, гомдол гаргагчийн өмгөөлөгч А.З шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өлзийдүүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч П ХХК-иас Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Эгийн гаргасан 2025 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.
2. Монополын эсрэг газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар Бүх төрлийн шатахууныг импортлох болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын тухай удирдамжаар Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.4 дэх заалтуудыг үндэслэн бүх төрлийн шатахууныг импортлох болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянан шалгаж, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилго бүхий хяналт шалгалтыг Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын Улсын ахлах байцаагч П.Н ахалж, Улсын байцаагч Д.Б, М.Д, О.М,Э.Э нарын бүрэлдэхүүнтэйгээр 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 60 хоногийн хугацаатай хийхээр тогтоожээ.
3. Хариуцагч 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр П ХХК болон нэр бүхий 20 аж ахуй эрхлэгчдэд холбогдуулан дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
4. Улмаар хариуцагчийн гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсанд АИ-92 автобензиний үнийг хэлцэн тогтоосон Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.3 дахь хэсгийг зөрчсөн байж болзошгүй асуудлыг шалгаад гомдол гаргагч компанийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1. дахь хэсэгт зааснаар тухайн жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу 8,812,102,911.81 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
5. Тус захиргааны актыг эс зөвшөөрч П ХХК нь 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж гомдлын үндэслэлдээ: ...Монополын эсрэг газраас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Бүх төрлийн шатахууныг импортлох болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй 60 гаруй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт-ыг хийж, улмаар уг үйл ажиллагааг эрхлэгч 21 компаниудад холбогдуулан зах зээлд нийлүүлж буй Аи-92 автобензинийн үнийг хэлэлцэн тогтоосон нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 1, 11.3 дахь хэсгийг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр дугаартай зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Тус хяналт, шалгалт болон зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад манай компани Аи-92 автобензинийн үнийг зайлшгүй нэмэх болсон үндэслэлийн эдийн засгийн тооцооллыг нотлох баримт, материалуудыг гаргаж, автобензинийн үнийг хэлцэн тогтоогоогүй талаар амаар, бичгээр тайлбар өгсөн.
Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно., 11.1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох; гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалт нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хоорондоо гэрээ, хэлцэл байгуулан, тухайн зах зээл дэх өрсөлдөөнийг хязгаарлах буюу өрсөлдөгчийг зах зээлээр шахан гаргах, өөрсдийн ашгаа нэмэгдүүлэх зорилгоор борлуулж буй бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх талаар үгсэн хуйвалдаж, нууцаар тохиролцож гэрээ, хэлцэл байгуулах-ыг хэлдэг. Өрсөлдөөний тухай хуульд өрсөлдөгч гэж тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт, борлуулалт хийж байгаа аж ахуй эрхлэгчийг; ойлгоно гэж заасан.
Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны зах зээлд 70 орчим аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөөн ихтэй, гадаад улсаас хамааралтай зах зээл бөгөөд бүтээгдэхүүний үнийн мэдээлэл, самбар нь олон нийт, өрсөлдөгч нарт ил тод байдаг онцлогтой, аль аж ахуйн нэгжийн Аи-92 автобензинийн үнэ хэдэн төгрөг байгааг шууд харах боломжтой байдаг.
Монополын эсрэг газрын улсын байцаагч нь Аи-92 автобензинийн импортын нөхцөл байдал, үнийн мэдээлэл, тухайн бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг нэмэгдүүлэх шалтгаан, тэдгээрийг нотолсон баримт нотолгоо, үндэслэлд мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт хийлгүй, аж ахуй нэгжүүдийг өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор үнийг хэлцэн тогтоож нэмэгдүүлсэн гэдгийг хэрхэн, яаж тодруулсан, яаж нотлогдож байгаа талаар баримт байхгүй атлаа Өрсөлдөөний хуулийг буруу хэрэглэн зөвхөн барааны үнийг хэлцэн тогтоох гэсэн заалтыг үндэслэн өндөр үнийн дүн бүхий торгууль оногдуулсан нь Шийтгэлийн хуудсанд тодорхой дурдагдсан байдаг.
Тодруулбал, Өрсөлдөөний тухай хууль нь аж ахуй эрхлэгчийг зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хууль ба Өрсөлдөөний асуудлыг зохицуулсан төрийн захиргааны байгууллага нь "бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн" үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж тус хуульд заасан. Энэхүү Улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан үйлдэл нь Аи-92 автобензинийн үнийг нэг хэмжээнд барихад чиглэсэн бөгөөд бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлсэн нь зөрчил мөн эсэхийг үнэн зөв, бүрэн дүүрэн тогтоогоогүй, Өрсөлдөөний тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглээгүй буюу манай компанийг шударга өрсөлдөөнийг хязгаарлах зорилготойгоор бусад өрсөлдөгч аж ахуйн нэгжүүдтэй үнийг хэлцэн тогтоосон эсэхэд мэргэжлийн дүгнэлт хийгээгүй. Монополын эсрэг газрын улсын байцаагчийн 000******* дугаартай Шийтгэлийн хуудас нь үндэслэлгүй юм.
Аи-92 автобензинийн үнийг нэмэх үндэслэлийг тайлбарлавал: Аи-92 автобензинийн үнэ 2022 оноос 2025 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд улс даяар нэг хэмжээнд буюу нэг литр нь 2390 төгрөг байсан. Манай компани алдагдалтай хэдий ч 2022 оноос хойш 3 жилийн хугацаанд Аи-92 автобензинийн үнийг тогтвортой барьж, хомсдол үүсгэхгүйн тулд хичээн ажиллаж ирсэн. Энэ хугацаанд Аи-92 автобензинийн үнийг нэмэгдүүлэх шаардлага байгааг холбогдох төрийн байгууллагад удаа дараа мэдэгдэж байсан ч тодорхой хариу өгөхгүй байсаар ирсэн. Цаашид удаан хугацаанд алдагдал хүлээж чадахгүйн улмаас бүтээгдэхүүний өртгийн өсөлт, компанийн үйл ажиллагааны зардлаас хамааруулан, Аи-92 автобензинийн үнийг нэмэгдүүлэх болсон.
Өртөг өссөн талаар:
Монгол Улсын Аи-92 автобензинийн сарын дундаж хэрэглээ 75,000 тонн байдаг. Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Р*******ть компанитай байгуулсан гэрээний дагуу Аи-92 автобензинийн гадаад хил үнийг 1 тонныг 705 ам.доллар дээр тохирч худалдан авч байгаа хэдий ч Р*******ть компаниас Монгол Улсад нийлүүлж буй автобензинийн дээд хэмжээ сарын 60,000 тонн хүртэл байдаг. Энэ нь манай улсын тогтмол хэрэглээг хангаж чадахгүй байгаа юм. Иймээс бид тухайн автобензинийн нөөц багасгах, улмаар хомсдол үүсгэхгүйн тулд дутуу хэмжээг нөхөх зорилгоор Р*******ттэй гэрээлсэн үнээс 1 тонн тутамд 25-35 ам.долларын илүү үнээр өөр нийлүүлэгчдээс худалдан авдаг. Түүнчлэн, өндөр үнээр авсан евро-5 ангиллын Аи-92 автобензинийг энгийн Аи-92 автобензинийн үнээр 2024 оны 5 дугаар сараас 2025 оны 05 дугаар сарын хооронд 26,000 тонныг орлуулан борлуулж, тус төрлийн автобензинийн сарын хэрэглээг нөхөж ирсэн.
Монгол Улсын хувьд гадаад үйлдвэрлэгч болон валютын ханшнаас автобензинийн үнэ шууд хамааралтай байдаг. Манай компанийн хувьд түлш, шатахууны захиалгын төлбөрөө ам.доллароор гүйцэтгэдэг бөгөөд 2022 онд 1 ам.доллар дунджаар 3160 төгрөг байсан бол 2025 онд 3570 төгрөг болж 13%-иар өссөн байна. Энэхүү ханшийн өсөлт нь шатахууны үнэд шууд нөлөөлж байгаа юм.
Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдаа нь ОХУ-ын үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн үнэ, тээвэрлэлтийн зардал, худалдагчийн үйл ажиллагааны зардал, гадаад валютын ханшны өөрчлөлт зэргээс бүрэн хамааралтай байдаг онцлог зах зээл юм. Энэ ч утгаараа өртөг болох үйлдвэрлэгчийн үнэ, валютын ханшны өсөлтөөс шууд хамаарч автобензинийн үнэ өөрчлөгддөг тул бидэнд Аи-92 автобензинийн үнийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн.
Зардал өссөн талаар:
1. 2022 онд улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 420,000 төгрөг байсан бол 2025 онд 792,000 төгрөг болсон буюу нийт 88,6% өсөлттэй холбоотойгоор ажилтнуудын цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэх шаардлагатай болж зөвхөн 2024-2025 оны хооронд манай компанийн хувьд хүний нөөцийн зардлын өсөлт 37,8%-д хүрсэн.
2. Эрчим хүчний зардал 55%-нар, халаалт дулааны зардал 30%-иар, харуул хамгаалалтын зардлын тус тус өсөлтөөс хамаарч компанийн үйл ажиллагааны урсгал зардал 49,8%-иар өссөн.
3. Жилийн дундаж инфляцын түвшин 10%-иар өссөн бөгөөд 2022 оноос хойш 43,5%-иар өссөнтэй холбоотойгоор худалдан авалтын зардлууд буюу хөдөлмөр хамгаалал, хангамж, сэлбэг хэрэгсэл, агуулах, лабораторитой холбоотой нийт зардлын хэмжээ үнийн өсөлтөөс хамааран дунджаар 43,5%-иар нэмэгдсэн.
4. Банкны зээлийн хүү 2022 онд жилийн дундаж нь 14,4% байсан бол 2024 онд 16% болж өссөн.
5. Төмөр зам, тээврийн зардал 53%-иар нэмэгдсэн.
6. Тээврийн хэрэгслийн татвар, хураамж 42,7%-иар тус тус өссөн нь бүгдэд ил харагдах бодитой үйл баримт юм.
Дээрх өртөг, зардлын өсөлттэй уялдуулан Аи-92 автобензинийн үнийг өөрчлөх нөхцөл шаардлага бий болсон талаар үндэслэл, холбогдох тооцоо, судалгааг гаргаж, үнийг нэмэгдүүлэх тухай санал, хүсэлтийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон төрийн холбогдох байгууллага, албан тушаалтнуудад удаа, дараа тавьсаар ирсэн. Гэвч тус асуудалд төрийн холбогдох байгууллага, албан тушаалтан тодорхой хариу өгөлгүй, шийдэлд хүрээгүй, хугацаа алдаж байсан нь бид Аи-92 автобензинийн үнийг нэмэгдүүлэхэд хүргэсэн.
Тодруулбал, Компанийн тухай хуулийн 3.1 дэх хэсэгт ашгийн төлөөх хуулийн этгээдийг компани гэх талаар тодорхойлсон бөгөөд Аи-92 автобензинийн үнэ тогтмол алдагдалтай байсан нь ашгийн төлөөх хуулийн этгээд болох манай компанид хохирол учруулж, цаашид алдагдлыг нөхөж чадахгүй болсон тул Аи-92 автобензинийн үнийг нэмсэн.
Ийнхүү манай компанийн Аи-92 автобензинийн үнэ нэмсэн явдал нь өртөг болон зардлаас шууд хамааралтай буюу үйлдвэрлэгчийн үнэ, валютын ханш болон үйл ажиллагааны зардал өссөнөөс шалтгаалан нэмэгдэж, цаашид тухайн автобензинтэй холбоотой гарч буй зардлыг нөхөх зорилгоор 2022 оноос хойш 3 жилийн хугацаанд тогтмол алдагдалтай явж ирсэн тус автобензинийн үнийг зайлшгүй шаардлагын улмаас 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр литр тутмыг нь 200 төгрөг буюу 8%-иар нэмэгдүүлсэн. Энэ нь зах зээл, ханшийн өсөлт, хэрэглээний зардлын өсөлт, инфляцын түвшинтэй уялдсан, бодит байдалд нийцэж байгаа бөгөөд бусад өрсөлдөгчдийн үйл ажиллагаанд хориг саад тавих, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн барааны үнийг хэлцэн тогтоосон үйлдэл биш юм.
Иймд, Өрсөлдөөний тухай хуулийг буруу хэрэглэж хууль зүйн үндэслэлгүйгээр гаргасан улсын байцаагч Э.Эн 000******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагч Э.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Монополын эсрэг газраас агентлагийн даргын баталсан 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай удирдамжийн дагуу бүх төрлийн шатахууныг импортлох болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журамд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажлыг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн.
Хяналт шалгалтаар бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч П ХХК, С******* ХХК,******* ХХК, Ш******* ХХК, Ш******* ХХК, М******* ХХК, Т******* ХХК, О ХХК, У ХХК, М ХХК, А ХХК, М ХХК, С ХХК, Г ХХК, Н, У ХХК, Б ХХК, Х ХХК, Н ХХК, Ш ХХК, Г ХХК-ууд Аи-92 автобензиний үнийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн литр тутамд 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно гэж, 11.1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох; гэж заасныг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дээрх зөрчлийн шинжтэй үйлдлийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр "П" ХХК болон дээрх 20 аж ахуй эрхлэгчдэд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад тус тус зааснаар дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Р*******ть компани болон импортлогч компаниудын хооронд байгуулсан урт хугацааны гэрээний хүрээнд ОХУ-ын Р*******ть Монголиа компаниас сар бүрийн хил үнийн мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлдэг бөгөөд 2024 оны 05 дугаар сараас 2025 оны 05 дугаар сарын байдлаар Аи-92 автобензиний хил үнэд өөрчлөлт ороогүй тогтвортой байсан. "П" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/06 дугаартай тушаалаар "Улаанбаатар хот дахь ШТС-уудаар борлуулах АИ-92, К5 АИ-92 шатахууны үнийг тушаалын хавсралтад зааснаар 2025 оны 05-р сарын 23-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй." гэж Аи-92 автобензиний үнэд өөрчлөлт оруулан литр тутам 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн Агентлагийн даргын баталсан 03 дугаартай хяналт шалгалтын танилцуулгаас үзэхэд ажлын хэсэг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр "П" ХХК-ийн дараах шатахуун түгээх станц дээр газар дээр нь ажиллаж шатахууны үнийн өөрчлөлтийн талаар мэдээлэл авч ажилласан бөгөөд Аи-92 автобензиний үнийг литр тутам 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон.
| Аи-92 | |||||
| № | Аж ахуй эрхлэгчийн нэр | Салбар-ШТС | Үнэд өөрчлөлт орсон огноо | Нэмсэн өртөг | Борлуулалтын үнэ литр |
| 1 | "П" ХХК | ШТС-2 | 2025.05.23 21:00 | 200 | 2590 |
| ШТС-10 | 2025.05.23.21:00 | ||||
| ШТС-16 | 2025.05.23 21:00 | ||||
| ШТС-27 | 2025.05.23 20.30 | ||||
Мөн зөрчлийн хэргийн бусад оролцогчид болох Ник ХХК, С******* ХХК, Ш******* ХХК, Т******* ХХК, О ХХК, У ХХК, М ХХК, А ХХК, Г ХХК, Н ХХК-уудыг АИ 92 автобензений үнийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 200 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн нөхцөл байдал зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
Зөрчлийн хэргийн холбогдох оролцогчид болон "П" ХХК-ууд Аи-92 автобензиний жижиглэнгийн (эцсийн хэрэглэгчид нийлүүлэх) үнийг тогтоож, аж ахуй эрхлэгчид нар нь хоорондоо үнийн өрсөлдөөн хийх шаардлагагүй болсон өрсөлдөөнийг хязгаарласан нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Монополын эсрэг газраас агентлагийн даргын баталсан 2025 оны 03 дугаартай хяналт шалгалтын танилцуулга, зөрчлийн хэргийн оролцогчдоос гаргуулан авсан тушаал, шийдвэр зэрэг холбогдох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-д "Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн" гээд 1.1-д "бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох... гэрээ, хэлцэл (картель) байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол... хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 000******* дугаартай шийтгэлийн хуудсаар П ХХК-ийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 3. хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу П ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв. Үүнд:
2. П ХХК-иас Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Эгийн гаргасан, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж, түүний үндэслэлээ ...бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлсэн нь зөрчил мөн эсэхийг үнэн зөв, бүрэн дүүрэн тогтоогоогүй, Өрсөлдөөний тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглээгүй, 2022 оноос хойш 3 жилийн хугацаанд тогтмол алдагдалтай явж ирсэн ба үнийг нэмэх зайлшгүй шаардлагын улмаас 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр литр тутмыг нь 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь үнийг хэлцэн тогтоосон үйлдэл биш гэж тайлбарласныг хариуцагчаас ...ОХУ-ын Р*******ть Монголиа компаниас АИ-92 автобензиний хил үнэд өөрчлөлт ороогүй байхад П ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/06 дугаартай тушаалаар литр тутамд 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн, ингэхдээ Ник ХХК, С******* ХХК, Ш******* ХХК, Т******* ХХК, О ХХК, У ХХК, М ХХК, А ХХК, Г ХХК, Н ХХК-иуд АИ-92 автобензиний үнийг нэгэн зэрэг хэлцэн тохирч нэмсэн нь тогтоогдсон гэж маргасан.
3. Хариуцагчийн гаргасан, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсанд ...шатахууны худалдаа эрхлэгч 21 компанид холбогдуулан АИ-92 автобензиний үнийг 2025 оны 05 дугаар сард хэлцэн тогтоосон нь Өрсөлдөөний тухай хуулийн 11.1.1, 11.3 дахь хэсгийг зөрчсөн байж болзошгүй асуудлыг шалгаад П ХХК нь АИ-92 автобензиний үнийг хэлцэн тогтоосон болох нь тогтоогдож байна, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан шийтгэл ногдуулах үндэслэлтэй байх тул тухайн жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу 8,812,102,911.81 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.
4. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн: 1.1. бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох...эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно, 11.1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох, 11.3-т Аж ахуй эрхлэгч энэ хуулийн 11.1, 11.2-т заасан гэрээ, хэлцэл (картель) -ийг дэмжиж оролцохыг хориглоно гэж тус тус заасан.
5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд:
5.1. Монополын эсрэг газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар Бүх төрлийн шатахууныг импортлох болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт-ын удирдамжаар Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.4 дэх заалтуудыг үндэслэн бүх төрлийн шатахууныг импортлох болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянан шалгаж, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хяналт шалгалтыг Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын Улсын ахлах байцаагч П.Н ахалж, Улсын байцаагч Д.Б, М.Д, О.М,Э.Э нарын бүрэлдэхүүнтэйгээр 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 60 хоногийн хугацаатай хийхээр заасан байна,
5.2. Түүнчлэн П ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар Үнэ тогтоох тухай тушаалаар...тус компанийн Улаанбаатар хот дахь ШТС-уудаар борлуулах АИ-92, АИ-92К5 шатахууны үнийг тушаалын хавсралтад зааснаар 2025 оны 05-р сарын 23-ны өдрөөс эхлэн АИ-92 үнэ-2590, АИ-92К5 үнэ-2720 төгрөг буюу тус бүр 200 төгрөгөөр нэмж тогтоосон, уг тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
5.3. Хариуцагчаас 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр П ХХК болон нэр бүхий 20 аж ахуй эрхлэгчдэд холбогдуулан дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан,
5.4. Уг ажиллагааны явцад Монополын эсрэг газрын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 03-02/1686 дугаар Мэдээлэл ирүүлэх тухай албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас зөрчилд холбогдогч этгээдүүдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй эрхлэгчийн дэлгэрэнгүй мэдээлэл, компанийн 2023, 2024 онуудын борлуулалтын орлогын дэлгэрэнгүй мэдээлэл болон Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тогтоолоор байгуулагдсан "Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл"-ийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны протокол болон хуралдааны шийдвэрийг үндэслэн гаргасан зөвлөмж зэрэг баримтыг шаардаж, улмаар П ХХК-иас АИ-92 автобензиний үнэ нэмэгдүүлсэн 2025 оны тушаал, шатахуун тус бүрийн 2024 оны борлуулалтын орлого /төгрөг/, борлуулсан хэмжээ /литр/, импортоор оруулж ирсэн (2024 оны 05 дугаар сараас 2025 оны 06 дугаар сар хүртэлх) шатахууны мэдээ, худалдаалж буй АИ-92 автобензиний нэг литр шатахууны өртөг, жижиглэнгийн худалдах үнэ тогтоосон тооцоолол /2024 оны 5 дугаар сараас 2025 оны 5 дугаар сар хүртэл, сар тус бүрээр/, АИ-92 автобензиний 2024 оны жижиглэнгийн борлуулалтын орлого /НӨАТ-гүй дүн/-ын мэдээлэл зэрэг баримтыг цуглуулж зөрчлийн хэрэгт хавсаргасан байна.
6. Түүнчлэн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны тогтоолоор Г.Ныг П ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, мэдүүлэг авахад тэрээр ...хилийн үнэ нэмэгдсэн, Р*******ть компанитай тогтмол 705 доллар.тн тохиролцсон хэдий ч энэ нь нийт улсын АИ-92 шатахууны хэрэглээний 82 хувь бөгөөд үлдсэн хэмжээг Р*******тийн үнээс тн тутамд 25-35 долларын хооронд гэрээлж байна, үнэ нэмэх талаар 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр яам луу албан бичиг хүргүүлж, 2025 оны 5 дугаар сард үнийн зөвлөлийн хуралд үнэ нэмэх асуудлын талаар хэлж байсан, эдгээр үндэслэлүүдээр үнэ нэмэгдсэн гэж тайлбарлажээ.
7. Хариуцагч нь тухайн шийтгэлийн хуудсыг гаргахын өмнө 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Бүх төрлийн шатахууныг импортлох болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын танилцуулга үйлдсэн, уг танилцуулгын График-4 АИ-92 автобензиний импорт нийт 38 аж ахуй эрхлэгч..."П" ХХК 14.1 хувийг эзэлж байна, График-5 нийт 15 аж ахуй эрхлэгч АИ-92 К5 автобензин импортолсон гэх ба П ХХК-ийн эзлэх хувийг тусгаагүй, График-6 АИ-95 К5 автобензиний импорт нийт 11 аж ахуй эрхлэгч..."П" ХХК 4 хувийг эзэлж байна гэж дурдсан боловч тус компани ямар төрлийн шатахууныг хэдий хэмжээгээр импортолж байгааг болон тус компанийн шатахууны жижиглэн худалдааны тоо хэмжээг алдаатай гаргасан байна.
8. Тодруулбал, тус компани АИ-92 автобензиний үнийг 2590 төг, АИ-92 К5 автобензиний үнийг 2720 төгрөгөөр тус тус тогтоосон байхад дээрхи танилцуулгад компанийн АИ-92 К5 автобензин импортолсон хэмжээг огт оруулаагүй, тус компани АИ-95 К5 автобензин импортолдог нь тогтоогдохгүй байхад 4 хувь гэж дүгнэсэн нь тус тус илт үндэслэлгүй, буруу бичсэний дээр тухайн танилцуулга нь зөвхөн үнэ нэмсэн үйлдлийг нотлох, нөгөө талаар бүтээгдэхүүний борлуулалтын тоо хэмжээг харуулсан баримт гэж үзэхээр байна.
9. Өрсөлдөөний хуулийн 11.1-д Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно, 11.1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэж заасан ба хариуцагч захиргаа гомдол гаргагчийг энэ төрлийн зөрчил гаргасан гэж үзсэн атлаа тухайн бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох үйлдлийг хэнтэй, хэзээ, хэрхэн, ямар байдлаар үйлдсэн болохыг тогтоох ажиллагааг дээрхи байдлаар гүйцэд хийгээгүй, уг үйлдлийг нотлох баримтаар хангалттай тогтоогоогүй, зөвхөн бараа бүтээгдэхүүний үнийг нэмсэн талаархи баримтуудыг цуглуулж дүгнэлт өгснөөр шийтгэлийн хуудсыг гаргасан нь учир дутагдалтай гэж шүүх дүгнэв.
10. Өрсөлдөөний тухай хуулийн дээрхи зохицуулалт нь аж ахуй эрхлэгчид хоорондоо зах зээлийг хуваах, бараа бүтээгдэхүүний төрөл, үнийг хэлцэн тогтоох зэрэг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглох, нөгөө талаар аж ахуй эрхлэгчдийг бараа бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулахад нь тэгш өрсөлдөх боломжийг хангаж үүгээр дамжуулан хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилготой.
11. Энэ үүднээс эрх бүхий этгээдээс хяналт шалгалтыг явуулахдаа зөрчил гаргасан эсэх, тухайн зөрчил нь чухам ямар зөрчил болохыг нарийн ялгаж тогтоох шаардлагатай.
12. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасан ба энэ хэргийн тухайд гомдол гаргагч нь АИ-92 автобензиний үнийг нэмсэн нь тогтоогдсон, үүнийгээ хүлээн зөвшөөрч улмаар энэ талаар маргаагүй байхад үнэ хэлцэн тогтоосон-д хамаарах нотлох баримтуудыг огт цуглуулаагүй атлаа үнэ хэлцэн тогтоосон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, юуг үндэслэж ийнхүү дүгнэсэн нь тодорхойгүй байна.
13. Иймд хариуцагчаас АИ-92 автобензиний үнийг хэлцэн тогтоосон зөрчил гаргасан талаархи нотлох баримтыг бүрэн дүүрэн, хангалттай цуглуулсны үндсэн дээр хариуцагч нь дахин шинэ акт гаргах шаардлагатай, уг нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 3 сарын /90 хоног/ хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй.
14. Шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч нь шинээр захиргааны актыг дахин гаргаагүй тохиолдолд маргаан бүхий 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 000******* шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдав.
15. Шүүх хуралдааны ирцийн тухайд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нь шүүхийн цахим хаягт 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ...миний бие тус хэрэгт хууль зүйн туслалцаа авах болон хариуцагчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байх боловч тухайн агуулга бүхий хүсэлтийг өмнөх шүүх хуралдаан буюу 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлснийг шүүх хангаж, өмгөөлөгч авах эрхээр ханган шүүх хуралдааныг хойшлуулсан, нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар дахин хүсэлт ирүүлсэн нь үндэслэлгүй.
16. Мөн хариуцагч Э.Эгаас шүүхэд хүсэлт ирүүлсэн боловч уг хүсэлтэнд хавсаргасан баримт нь түүний хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримт гэж үзэхээргүй, гадаад хэл дээр үйлдэгдсэн бөгөөд гомдол гаргагчаас хариуцагчийг эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Өрсөлдөөний тухай хуулийн 11.1.1-д заасныг тус тус баримтлан Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Эгийн гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар /90 хоног/ түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинээр акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт болох Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Эгийн гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Э нь 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Бүх төрлийн шатахууныг импортлох болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын танилцуулга-ыг гомдол гаргагч этгээдийн тухайд дахин нягталж зөвтгөх болон шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т заасан ажиллагааг хийж гүйцэтгэсний үндсэн дээр шинэ акт гаргаж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН